Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00478

 

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00478

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/03420 дугаар шийдвэртэй,

 

А-гийн нэхэмжлэлтэй

Б-д холбогдох,

 

2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн компанийн хувьцаа бэлэглэх 852 тоот гэрээ, компанийн эрх шилжүүлэх 853 тоот гэрээнээс татгалзаж, “В-” ХХК-ийн 20 ширхэг хувьцааг Б-д буцаан шилжүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох, Ө.Сайнбаяр, хариуцагч Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б- нь “В-” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшиж, гадаад худалдаа буюу дарс худалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд А- энэ хугацаанд компанийн үйл ажиллагаанд нь туслах, хөрөнгө оруулалт хийх зэргээр дэмжиж ирсэн.

1.2. Б- нь “В-” ХХК-ийг ажиллуулах боломжгүй болсон, компанид ямар нэгэн өр төлбөр байхгүй, хуулийн дагуу ямар нэгэн хариуцлага үүсгэхгүй, ямар нэгэн өр төлбөр байвал өр төлбөрийг төлнө” гэж хэлэн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр   Компанийн хувьцаа бэлэглэлийн 852 тоот гэрээ,   Компанийн эрх шилжүүлэх 853 тоот гэрээ байгуулан 20,000 төгрөгийн дүрмийн сантай, 20 ширхэг хувьцаатай “В-” ХХК-ийн хувьцааг бэлэглэлийн дагуу шилжүүлэн өгсөн.

1.3. Нэхэмжлэгч нь олон улсын байгууллагатай хамтран ажилладаг, өөрийн нэр дээр компанийн хувьцааг эзэмшихгүй байх ажлын шаардлага тавигдсан тул 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн 934 тоот гэрээ,   Компанийн эрх шилжүүлэх 935 тоот гэрээг байгуулан “В-” ХХК-ийн хувьцааг Г-д шилжүүлсэн.

Гэтэл Г- нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г- болон А- нарын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн  Компанийн хувьцаа бэлэглэлийн 934 тоот гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцсаны дараа “В-” ХХК нь татварт өр төлбөртэй байсныг олж мэдсэн. Тиймээс тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн захирамжаар “В-” ХХК-ийн хувьцаа буцаж А-гийн нэр дээр шилжиж ирсэн.

1.4. “В-” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө татвар, нийгмийн даатгалын өртэй, мөн олон компаниудад өр төлбөртэй эхнээсээ нэхэгдэж байна. Энэхүү өр төлбөрийн талаар Б-д хэлэхэд “өр төлбөртэй гэдгийг мэдэж байсан ч төлөх боломжгүй, төлөхгүй, компанийн хувьцааг ч буцаан шилжүүлж авахгүй” гэдэг. Тиймээс компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээний 4.6-д заасан үүргээ биелүүлээгүй, өмнө үүссэн татвар болон бусад аж ахуйн нэгжийн хуримтлагдсан өр төлбөрийг төлж барагдуулаагүй, үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох ямар ч шаардлагагүй байх тул “В-” ХХК-ийн хувьцааг бэлэглэсэн гэрээнээс татгалзаж, хувьцааг буцаан шилжүүлж байгаа болно.

Иймд Б-, А- нарын байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, “В-” ХХК-ийн 20 ширхэг хувьцааг Б-д буцаан шилжүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч А- “В-” ХХК-ийн үйл ажиллагаанд нь туслах хөрөнгө оруулалт хийх зэргээр дэмжиж ирсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг, мөн энэ нь А-гийн өөрийнх нь хамаарал бүхий компани юм. А- тус компанийн үйл ажиллагаанд биечлэн оролцож, өөрийн эзэмшдэг Хаан банкны *** тоот дансаар болон хариуцагчийн болон “В-” ХХК-ийн данс зэргээс тус тус орлого хүлээн авч байсан тул түүнийг “В-” ХХК-ийн татварын байгууллага бусад хуулийн этгээдэд өртэй эсэхийг мэдэх боломжгүй, мэдээгүй байсан гэж үзэх зэрэг нь огт үндэслэлгүй юм.

2.2. Б- нь А- захиралтай яриад анх ажилд орсон бөгөөд тухайн үед захирал байсан н.Долгормаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан эхлээд нягтлан бодогчоор, дараа нь компанийн менежерээр ажиллаж байгаад нэхэмжлэгч А- санал болгосны дагуу Б- нь гүйцэтгэх захирлаар ажиллаж, компанийг төлөөлөн гарын үсэг зурдаг байсан. Гэвч нэхэмжлэгч нь компанийн үйл ажиллагаанд биечлэн оролцдог, өр төлбөртэй гэдгийг мэддэг, мэдэж байсан.

Иймд Б- нь “В-” ХХК, хуучин нэр “И-” ХХК-ийг үүсгэн байгуулагч, эзэн А-д нь буцаан хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

 

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар нэхэмжлэгч А-гийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 852 дугаар Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 853 дугаар Компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзсаныг хангаж, “В-” ХХК-ийн 20 ширхэг хувьцааг хариуцагч Б-д буцаан шилжүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-аас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, бодитой талаас нь үнэлж дүгнээгүй, үндэслэлгүй шийдвэрлэсэн.

Шүүх талуудын маргааны зүйл нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзах талаар байна, гэрээ байгуулсан гэрээний дагуу компанийн хувьцаа болон эрх шилжүүлсэн талаар маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар А- нь “В-” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, удирдаж байсан тул хариуцагч Компанийн хувьцааг бэлэглэх гэрээний 4.2-т “Бэлэглэгч тал компанитай холбоотой, бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг бэлэг хүлээн авагч талд үнэн зөв гарган өгөх бөгөөд өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй айна.  

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзсаны үр дагавар компанийн хувьцааг буцааж шилжүүлэх гэсэн нь хэрэгт эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон төдийгүй хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй.

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтыг бүх талаас нь судлан, хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан гэрээний үүргээ зөрчсөн тул 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн 852 тоот гэрээ, Компанийн эрх шилжүүлэх 853 тоот гэрээнээс тус тус татгалзаж, “В-” ХХК-ийн 20 ширхэг хувьцааг Б-д буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

3. А- болон Б- нар нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр бэлэглэгч Б- нь “В-” ХХК-ийн 100 хувийн буюу 20 ширхэг хувьцааг хариу төлбөргүйгээр бэлэг хүлээн авагч А-д 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлэхээр тохиролцсон, бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангагдсан, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.  

 

4. Бэлэглэлийн гэрээ нь нэг талт гэрээ болохын хувьд бэлэглэгчид үүрэг үүснэ. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан буюу хоёр талын гэрээнд үүрэг үүсэх үүргийн хүрээнд нэг талын үүргийн зөрчилтэй холбогдуулан нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхийг бэлэглэлийн гэрээнд хэрэгжүүлэхгүй юм. Анхан шатны шүүх талуудын хооронд нэг талт гэрээ байгуулагдсан байгааг анхааралгүйгээр хоёр талт гэрээнд хэрэгжүүлэх гэрээнээс татгалзах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулав.

 

5. Иймд Б-д холбогдох 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн 852 тоот гэрээнээс татгалзаж, үр дагаврыг шаардсан А-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

6. Компанийн хувьцаа бэлэглэх 852 тоот гэрээнээс татгалзах эрхийг нэхэмжлэгч хэрэгжүүлэх боломжгүй тул түүний үр дагавар болох компанийн эрх шилжүүлэх гэрээнээс мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан журмаар тэрээр татгалзах эрхгүй тул холбогдох нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгов.

 

7. Нэхэмжлэгч А- нь өөр үндэслэлээр нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

9. Анхан шатны шүүх гэрээний дугаарыг гэрээний өмнө бичсэнээр компанийг дугаарласан агуулгын алдаатай болсныг залруулж дүгнэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/03420 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б-д холбогдох 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх 852 тоот гэрээ, Компанийн эрх шилжүүлэх 853 тоот гэрээнээс татгалзаж,  “В-” ХХК-ийн 20 ширхэг хувьцааг Б-д буцаан шилжүүлэх тухай А-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН                                            

         ШҮҮГЧИД                                             Э.ЭНЭБИШ                                                                                      

Э.ЗОЛЗАЯА