Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 813

 

 

 

 

 

                        

  2020             6             23                                         2020/ДШМ/813

 

 

Х.Ч, Ч.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн ш үүх хуралдаанд:

прокурор П.Мөнхтуяа,

яллагдагч Х.Чын өмгөөлөгч Н.Батцэнгэл,           

хохирогч Д.Майцэцэгийн өмгөөлөгч Г.Должинсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 1620 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Мөнхтуяагийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 51 дугаартай прокурорын эсэргүүцлээр Ч.Г, Х.Ч нарт холбогдох 2011003360119 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Х-ын Ч, 1979 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.........................../,

Нийслэлийн шүүхийн 2001 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн;

 

2. Боржигон овгийн Ч-ийн Г, 1992 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар багийн .... дүгээр хэсгийн ... дугаар барк гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.........................../,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

 

Яллагдагч Х.Ч нь Ч.Гтай бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 66-46 тоотод оршин суух иргэн Д.Майцэцэгийн фэйсбүүк хаягт “Tamgalagch Tamgalagch” гэсэн цахим хаягнаас түүний 2 ширхэг нүцгэн зургийг илгээж “чиний 12 ширхэг зураг надад байна, тэр зургуудыг чинь хамгийн эхлээд гэр бүл рүү чинь, дараа нь олон нийтийн сүлжээнд тавина, 1 ширхэг зургийг 10.000.000 төгрөгөөр үнэлнэ” гэж эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримтыг тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт,

Яллагдагч Ч.Г нь Х.Чтай бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 66-46 тоотод оршин суух иргэн Д.Майцэцэгийн фэйсбүүк хаягт “Tamgalagch Tamgalagch” гэсэн цахим хаягнаас түүний 2 ширхэг нүцгэн зургийг илгээж “чиний 12 ширхэг зураг надад байна, тэр зургуудыг чинь хамгийн эхлээд гэр бүл рүү чинь, дараа нь олон нийтийн сүлжээнд тавина, 1 ширхэг зургийг 10.000.000 төгрөгөөр үнэлнэ” гэж эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримтыг тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт, мөн өөрийн олж авсан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууц болох иргэн Д.Майцэцэгийн нүцгэн зургийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр бусдад задруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ч.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтээс “яллагдагч Х.Чыг боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй гэж байхад өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалт буюу өмгөөлөгч заавал оролцуулах талаарх зохицуулалтыг зөрчсөн. Яллагдагчийн сонгож авсан өмгөөлөгчийг нь байлцуулж мэдүүлэг авахуулах” гэх хүсэлтийг,

мөн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй байсан үедээ болон хэрэг үйлдээгүй байх хугацаанд буюу 2019 оны 2 дугаар сард Х.Чыг өмгөөлөгчгүйгээр яллагдагчаар байцааж мэдүүлэг авсан нь хууль зөрчиж байна гэх агуулга бүхий хэсгийг хүлээн авч хангах нь зүйтэй байна.

Мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан журмаар гүйцэтгээгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх  тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Мөнхтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хэргийг прокурорт буцаах тухай хуулийн зохицуулалтыг авч үзвэл зөвхөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх тохиолдолд прокурорт буцаах асуудлыг зохицуулсан. Шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх үүргийн хүрээнд нотолж, яллах дүгнэлт үйлдэх бөгөөд үүнийг тогтоох, эсхүл үгүйсгэх эрх, үүрэг шүүхийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Хэдийгээр хавтаст хэргийн материалд яллагдагч Х.Ч, Ч.Г нараас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мэдүүлэг авахдаа гэмт хэрэг үйлдээгүй байх цаг хугацаанд буюу “2019 оны 2 дугаар сар” гэж техникийн шинжтэй алдаа гаргаж, өмгөөлөгч оролцуулалгүйгээр мэдүүлэг авсан байгаа хэдий ч мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нараас мэдүүлэг авах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу өмгөөлөгчийг байлцуулан 2 удаа мэдүүлэг авсан бөгөөд прокуророос яллагдагч Х.Чын өмгөөлөгчтэй өгсөн мэдүүлэг, яллагдагч Ч.Гын мэдүүлгүүдийг тус тус үнэлж, нотлох баримтаар тооцуулахаар яллах дүгнэлтийг үйлдсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу анхан шатны шүүх нотлох баримтыг нотлох баримтаас хасаж хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Мөн шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн үндэслэл нь шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийг аль нэгийг гаргахад нөлөөлж болохуйц ажиллагаанд хамаарахгүй байгаа нь анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Яллагдагч Х.Чын өмгөөлөгч Н.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. Яллагдагч Х.Чыг бичиг үсэг мэдэхгүй гэж байхад өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлөгч заавал оролцуулах заалтыг зөрчсөн байна. Хохирогчийн өмгөөлөгчөөс Х.Чыг бүрэн дунд боловсролтой гэж байна. Гэтэл тийм зүйл байхгүй, ердөөсөө бичиг үсэг мэдэхгүй. Мөн анхан шатны шүүх “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй байсан үедээ, гэмт хэрэг үйлдэгдээгүй байх үед буюу 2019 оны 2 дугаар сард Х.Чаас өмгөөлөгчгүйгээр яллагдагчаар мэдүүлэг авсан нь хууль зөрчиж байна” гэх агуулга бүхий хэсгийг хүлээн авч хангах нь зүйтэй байна гээд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах болон яллагдагчаас мэдүүлэг авах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учир хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Хохирогч Д.Майцэцэг нь Цагдаагийн байгууллагад 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр өргөдөл гаргасан. Гэтэл Х.Чыг сэжигтнээр тооцож мэдүүлэг авсан цаг хугацаа нь 2020 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр байсан. Тэгэхээр цаг хугацааны хувьд 2 өөр байна. Мөн хавтаст хэргийн 90-91 дүгээр талд 2020 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Х.Чаас сэжигтнээр мэдүүлэг авсан. Гэтэл сэжигтнээр өгсөн мэдүүлгийн гарын үсэг Х.Чынх биш байсан талаар анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн. Энэ талаар анхан шатны шүүхийн шүүгч анхаарч дүгнэлт хийсэн байх гэж бодож байна. Мөн хавтаст хэргийн 189 дэх талд 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл нь хохирогчийг өргөдөл өгөхөөс өмнө буюу 1 жил 1 сарын өмнө авагдсан байсан. Түүнчлэн өмгөөлөгч нарын зүгээс “яллагдагчийн гарын үсгийг зарим баримтан дээр дуурайлган зурсан байгаа учир Х.Чын гарын үсэг мөн эсэхийг шинжээч томилж тогтоолгох асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шийдвэрлэх боломжтой” гэхэд шүүхээс үүнийг хүлээн авч “мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмаар явагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх бөгөөд үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. Мөн яллагдагч Х.Ч нь бөөрний дутмагшилд ороод биеийн байдал нь хүнд, эмчийн хяналтад байгаа тул таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэв. 

                                                                       

Хохирогч Д.Майцэцэгийн өмгөөлөгч Г.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Хэргийн материалаас харахад Х.Чаас 4 удаа мэдүүлэг авсан байснаас 3 удаагийнх нь яллагдагчаар мэдүүлэг авсан байсан. Яллагдагчаар 3 удаа мэдүүлэг авснаас 2 удаа өмгөөлөгчтэй буюу 1 удаа Очбадрал өмгөөлөгчтэй, нөгөө нь өөрийнх нь сонгож авсан өмгөөлөгч болох Н.Батцэнгэл өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авсан байсан. Х.Ч нь хэдийгээр бичиг үсэг мэдэхгүй, боловсролгүй гэж байгаа боловч асуусан асуултад “би уншиж чадна” гэж хариулсан байсан. Бага дунд боловсролын тухай хуулиар бага боловсролтой хүнийг уншиж бичиж чадна гэж үздэг. Хавтас хэргийн 90 дүгээр талд авагдсан ял шийтгэх хуудсаар Х.Ч нь бүрэн дунд боловсролтой болох нь тогтоогдсон. Яллагдагч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үнэн зөв мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Иймд хавтас хэрэгт авагдсан ял шийтгэлийн хуудсаар Х.Чыг бүрэн дунд боловсролтой гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс шүүгчийн захирамжид дурдсан эхний заалт үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн яллагдагчаар татсан тогтоол 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр бичигдсэн асуудал яригдсан. Үүнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэхээс өөр аргагүй. Яллагдагч нарын өмгөөлөгч нар урьдчилсан хэлэлцүүлэг зарлахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар техникийн шинжтэй алдааг залруулах тухай хүсэлт гаргаагүй. Энэ асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хэлэлцээгүй учир шүүгчийн захирамжийн хоёр дахь заалт үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Яллагдагч Х.Ч, Ч.Г нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Ч, Ч.Г нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байна.

Яллагдагч Х.Чаас 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр сэжигтнээр /1хх 87-89/, 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр яллагдагчаар /1хх 105-106/ тус тус мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн байх боловч Х.Ч өөрийн сонгож авсан өмгөөлөгчийн хамт 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгч  /1хх 211-212/,  өмгөөлөгчийн хамт хэргийн материалтай /2хх 11/ танилцжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж, 15 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ.” гэж тус тус хуульчилсан байх тул хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Харин мөрдөн шалгах ажиллагааны үед прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан асуудлуудыг хянах үүргээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд хохирогч Д.Майцэцэг 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгсөн байхад 2019 оны 2 дугаар сарын 4, 5, 11-ний өдрүүдэд тус тус Х.Ч, Ч.Г нараас яллагдагчаар мэдүүлэг авч алдаа гаргасан байгааг засч зөвтгөөгүй техникийн шинжтэй алдаа гэж тайлбарлаж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн заалтыг чанд сахих зарчмыг зөрчсөн байх тул цаашид энэ төрлийн алдааг дахин гаргахгүй ажиллахыг магадлалд тэмдэглэж байна.   

Түүнчлэн яллах дүгнэлтэд “...“Tamgalagch Tamgalagch” гэсэн цахим хаягнаас...” зураг илгээсэн гэж бичсэн боловч  1 дүгээр хавтаст хэргийн  218-222 дугаар талд “Tamlagch Tamlagch” гэсэн цахим хаягтай гар утасны фото зураг авагдсан байгааг тодруулах шаардлагатай тул шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд прокурор П.Мөнхтуяагийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Х.Ч, Ч.Г нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 1620 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Х.Ч, Ч.Г нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл яллагдагч Х.Ч, Ч.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ