Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 115/ШШ2022/0025

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Гүрвэлжингоо ХХК, регистрийн дугаар 5308917,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Бат-Учрал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Удаанжаргал,

Хариуцагч: Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын хоорондын, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахтай холбогдуулан шинэчлэн батлуулах талаарх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Удаанжаргал, хариуцагч Мандах сумын Засаг дарга Б.Угтахбаяр нар (цахимаар) шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Гүрвэлжингоо ХХК нь Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргад холбогдуулан Гүрвэлжингоо ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-020839 дугаар тусгай зөвшөөрлийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг тухайн албан тушаалтанд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан байх боловч,

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч албан тушаалтны эс үйлдэхүйтэй холбоотой шаардлагаа өөрчилж тус албан тушаалтны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/523 тоот албан бичгээр өгсөн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоолгож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгахаар тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Гүрвэлжингоо ХХК нь, Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Олон аарагт нэртэй газарт орших, 9147.42 га талбайн ашигт малтмалын хайгуулын XV-020839 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2021 онд гүйцэтгэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар хариуцагч Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргад 2021 оны 07 дугаар сард биечлэн, 2021 оны 09 сарын 08-ны өдрийн 08/12, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 03/11 тоот албан бичгүүдээр тус тус хандаж байсан,

4. Хариуцагч албан тушаалтан, нэхэмжлэгчийн 07 дугаар сард ирүүлсэн менежментийн төлөвлөгөө батлаагүй буцааж, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/523 тоот албан бичгээр уг төлөвлөгөөг батлах боломжгүй гэх хариуг өгсөн,

5. Нэхэмжлэгч нь хариуцагч сумын Засаг даргын дээрх татгалзсан хариутай холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11/12 тоот албан бичгээр тухайн албан тушаалтны дээд шатны байгууллага болох Дорноговь аймгийн Засаг даргад гомдол гаргасныг тухайн албан тушаалтан 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсан ч (1 дэх хавтаст хэргийн 49 дэх тал) Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т ... 30 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгнө гэж заасан хугацаанд хариу өгөөгүйтэй холбогдуулж,

6. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Дээд шатны захиргааны байгууллага .../-д/ гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн.

7. Нэхэмжлэгч Гүрвэлжингоо ХХК нь шүүхэд анх гаргасан болон өөрчлөн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай компани Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт орших Олон аарагт нэртэй нийт 9147.42 гектар талбайд геологи хайгуулын ажил хийх тусгай зөвшөөрлийг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи уул уурхайн газраас сонгон шалгаруулалтын журмаар 20839X дугаартайгаар авсан.

Энэхүү тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлснээс хойш тусгай зөвшөөрлийн төлбөр болон геологи хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөг жил бүр цаг хугацаанд нь өгч Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ зохих ёсоор биелүүлж, 2015-2021 онуудад тусгай зөвшөөрлийн төлбөрт нийт 71,628,000 төгрөг, хайгуулын ажлын зардалд 740,000,000 төгрөгийг зарцуулсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйл, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах журамд зааснаар Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж эрх бүхий этгээдээр батлуулах үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хүлээсний дагуу манай компани 2018 онд менежментийн төлөвлөгөөг Мандах сумын Засаг даргад хүргүүлж батлуулж байсан. 2019-2020 онуудад Ковид-19 вирусын тархалттай холбоотой тогтоосон хатуу хөл хорио, Засгийн газар болон Улсын онцгой комиссын гаргасан зөвлөмж, шийдвэрийн улмаас Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт нэвтрэх боломжгүй байсан тул манай компани 2019-2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж чадаагүй юм.

Гэсэн хэдий ч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхай хариуцсан улсын байцаагч тус нөхцөл байдлыг зөрчилд тооцож, Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчны тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр торгуулийн шийтгэл хүлээлгэсэн бөгөөд энэ шийдвэртэй манай компани маргаагүй, шийтгэлийг төлж барагдуулсан.

Манай тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дуусах байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2021 оны 04 дүгээр сараас эхлэн Дорноговь аймгийн Мандах сумын Засаг дарга, байгаль орчны мэргэжилтэнд удаа дараа хандаж, хүсэлтээ амаар гаргаж байсан боловч холбогдох хариуг өгөлгүй эс үйлдэхүй гаргаж байсан. Мөн Дорноговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 122 тоот албан бичгээр манай менежментийн төлөвлөгөөг буцаасан хариу ирүүлсэн.

Үүний дараа шаардлагатай баримтуудыг бүрэн бүрдүүлж, 2021 оны 07, 09, 11 дүгээр саруудад холбогдох албан бичгээр байгаль орчны төлөвлөгөөг батлуулах тухай хүсэлтээ сумын Засаг даргад гаргасан. Гэтэл Мандах сумын Засаг дарга манай байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрийг гаргасан бөгөөд агуулгыг нь үзвэл ойлгомжгүй, үг найруулгын алдаатай байхаас гадна тусгай зөвшөөрлийн хугацааг дууссан гэх үндэслэлээр татгалзсан байсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтаар авсан тусгай зөвшөөрөл маань өнөөдрийн байдлаар хүчинтэй байгаа бөгөөд аливаа шүүхийн маргаангүй болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 13/651 тоот албан бичгээр нотлогддог. Мөн манай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг түр хойшлуулсан байгаа.

Мандах сумын Засаг даргаас манай компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах шийдвэрийг гаргахгүй цаг хугацаа алдуулж байгаа нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлж чадахгүйд хүргэж, улмаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрсдлийг дагуулсан, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйлдэл болж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Гүрвэлжингоо ХХК нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт ашигт малтмалын хайгуулын 020839 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар болсон ба уг тусгай зөвшөөрөл дуусахаас өмнө Гүрвэлжингоо ХХК-иас 2021 оны 03 дугаар сараас эхлээд тухайн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажилтан Санчирдаваа өөрийн биеэр очиж сумын Засаг дарга болон байгаль орчны мэргэжилтэнтэй уулзаж, байгаль орчны 2021 оны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын 122 дугаар албан бичгээр манай компаниас гаргасан менежментийн төлөвлөгөөг батлуулах тухай хүсэлтийг буцаасан. Ийнхүү буцаахдаа танай компани хайгуулын ажлын төлөвлөгөө ирүүлээгүй байна, байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтний нэрийг буруу бичсэн байна, энэ алдаануудаа зас гэдэг байдлаар буцаасан байдаг.

Мандах сумын Засаг даргаас ямар нэгэн хариу бичиг ирүүлэхгүй явж байсан. Энэ хугацаанд манай компанийн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/523 дугаартай шийдвэрээр манай компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэр гаргасан болохыг мэдээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Татгалзаад байгаа үндэслэл нь Гүрвэлжингоо ХХК-ийн 2019, 2020 оны менежментийн төлөвлөгөөг ирүүлээгүй байна. Мөн дээрээс нь танай компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байгаа учраас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй байна гэсэн хариуг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл дээрх хоёр үндэслэлээр манай компанийн менежментийн төлөвлөгөөг батлаагүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Учир нь 2019, 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Корона вирус цар тахлын улмаас орон нутагт зорчих боломжгүй байсан зэргээс шалтгаалан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй. Үүнтэй холбоотой зөрчлийн хэрэг үусгээд мэргэжлийн хяналтын газрын 0046507 тоот шийтгэлийн хуудсаар шийтгэлээ хүлээгээд 10,000,000 төгрөгөөр торгуулсан байгаа. Тэгэхээр тухайн зөрчилд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан байгаа учраас энэ үндэслэлээр манай компанийн менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах хууль зүйн үндэслэл болохгүй гэж үзэж байгаа. Тухайн зөрчилдөө хариуцлага хүлээсэн байхад дахин дахин шийтгэл ногдуулах гэсэн зүйл яригдахгүй.

Мөн дээрээс нь Ашигт малтмалын тухай хуулийн 40.1-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах эрхийг сумын Засаг даргад олгосон. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухайн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар 10 хоногийн дотор батлан хүргүүлэх ёстой болохоос биш, төлөвлөгөөг батлахаас татгалзах эрхийг олгоогүй байна.

Мөн манай компанийн тусгай зөвшөөрөл дууссан учраас менежментийн төлөвлөгөөг батлахгүй гэсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэнэ. Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15/651 гэсэн албан бичиг байгаа. Энэ албан бичиг дээр Гүрвэлжингоо ХХК-ийн тусгай зөвшөөрөл шүүх дээр маргаантай байгаа гэсэн төлөвтэйгөөр хүчинтэй байна гэсэн байгаа. Дээрээс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компаниас гаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг маргаан шийдвэрлэгдтэл түдгэлзүүлж өгөөч гэсэн хүсэлтийг ашигт малтмалын газарт гаргасны үндсэн дээр манай тусгай зөвшөөрөл өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа.

Гүрвэлжингоо ХХК нь тусгай зөвшөөрлөө 2015 онд авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр 71,621,000 төгрөгийг төлсөн. Хайгуулын зөвшөөрлөөр 700 гаран сая төгрөгийн зардал гаргасан. Тусгай зөвшөөрлөө авснаас хойш нэлээдгүй хэмжээний зардал гаргаж 20-30 хүнийг ажлын байраар хангаж иргэдийн амьдрах нөхцөл боломжийг сайжруулсан. Хамгийн сүүлд гэхэд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өгөхдөө 2022 оны тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа.

Гүрвэлжингоо ХХК нь тусгай зөвшөөрлөө Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтын журмаар авсан. Ямар талбайг сонгон шалгаруулалтын журмаар олгох вэ гэхээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд буюу Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ордуудад тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоож, энэхүү солбицлоор ашигт малтмал газрын тосны газраас сонгон шалгаруулалт явуулдаг. Тэрхүү сонгон шалгаруулалтад ялаад, заасан шаардлагуудыг хангаж Гүрвэлжингоо ХХК нь шалгарсан учраас тухайн талбайг авсан.

Гэтэл сумын Засаг дарга татгалзах эрхийг нь олгоогүй байхад хууль бусаар татгалзаж манай компанийг хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож буюу үйл ажиллагааг нь тасалдуулж, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаанд 3 удаа солиулах эрхийг нь хаасан ийм хууль бус үйлдэл хийсэн байдаг.

Маргаан бүхий акт болох 2021 оны 11 дүгээр сарын 04-ний татгалзсан шийдвэрийг харах юм бол үг, үсэг, агуулгын илэрхий алдаатай. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгалт хийх хугацаа дууссан тул лицензийн хугацааг сунгах төлөвлөгөө боломжгүй юм гээд, энэ агуулгаас харахаар тусгай зөвшөөрлийг сунгах гээд байгаа юм шиг, тусгай зөвшөөрлийн чинь хугацаа дууссан байна гээд ч байгаа юм шиг гол агуулгаар нь хөөгөөд үзэхээр эцсийн дүнд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас л татгалзаад байгаа юм шиг байгаа юм.

Гэтэл энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй. Мөн дээрээс нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэсэн байгаа. Зүгээр л А5 хэмжээтэй 4, 5 мөр захиргааны акт гаргасан. Энэ акт нь бичгээр гарах захиргааны актын шинжийг агуулаагүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.1-т хуульд үндэслэх, 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчим байдаг. Яг ямар хуулийн зүйл заалтыг үндэслэж татгалзаад байгаа юм. Зорилгодоо нийцсэн, бодитой байх захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл үг үсэг утга агуулгын алдаатай байна. Мөн энэ акттай холбоотойгоор хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх этгээдээс тайлбар мэдүүлэг авсан юм уу? гэдэг зүйл ер харагдахгүй байна. Захиргааны байгууллагын, хуулийн зүйл заалт үндэслэсэн шийдвэр байх ёстой болохоос биш, танай төлөвлөгөөг батлахгүй гэсэн хувь хүний субьектив байдал төрийн үйл ажиллагаанд байж болохгүй.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй байдаг. Сумын Засаг даргын хууль бус үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэрээс болж манайх тусгай зөвшөөрлөө хоёр дахь удаагаа сунгуулах хүсэлтээ өгчихсөн байгаа учраас энэ хүсэлтийг шийдвэрлүүлж чадахгүй, талбай дээрээ үйл ажиллагаагаа явуулж чадахгүй хүнд нөхцөл байдалд хүрээд байна.

Ашигт малтмалын тухайн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 зааснаар манайх байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө хуульд заасан журмын дагуу бүрдүүлж өгсөнтэй холбоотой татгалзсан үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн тухайн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь стратегийн ач холбогдол бүхий Засгийн газрын тогтоолын дагуу олон компаниудтай өрсөлдөж авсан учраас бид нар аль болох сум орон нутагтайгаа эвтэй байх, дэмжих үйл ажиллагаа явуулах хүсэл эрмэлзэлтэй байгаа. Гэтэл тусгай зөвшөөрөлтэй холбоотой шүүхийн маргаан үүссэн учраас бид нар ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй хоёрдмол нөхцөл байдалд хүрээд байна. Энэ Засаг даргын хууль бус үйлдлийн улмаас бид нар зарцуулсан хөрөнгө санхүүгээ хэмнэж чадахгүй, Засгийн газрын тогтоол нь ч хэрэгжиж чадахгүй хүнд нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

8. Хариуцагч сумын Засаг даргын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт: Тус суманд XV-020839 дугаартай Олон аарагт нэртэй хайгуулын зөвшөөрөлтэй Гүрвэлжингоо компани нь 2017 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг удаа дараа журмын дагуу ирүүлж байгаагүй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалын 3.3 дахь заалтыг үндэслэн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шаардлага хангаж боловсруулаагүй гэж үзэн хянан, батлахаас татгалзаж буцаасан.

Тус компани нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний нүүрийг дээр дурдсан А/618 дугаар тушаалын зааврын дагуу боловсруулаагүй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөний төсвийг хангалтгүй гэж үзсэн.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 2 дахь заалт (Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилсан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно)-ын дагуу судалгааг ирүүлээгүй.

Мөн 2019, 2020 онуудад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 дугаар тушаалын 2.1 дэх заалт (төсөл хэрэгжуүүлэгч нь байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлсон сөрөг нөлөөг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үндэслэн жил бүрийн 12 дугаар сард багтаан дараа оны тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна)-ыг зөрчсөн.

Гүрвэлжингоо компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дууссан боловч сунгалт хийлгээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 22.1 дэх заалтад Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж түүнд дараахь баримт бичгийг хавсаргана гэж заасныг зөрчсөн.

Тус компанитай холбоотой асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газарт сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/527 тоот албан бичиг хүргүүлсэн, тус газраас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 8/5699 дүгээр албан бичгээр хариу ирүүлсэн. Үүнд:

Ашигт малтмалын кадастрын бүртгэлээс шүүж үзэхэд Гүрвэлжингоо ХХК-ийн эзэмшилд Олон аарагт нэртэй XV-0014893, XV-020839 дугаартай тусгай зөвшөөрлүүд бүртгэгдсэн бөгөөд Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолыг үндэслэн АМГТГ-ын ГУУКХэлтсийн даргын 2013.10.30-ны өдрийн 457 дугаар шийдвэрээр XV-0014893 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүчингүй болсон байна.

XV-020839 дугаартай тусгай зөвшөөрөл нь 2021 оны 4 дүгээр сараас одоог хүртэл шүүх маргаантай гэсэн бүртгэлтэй байна гэх хариу ирүүлсэн.

Манай зүгээс Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 2021 оны 8/5699 дүгээр бичгийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/17 дүгээр албан бичгээр зөвлөмж хүссэн.

Гэтэл Ашигт малтмалын газраас 2022 оны 13/651 дугаар албан бичгээр залруулга хүргүүлэх тухай гэсэн албан бичиг ирсэн бөгөөд уг бичгийн сар, өдөр засварлагдсан байсан.

Гүрвэлжингоо ХХК нь Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, тайланг удаа дараа журмын дагуу ирүүлж байгаагүй учир тус компанийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

8.1. Хариуцагч сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай дээр өмнө нь энэ компани иргэд хоёрын хооронд маргаан гарсан байдаг юм байна лээ. 2018, 2019 оны асуудлуудыг миний хувьд сайн мэдэхгүй байна. Би 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр томилогдсон.

Хэрэв энэ компани цаашид үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол орон нутагтайгаа ямар нэгэн байдлаар хамтарч ажиллаж ярилцаж, мэдээ мэдээллээ өгөх зарчмаар л явах ёстой. Үүнээс болж орон нутгийн иргэд компанийн хооронд үл ойлголцсон асуудал гарч байгаа. Нэлээд олон жил үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд орон нутагтайгаа тусалж дэмжээд мэдээ мэдээлэл өгөөд явж байсан бол хэлэх үг байхгүй. Тийм учраас цаашдаа орон нутагтайгаа хамтарч ажиллаж үйл ажиллагаа явуулах боломж хомс гэж харж байгаа. Миний хувьд боломжгүй л гэж харж байна.

Дээрээс нь энэ компанийн хувьд менежментийн төлөвлөгөөгөө 2019, 2020 онд батлуулаагүй. Жил болгон батлуулах ёстой байдаг. Мандах сумын хэмжээнд 30 гаран компани цахимаар төлөвлөгөөгөө өгөөд батлуулж байсан. Гэтэл тусгай зөвшөөрөл нь 2021 оны 06 дугаар сард дуусчихаад байхад төлөвлөгөө батлуулна гээд байдаг. Энэ нь буруу гэж үзэж байгаа. Хоёрдугаарт сая бас татвар төлөөд ийм ийм ажлуудыг хийгээд хүмүүс ажлын байраар хангасан гэж ярьж байна. Яг нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажил байхгүй гэдгийг хэлье.

Энэ компани 05 дугаар сард аймгийн Байгаль орчны газар дээгүүр явж байгаад над дээр 06 сар гаргаад 07 сард улсын наадмын өмнөхөн Алтангэрэл, Санчирдаваа гэж хоёр хүн ирсэн. Аймаг дээр бид нар 04, 05 сард очсон буцаагаад явуулсан. Сум руу ирэхээ ойлгоогүй явж байлаа гэж ярьж байсан. Тийм учраас яг 04 дүгээр сард хандсан уу? гэхээр хандаагүй. 06 дугаар сараас өмнө энэ төлөвлөгөө манай дээр ирээгүй.

Мөн яагаад нэхэмжлэгч байр сууриа өөрчлөөд байна. Анх эс үйлдэхүй хийсэн гэдгээр шүүхэд өгсөн. Шүүхийн шатанд эс үйлдэхүй хийгээгүй гэдэг нь тогтоогдсон. Албадан гүйцэтгүүлж даалгаж өгнө үү гэдгийг бол хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр энэ компанийн зөвшөөрөл цуцлагдсан. Улаанбаатар хотын дүүргийн шүүх дээр маргаантай байгаа гэж гарсан. Тийм учраас энэ лицензийг цуцлуулах цаашлаад энэ хариуцлагагүй ажиллаж байгаа компанийн үйл ажиллагааг зогсоох саналтай байна.

Манайхаас 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичгээр өгсөн хариунд утга агуулгын алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Мэдээж залруулга хийгээд явж болно. Ашигт малтмал газрын тосны газраас залруулга хийж байхад манайх залруулга хийгээд өгөх боломжтой.

Тус компани 10,000,000 төгрөгөөр торгуулсон гэдэг. Үүнийг аймгийн Мэргэжлийн хяналт торгосон. Орон нутгийн зүгээс манай аймаг, сумын байгаль орчны зүгээс торгоогүй, энэ нь хоёр тусдаа газар. Мэргэжлийн хяналтын зүгээс 3 жил төлөвлөгөөгөө батлуулаагүй гэдэг үндэслэлээр торгосон байх. Энэ компанид төлөвлөгөөгөө батлуулах боломж байхад ковидтой байсан гээд батлуулаагүй. 2021 оны 06 дугаар сард зөвшөөрөл нь дуусчихаад байхад батлуулах гээд яваад байгаа дээр нь алдаа байна уу гэж хараад байна.

Зөвшөөрлийн хугацаа нь 2021 оны 06 дугаар сард дууссан санагдаж байна.. Тэгээд хугацаа дууссан учраас лицензээ цуцлуулах ёстой. Цаг хугацааны хувьд дууссан, тийм учраас энийг батлах боломжгүй гэж үзэж байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Учрал нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба, хариуцагч сумын Засаг даргаас шүүх хуралдааны ирцтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлт гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д ...хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, ...даруй шийдвэрлэнэ гэж заасны дагуу,

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан ...итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бат-Учрал хөдөө орон нутагт сүлжээгүй газар ажлаар явж байгаа. Би үйлчлүүлэгч байгууллага руугаа мэдэгдсэн, намайг оролц гэсэн, ирцтэй холбоотой саналгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай гэсэн тайлбарыг харгалзан улмаар мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т Нэхэмжлэгч, ... нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд ... шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасныг үндэслэн тухайн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж, хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгч Гүрвэлжингоо ХХК-ийн гаргасан, шийдвэрийн тодорхойлох хэсгийн 2-т дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

4. Нэхэмжлэгч Гүрвэлжингоо ХХК-д, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын (хуучин нэрээр) 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 285 дугаар шийдвэр (1 дэх хавтаст хэргийн 62 дахь тал)-ээр Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Олон аарагт нэртэй 9147.42 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-018575 дугаартай тусгай зөвшөөрлийг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс тооцож, 3 жилийн хугацаатай, сонгон шалгаруулалтын журмаар анх олгосон,

5. Нэхэмжлэгч нь, дээрх тусгай зөвшөөрлийг үрэгдүүлсэнтэй холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 308 тоот шийдвэр (1 дэх хавтаст хэргийн 214 дэх тал, арын нүүр)-ээр XV-020839 дугаартай тусгай зөвшөөрлийг нөхөн олгосон,

6. Үүний дараа мөн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 159 дугаар шийдвэр (1 дэх хавтаст хэргийн 206 дахь тал)-ээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл сунгасан,

7. Улмаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн дээр дурдсанаар сунгасан хугацаа дуусаж байгаатай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж заасны дагуу холбогдох Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг (цаашид менежментийн төлөвлөгөө гэх) шинэчлэн батлуулахаар хариуцагч Дорноговь аймгийн Мандах сумын Засаг дарга (цаашид сумын Засаг дарга гэх)-д 2021 оны 07 дугаар сард биечлэн, мөн оны 09 болон 11 дүгээр сард тус тус албан бичгээр хандсан,

8. Хариуцагч сумын Засаг дарга, нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлтийг ...менежментийн төлөвлөгөө нь шаардлага хангаагүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахад сунгалт хийлгээгүй гэх зэрэг шалтгаанаар амаар татгалзаж батлахгүй хэмээн буцаасан байх боловч 2021 оны 11 дүгээр сард гаргасан хүсэлттэй нь холбогдуулан мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/523 тоот албан бичиг (Засаг даргын орлогчийн гарын үсэгтэй)-ээр ...2019, 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон тайлан ирүүлж байгаагүй тул Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 3.3 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 22.1 дэх заалтад заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгалт хийх хугацаа дууссан тул лицензыг хугацаа сунгах төлөвлөгөө боломжгүйг үүгээр мэдэгдье гэсэн (утгын алдаа бүхий) хариуг өгсөн үйл баримтууд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд (1 дэх хавтаст хэргийн 51, 55 дахь тал), хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

9. Мөн хариуцагч сумын Засаг даргын зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/527 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт ... Гүрвэлжингоо ХХК нь 2019, 2020 онд Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг цаг хугацаанд нь журмын дагуу ирүүлж байгаагүй тул хайгуулын сунгалтыг цуцлуулах тухай саналаа хүргүүлж, тус газраас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 8/5699 тоот албан бичгээр холбогдох хариуг авсан (1 дэх хавтаст хэргийн 52, 54 дэх тал, үүний дараа тус газраас энэхүү албан бичгийн залруулгийг ирүүлсэн байдаг 1 дэх хавтаст хэргийн 59-71 дэх тал),

10. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын 8/5699 тоот албан бичгээр ирүүлсэн хариутай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт ...Гүрвэлжингоо ХХК нь 2018-2020 онд Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг цаг хугацаанд нь журмын дагуу ирүүлж байгаагүй зөрчил гаргасан тул ... журмын 3.3 дахь заалтыг үндэслэн батлах боломжгүй гэж буцаасан, зөвлөгөө өгч хамтран ажиллана уу гэсэн агуулга бүхий Зөвлөмж хүсэх тухай албан бичгийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/17 тоотоор хүргүүлсэн (1 дэх хавтаст хэргийн 53 дахь тал),

11. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас, ...байгаль орчны менежментийн төлөвлөгөөг журамд заасан шаардлагыг хангаж боловсруулаагүй бол ... батлахаас татгалзах үндэслэл болно гэж заасан, ... шаардлага хангасан төлөвлөгөө боловсруулж ирүүлээгүй бол хянах, батлахас татгалзаж болно гэсэн агуулгатай хариуг хариуцагч сумын Засаг даргад ирүүлсэн (1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал) үйл баримтууд тогтоогдож байна.

12. Нэхэмжлэгч Гүрвэлжингоо ХХК нь, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас хойш тусгай зөвшөөрлийн төлбөр, геологи хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөг тухай бүр цаг хугацаанд нь өгч үүргээ биелүүлж ирсэн, 2018 онд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Засаг даргаар батлуулсан, 2019, 2020 онд Ковидтой холбоотой тус төлөвлөгөөг батлуулж чадаагүй бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас төлөвлөгөө батлуулаагүй гэж торгох шийтгэл оногдуулсан, үүнтэй маргаагүй зохих торгуулийг төлсөн, төлөвлөгөө батлуулаагүй үндэслэлээр торгох шийтгэл хүлээсэн байхад сумын Засаг дарга энэ шалтгаанаар татгалзаж байгаа нь үндэслэлгүй, нэг зөрчилд хоёр арга хэмжээ тооцох боломжгүй, ... манай тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж,

13. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ: ...2019, 2020 онд төлөвлөгөөгөө батлуулж, тайлан мэдээгээ өгч байгаагүй, ...тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан боловч сунгалт хийлгээгүй тул лицензийн хугацаа дууссан, төлөвлөгөөнд Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 2-т заасан судалгааг хавсаргаж ирүүлээгүй, ...төлөвлөгөөний нүүрийг журмын дагуу боловсруулаагүй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөний төсвийг хангалтгүй гэж үзсэн тул журмын 3.3 дахь заалтыг үндэслэн төлөвлөгөөг шаардлага хангаж боловсруулаагүй гэж хянан батлахаас татгалзаж буцаасан гэж маргана.

14. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана, 22.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ, 40.3-т энэ хуулийн 40.1 ... (-д) заасан төлөвлөгөө ... (-г) мөн хуулийн 38.2 ... (-т) заасны дагуу батална, 38.2-т Сум, дүүргийн Засаг дарга ... төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ хэмээн тус тус заажээ.

 

15. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... батална гэж заасны дагуу Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалаар батлагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам-ын 1.1-д Төсөл хэрэгжүүлэгч ... хуулийн этгээдийн байгаль орчныг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хянан батлах, хэрэгжилтийг ханган тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино, 1.2-т Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан төлөвлөгөөг ойлгоно, 3.3-т Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэхүү журамд заасан шаардлагыг хангаж боловсруулаагүй бол түүнийг хүлээн авч хянах, батлахаас татгалзах үндэслэл болно хэмээн тус журамласан байна.

16. Хариуцагч албан тушаалтнаас, менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах үндэслэл болгон тайлбарлаж буй зарим нөхцөл байдлууд буюу ...2019, 2020 оны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, холбогдох тайланг ирүүлээгүй, менежментийн төлөвлөгөөнд Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 2-т заасан палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн урьдчилсан хайгуул, судалгааг хавсаргаж ирүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 21 хүртэл сунгагдсан зэрэг үйл баримтууд хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдсон, нэхэмжлэгчээс эдгээр үйл баримтуудыг үгүйсгэж маргахгүй байх хэдий ч тухайн нөхцөл байдлууд нь менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах үндэслэл болохгүй нь дараах байдлаар тогтоогдож байна.

16.1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3-38.1.5-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь, байгаль орчныг хамгаалах талаар тусгай зөвшөөрөл авснаас хойш ... байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах, улмаар батлагдсан төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх, түүнчлэн хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусган байгаль орчны хяналтын алба болон тухайн сумын Засаг даргад хүргүүлэх-ээс гадна мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д зааснаар тухайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх үүрэгтэй байх ба,

Эдгээр үүрийг биелүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 66.2-т Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд ... Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн Ашигт малтмалын тухай хууль зөрчих гэсэн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т " ...(Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь) ... хайгуулын ...талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол ... хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар холбогдох хариуцлага хүлээхээр байна.

Тодруулбал, хуулийн дээрх зохицуулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн менежментийн төлөвлөгөө батлуулаагүй болон холбогдох тайлан, мэдээг гаргаж өгөөгүй-ээс үүсэх эрх зүйн үр дагавар нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дараа оны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах үндэслэл бус, харин тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчид Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулж, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохоор байна.

 

Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай 19.2-т Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж, Зөрчлийн тухай хуулийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зөрчих гэсэн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан, эсхүл уг төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж, холбогдох газарт тайлагнаагүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан,

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримт (1 дэх хавтаст хэргийн 74-78 дахь тал)-аар, нэхэмжлэгч Гүрвэлжингоо ХХК-ийг 2020 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй үйл ажиллагаа явуулсан гэх зөрчилд Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчаас, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 00466507 дугаартай шийтгэлийн хуудсаар, Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 10,000.000 (арван сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, уг шийтгэлийг тус хуулийн этгээд хүлээн зөвшөөрч мөн өдөр торгох шийтгэлийг биелүүлсэн болох нь тогтоогдож байна.

16.2. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр 401.2-т Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэж заасан улмаар нэхэмжлэгчээс хариуцагч сумын Засаг даргад хүргүүлсэн хоёр төлөвлөгөөндөө энэ зүйлд заасан судалгааг хавсаргаж хүргүүлээгүй ньтогтоогдож байх боловч энэ нь сумын Засаг даргын менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах үндэслэл болохгүй улмаар хууль зүйн үр дагаврын хувьд өөр зохицуулалттай байна.

 

Тухалбайлбал, менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж холбогдох этгээдэд хүргүүлж батлуулахад дээрх судалгааг хавсаргасан байхыг Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2019 оны А/618 дугаар тушаалаар батлагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам-д тусгайлан заагаагүй, харин Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т ...ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авсан байна, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ...энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон гэж зааснаас үзвэл уг судалгааг хийлгээгүй нь газар олгохгүй байх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үр дагавартай байна.

16.3. Хэрэгт авагдсан Гүрвэлжингоо ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтын, Тусгай зөвшөөрөлд орох өөрчлөлтийн үндэслэл баганын 3 дахь мөрөнд Бүртгэв: Тусгай зөвшөөрлийг 2021.04.21 хүртэл сунгав гэж бичигдсэн байгаа нь хариуцагчийн ...тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэх тайлбарыг баталж байх боловч энэ нь тухайн тусгай зөвшөөрлийн хугацааг дууссан, хүчин төгөлдөр бус гэж үзэж менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх нөхцөл шалтгаан болохгүй нь мөн дараах байдлаар тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д "тусгай зөвшөөрлийн төлбөр" гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг ойлгохоор, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлнө, уг төлбөрийг төлөөгүй нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохоор мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаар, нэхэмжлэгч Гүрвэлжингоо ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 онд анх авснаас хойш шүүхийн хэлэлцүүлэг хийх хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг төлсөн байхаар байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь хайгуулын тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг төлсөн байгаагаас үзвэл тус хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байна.

Нөгөөтэйгүүр, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй гэж, 22 дугаар зүйлийн 22.4-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж, энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ хэмээн тус тус заасан байх ба,

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах, сунгах, бүртгэлийг хөтлөх эрх бүхий этгээд болох Ашигт малтмал газрын тосны газраас тус шүүхэд ирүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 8/1834 тоот албан бичигт ...Гүрвэлжингоо ХХК-ийн эзэмшлийн XV-020839 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа бөгөөд, тус тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг ... гаргасныг чиг үүргийн дагуу хүлээн авч өргөдлийн бүртгэлийн EX-008916 дугаарт бүртгэн хянаж үзэхэд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад шаардлагатай шинэчлэн батлуулсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө дутуу байгаа талаар дурдаж, холбогдох нотлох баримт (нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03/31, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус тус гаргасан нь 1 дэх хавтаст хэргийн 83 дахь тал, арын нүүр)-ыг хавсарган ирүүлсэн,

Мөн тус газраас хариуцагч Мандах сумын Засаг даргад ирүүлсэн Залруулга хүргүүлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 13/651 тоот албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 59-71 дэх тал)-т ...Манай хэлтсээс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 8/5699 тоотоор явуулсан албан бичигт буруу мэдээлэл хүргэгдсэн тул залруулга хүргүүлж байна, ...Одоогоор Баянгол дүүргийн шүүхийн маргаантай асуудал байхгүй, ...Гүрвэлжингоо ХХК-д ...XV-020839 дугаартай тусгай зөвшөөрлийг нөхөн олгосон бөгөөд одоогоор хүчин төгөлдөр бүртгэлтэй байна, ...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийг үндэслэн цуцлах нөхцлүүд бүрдэх бөгөөд ирүүлсэн бичигт дурдагдсан өмнөх оны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй байх нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохгүй гэж дурдсан зэргээс тус тус үзэхэд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг дууссан гэж дүгнэх боломжгүй байх бөгөөд,

Дээрх нөхцөл байдлууд нь, хариуцагчийн ...тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж дараахь баримт бичгийг хавсаргана гэж заасныг зөрчсөн, ...тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан гэх тайлбарыг няцааж байна.

Түүнчлэн хариуцагч нь ... Ашигт малтмалын газраас XV-020839 дугаартай тусгай зөвшөөрөл нь 2021 оны 4 дүгээр сараас одоог хүртэл шүүх маргаантай гэсэн бүртгэлтэй байна гэх хариу ирүүлсэн, гэтэл тус газраас 2022 оны 13/651 дугаар албан бичгээр залруулга хүргүүлэх тухай гэсэн албан бичиг ирсэн бөгөөд уг бичгийн он, сар, өдөр засварлагдсан байсан гэх тайлбар гаргаж татгалзлын үндэслэлээ дэмжиж байгаа ч Ашигт малтмал газраас тус шүүхэд ирүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 8/1834 тоот дээрх албан бичгээр, огноо нь засвартай, залруулга хүргүүлэх тухай тус албан бичигт дурдагдсан одоогоор Баянгол дүүргийн шүүхийн маргаантай асуудал байхгүй гэх нөхцөл байдал үнэн болох нь батлагдаж байна.

Дээрх нөхцөл байдлуудаар, нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дууссан, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй нь тогтоогдож байх ба, харин хариуцагч сумын Засаг даргын татгалзал нь тухайн тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүйд хүргэж буй нөхцөл шалтгаан болж байгаа нь эрх бүхий этгээдээс шүүхэд ирүүлсэн 2022 оны 8/1834 тоот албан бичигт ...тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад шаардлагатай шинэчлэн батлуулсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө дутуу байгаа хэмээн дурдсанаас харагдаж байгааг дурдах нь зүйтэй байна.

17. Түүнчлэн хариуцагч сумын Засаг даргын ...төлөвлөгөө журмын 3.3-ыг зөрчсөн буюу төсөв хангалтгүй, төлөвлөгөөний нүүрийг журмын дагуу боловруулаагүй гэх үндэслэл ч дараах байдлаар няцаагдаж байна.

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалаар батлагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам-ын, менежментийн төлөвлөгөөг боловсруулах гэсэн Хоёр дахь хэсгийн 2.4-т ...менежментийн төлөвлөгөөнд: төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээлэл, төслийн танилцуулга, төслийн хэрэгжилтийн явц, ашиглаж буй техник технологи, төсөл хэрэгжиж буй нутгийн байгаль орчин, нийгэм-эдийн засгийн төлөв байдлын товч танилцуулга, энэ журмын 1.5-д заасан бүрдэл хэсгүүд, баримтлах хууль тогтоомж, стандартын шаардлага болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг тодорхой тусгана гэж заасан, энэ нь уг журамд заасан бүх төрлийн төслийн менежментийн төлөвлөгөөг боловсруулахад хамааралтай нийтлэг шаардлагууд байхаас гадна хайгуулын төслийн менежментийн төлөвлөгөөний хувьд нүүр хуудсыг нь уг журмын 1 дүгээр хавсралтын Б-д заасан загварын дагуу боловсруулахаар тухайлан журамлажээ.

Хавтаст хэрэгт хоёр менежментийн төлөвлөгөө авагдсан, үүнээс 2021 оны 07 дугаар сард сумын Засаг даргад биечлэн өгсөн гэх төлөвлөгөө буюу хариуцагчаас 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/130 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбартаа хавсаргасан (хавтаст хэргийн 125-135 дахь тал) төлөвлөгөөнөөс үзэхэд тухайн төлөвлөгөөний нүүр журмын 1 дүгээр хавсралтын Б-д заасны дагуу боловсруулагдаагүй буюу Батлагдсан хувийг хүлээн авсан мэргэжилтэн гэсэн хэсгийг огт тусгаагүй, төлөвлөгөөний төсөв нь тодорхой биш байх боловч,

Нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хүсэлтдээ хавсарган хүргүүлсэн (тухайн үед байгаль орчны мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Дүүриймаа ...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хүсэлтэд хавсарган ирүүлсэн төлөвлөгөө нь эх хувиараа сумын Засаг даргын тамгын газарт миний сейфэнд хадгалагдаж байгаа хэмээн мэдүүлж уг төлөвлөгөөг шүүхэд эх хувиар нь гаргаж өгсөн бөгөөд 1 дэх хавтаст хэргийн 235-аас, 2 дахь хавтаст хэргийн 12 дахь тал хүртэл) Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Гүрвэлжингоо ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд хэрэгжүүлэх байгаль орчыг хамгаалах төлөвлөгөө-нөөс үзэхэд уг төлөвлөгөөний нүүр зохих журмын дагуу боловсруулагдсан, байгаль орчныг хамгаалах арга хэмжээний зардалд 50,000 төгрөг бус, нийт 700,000 төгрөг төсөвлөгдсөн (1 дэх хавтаст хэргийн 235, 2 дахь хавтаст хэргийн 8 дахь тал) болох нь тус тус тогтоогдож байгаагаар, хариуцагчийн төсөв хангалтгүй, төлөвлөгөөний нүүрийг журмын дагуу боловруулаагүй гэх тайлбар үндэслэлгүй болох нь батлагдаж байна.

18. Мөн хариуцагч нь, нэхэмжлэгчээс тус төлөвлөгөөг батлуулахаар 2021 оны 03, 04 дүгээр сард уулзаж байгаагүй хэмээн маргаж байх боловч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэ талаар маргахгүй, гэхдээ Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас нэхэмжлэгч Гүрвэлжингоо ХХК-д хүргүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 122 тоот албан бичигт ... тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2021 оны байгаль орчнг хамгаалах төлөвлөгөөтэй танилцахад ... БОАЖС-ын 2019 оны А/618 тоот тушаалын дагуу батлагдсан журмын дагуу боловсруулаагүй,...төлөвлөгөөний нүүр хэсэгт батлах субектыг оруулаагүй, ...уул уурхай үнэлгээ хариуцсан мэргэжилтний нэрийг буруу бичсэн тул буцааж байна хэмээн дурдсан байгаагаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан хугацааны дотор менежментийн төлөвлөгөөг батлуулахаар орон нутгийн холбогдох байгуулагад хандаж байсан нь тогтоогдоно, манай зүгээс хариуцагчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичгээр өгсөн татгалзалтай холбогдуулан маргаж байгаа гэх тайлбарыг гаргасан, улмаар тухайн хугацаанд буюу 2021 онд бүхэлдээ Ковид-19 цар тахалтай холбоотойгоор улс оронд хөл хорио тогтоосон нөхцөл байдалд байсан нь нийтэд илэрхий үйл баримт байх тул 2021 оны 03, 04 дүгээр сард биечлэн уулзсан эсэх асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

19. Нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахтай холбогдуулан хариуцагч сумын Засаг даргад хүргүүлсэн менежментийн төлөвлөгөө нь холбогдох журамд заасан шаардлагыг хангаж боловсруулаагүй гэх нөхцөл байдал нэгэнт тогтоогдохгүй байгаа тохиолдолд хариуцагч албан тушаалтан тус төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар шууд батлах үүрэгтэй.

20. Нөгөөтэйгүүр тухайн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуцагч албан тушаалтны татгалзаж буй үндэслэлүүд нь дээрх төлөвлөгөөг батлахгүй байх хуульд заасан үндэслэл биш, эрх зүйн өөр өөр үр дагавартай болох нь тогтоогдож байгаагаар хариуцагчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/523 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн татгалзлыг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байх ба улмаар энэхүү татгалзал нь нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхийг хөндөж байгаа нь мөн тогтоогдож байх тул нэхэмжлэгч Гүрвэлжингоо ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 40 дүгээр зүйлийн 40.3, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Гүрвэлжингоо ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/523 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн татгалзал хууль бус болохыг тогтоож, Гүрвэлжингоо ХХК-ийн XV-020839 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө-г хянан батлахыг хариуцагч Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуу) төгрөг гаргуулж, 5308917 регистрийн дугаартай Гүрвэлжингоо ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА