Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 814

 

 

 

 

 

                       

  2020             6               23                                         2020/ДШМ/814

 

 

Ч.Л-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,                              

шүүгдэгч Ч.Лын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нацагмаа, түүний өмгөөлөгч Д.Цэнгэлмаа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч П.Ариунболд, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Лын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1911000000338 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Олхонууд овгийн Ч-ын Л, 1975 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................../;

            Шүүгдэгч Ч.Л нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 9-241Б тоот хашаанд байрлах байшинд Б.Нямдэлгэртэй маргалдаж, улмаар түүний хоолойн тус газарт хутгаар 5-7 удаа зүсэж, олон тооны шарх гэмтэл үүсгэж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ч.Лын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Олхонууд овгийн Чулуунбаатарын Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ч.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Лт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Лт энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 282 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Лаас 14.199.434 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нацагмаад олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн куртик 1 ширхэг, улаан өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, Ч.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Лт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч.Л давж заалдах гомдолдоо: “Миний бие талийгаач Б.Нямдэлгэртэй 2016 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн бөгөөд энэ хугацаанд архи дарснаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж байсан. Харамсалтай нь дээрх нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэж байсан удаа байхгүй. Хэрэг болсон өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр талийгаач Б.Нямдэлгэрийн гэрт 10 цагийн орчим ороход надаас “тамхины мөнгө байвал өг, дандаа мөнгөгүй явах юм” гэх мэтээр уурлаж хашгирч хутга барьж над руу дайрсан. Өмнө нь би хавиргаа хугалуулсан байсан учраас талийгаачаас айж хутгыг нь булаацалдаж байхдаа хоолойн тус газар нь нэг удаа хутгалсан гэж бодож байна. Уг нь намайг гэрээс нь гарахад өөрөө хивсэн дээр суугаад миний араас гутал шидээд үлдсэн. Би талийгаачийг арай ч үхчихнэ гэж бодоогүй. Учир нь, хэрэг явдал болсноос хойш 3 хоногийн дараа бие нь яаж байгаа бол гээд гэрт нь яваад очиход талийгаач амь насаа алдсан байсан бөгөөд энэ цаг хугацаанд л хүний амь насыг хохироосноо мэдэж тэр даруй өөрийн утаснаас цагдаа, эмнэлгийн байгууллагад хандаж, болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Ч.Лыг хүнийг олон тооны шарх гэмтэл үүсгэж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 811 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 851 дугаартай шинжээчийн дүгнэлт нотлох баримтаар авагдсан бөгөөд 2 дүгнэлт хоорондоо илт зөрүүтэй гарсан. Дээрх нөхцөл байдлыг шүүх дүгнээгүй. Мөн Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 564 дугаартай тогтоолд “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовоож шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлууд нь нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой. Мөн өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг шаарддаг.” гэж заасан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж надад оногдуулсан хорих ялыг багасгаж, нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү” гэжээ.

                                                                                                                        

Шүүгдэгч Ч.Лын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Лхагвадорж нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хөнгөрүүлэн зүйлчилж өгөөч гэсэн байр суурьтай оролцсон. Анхан шатны шүүхээс Ч.Лыг хүний биед олон тооны шарх, гэмтэл үүсгэж онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Хүнийг онц харгис хэрцгий аргаар алах гэдэг нь хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэснийг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлд хандсан сэтгэхүйн хандлага, хохирогчийг тарчлаан зовоож үхэлд хүргэх хүсэл зоригийг харгалзан үзнэ. Хэрэг болсон нөхцөл байдлаас харахад Ч.Л нь талийгаачийг амь насаа алдана гэдгийг ухамсарлаагүй нөхцөл байдал харагддаг. Ч.Л нь хэрэг болсноос хойш 3 хоногийн дараа талийгаачийн биеийн байдлыг харахаар эргэж очсон. Тэгээд талийгаачийг амиа алдсан байхыг хараад цагдаагийн болон эмнэлгийн байгууллагуудад дуудлага өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Үүнээс Ч.Л нь талийгаачийг тарчлааж алах гэсэн хүсэл зориг харагдахгүй байна. Хэдийгээр шинжээчийн дүгнэлтээр 5-7 тооны шарх үүссэн гэх дүгнэлт гарсан боловч шинжээчийн 2 дүгнэлт өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нацагмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Л нь хүүг минь маш хэрцгийгээр хөнөөчихөөд өнөөдөр биднээс аврал гуйж байгаад гомдолтой байна. Шүүгдэгч Ч.Лын ар гэрээс бидэнд мөнгө төгрөг өгөхгүй юм гэхэд уучлалт гуйгаагүй. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл Ч.Лын үйлдэлд тохирсон гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна” гэв. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нацагмаагийн өмгөөлөгч Д.Цэнгэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ч.Лын үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд гаргасан шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүгдэгч Ч.Лын давж заалдах гомдолд дурдагдсанаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг заасан. Үүнд, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирол төлбөрөө төлсөн бол хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж заасан. Гэтэл энэ нь хүний амь насыг хохироосон хүнд гэмт хэрэг.

Түүнчлэн шүүгдэгч талаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нэг ч төгрөг төлөөгүй. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч “миний буруу” гэж хэлснээс өөрөөр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь харагддаггүй. Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд тодорхой төрлийн гэмт хэргийн объектив, субъектив шинж болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх шинжийг тогтоож өгсөн. Ч.Лын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэргийн зүйлчлэлээр зүйлчилсэн нь тохирсон гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч талийгаачийг алах үедээ зэрлэг догшин хандаж, шарх сорви үүсгэх замаар хохирогчийг тамлаж, удаан хугацаагаар өлсгөх, цангаах зэргээр зориуд санаатай тамлан зовоосон гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгдсэн. Гэтэл шүүгдэгч Ч.Л нь хохирогчийг ар гэрийн хүмүүс болон эмнэлгийн тусламж дуудах ямар ч боломжгүй болгож буюу гар утсыг нь эвдээд орхиод явсан байсан. Цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтээр 6-7 удаа хутгалсан болох нь тогтоогдсон. Мөн шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмчийн мэдүүлгээр Ч.Лын үйлдэл нь нотлогдож тогтоогдсон. Ч.Л нь хохирогчийг 6-7 удаа хутгалж байхдаа амь насыг нь хохироох боломжтой гэдгийг мэдэж байсан санаатай гэмт хэрэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.  

 

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Уг хэрэг өмнө нь 2 удаа шүүхээр хэлэлцэгдсэн бөгөөд хийгдэх ёстой ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байгаа. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Л нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 9-241б тоот хашаанд байрлах байшинд Б.Нямдэлгэртэй мөнгөний асуудлаас үүдэн маргалдаж, улмаар түүний хоолойн тус газарт төмс арилгадаг хутгаар 5-7 удаа зүсэж, олон тооны шарх гэмтэл үүсгэж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нацагмаагийн “...2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр талийгаач манай ажил дээр ирээд явсан. Талийгаачийн нүүр хэсэгт ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан. 2019 оны 3 дугаар сарын 20-ны орой 22 цагийн үед утсаар ярьсан,  2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр талийгаачийн 96012345 дугаарын утас руу залгахад холбогдохгүй байсан. 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед байх Лын гар утас руу залгаж “Нямдэлгэрийн утас холбогдохгүй байна, чи байгаа юм уу” гэж асуухад “би ажилтай байна, орой очиж яриулна” гэж хэлсэн. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 10 цаг 30 минутын үед Ч.Л утсаар “гэртээ орсон чинь Нямдэлгэр гэртээ нүүр ам нь цус болчихсон, хажуу талд нь хутга байна” гэж хэлсэн. “Чамайг өглөө явахад зүгээр байсан юм уу” гэж асуухад “зүгээр байсан” гэж хэлсэн. Тэгээд өөрийгөө хорлосон байна гэж хэлсэн. ...” /1хх 34-35/,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нямдоржийн “...2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр миний ээж Нацагмаа над руу залгаж “Нямдэлгэр нас барсан гэж Л утсаар хэлж байна” гэж хэлсэн. Миний ахын амь насыг хохироосонд би маш их гомдолтой байна. Талийгаач Нямдэлгэр нь 2017 онд нэг удаа Шархадны эмнэлэгт хэвтэж байсан. Сэтгэцийн өвчтэй биш ядаргаанд ороод 1 удаа хэвтсэн. Нийт 31.312.190 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлыг нэхэмжилнэ. ..." /1хх 39-41/,

 

гэрч Ч.Азжаргалын “...2019 оны 3 дугаар сарын 22-ны орой би хамтран амьдрагч Эрдэнэтулгын хамт Дарь-Эхийн эхэнд байдаг нийтийн байранд Ган-Эрдэнэ гэх залуугийн хамт архи ууж байгаад 21 цаг өнгөрч байхад Эрдэнэтулга бид хоёр Дэлгэрийнд очиж хонох гээд Хайлааст руу явсан. Дэлгэрийнд очоод хашаа руу нь ороход байшингийнх нь гэрэл нь асаалттай байсан. Тэр үед шөнийн 23 цаг өнгөрч байсан. Тэгээд гэрэл нь асаалттай болохоор нь хүн байгаа юм байна гэж бодоод байшин руу нь шууд орсон. Үүдээр оронгуут гал тогооны өрөөнийх нь цаад талын өрөөнд газар хүн хэвтэж байсан. Тэгээд би үүдэнд үлдсэн. Эрдэнэтулга Дэлгэрийн нэрийг дуудаад цаад талын өрөөнд орсноо “алчихсан байна шүү дээ” гээд орилоод хашгирсаар гарч ирсэн. Тэгээд миний куртикны ханцуйнаас татаад, чирээд Дэлгэрийнхээс гарсан. Гарах үед би гадаа үүдний шатан дээр бүдрээд бид хоёр давхралдаад унасан. ...” /1хх 45/,

 

гэрч З.Эрдэнэтулгын “...2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Азжаргал бид хоёр уулзаж, 2 цагийн орчимд Нямдэлгэрийн 96012345 дугаарын утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан бөгөөд Азжаргал бид хоёр 22 цагийн орчим Нямдэлгэрийн гэрт очсон юм. Тухайн үед Нямдэлгэрийн байшингийн хаалга цоожгүй, хаалттай байсан бөгөөд гал тогооны өрөө гэрэлтэй, хүнгүй байгаа бололтой байсан. Байшингийн том өрөөний хэсэгт Нямдэлгэр дээгүүрээ хөвөнтэй хөнжил бүтээсэн байсан. Хөнжлийг бараг бүтэн бүтээж толгой хэсэг нь ил харагдаж байсан. Би Нямдэлгэрийн хажууд очиж хөнжлийг нь хагас сөхөж харсан чинь Нямдэлгэрийн хоолойноос доош чигтэй цус болсон, нүүрэнд нь хүрсэн чинь хүйтэн дааж хатуу болсон, нас барсан бололтой байсан. ...” /1хх 46-47/,

 

гэрч Б.Алтанцэцэгийн “...2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 9 дүгээр гудамжинд байдаг 123 дугаартай худаг дээр гарч байхад Л 17 цаг өнгөрч байхад ганцаараа доороос алхаж ирээд ам хатаад байна гээд ундааны саванд ус хийж уусан. Тухайн үед Лаас архи үнэртэж байсан. Би архи уусан байна гэж тухайн үед бодож байсан. Л сүүлийн үед архи уудаг болсон байсан. Надтай архи уусан байдалтай 2-3 удаа таарч байсан. Л тэгээд гудамж өгсөөд Нямдэлгэрийн гэр рүү явсан. Учир нь, манай худгийн дээр үзүүрт Нямдэлгэр гэдэг залуугийн гэр байдаг юм. ...” /1хх 56-57/,

 

шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...Талийгаачийн хоёр алганы товгор хэсэг яг адил цус хуралттай, хурууны үзүүр хэсэг хумс хөхрөлттэй байсан нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу унах, тулах, цохих, цохигдох хүчний үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. ...” /1хх 72-73/,

 

шинжээч эмч Ц.Ганболдын “...талийгаачийн хүзүүний урд дээд хэсэг дэх хүзүүний булчин, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой гэмтээж зүсэгдсэн шарх нь ир ирмэгтэй зүйлийн 5-7 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шарх нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй юм. ...Хохирогчийн цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой гэмтээж зүсэгдсэн шархыг тоолж дүгнэлт гаргасан. ...” /2хх 63-64/,

 

шүүгдэгч Ч.Лын яллагдагчаар өгсөн “...би талийгаачийн хоолойг төмс арилгадаг улаан иштэй хутгаар зүссэн. Би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Мөн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчд учруулсан хохирлоо нөхөн төлөх талаар хичээх болно. ...” /1хх 65-66/ гэх мэдүүлгүүд,

 

“...талийгаач Нямдэлгэрийн биед хүзүүний урд дээд хэсэг дэх хүзүүний булчин, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой гэмтээсэн зүсэгдсэн шарх, хоёр гарын сарвуунд шарх, алганд цус хуралт, зүүн шилбэ, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоодлоо. Дээрхи гэмтлүүдээс хүзүүний урд дээд хэсэг дэх хүзүүний булчин, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой гэмтээсэн зүсэгдсэн шарх, хоёр гарын сарвууны шарх нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, хүзүүний шарх нь 2-3 удаагийн үйлдлээр, хоёр гарын сарвууны шарх нь олон удаагийн үйлдлээр үүснэ. Хоёр гарын алганы цус хуралт, зүүн шилбэ, өвдөгний зулгарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Талийгаач нь хүзүүний урд дээд хэсэг дэх хүзүүний булчин, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой гэмтээсэн зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хурээлэнгийн 811 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 61-64/,

 “...талийгаач Б.Нямдэлгэрийн цогцост хүзүүний урд дээд хэсэг дэх хүзүүний булчин, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой гэмтээсэн зүсэгдсэн шархнууд, хоёр сарвууны алга, эрхий, долоовор, дунд, ядам хуруунд шарх, алганд цус хуралт, зүүн шилбэ, өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаачид учирсан гэмтлүүдээс хүзүүний урд хэсэг дэх хүзүүний булчин, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой гэмтээсэн, зүсэгдсэн шарх, хоёр сарвууны алга, эрхий, долоовор, дунд ядам хурууны шарх нь нас барахын өмнөхөн, хоёр гарын алганы цус хуралт нь 1-2 хоногийн дотор, зүүн шилбэ, өвдөгний зулгаралт нь 2-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. 2019 оны 3 дугаар сарын 26-ны 04 цаг 30 минутын цогцосны анхны үзлэгээр нас бараад 36-48 цаг орчим болсон байна. Талийгаач нь хүзүүний урд дээд хэсэг дэх хүзүүний булчин, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой гэмтээсэн зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 851 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 68-70/,

“...Ч.Л нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн ямар нэг өвчингүй, хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч эмч нарын шүүх сэтгэц эмгэг судлалын 561 дугаартай дүгнэлт /1хх 99-100/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 12-18/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 19-22/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 23-26/, Ч.Лын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 27-29/, хохирлын баримт /1хх 177-210/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 53-55/, ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 56-58/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ч.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Лын амь хохирогч Б.Нямдэлгэртэй маргалдаж, улмаар түүний хоолойн тус газарт хутгаар 5-7 удаа зүсэж, олон тооны шарх гэмтэл үүсгэн алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ч.Лын “...оногдуулсан хорих ялыг багасгаж, нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын хорих ял эдлэх дэглэмийг өөрчлүүлэх тухай хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Ч.Л нь Б.Нямдэлгэртэй мөнгөний асуудлаас үүдэн маргалдаж, улмаар түүний хоолойн тус газарт төмс арилгадаг хутгаар 5-7 удаа зүсэж, олон тооны шарх гэмтэл үүсгэсний улмаас Б.Нямдэлгэр цус алдаж нас барсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нь тэр даруй эмнэлгийн байгууллагад мэдэгдэж хохирогчид тусламж үзүүлээгүй, зовж зүдрэхээр байдал бий болгосон төдийгүй талийгаачийг нас бараад 36-48 цаг өнгөрсний дараа ар гэрийнхэнд нь мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байх тул түүнийг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан төрөл, хэмжээний дотор буюу 16 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заажээ.

Харин шүүгдэгч Ч.Л нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад  өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ч.Лын гаргасан хорих ялын хугацааг багасгахыг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Лт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Лт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Лын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ