Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2023/00110

 

 

Б.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/03420 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00478 дугаар магадлалтай,

Б.Нгийн нэхэмжлэлтэй

Г.Сд холбогдох

2020.09.18-ны өдрийн компанийн хувьцаа бэлэглэх 852 тоот гэрээ, компанийн эрх шилжүүлэх 853 тоот гэрээнээс татгалзаж, “ЛК” ХХК-ийн 20 ширхэг хувьцааг Г.Сд буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч Б.Нгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох, хариуцагч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б.Н нь Г.Сд холбогдуулан 2020.09.18-ны өдрийн компанийн хувьцаа бэлэглэх 852 тоот гэрээ, компанийн эрх шилжүүлэх 853 тоот гэрээнээс татгалзаж, “ЛК” ХХК-ийн 20 ширхэг хувьцааг Г.Сд буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/03420 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Нгийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 852 дугаар Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 853 дугаар Компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзсаныг хангаж, ЛК ХХК-ийн 20 ширхэг хувьцааг хариуцагч Г.Сд буцаан шилжүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Саас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00478 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/03420 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Сд холбогдох 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх 852 тоот гэрээ, Компанийн эрх шилжүүлэх 853 тоот гэрээнээс татгалзаж, “ЛК” ХХК-ийн 20 ширхэг хувьцааг Г.Сд буцаан шилжүүлэх тухай Б.Нгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Б.Н хяналтын гомдолдоо: ...Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх “Бэлэглэлийн гэрээ нь нэг талт гэрээ болохын хувьд бэлэглэгчид үүрэг үүснэ. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан буюу хоёр талын гэрээнд үүрэг үүсэх үүргийн хүрээнд нэг талын үүргийн зөрчилтэй холбогдуулан нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхийг бэлэглэлийн гэрээнд хэрэгжүүлэхгүй юм. Анхан шатны шүүх талуудын хооронд нэг талт гэрээ байгуулагдсан байгааг анхааралгүйгээр хоёр талт гэрээнд хэрэгжүүлэх гэрээнээс татгалзах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шүүхээс залруулав. Иймд Г.Сд холбогдох 2020.09.18-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн 852 тоот гэрээнээс татгалзаж, үр дагаварыг шаардсан Б.Нгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.” гэж шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр, бэлэглэлийн гэрээгээр талууд үүрэг хүлээсэн нь хүчин төгөлдөр, гэрээний үүргийн зөрчил гарсан буюу “Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ”-ний 4.2-т “Бэлэглэгч тал компанытай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг бэлэг хүлээн авагч талд үнэн зөв гаргаж өгөх бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар уръдчилан мэдэгдэх үүрэгтэй”, 4.6-д “Энэхүү гэрээг байгуулахаас өмнөх бэлэглэж буй хувьцаатай холбоотой татвар, хураамж, өр төлбөр, зээл торгуулъ, компанийн аливаа өр төлбөрийг бэлэглэгч төлж барагдуулах үүрэгтэй”, компанийн эрх шилжүүлэх гэрээний 5.1-д “Эрх шилжүүлэгч тал гэрээний 4.2-т заасан үүргээ зөрчиж компанийн талаар буруу мэдээлэл өгсөн болон эрхийн зөрчлийг мэдсээр байж нуун дарагдуулснаас учирсан хохирлыг бүрэн хариуцна” гэж тус тус заасан үүргээ ГС зөрчсөн талаар дүгнэсэн. Тодруулбал “Б” ХХК-д 2020.04.15-ны өдрийн байдлаар 2020 оны 1-3 сарын түрээсийн төлбөрийн өр нийт 8,555,250 төгрөг, “МСЭЭ” ХХК-д 2020.09.29-ний байдлаар 2020 оны 3-6 сарын агуулахын түрээсийн төлбөр 1,474,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн өртэй, Монгол Улсын татварын албаны тодорхойлолтоор нийслэл хотын татвар 2,913,125 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээрээс адилтгах орлогоос суутгах татвар дутуу 4,135,625 төгрөг нийт 7,048,750 төгрөгийн татварын өртэй, “МЭ” ХХК-д 2019.12.01-ний өдрөөс 2020.08.25-ны өдрийг хүртэл хугацаанд 2,937,000 төгрөгийн өглөгтэй, “С” ХХК-д 54,226,000 төгрөгийн өр төлбөртэй нийдтээ хавтаст хэргийн хүрээнд баримтаар тодорхөй болсон нийт 27,154,125 төгрөгийн өр төлбөртэй байна. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ.” гэж заасан бөгөөд бэлэг хүлээн авагчийн зөвшөөрөлгүйгээр бэлгийг өгөх боломжгүй. Мөн хуулийн 278 дугаар зүйлийн 278.1-д “Бэлэглэгч нь бэлэглэсэн хөрөнгийн доголдлыг санаатай нуун дарагдуулсны улмаас бэлэг хүлээн авагчид учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй.” гэж заасан бөгөөд бэлэглэгч тал үүргээ биелүүлээгүй бол учирсан хохирлыг арилгах мөн учирсан хохирлоо арилгаагүй тохиолдолд бэлэг хүлээн авагч бэлэглэлийн гэрээнээс татгалзах эрхтэй. Хуулийн 279 дүгээр зүйлийн 279.3-д гэрээнээс татгалзах онцлог зохицуулалтыг заасан бөгөөд бусад тохиолдолд хуулийн 225 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзах, үр дагаварыг 205 дугаар зүйлд заасны дагуу арилгуулах арга хэмжээ авагдана. Гэрээнээс татгалзах эрхийн цаана бэлэгээс татгалзаж буй болно. Өөрөөр хэлбэл бэлэглэгч Г.С гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол Б.Н бэлэг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс бэлэглэлийн гэрээ нэг талт гэрээ тул бэлэг хүлээн авахаас татгалзах, бэлэглэлийн гэрээнээс татгалзах эрхгүй мэтээр дүгнэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Б.Нгийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.05.18.-ны өдрийн 001/ШХТ2023/00586 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзэв.

8. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Г.Сд холбогдуулан гэрээний үүргээ зөрчсөн тул 2020.09.18-ны өдрийн компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж, “ЛК” ХХК-ийн 100 хувийн хувьцаа болох 20 ширхэг хувьцааг Г.Сд буцаан шилжүүлэх нэхэмжлэлийг гаргасан. Тэрээр хариуцагчийг компанийн өр төлбөрийг урьдчилан мэдэгдээгүй, гэрээг байгуулахаас өмнөх өр төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч энэ үүргээ биелүүлээгүй, бэлэглэлийн гэрээний 4.2-д “бэлэглэгч тал компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг бэлэг хүлээн авагч талд үнэн зөв гаргаж өгөх бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэх үүрэгтэй”, 4.6-д “энэхүү гэрээг байгуулахаас өмнөх бэлэглэж буй хувьцаатай холбоотой татвар, хураамж, өр төлбөр, зээл, торгууль, компанийн аливаа өр төлбөрийг бэлэглэгч төлж барагдуулах үүрэгтэй” гэж заасан, мөн компанийн эрх шилжүүлэх гэрээний 4.2-д “эрх шилжүүлэгч нь гэрээний 2.1 дэх хэсэгт заасан компанитай холбоотой бүхий л мэдээлэл, бичиг баримт, санхүүгийн тайлан балансыг эрх шилжүүлэн авагчид үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэнэ”, 4.3-д “эрх шилжүүлэгч нь компанийн эрхийг шилжүүлэхдээ татвар, гааль, нийгмийн даатгал, банк болон банк бус санхүүгийн байгууллага, шүүхийн шийдвэрийн байгууллага, иргэнтэй хийх төлбөр тооцоотой эсэх талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа тул гэрээний дагуу хүлээн авсан “ЛК” ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлнэ гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

9. Хариуцагч Г.С нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Н нь “ЛК” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд өөрийнхөө нэр дээр хувьцаа эзэмшиж болохгүй гээд намайг анх нягтлан бодогчоор, дараа нь тус компанийн захирлаар томилж ажиллуулсан бөгөөд ажлыг нь хийж байсан, тэгээд компаниа өөрийн нэр дээр авахдаа бэлэглэлийн гэрээгээр авсан, өөрийнх нь компанийг өөрт нь буцаан шилжүүлсэн, нэхэмжлэгч өөрөө компанийн үйл ажиллагаанд оролцож байсан тул өр төлбөртэй гэдгийг ч мэдэж байсан, одоо яагаад буцаах гээд байгааг ойлгохгүй байна гэсэн үндэслэл зааж мэтгэлцжээ.

10. Анхан шатны шүүх талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч Г.С нь гэрээ байгуулахаас өмнөх өр төлбөрийг төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзэж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт зааснаар “ЛК” ХХК-ийн 20 ширхэг хувьцааг хариуцагч Г.Сд буцаан шилжүүлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

11. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...Бэлэглэлийн гэрээ нь нэг талт гэрээ болохын хувьд бэлэглэгчид үүрэг үүснэ. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан буюу хоёр талын гэрээнд үүрэг үүсэх үүргийн хүрээнд нэг талын үүргийн зөрчилтэй холбогдуулан нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхийг бэлэглэлийн гэрээнд хэрэгжүүлэхгүй, анхан шатны шүүх талуудын хооронд нэг талт гэрээ байгуулагдсан байгааг анхааралгүйгээр хоёр талт гэрээнд хэрэгжүүлэх гэрээнээс татгалзах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан журмаар бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзах эрхгүй гэсэн дүгнэлтийг хийжээ.

12. Анхан болон давж заалдах шатны шүүх гэрээнээс татгалзах журмыг хэрэгжүүлсэн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр зөрүүтэй байгаа нь хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болсон. Давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний талаарх дүгнэлтийг зөвтгөж, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

13. Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Г.С нар нь 2020.09.18-ны өдөр Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ байгуулж “ЛК” ХХК-ийн 100 хувийн буюу 20 ширхэг хувьцааг хариу төлбөргүйгээр шилжүүлэхээр харилцан тохиролцож, Г.С нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй хувьцааг шилжүүлэх, Б.Н нь бэлгийг хүлээн авахаар зөвшөөрч, гэрээ хэрэгжсэн байх ба бэлэглэлийн гэрээний үндсэн дээр талууд мөн өдрөө Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, компанийн хувьцааг Б.Нгийн заасан этгээд болох Г.Пгийн нэр дээр шилжүүлжээ.

Нэхэмжлэгч Б.Н нь “ЛК” ХХК-ийн хамаарал бүхий “ИК” ХХК-ийг 2017.06.02-ны өдөр үүсгэн байгуулсан, “ЛК” ХХК нь анх “ИКК” ХХК нэртэйгээр 2018.05.29-ний өдөр гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдаж, 2018.05.30-ны өдөр Б.Дг гүйцэтгэх захирлаар томилсон, Г.С нь тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2019.07.25-ны өдрийн компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр Б.Д нь “ИКК” ХХК-ийн хувьцааг Г.Сд шилжүүлж, 2019.08.09-ний өдөр Г.С гүйцэтгэх захирлаар томилогдсон, 2019.08.22-ны өдөр “ИКК” ХХК оноосон нэрээ “ЛК” ХХК болгон өөрчилсөн, Г.С нь 2020.09.18-ны өдөр Б.Нтай компанийн хувьцаа бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээ байгуулж “ЛК” ХХК-ийн 100 хувийн буюу 20 ш хувьцааг хариу төлбөргүйгээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон, энэ гэрээний үндсэн дээр компанийн хувьцаа Г.Пд шилжсэн нь зохигчийн тайлбар, бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, хөдөлмөрийн гэрээ, улсын бүртгэлийн баримтаар тогтоогджээ.

Үүний дараа 2021.05.21-ний өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШШ2021/01504 дүгээр захирамжаар Г.Пгийн нэхэмжлэлтэй Б.Нд холбогдох 2020.10.21-ний өдрийн компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр хувьцааг буцаан авсан боловч бүртгэл хийлгээгүй байгаа бөгөөд хариуцагч компанийн өмнөх өр төлбөрийг барагдуулах үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзах эрхтэй гэж нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлээ тодорхойлжээ.

14.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэх гэрээ талуудын хооронд байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуульд нийцсэн байна.

Уг гэрээ нь талууд хоорондын зөвшилцөл буюу бэлгийг өгөх, бэлгийг хүлээн авах  талуудын хүсэл зоригт үндэслэнэ. Нэг талын үнэ төлбөргүй шилжүүлж буй эд хөрөнгийн өмчлөх эрхийг бэлэг хүлээн авагч зөвшөөрөөгүй буюу түүний хүсэл зоригоос гадуур гэрээ байгуулагдах боломжгүй бөгөөд ийнхүү бэлэглэгч, бэлэг хүлээн авагч талын аль алиных нь хүсэл зоригийн үндсэн дээр хэлцэл байгуулагддаг.

Харин үүргийн хувьд бэлэглэгч талд буюу нэг талд нь эд хөрөнгийн өмчлөх эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэх үүрэг байдаг тул энэ утгаар бэлэглэлийн гэрээг нэг талт үүрэг бүхий гэрээнд хамааруулдаг. Давж заалдах шатны шүүх зөвхөн үүргийн шинжээр гэрээг тодорхойлж, гэрээнээс татгалзах эрх талуудад байдаггүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д нийцээгүй, шүүхийн энэ дүгнэлт магадлалын шийдэлд нөлөөлөөгүй боловч залруулах боломжтой байна.

Бэлэглэлийн гэрээний дагуу Г.С нь бэлэглэлийн зүйл болох компаний хувьцааг шилжүүлсэн, Б.Н нь бэлгийг хүлээн авснаар гэрээ хэрэгжсэн. Гэрээ хэрэгжсэн тохиолдолд бэлэглэлийн гэрээний хувьд гэрээнээс татгалзах ойлголт байдаггүй байна. Харин гэрээ хэрэгжихээс өмнө татгалзаж болох бөгөөд ийм боломж байхгүй тул бэлэг хүлээн авагч нь гэрээнээс татгалзах эрхгүй.

15. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй боловч хариуцагч Г.С үүрэг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээний 4.2, 4.6, компанийн эрх шилжүүлэх гэрээний 4.2, 4.3-д бэлэглэгч тал компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг бэлэг хүлээн авагч талд үнэн зөв гаргаж өгөх, компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэх, гэрээг байгуулахаас өмнөх бэлэглэж буй хувьцаатай холбоотой татвар, хураамж, өр төлбөр, зээл, торгууль, компанийн аливаа өр төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч Б.Н нь тус компанийн үйл ажиллагаанд байнга оролцож, хариуцагч нь Г.С нь өөрийн данснаас “ “ЛК” ХХК-иас орлого” гэсэн утгаар Б.Нгийн дансанд мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан, Г.С нь тус компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан, компанийн хувьцааг өмчлөлдөө шилжүүлж авсан үндэслэлийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй зэрэг нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь компанийн үйл ажиллагаа, өр төлбөрийг мэдэж байсан, хариуцагч Г.С уг байдлыг нуусан гэх үйл баримт хангалттай тогтоогдоогүй байна.

Иймд нэхэмжлэлийг хангах боломжгүй, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00478 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                 ШҮҮГЧИД                                                            Н.БАЯРМАА

                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                              Д.ЦОЛМОН

                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД