Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 235

 

     2020        03          26                                   2020/ШЦТ/235

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж, шүүгч П.Ариунболд, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч С.Энхбаатар,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

иргэдийн төлөөлөгч Ц.Батсүрэн,

шүүгдэгч Ч.Л , түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нацагмаа, түүний өмгөөлөгч Д.Цэнгэлмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овгийн Ч.Л д холбогдох эрүүгийн 1911000000338 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Олхонууд овгийн Ч.Л , 1975 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 5-140 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ч.Л  нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 9-241Б тоотод байрлах байшинд Батчулуун овогтой Нямдэлгэртэй марган улмаар түүний хоолойн тус газарт хутгаар 5-7 удаа зүсэж, олон тооны шарх гэмтэл үүсгэж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.Л  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр 10 цагийн орчим намайг гэрт нь ороход талийгаач баруун тийшээ хараад хэвтэж байсан. Надаас тамхины мөнгө байвал өгөөч гэхээр нь би мөнгө байхгүй, надад эм тариа авах ч мөнгө алга, ороодог тамхиа татчих гэхэд над руу хутга бариад “юм гуйхаар авч өгдөггүй” гээд дайрсан. Өмнөхөн нь би хавиргаа хугалуулсан байсан учир айсан. Би хоолойд нь нэг хутгалсан гэж бодож байна. Уг нь намайг гарахад өөрөө хивсэн дээрээ суугаад миний хойноос гутал шидээд үлдсэн. Би үхчихнэ гэж бодоогүй. Айгаад яваад өгсөн, тэгээд 3 хоноод иртэл маш их цус алдсан байсан...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нацагмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хүний их эмчээр 40 дэх жилдээ ажиллаж байгаа. Би 5 хүүтэй. Хохирогч бол миний хүү. Миний хүүг нас барсан тухай мэдээг шүүгдэгч надад хэлсэн. Миний хүүг аймшигтайгаар хөнөөсөн энэ хүнд гомдож харамсаж байна. Би 40 настай хүүгээ алдлаа. Миний нөхөр Батчулуун нь хүнд өвчтэй сэтгэлийн шаналлаа дийлэхгүй 2 удаа харвасан. Хэдийгээр хүүгээ гэртээ ирэхгүй гэдгийг мэдэж байгаа ч өдөржин цонхон дээр хүүгээ харж хүлээдэг. Ийм байдлаас болж сэтгэл санааны хувьд маш доройтсон. Би хүүгээ маш их санаж бас харамсаж байна. Өнөөдрийг хүртэл би жилийн хугацаанд энэ мэдээг сонссон өдрөөс хойш би инээхийг мартсан. Эмч хүний хувьд олон удаа хууль болон шинжээч нарын дүгнэлтийг уншлаа. Миний хүү ихэр. Манай гэр бүлийнхэн жилийн хугацаанд сэтгэл санааны хүнд байдлаас гарч чадахгүй байна. Шүүгдэгч Ч.Л  нь миний хүүгийн амь насыг хөнөөчхөөд яагаад уучлалт гуйхгүй байна вэ? Гэмт хэрэг болсноос хойш биднээс уучлалт гуйгаагүй. Мөн оршуулгын тэтгэмж өгөөгүй. Шүүгдэгч нь 2017 оноос хойш миний хүүтэй хамтран амьдарч байгаа. Бид ойрхон оршин суудаг. Хүн бүр надад хүүгээ энэ хүүхэнтэй  яагаад хамт амьдруулж байгаа юм бэ? гэж олон удаа хэлдэг байсан. Миний хүүгийн амь насыг хөнөөсөн. Түүний гэр бүлийн зүгээс манай гэр бүлээс уучлалт гуйгаагүй. Бид хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Шүүгдэгчийн хэлж байгаагаар миний хүү түүнийг дарамталж зоддог байсан юм бол яагаад манай хүүгийн гэрт очдог байсан бэ? Бид хүүгийндээ очих бүртээ энэ эмэгтэйгээс сал гэж хэлдэг байсан. Миний хүү ганц бие эр хүн байсан. Ийм байсан болохоор миний хүүгийн хажууд байх гэж архи авч очдог байсан. Миний хүү хэрцгий авир гаргаж хүн зодож цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Миний хүү хуулийн байгууллагад ажиллаж байсан. Барилгын удирдах ажил хийдэг байсан. Миний хүүгийн амь насыг хөнөөсөнд би маш их гомдолтой байна. 3 дугаар сарын 20-ны өдөр миний хүү над дээр ирэхэд би тариа хийгээд мөнгө өгч явуулсан. Миний хүүгийн  надаас аваад гарсан мөнгө халаасанд нь тоо ёсоороо байсан. Гэтэл яагаад миний хүү шүүгдэгчээс тамхины мөнгө нэхэх вэ? Шүүгдэгч нь өөрийн төрсөн ганц хүүгээ ээжээсээ айж дайжтал нь архидан согтуурдаг байсан тул түүний хүү эгчийнд нь амьдарч байсан. Мөн шүүгдэгч нь хулгай хийдэг, архи уудаг, худал хэлдэг, тогтсон ажилгүй. 3 дугаар сарын 20-ны өдөр миний хүү над дээр ирэхэд нь  ширхэг ч шарх биед нь байгаагүй. Шинжээчийн дүгнэлтээр миний хүүгийн ходоод хоосон байсан. Миний хүүг халаасандаа байгаа мөнгийг аваад тамхи авах боломжгүй болготол нь олон тооны шарх сорив үүсгэсэн байна. Миний хүүгийн хэл нь хүртэл тасарсан байсан. Ч.Л  миний хүүг тийм байдалтай үлдээчхээд яагаад эргэж ирээгүй вэ? Миний хүү амьдралд хайртай байсан. Хүний амь насыг хөнөөчхөөд эрх чөлөөтэй явж байгаад харамсаж байна. Би 17-гийн автобусны буудал дээр шүүгдэгчийг хараад гайхсан. Яагаад эрх чөлөөтэй явж байгаа юм бэ? Бид нэг гудамжинд амьдарч байгаа. Өөр болон бусад хүмүүст эрсдэлд орох боломжтой. Шүүгдэгчид хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү? 15.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа, маш их гомдолтой байна...” гэв

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 11/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 12-18/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 19-22/,

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 23-26/,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нацагмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр талийгаач миний ажил дээр ирээд явсан. Талийгаачийн нүүр хэсэгт ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан. 2019 оны 03 дугаар сарын 20-ны орой 22 цагийн үед залгаж ээж юу хийж байна гэж ярьсан. 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр талийгаачийн 96012345 дугаарын утас руу нь залгахад холбогдохгүй байсан. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед байх Лхагважавын гар утас руу залгаж “Нямдэлгэрийн утас холбогдохгүй байна. Чи байгаа юм уу” гэж асуухад би ажилтай байна, орой очиж яриулна гэж хэлсэн. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 10 цаг 30 минутын үед Лхагважав утсаар “гэртээ орсон чинь Нямдэлгэр гэртээ нүүр ам нь цус болчихсон, хажуу талд нь хутга байна” гэж хэлсэн. Чамайг өглөө явахад зүгээр байсан юм уу гэж асуухад зүгээр байсан” гэж хэлсэн. Тэгээд өөрийгөө хорлосон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 34-35/,

Хууль ёсны төлөөлөгч Б.Нямдорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...талийгаач Нямдэлгэр нь 2017 онд нэг удаа Шархадны эмнэлэгт хэвтэж байсан. Сэтгэцийн өвчтэй биш ядаргаанд ороод 1 удаа хэвтсэн. Нийт 31.312.190 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-р хх 39-41/,

Гэрч Л.Мөнхболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...миний ээж Лхагважав нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд, мөн үе үе гэрээсээ гарч яваад алга болчихдог болохоор би тусдаа амьдардаг болсон юм. Намайг 8 дугаар анги төгсөх жил буюу 2013 оноос эхлэн архи согтууруулах ундааны зүйлийг ихээр хэрэглэх болсон. Тэрнээс хойш гэртээ ирэхгүй алга болчихоор нь би эгчийндээ очиж амьдардаг болсон. Тэгээд тусдаа амьдрах болсон юм. ...би ээж болон Нямдэлгэр нарыг их удаан цуг байж байхыг нь бол хараагүй. Би цуг байж байхыг нь хараад хөөгөөд явуулдаг байсан. Харин нэг нэгэнтэйгээ маргаж, зодож, цохиж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 42-44/,

Гэрч Ч.Азжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 22-ны орой би хамтран амьдрагч Эрдэнэтулгын хамт Дарь-эхийн эхэнд байдаг нийтийн байранд Ган-Эрдэнэ гэх залуугийн хамт архи ууж байгаад 21 цаг өнгөрч байхад Эрдэнэтулга бид хоёр Дэлгэрийнд очиж хонох гээд Хайлааст руу явсан. Дэлгэрийнд очоод хашааруу нь ороход байшингийнх нь гэрэл нь асаалттай байсан. Тэр үед шөнийн 23 цаг өнгөрч байсан. Тэгээд гэрэл нь асаалттай болохоор нь хүн байгаа юм байна гэж бодоод байшин руу нь шууд орсон. Үүдээр оронгуут гал тогооны өрөөнийх нь цаад талын өрөөнд газар хүн хэвтэж байсан. Би харсан. Тэгээд би үүдэнд үлдсэн. Эрдэнэтулга Дэлгэрийн нэрийг дуудаад цаад талын өрөөнд орсоноо “алчихсан байна шүү дээ” гээд орилоод хашгирсаар гарч ирсэн. Тэгээд миний куртикны ханцуйнаас татаад, чирээд Дэлгэрийнхээс гарсан. Гарах үед би гадаа үүдний шатанд дээр бүдрээд бид хоёр давхаралдаад унасан. ...Тухайн үед бид хоёр маш их айж сандарсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 45/,

Гэрч З.Эрдэнэтулга нь мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Азжаргал бид хоёр уулзаж, 2 цагийн орчимд Нямдэлгэрийн 96012345 дугаарын утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан бөгөөд Азжаргал бид хоёр 22 цагийн орчим байх Нямдэлгэрийн гэрт очсон юм. Тухайн үед Нямдэлгэрийн байшингийн хаалга цоожгүй, хаалттай байсан бөгөөд гал тогооны өрөө гэрэлтэй, хүнгүй, байгаа бололтой байсан. Нямдэлгэр байшингийн том өрөөний хэсэгт дээгүүрээ хөвөнтэй хөнжил бүтээсэн байсан. Хөнжлийг бараг бүтэн бүтээж толгой хэсэг нь ил харагдаж байсан. Би Нямдэлгэрийн хажууд очиж хөнжлийг нь хагас сөхөж харсан чинь Нямдэлгэрийн хоолойноос доош чигтэй цус болсон. Нүүрэнд нь хүрсэн чинь хүйтэн дааж хатуу болсон нас барсан бололтой байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 46-47/,

Гэрч Б.Алтанцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:”...2019 оны 03 дугаар сарын 22-ний өдөр би Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 9 дүгээр гудамжинд байдаг №123 дугаартай худаг дээр гарч байхад Лхагважав 17 цаг өнгөрч байхад ганцаараа дороос алхаж ирээд ам хатаад байна гээд ундааны саванд ус хийж уусан. Тухайн үед Лхагважаваас архи үнэртэж байсан. Би архи уусан байна гэж тухайн үед бодож байсан. Лхагважав сүүлийн үед архи уудаг болсон байсан. Надтай архи уусан байдалтай 2-3 удаа таарж байсан. Лхагважав тэгээд гудамж өгсөөд Нямдэлгэрийн гэрлүү явсан. Учир нь манай худгийн дээр үзүүрт Нямдэлгэр гэдэг залуугийн гэр байдаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх 56-57/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 811 дугаар дүгнэлтэд: “...Талийгаач Нямдэлгэрийн биед хүзүүний урд дээд хэсэг дэх хүзүүний булчин, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой гэмтээсэн зүсэгдсэн шарх, хоёр гарын сарвуунд шарх, алганд цус хуралт, зүүн шилбэ, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоодлоо. Дээрхи гэмтлүүдээс хүзүүний урд дээд хэсэг дэх хүзүүний булчин, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой гэмтээсэн зүсэгдсэн шарх, хоёр гарын сарвууны шарх нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, хүзүүний шарх нь 2-3 удаагийн үйлдлээр, хоёр гарын сарвууны шарх нь олон удаагийн үйлдлээр үүснэ. Хоёр гарын алганы цус хуралт, зүүн шилбэ, өвдөгний зулгарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Хүзүүний урд дээд хэсэг дэх хүзүүний булчин, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой гэмтээсэн зүсэгдсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт, хоёр гарын сарвууны шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хоёр гарын алганы цус хуралт, зүүн шилбэ, өвдөгний зулгаралт нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь амьд үед нь үүссэн ба нас барсаны дараа үүссэн гэмтлүүд тогтоогдсонгүй. Талийгаач нь хүзүүний урд дээд хэсэг дэх хүзүүний булчин, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой гэмтээсэн, зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ. Дээрхи гэмтлийг авсан хүн тэр даруйдаа нас барна. Дээрхи гэмтлийг авсан хүн идэвхитэй үйл хөдөлгөөн хийх боломжгүй. Талийгаачид учирсан гэмтлүүдээс хүзүүний урд дээд хэсэг дэх хүзүүний булчин, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой гэмтээсэн, зүсэгдсэн шарх, хоёр гарын сарвууны шарх, нас барахын өмнөхөн, хоёр гарын алганы цус хуралт нь 1-2 хоногийн дотор, зүүн шилбэ өвдөгний зулгарал нь 2-5 хоногийн өмнө үүссэн байхаар байна. Талийгаач ерөнхий судас хатуурах өвчтэй байна. Талийгаач 3 дугаар бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй, эрүүл байжээ. 2019 оны 03 дугаар сарын 26-ны 04 цаг 30 минутын үед цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 36-48 цаг орчим болсон байна...” гэх дүгнэлт /1-р хх 61-64/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд, Ц.Бадрал, Б.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 851 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Талийгаач Б.Нямдэлгэрийн цогцост хүзүүний урд дээд хэсэг дэх хүзүүний булчин, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой гэмтээсэн зүсэгдсэн шархнууд, хоёр сарвууны алга, эрхий, долоовор, дунд, ядам хуруунд шарх, алганд цус хуралт, зүүн шилбэ, өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүдийг авсан даруйдаа хөдөлгөөн хийх боломжтой. Дээрхи хүзүүний урд хэсэг дэх хүзүүний булчин, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой гэмтээсэн зүсэгдсэн шарх нь ир ирмэг зүйлийн 5-7 удаагийн, хоёр сарвууны алга, эрхий, долоовор, дунд, ядам хурууны шарх нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хоёр гарын алганы цус хуралт, зүүн шилбэ, өвдөгний зулгаралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан гэмтлүүдээс хүзүүний урд хэсэг дэх хүзүүний булчин, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой гэмтээсэн, зүсэгдсэн шарх, хоёр сарвууны алга, эрхий, долоовор, дунд ядам хурууны шарх нь нас барахын өмнөхөн, хоёр гарын алганы цус хуралт нь 1-2 хоногийн дотор зүүн шилбэ, өвдөгний зулгаралт нь 2-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Талийгаач нь нас барахаасаа өмнө болон нас барсаны дараа гар, хөл, амна нь хүлээстэй, скочтой байсан гэх шинж тэмдэг үгүй байна. Цогцосны гэрэл зургаар бэхжүүлж авсан фото зургуудад талийгаачийн зүүн гарын сарвууны хурууны хумсан доорх цус хуралтууд нь мохоо зүйлээр цохих, дарагдах үед үүснэ, энэ гэмтэл нь хамгаалж тэмцэлдсэн гэмтэл биш. Талийгаачийн хүзүүний урд дээд хэсэг дэх хүзүүний булчин, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой гэмтээсэн зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ...” гэх дүгнэлт /1-р хх 68-70/,

Шинжээч эмч Б.Даваасүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Талийгаачийн хоёр алганы товгор хэсгийн яг адил цус хуралттай, хурууны үзүүр хэсэг хумс хөхрөлттэй байсан нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу унах, тулах, цохих цохигдох хүчний үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг 1-р хх 72-73/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3924 дугаартай дүгнэлтэд: “...Ч.Л ын биед баруун бугалга, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь 3 хоногоос дотогш хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх дүгнэлт /1-р хх 80/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2080 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр иштэй заазуур, Улаан өнгийн иштэй хутга зэрэгт цус илрээгүй...” гэх дүгнэлт /1-р хх 54-55/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч эмч нарын шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 561 дугаартай дүгнэлтэд: “...Ч.Л  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн ямар нэг өвчингүй, хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1-р хх 99-100/,

Шинжээч эмч Ц.Ганболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Талийгаачийн хүзүүний урд дээд хэсэг дэх хүзүүний булчин, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой гэмтээж зүсэгдсэн шарх нь ир ирмэгтэй зүйлийн 5-7 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шарх нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй юм. ...Хохирогчийн цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой гэмтээж зүсэгдсэн шархыг тоолж дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг /2-р хх 63-64/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх 53-55/,

Ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 56-58/,

Шүүгдэгч Ч.Л  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би талийгаачийн хоолойг төмс арилгадаг улаан иштэй хутгаар зүссэн. Би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Мөн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчд учруулсан хохирлоо нөхөн төлөх талаар хичээх болно...” гэх мэдүүлэг /1-р хх 65-66/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 225/,    иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх 226/, оршин суугаа газрын тодорхойлолт /1-р хх 212/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохирлын баримт /1-р хх 177-210/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Л  нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 9-241Б тоотод байрлах байшинд Батчулуун овогтой Нямдэлгэртэй марган улмаар түүний хоолойн тус газарт хутгаар 5-7 удаа зүсэж, олон тооны шарх гэмтэл үүсгэж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 11/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 12-18/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 19-22/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 23-26/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нацагмаагийн “...2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 10 цаг 30 минутын үед Лхагважав утсаар “гэртээ орсон чинь Нямдэлгэр гэртээ нүүр ам нь цус болчихсон, хажуу талд нь хутга байна” гэж хэлсэн. Чамайг өглөө явахад зүгээр байсан юм уу гэж асуухад зүгээр байсан” гэж хэлсэн. Тэгээд өөрийгөө хорлосон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 34-35/, хууль ёсны төлөөлөгч Б.Нямдоржийн “...талийгаач Нямдэлгэр нь 2017 онд нэг удаа Шар хадны эмнэлэгт хэвтэж байсан. Сэтгэцийн өвчтэй биш ядаргаанд ороод 1 удаа хэвтсэн. Нийт 31.312.190 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-р хх 39-41/, гэрч Л.Мөнхболдын “...миний ээж Лхагважав нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд, мөн үе үе гэрээсээ гарч яваад алга болчихдог болохоор би тусдаа амьдардаг болсон юм...” гэх мэдүүлэг /1-р хх 42-44/, гэрч Ч.Азжаргалын “...Эрдэнэтулга Дэлгэрийн нэрийг дуудаад цаад талын өрөөнд орсноо “алчихсан байна шүү дээ” гээд орилоод хашгирсаар гарч ирсэн. Тэгээд миний куртикний ханцуйнаас татаад, чирээд Дэлгэрийнхээс гарсан. Гарах үед би гадаа үүдний шатанд дээр бүдрээд бид хоёр давхралдаад унасан. ...Тухайн үед бид хоёр маш их айж сандарсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 45/, гэрч З.Эрдэнэтулгын “...Нямдэлгэр байшингийн том өрөөний хэсэгт дээгүүрээ хөвөнтэй хөнжил бүтээсэн байсан. Хөнжлийг бараг бүтэн бүтээж толгой хэсэг нь ил харагдаж байсан. Би Нямдэлгэрийн хажууд очиж хөнжлийг нь хагас сөхөж харсан чинь Нямдэлгэрийн хоолойноос доош чигтэй цус болсон. Нүүрэнд нь хүрсэн чинь хүйтэн дааж хатуу болсон нас барсан бололтой байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 46-47/, гэрч Б.Алтанцэцэгийн “...2019 оны 03 дугаар сарын 22-ний өдөр би Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 9 дүгээр гудамжинд байдаг №123 дугаартай худаг дээр гарч байхад Лхагважав 17 цаг өнгөрч байхад ганцаараа дороос алхаж ирээд ам хатаад байна гээд ундааны саванд ус хийж уусан. Тухайн үед Лхагважаваас архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 56-57/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 811 дугаар дүгнэлт /1-р хх 61-64/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд, Ц.Бадрал, Б.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 851 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 68-70/, шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...Талийгаачийн хоёр алганы товгор хэсгийн яг адил цус хуралттай, хурууны үзүүр хэсэг хумс хөхрөлттэй байсан нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу унах, тулах, цохих цохигдох хүчний үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг 1-р хх 72-73/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3924 дугаартай дүгнэлт /1-р хх 80/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2080 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 54-55/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч эмч нарын шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 561 дугаартай дүгнэлт /1-р хх 99-100/, шинжээч эмч Ц.Ганболдын “...Талийгаачийн хүзүүний урд дээд хэсэг дэх хүзүүний булчин, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой гэмтээж зүсэгдсэн шарх нь ир ирмэгтэй зүйлийн 5-7 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шарх нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй юм...” гэх мэдүүлэг /2-р хх 63-64/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх 53-55/, ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 56-58/, шүүгдэгч Ч.Л ын “...Би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Мөн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчд учруулсан хохирлоо нөхөн төлөх талаар хичээх болно...” гэх мэдүүлэг /1-р хх 65-66/ болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.Л ыг хүнийг олон тооны шарх гэмтэл үүсгэж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Ч.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл “...Ч.Л ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн амь нас хохирсныг мэдээд өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчилж өгнө үү...”  гэх хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Л  нь хохирогч Б.Нямдэлгэртэй маргалдан түүний хоолойн тус газарт хутгаар 5-7 удаа зүсэж хүзүүний урд хэсэг дэх хүзүүний булчин, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой гэмтээсэн зүсэгдсэн шархнууд учруулж, онц харгис хэрцгийгээр санаатай алсан болох нь Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 851 дугаар дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүнийг онц харгис хэрцгий аргаар алсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нацагмаа нь оршуулгын зардалд нийт 31.312.190 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтаар тогтоогдож буй 14.199.434 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дэшигжавын Нацагмаа /РД: ЧЛ56031861/-д олгуулж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн куртик 1 ширхэг, улаан өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.

Шүүгдэгч Ч.Л ын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 282 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Л д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг дурдав.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олхонууд овгийн Ч.Л ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Л д энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 282 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Л аас 14.199.434 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Дэшигжавын Нацагмаа /РД: ЧЛ56031861/-д олгосугай.

         6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ягаан өнгийн куртик 1 ширхэг, улаан өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Л д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Л д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН

                

           ШҮҮГЧИД                              Ё.ЦОГТЗАНДАН

 

                                                                                          П.АРИУНБОЛД