Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 146/ШШ2021/00087

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, шүүгч Ц.Дагиймаа, Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, ******** тоотод оршин суух ******** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймаг, Төвшрүүлэх сум, ******** баг, ******** гэх газар оршин суух ********

Хариуцагч: Архангай аймаг, Төвшрүүлэх сум, ******** дугаар баг, ******** гэх газар оршин суух ******** нарт холбогдох,

 

Гэм хорын хохирол 37 338 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** /цахимаар/, түүний өмгөөлөгч ********, хариуцагч ********, иргэдийн төлөөлөгч ******** нарийн бичгийн дарга Г.Ишээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******** миний бие гэр бүлийн хамт 2014 оноос эхлэн Төвшрүүлэх сумын ******** гэдэг газарт 300 га газарт зохих зөвшөөрлийн дагуу тариа тарьсаар ирсэн юм. 2017 онд тариалсан тарианд 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Төвшрүүлэх сумын малчин ******** түүний хүү ******** нар нь өөрсдийн 200 гаруй адууг тарианд санаатай оруулж сүйтгэснээс бидэнд их хэмжээний хохирол учирлаа. Тарианы манаач хийж байсан ********, ******** ******** нар адуугаа тарианд оруулж байгаа талаар удаа дараа сануулж хэлэхэд хэл амаар доромжилж заналхийлж ********ынд 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр миний бие манаач ********ийн хамт очиж адуугаа битгий оруулаад байгаач, тарианы талбайг очиж үзээч гэхэд Малын бэлчээр авсан нүүдлийн шувууд минь манай нутгаас зайлаач гэсэн юм. ******** ********нар нь адуугаа өдөр бүр оруулсаар манаач ******** биднийг 09 дүгээр сан гарангуут дуудсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 09-нд тариагаа авахаар 2 комбайн хөлслөөд машинтайгаа ирэхэд тариа бүр байхгүй , хураахын аргагүй болчихсон байсан юм. Ингээд миний бие сумын захиргааны удирдлагуудад ирж 100 хувийн ургац алдсан байна хэмээн 28 800 000 төгрөгийн хохирол учирсан талаар акт тогтоож өгсөн юм. Иймд 2004 онд баталж 2015 онд шинэчлэн найруулсан Монгол улсын тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, 24.5-т тус тус заасны дагуу малчин ********, ********нараас дараах зүйлийг нэхэмжилж байна. Үүнд: Акт тогтоосон ургацын хохирол 28 800 000 төгрөг, Техник тоног төхөөрөмжийн түрээсийн үнэ 1 800 000 төгрөг, ТЭД сан түлшний үнэ 306 250 төгрөг, Манаачийн цалин бензинд 760 000 төгрөг, Хаврын уринш, хагалгааны техник тоног төхөөрөмжийн түрээсийн үнэ 1 500 000 төгрөг, Манаачийн цалин 70 000 төгрөг, Цэвэрлэгчийн машины үнэ 1 500 000 төгрөг, Дизель түлш болон шатахууны үнэ 320 000 төгрөг, 220 000 төгрөг, 278 750 төгрөг, 2 комбайн хөлсөлж 40 га газрыг бүтэн тойрч тариа хураах гэж явсны зардалд комбайны эзэн ********д 105 000 төгрөг, 2 комбайнд 100 л шатахуун хийсний зардалд 178 000 төгрөг, тариагаа эргэж тойрч , мал хөөж туусны шатахуун зардалд 3 142 600 төгрөгийн зардал гарсны 50 хувийн буюу 1 500 000 төгрөг бүгд 37 338 000 төгрөгийг хариуцагч ********, ********нараас нэхэмжилж байна. Гэм хорын хохирол болох 37 338 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.

******** гэдэг хүний өвөлжөөнөөс манай тариан талбай харагдахгүй. ******** гэрчээр мэдүүлэг өгсөн байна. ********ын өвөлжөө манай тариа талбайгаас хол харагдахгүй. ******** гэдэг хүн ургацаа 100 хувь авч АПУ компанид тушаасан. Тушаасан баримт авч хэрэгт өгөх гэсэн би амжсангүй. ********, ******** гэдэг хүнийг би танихгүй. Манайд энэ хоёр манаачаар ажиллаж байгаагүй. Би олон манаачаар мануулах баян хүн биш. Би манаач ********тэй хамт 08 дугаар сарын 30-ны өдөр ********ын гэрт очихдоо би тантай хэрэлдэх, хохирол барагдуулах гэж ирээгүй. Харин танай адуу 3 удаа талбай руу орсон. Би хот явчхаад 9 хоногийн дараа ирье гэхэд ******** гуай ах нь адуугаа зарж чадахгүй чи хохирлоо барагдуулж авмаар байвал ахынхаа адууг буудаад хохирлоо барагдуулчхаарай гэж хэлсэн. Тэгэхэд нь би та яасан сонин хүн бэ? би таныг олон жил ойлгосоор ирсэн би шүүхэд өгч байгаагүй. Хүн аятайхан эвээр ярьж байхад ийм хариулт өгдөг яаж байгаа юм. Би айлын адууг бууддаг хүн биш харин та дээр үед айлын адууг буудчих тариа тарьж байгаад тариагаа авчихна гэж энэ нутгийн хүмүүс бүгд ярьдаг юм байна лээ гэж хэлсэн. Манай манаач ********ийг энэ нутагт үлдэнэ шүү тариаланчид буцдаг юм шүү гэж заналхийлсэн. Миний уур хүрээд та ийм зан гаргаж байгаа бол таны хүү намайг хүчиндсэн таны хүү ял эдлэх эрхтэй шүү, таны хүүг зүгээр өнгөрөөж чадахгүй гэсэн. Тухай үед шүүх цагдаад өгөх боломж байсан ч танай хүү уйлан гуйж 2 цаг тариан талбай дээр хоргоосон. Тэмээ оруулсан гэж яриад байна. Тэмээ бол 06 дугаар сарын 03-ны өдөр орсон. Тэмээ тариа иддэггүй байна лээ. Харин гадуур нь ургасан гишүүгэнэ гэдэг эмийн ургамлыг иддэг. Хашаагүй гэж яриад байгаа юм хашаа байгаа. Би хашаагүй байна гэж байхгүй. Одоо гэсэн хашааг эвдэж оруулж малаа оруулж байгаа. Ухамсраараа болчих байх гээд шүүх хурлуудад давж заалддаггүй байсан. Ахиад малаа оруулахгүй байвал болоо доо гэж тэвчиж өнгөрөөж байсан. Нэг шүүх дээр шийдвэрлэж байгаа хэргийг олон болгож салгаад байгаад гомдолтой байна. Шүүх үнэн зөвшөөр шийдвэрлэх байх гэж бодож байна. Бусад айлуудын малууд тариан талбайд орчихоор хүмүүс нь уучлалт гуйж, дахин оруулах гэж алдаагаа засдаг. Хавар тариан талбай дээрээ ирэхэд хашааг хэдэн хэсэг болгоод тастаад хаячихдаг. Би жил болгон хашааны тор 10 000 000 төгрөгөөр авдаг үнэхээр хэцүү байна. Хүчингийн хэргийг энэ шүүх хурал дээр яриад миний нэр хүндэт халдаж байгаад би гомдолтой байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******** нь 2014 оноос Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ******** гэх газар газар тариалангийн ажил эрхэлж байгаа. 2017 оны 08 дугаар сарын 20-ноос хойш Төвшрүүлэх сумын малчин ********, түүний хүү ******** нар нь 200 гаруй адууг тариан талбайд санаатай оруулж сүйтгэснээс болж ********ид их хэмжээний хохирол учирсан байсан. Тариалангийн манаач хийж байсан ********, ********, ******** нар нь тариалангийн талбайд адуугаа оруулахгүй байхыг удаа дараа сануулахад хэл амаар доромжилж заналхийлж байсан. ********т 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ********, манаач ********ийн хамт адуугаа тариан талбайд битгий оруул гэж хэлж хэлэхэд малын бэлчээр тахалсан нүүдлийн шувууд минь зайлаач гэж хэл амаар доромжилсон. 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тариагаа хураахаар хоёр компанийг хөлслөөд очиход тариан байхгүй болчихсон байсан. Тэгээд ******** нь тухайн сумын захиргаанд мэдэгдэж, сумын удирдлагууд ирж 100 хувь ургац алдсан байна гэж 28 800 000 төгрөгийн хохирол учирсан талаар акт тогтоож өгсөн. 2004, 2015 онд шинэчлэн найруулсан Монгол Улсын тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, 24.5 дахь хэсэгт заасны дагуу малчин ********, ******** нараас акт тогтоосон ургацын хохирол 28 800 000 төгрөг, техник тоног төхөөрөмжийн түрээсийн үнэ 1 800 000 төгрөг, 306 250 төгрөг, манаачийн цалин, бензин 760 000 төгрөг, хаврын хагалгааны техник тоног төхөөрөмжийн түрээсийн үнэ 1 500 000 төгрөг, манаачийн цалин 70 000 төгрөг, цэвэрлэх машины үнэ 1 500 000 төгрөг, дизель түлш болон шатахууны үнэ 320 000, 220 000, 278 750 төгрөг, 2 комбайн хөлсөлж 40 га газрыг бүтэн тойрч тариа хураах гэж явсны зардалд комбайны эзэн ********д 105 000 төгрөг, 2 комбайнд 100 л шатахуун хийсний зардал 178 000 төгрөг, тариа эргэж тойрч, мал туусны шатахууны зардал 3 142 600 төгрөг гарсан байдаг үүнийг 50 хувьлаж 1 500 000 төгрөг, бүгд нийлээд 37 338 000 төгрөгийг хариуцагч ********, ******** нараас гаргаж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********ийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ******** нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 онд ганц Архангайд биш Монгол даяар ган болж улсын хэмжээгээр ургац алдсан. 600 тэмээ 07 дугаар сард тариан талбайд нь 3 хоног өнжсөн гэдгийг манай сумын малчин ********, хэв журмын цагдаа ********, манаач ********, ******** нар мэдэж байгаа. ******** нь ийм тариа хүлээж авахгүй гэж хэлсэн нь хавтаст хэрэг дотор байгаа. Тариалангийнхаа хохиролд 1 хонь аваад ********ын гадаа нядлаад ******** Улаанбаатар хотруу аваад явсан. 7 тэмээгээ намар авахаар тохироод явсныг ********, ******** хоёр гэрчлэн. 08 дугаар сард манай нутагт мөндөр орж 3 айлын тариа цохиулсан. ********, ******** нарын хамтарсан 10 га газар, Энхтайваны тариа талбай, ********ийн 60 га талбайг мөндөр цохисныг манай нутгийнхан бүгд мэднэ. Энэ тухай ********ийн манаач ********, ********, тариагаа цохиулсан ********, ********, ********, ******** нар гэрчлэн. ******** нь би хүмүүсийг гэрчээр асуулгах гэхээр албаны хүн байвал даргаар нь дарамтлуулдаг. ********, ******** хоёр хүнийг асуулгая гэхэд өмгөөлөгч энэ хоёр хүнийг дарамталсан. Сүүлд гэрчийн мэдүүлгээ бичиж өгсөн. Би ********т 3 талын хүмүүс чинь тариагаа хашаа хийсэн байна. миний дүү тариан талбайдаа хашаа хий гэж хэлсэн. Тэгсэн ******** би хашдаггүй хүн гэж хэлсэн. Сумын газрын даамал Сараа нь Өгий нуурын 600 гаруй тэмээ ороход ********т үүрэг даалгавар өгөхөд хашаа хийгээгүй. Тариан талбай руу мал орсон айлуудаасаа мал авч алдагдлаа нөхдөг байх гэж би боддог. 09 дүгээр сарын 11-ний ургац 100 хувь алдсан гэж акт тогтоолгосон мөртлөө манай адуу 09 дугаар сарын 30-ны буюу 20 гаран хоногийн ороход бичлэг хийгээд CD болгоод өгсөн байсан. Бичлэгийн он сар адуу орсон он сар зөрүүтэй байгаа. Манай адуу ургац алдсанаас өмнө тариан талбайд ороогүй гэдгийг манаач ********, ********, ******** гэсэн 3 хүн гэрчилсэн. Иймд би нэхэмжлээд байгаа мөнгөн дүнг төлөх боломжгүй. 2017 оны 08 дугаар сард ******** манайд орж ирж хэрэлдээд хүүг чинь олон жилээр шоронд хийнэ гэж заналхийлээд гарсан энэ хүн санасандаа хүрсэн. 2016 онд миний хүүг Бор Толгойтод хадлан хадаад явж байхад ******** нь өөрөө архитай очиж согтоочихоод тэрийгээ гүтгээд хүчингийн хэрэг болгоод 1 жил 6 сарын хорих ял авсан. Одоо тэнсэн харгалзах ялтай байгаа. ********тэй холбогдсоноос хойш манайхны амьдрал том хар толботой үлдсэн. Манай хүү давж заалдах шатны шүүхээр 2 удаа орсон. Давж заалдах шатны шүүхээр 2 удаа орсон, анхан шатны шүүхээр 1 удаа орсон. 2019 онд ********д хүчиндүүлсэнээс болоод ичиж зовоод тариагаа тарьж чадаагүй өрөнд орсон гэж Дээд шатны шүүх дээр уйлж байсан. 2019 оны тариа тушаасан бичиг баримт шүүхэд гаргаж өгсөн гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********, ******** нарт холбогдуулан гэм хорын хохиролд 37 338 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжсэн ба шаардлагын үндэслэлээ 2017 онд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ******** гэх газар улаан буудайн тариалалт хийхэд тариалангийн талбай руу хариуцагч нар нь адуугаа тууж оруулснаас тариа хурааж авч чадалгүй ургац алдсан тул акт тогтоосон ургацын хохирол 28 800 000 төгрөг, техник тоног төхөөрөмжийн түрээс, манаачийн цалин, шатахууны үнэ бусад зардалд 8 538 000 төгрөг, нийт 37 338 000 төгрөг гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй 2017 онд манай нутгаар мөндөр орж нэхэмжлэгчийн тариалангийн талбай мөндөрт цохигдсон, мөн талбай руу нь айлын 600-аад тэмээ орсон, нэхэмжлэгч нь тариалангийн талбайгаа хашаагүйн улмаас ургац алдсан гэж тайлбарлан маргаж байна.

 

Хэргийн үйл баримт болон зохигчийн тайлбараар 2017 онд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ******** гэх газар нэхэмжлэгч ******** нь улаан буудай тариалсан нь тогтоогдсон ба зохигч үүнд маргаагүй.

Түүнчлэн нэхэмжлэгч ******** нь 2017 онд ургац алдсан болох нь Төвшрүүлэх сумын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан хураалтын мэдээ, гэрч ******** ... Манай тариан талбай ********ийн талбайтай зэргэлдээ байсан. Манайх 1 га газраас 5-10цн тариа авсан. ********ын адуу ********ийн талбайд орсноос болж эднийх нэг ч шуудай ургац авч чадаагүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 175 дугаар хуудас/, гэрч ********ын ...тариа хураах үед ******** талбай руугаа 2 комбайн оруулаад тариа хураагаагүй гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 21 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч ******** нь гэрч Г.********ийн ...2017 оны 08 дугаар сард мөндөр орсон. ********ийн тариан талбайг мөндөр цохисон гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн .....дүгээр хуудас/, гэрч Б.********ын ...2017 оны 08 дугаар сард өдрийг нь санахгүй байна манай нутагт мөндөр орж ********ийн тариан талбайг цохисон. Тарианых нь толгой бөхийгөөд хугарчихсан байсан гэх мэдүүлгүүдээр /3 дугаар хх-ийн .....дугаар хуудас/ мөндөр орсны улмаас нэхэмжлэгч ******** нь ургац хураагаагүй болох нь тогтоогдож байна гэж тайлбарласан боловч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл мөндөр ороогүй тухай Архангай аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас Архангай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн хоногийн их бага температурууд, хур тунадасны хэмжээ, агаарын үзэгдэл, салхи зэрэг элементүүдийн түүврээр гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар нь няцаагдсан.

Мөндөр орсон гэх 2017 оны 08 дугаар сар болон тариан талбайд тэмээ орсон гэх 2017 оны 06 сараас хойш ********ин талбайд тариалсан улаан буудай ургачихсан байсан нь гэрч ******** ...манай тариан талбай ********ийн талбайтай хөрш учир би ********ийн тариан талбайг харсан. Тариа нь маш сайн ургасан байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 175-177 дугаар хуудас/, гэрч ********ын ...адуу орохоос өмнө тариа сайн ургасан байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 179 дүгээр хуудас/, гэрч Р.********ийн ...намайг ажиллаж байсан 09 дүгээр сарын 07-ныг хүртэл ********ийн тариа овоо ургачихсан байсан гэх мэдүүлэг, гэрч Д.********ын ...тэмээ орсны дараа тариа сэргэж эхэлсэн гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн хавтас 22 дугаар хуудас/ зэргээр тогтоогддог.

 

Мөн хариуцагч ********, ********нарын нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа манай адуу нэхэмжлэгчийн тариалангийн талбайд ороогүй гэх тайлбар нь гэрч ******** ...2-3 удаа ********ын адуу эдний поолинд орсон. Адууг нь ********тэй хамтраад гаргаж байсан удаатай. ...********ын адуу 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-д гартал тариан талбайд нь байнга орж байсан. ...Би орох болгоныг нь мэднэ. Нийт хэд орсныг нь мэдэхгүй. Миний мэдэж байгаагаар хамт гаргалцаж байсан нь 2-3 удаа юм. ...********ийн тариан талбайд адуу орох үеэр би тэнд байж тариагаа хураах гэж байсан. гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 175-177 дугаар хуудас/, гэрч ********ын ...2017 оны 08 дугаар сарын 28-нд ургац маш сайн ургасан байсан. Адуу орохоос өмнө сайн ургасан байсан. ...Адуу тариан талбайд ороод би хүч хүрэхгүй байсан учраас 9 сард ********ийг дуудсан. ...Талбайд орсон адууг нутгийнх нь хүмүүс ********ын адуу гэж хэлж байсан. Им тамга нь ********ын адууных байна гэж хэлсэн. ...Намайг талбайгаас адуу тууж гаргаж байх үед ********ын банди морьтой давхиж ирээд манай адууг битгий хөөгөөд бай. Манай адууг поолинд орчихсон байвал гэр рүү хөөгөөд аваачиж бай гэж хэлж байсан. ...Би 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс хойш адуу орсныг нь тоолбол тоогоо алдчихсан. Би өдрөөр орсныг нь л хэлсэн. Шөнөд ялангуяа олон ордог.гэх мэдүүлгүүдээр /1 дүгээр хх-ийн 179-180 дугаар хуудас/ үгүйсгэгдэж байх ба ********ийн тариалангийн талбай руу ********, ********нарын адуу орохыг харсан, уг адуунуудыг тууж гаргаж байсан талаар мэдүүлсэн эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нь маргаан бүхий үйл баримтыг нотолсон шууд нотлох баримт бөгөөд хариуцагч ********, ********нарын адуу ********ийн улаан буудай тариалсан талбайд орсны улмаас ******** ургац алдсан нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Тус сумын Баян-Өндөр багийн нутаг ********ын зүүн талын хажуу гэх ********ийн тариан талбайд адуу мал орж гэмтээсэн, тарианы толгой тастаж сүйтгэсэн гэсэн мэдээг хүлээн авч ажлын хэсэгн 09 сарын 11-ний өдөр газар дээр нь очиж танилцав. Баян-Өндөр багийн ********ын зүүн хажуу ********ийн 60 га-д буудай тариалсан талбайд эргэн тойрон 200 гаруй адуу мал орж тариан толгойг тастаж гэмтээн сүйтгэсэн, талбайн 3 цэгт ажиглалт хийж тариан түрүү бүгд хугарч, гэмтэн доошоо цайрсан байдлыг үзэж зураг авч баталгаажуулан хэдэн тооны мал орсон, хэдэн га газар сүйтгэгдсэн зэргийг тогтоож, учирсан хохирлын хэмжээг тооцож акт үйлдэв гэсэн ажлын хэсгийн хурлын тэмдэглэл баримтаар тогтоогдож байна.

Дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлэг, хариуцагч ********ын Манай хүү ********гийн адуу манай адуутай хамт байдаг. ...Манай адуу ********ийн талбай руу тухайн үед орсон. Манайх 200 гаруй толгой адуутай гэсэн тайлбар зэргээр хариуцагч ********, ********нарыг Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно. Гэж заасныг зөрчиж ********ийн тариалангийн талбайд адуугаа оруулсны улмаас нэхэмжлэгч ургац алдаж, нэхэмжлэгч ********ид гэм хор учирсан байна гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******** нь хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлын шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч ******** нь нэхэмжлэлийн шаардлагаа дэлгэрэнгүйгээр задлан доорх байдлаар гаргасан. Үүнд: Акт тогтоосон хохирол 28 800 000 төгрөг, техник тоног төхөөрөмжийн түрээс 1 800 000 төгрөг, Тариалан эрхлэлтийг дэмжих санд түлшний үнэ 306 250 төгрөг, манаачийн цалин, бензин 760 000 төгрөг, хаврын уринш хагалгааны техник тоног төхөөрөмжийн түрээс 1 500 000 төгрөг, манаачийн цалин 70 000 төгрөг, цэвэрлэх машины үнэ 1 500 000 төгрөг, дизель түлш болон шатахуун 818 750 төгрөг, 2 комбайн хөлсөлж ********д 105 000 төгрөг, шатахуун 178 000 төгрөг, тариагаа эргэж тойрч мал туусны зардал 1 500 000 төгрөг гэжээ.

********ийн ургац алдсан хохирлыг тогтоосон 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн тариалангийн талбайн хохирлын акт, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлтэд ********ийн улаан буудай тариалсан талбайн хэмжээ хэд эсэх, үүнээс хэдий хэмжээний тариалангийн талбайд ургац алдсан эсэхийг заагаагүй, мал орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учирсан хохирлыг хэрхэн тооцсон аргачлал нь тодорхойгүй, тоо тооцоолол байхгүй байх тул дээрх баримтуудыг үндэслэж актаар тогтоосон хохиролд 28 800 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хууль зүйн боломжгүй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч ********ийн тариалангийн талбайд хохирол учирснаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн учир тухайн талбайд ахин үзлэг хийн, дахин шинжээч томилж тухайн нөхцөл байдлыг тодруулах боломжгүй.

Харин бусад шаардаж буй тоног төхөөрөмжийн түрээс, түлш шатахууны үнэ, манаачийн зардал, цэвэрлэх машины үнэ зэрэг 8 538 000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлтэй гэж шүүх үзсэн ба нэхэмжлэгч ********ийн тариалангийн талбайд хариуцагч нарын үйлдлийн улмаас учирсан хохирлыг 2017 оны хавар тариалалт хийж эхэлсэн цаг хугацаанаас нэхэмжлэгчийн ургац алдсан гэх 2017 оны 09 дүгээр сарын 11 хүртэл хугацаанд нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан баримтаар тооцож шийдвэрлэв.

Хэрэгт түлш, шатахуунтай холбоотой нотлох баримтын шаардлага хангасан нийт 7 469 550 төгрөгийн баримт авагдсан хэдий ч түлш, шатахууны зардалд нэхэмжилсэн үнийн дүн буюу 2 496 750 төгрөгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******** нь Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д заасан тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нь өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүрэгтэй гэсэн үүргээ биелүүлээгүй, өөрийн тариалангийн талбай руу мал оруулахгүй байх арга хэмжээ аваагүй, өөрөөр хэлбэл тариалангийн талбайг малаас хамгаалж хашаа бариагүй болох нь гэрч ******** ********ийнх П хэлбэрийн хашаатай, ********ынх руу харсан ам нь хашаагүй, манаачтай гэх мэдүүлгээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч талаас тариалангийн талбайгаа тойруулж хашаа барьсан гэдгээ шүүхэд нотлох баримтаар нотлоогүй.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.гэж заасны дагуу хариуцагч нарын хариуцах гэм хорын хэмжээ болох 8 538 000 төгрөгийг 50 хувь болох 4 269 000 төгрөг болгон багасгаж хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шүүх хариуцагч ********, ********нараас гэм хорын хохирол 4 269 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33 069 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч ********нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэхэд талууд татгалзахгүй гэсэн тул хариуцагч Г.********г байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Тус шүүхийн Тамгын газраас иргэдийн төлөөлөгчөөр ******** сонгогдон оролцож, нэхэмжлэлийн үнийн дүн их байгаа талаар дүгнэлтийг гаргалаа.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344 640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********, ********нараас 83 254 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ********ид олгох нь зүйтэй.

 

Хариуцагч ********, ********нарын малыг битүүмжилсэн арга хэмжээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар ********, ********нараас гэм хорын хохиролд 4 269 000 /дөрвөн сая хоёр зуун жаран есөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33 069 000/гучин гурван сая жаран есөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344 640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********, ********нараас 83 254 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ********ид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА

ШҮҮГЧИД Ц.ДАГИЙМАА

Г.ЭНХ-АМГАЛАН