Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 Л.Бийн нэхэмжлэлтэй иргэний

                                                                   хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 129/ШШ2018/00962 дугаар шийдвэртэй

Л.Бийн нэхэмжлэлтэй

Г.Б, М.Г нарт холбогдох

хохиролд 34 833 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч М.Гын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг, хариуцагч М.Г, хариуцагч нарын өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэл болон тайлбарт:

“Д.Г миний бие гэр бүлийн хамт 2014 оноос эхлэн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн нутаг болох  Мунт нэртэй газар 300 га газар зохих зөвшөөрлийн дагуу тариа тарьсаар ирсэн. 2016 онд уринш хийсэн. 2017.05.25-ны өдөр тариалалт хийж эхэлсэн.  2017.06.03-ны өдөр тариан талбай дээрээ очиход дөнгөж соёолж эхэлж байсан. Гэтэл гэртээ хариад утсаар ярихад талбай руу тэмээ орсон гэж ярьсан. Тухайн үед тэмээний айл руу утсаар ярьж дахиж битгий тэмээгээ оруулаарай гэж хэлэхэд дахиж оруулахгүй гэсэн. Тэгээд 2017.07.08-12-ны өдрүүдэд хашаагаа барьж дуусгасан.  2017.08.20-ноос хойш Төвшрүүлэх сумын малчин М.Г, түүний төрсөн хүү Г.Б нар өөрсдийн 200 гаруй адууг тариалсан тарианд санаатай оруулж сүйтгэснээс бидэнд их хэмжээний хохирол учирлаа. Хүүхэд нь адуугаа туугаад явж байхад нь хэлэхэд  “хангайд ургасан юмыг идэж л байг, та нар өөрсдөө харахгүй юу” гээд тоодоггүй байсан. Би манаачтайгаа хариуцагчийн гэрт очиж “би таньтай муудалцмааргүй байна. Би Архангай аймгийн хүн, аав, ээж минь ч гэсэн энэ нутгийн хүмүүс. Би таниас хохирол барагдуулах гэж ирээгүй, таниас гуйж байна, адуугаа битгий оруулаач, та хүмүүсийг заналхийлдэг шигээ намайг заналхийлж чадахгүй шүү. Монгол Улсад хууль, шүүх гэж байдаг шүү. Бид нар хуулинд захирагдах ёстой” гэж хэлэхэд “ахад нь бэлэн мөнгө байхгүй шүү, ахынхаа адуунуудыг буудаад хохирлоо барагдуулчих” гэж хэлсэн. Манай дүү Эрдэнэбаатар ганцаараа тариагаа манаж үлдээд адууг нь тариан талбайнаас гаргахад хариуцагчийн хүүхэд нь “чи яагаад наад адуугаа гаргаад байгаа юм бэ, чи юу нь юм бэ?” гэхэд “би төрсөн дүү нь байна” гэж хэлэхэд нь  “чамайг ална шүү, хүзүүг чинь хэрчээд нүхэнд булчихна шүү” гэж сүрдүүлсэн байсан. Манай дүү миний машинаар адуунуудыг хөөдөг байсан. Машинаар адуу гаргаснаас болж 1 000 л түлш зарцуулсан байсан. М.Г, Г.Б нар адуугаа өдөр бүр оруулсаар байсан тул 9 дүгээр сар гарангуут манаач Цэнд биднийг дуудсан бөгөөд 2017.09.09-нд тариагаа хураахаар 2 комбайн хөлслөөд ирэхэд айл буугаагүй талаар нь хашааг эвдээд адуугаа оруулсан, тариа бүр байхгүй хураахын аргагүй болчихсон байсан. Энэ талбайг би албан ёсоор Монгол Улсын хуулийн дагуу авсан. Хуулийн дагуу татвар хандивыг нь төлж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Зуны гурван сар 3 хүүхдээ хаяад нойр хоолгүй зүтгээд явж байхад хүний  хөдөлмөрийг үнэлж болдоггүй юм байх даа гэж манаачийндаа орж уйлсан. Тэгээд би сум, орон нутгийн удирдлагыг нь өөрийн машинаар очиж авчирсан. Засаг дарга нь хүмүүс явуулна гэж хэлчихээд удаа дараа явуулаагүй учир өөрөө очиж авчирсан. 4 хүний бүрэлдэхүүнтэй комисс ирж зургийг нь аваад 100 хувь ургац алдсан байна хэмээн 28 800 000 төгрөгийн  хохирол учирсан талаар акт тогтоож өгсөн юм. “Саяхан зүгээр байсан, хэдийдээ ийм болгосон юм бэ? Г ахыг арай ийм гэж бодсонгүй” гэж хэлж байсан. Гэтэл түүний дараа хариуцагч бүгдийг нь загнасан байсан. Тэр хүмүүс “та нар хоорондоо тохирч болдоггүй юм уу, бид нарт хэцүү байна” гэж хэлж байсан. Иймд 2004 онд баталж, 2015 онд шинэчлэн найруулсан Монгол Улсын Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, 24.5-д заасны дагуу малчин М.Г, Г.Б нараас дараах зүйлийг нэхэмжилж байна. Үүнд акт тогтоосон ургацын хохирол 28 800 000 төгрөг, 2 комбайн хөлсөлж 40 га газрыг бүтэн тойрч тариа хураах гэж явсны зардалд комбайны эзэн Даринчулуунд 105 000 төгрөг, 2 комбайнд 100 литр шатахуун хийсний зардалд 178 000 төгрөг, тариагаа эргэж тойрон мал хөөж туусан шатахуунд 3 142 600 төгрөгийн зардал гарсаны 50 хувь буюу 1 500 000 төгрөг, нийт 30 583 000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа 6 755 000 төгрөгөөр нэмэгдүүлж М.Г, Г.Б нараас нийт 37 338 000 төгрөг нэхэмжилж байна. Тэр хавьд хариуцагчийнхаас өөр их адуутай айл байхгүй. Урьд нь Мижээ гэдэг айл байдаг байсан. Тэр айл адуутай ч адуугаа тариан талбай руу оруулдаггүй байсан. Тэмээ орсон асуудал дээр дөрөөлөх гэж яриад байгаа. Тэмээ бол дөнгөж соёолж байх үед нь орсон учраас ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Сайхан ургаж байсныг хүн бүхэн мэдэж байгаа. Мөндрөөс болсон гэж яриад  байсан. Мөндөр ороогүй, ширүүн туйлаадас орсон гэж манаач хэлсэн. Хэрвээ мөндөр орсон бол зөвхөн манай талбай дээр мөндөр орсон байх боломжгүй. Манай зэргэлдээ байдаг тариаланчид 7-9 цн ургац авсан. Миний бие бол бодитоор хохирсон. Тэр хавийн тариаланчид болон айлууд нь мэдэж байгаа. Энхжаргал гэдэг хүн бол тал харваад ухаан санаа нь орж гардаг хүн. Мөн  Цэндийн ээж нь архи уудаг. Цэндийн хойд ааваас нь хойш сэтгэл санаа нь тавгүй, тогтворгүй  болсон гэж хэлж байсан. Ийм хүмүүсийг ашиглаж мэдүүлэг авсан байна гэдгийг надад утсаар хэлсэн. Түүний үндсэн дээр өөрийнх нь гэрээг авчирч шүүхэд өгсөн байгаа. Бас Ёндонбал гэдэг хүн мөн адил тал харвасан, сайн ярьж чаддаггүй хүн байгаа. Яагаад иймэрхүү хүмүүсийг ашиглаад байгааг ойлгохгүй байна. Миний нэхэмжилж байгаа мөнгө харин ч бага байгаа. Машинд тонн гаруй бензин зарцуулсан. Энэ зөвхөн адуутай нь хөөцөлдөхөд зарцуулсан бензин. Манайх талбайгаа бүхэлд нь хашаалсан хашаатай. Би актаар тогтоогдсон ургацын хохирол 28 800 000 төгрөг, комбайн хөлсөлж ажилуулсны зардал 105 000 төгрөг, комбайнд түлш хийсний зардал 178 000 төгрөг, тариаг эргэж тойрч мал хөөсөн шатахууны зардал 1 500 000 төгрөг /өмнө нь 50 хувиар бодож түлшнийхээ зардлыг авна гэснийгээ 100 хувиар бодоод нэмж 1 500 000 төгрөг авахаар болсон/, мөн хордуулалтанд ажилласан 4 хүний цалин 4 өдрөөр 1 120 000 төгрөг, жолоочиийн цалин 380 000 төгрөг, нэмэлт манаач авсны 450 000 төгрөг, адуунаас болж гэнэт дуудагдаж олон удаа нааш цаашаа ирж очсон зардал 800 000 төгрөг, нийт 34 833 000 төгрөг хариуцагч нараас нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.” гэжээ.

 

Хариуцагч нарын гаргасан хариу тайлбарт:

“1-рт, манай нутагт өнгөрсөн зун 05.20-07.20-ныг хүртэл хур бороогүй ган гачиг болсны улмаас олон тариаланч 50-100 хувь ургац алдсан. Гэрэлчимэгийн талбайн хойно залгаад талбайгаа хашсан Ө.Тайван, зүүн талд нь мөн талбайгаа хашсан Даринчулуун нар бүгд 100 хувь ургац алдсан. Манай сумаас тариаланчдын ургац хураасан болон алдсан талаарх судалгаа шүүхэд ирсэн байсан. 2-рт, 07 сарын сүүлээр Гэрэлчимэгийн манаач Баасанбатыг эзгүй хойгуур Өгийнуур сумын 200 гаруй тэмээ 2 өдөр 3 шөнө гарахгүй тариаг нь идсэнийг надаас эхлээд олон хүн мэднэ. Миний тооцоогоор нэг тэмээнд хааш хаашаагаа 10 метр газар оногдохоор санагдаж байна. Тамгатай бичиг шүүхэд ирсэн байгаа. Нэхэмжлэгч тэмээ ороогүй, мөндөр цохиогүй гэж ярьсаар байгаад өнөөдөр үнэнд гүйцэгдэж ганц нэгийг нь зөвшөөрөх маягтай юм шиг байна. Ингэж худлаа ярьж болохгүй. 3-рт, 08 сард манай нутагт мөндөр орж Ө.Тайваны талбайн хагасыг нь, Гэрэлчимэгийн талбайг бүхэлд нь мөндөр цохьсоныг манай нутгийнхан бүгд мэднэ. Гэрэлчимэг өөрөө мөндөрт тариагаа цохиулж ургацаа алдлаа гээд төрийн албан хаагч хүнд ярьж явсныг тэр хүн гэрчилнэ. Ишээ гэдэг хүн ирж мэдүүлэг өгөхдөө тэр талаар ярьсан. 4-рт, талбайгаа тэмээнд идүүлж, мөндөрт цохиулсны дараа манай адууг талбайд нь ороход бичлэг хийж адуунд идүүлсэн болгож сумын ажлын хэсгийнхнийг хуурч хуурамч акт тогтоолгосон. Хуурамч акт тогтоосныг хоёр шатны шүүх тогтоосон. Захиргааны хэргийн шүүхээс “энэ бол акт биш юм аа. Б, Г нартай холбоогүй юм байна.  Энэ өдрийн тэмдэглэл шиг юм бичсэн байна” гэж хэлсэн.  Акт тогтоолгохдоо сумын газрын алба, ажлын хэсгийн хүмүүсийг  Гомбодорж гэдэг даргаар яриулж дарамтлуулж тогтоолгосон. Өөрийнх нь Буяндэлгэрт бичсэн мессеж нь хавтаст хэрэгт байгаа. Наранцэцэг гэдэг өмгөөлөгч нь Г гэдэг хүн төрийн албан хаагч нарт нөлөөлөөд сумын Засаг дарга нь хоёр өөр тайлбар гаргаад байна гэж хэлсэн. Тариалангийн хуулийг дагаж мөрдөж талбайгаа хашаагүй. Багийн иргэдийн хурлаас тариа тарьсан талбайгаа хашаа барьж хамгаал гэж хэлсэн байдаг. Галбадрах гэдэг хүний хонь ороод хэрүүл хийж байхад нь очиж үүрэг даалгавар өгсөн байсан. 09 сарын үед Гэрэлчимэг манаач Цэндийн хамт “танай нэг азарга адуу тарианд орсон, очиж үз” гэхээр нь би “багийн иргэдийн хурлаар хашаагүй талбайд мал ороход малчин хариуцлага хүлээхгүй гэж сумын дарга нарт хүргүүлснийг тэд нар тариаланчдад хэлсэн. Тийм учраас би очиж үзэхгүй. Чиний 3 талын улсууд тариагаа хашаад амар байна. Чи тариагаа хаш” гэхэд Гэрэлчимэг “би хашихгүй, манаачаараа мануулна” гэсэн. Тэгэхэд нь би “манаачийнхаа гэрийг талбайтайгаа ойрхон буулга, дараа нь адуу тариа идлээ гэж битгий  яриарай” гэсэн. Үүнээс болоод бид хоёр маргалдсан. Гэхдээ би үг хэлээр доромжилсон зүйл байхгүй. Муудалцахад Гэрэлчимэг надад “танай хүүхдээс олон сая төгрөг нэхэж олон сар жилийн яланд унагаана” гэж хэлээд гарсан. Тэрүүгээрээ одоо хүүхдийг маань хүчингийн хэрэгт барьж өгсөн. Шалгагдаад жил болж байна Ийм 4 шалтгаантай учраас М.Г, Г.Б нар энэ хүний хохирлыг төлөхгүй гэж үзээд шүүхэд тайлбарлаж байна. Мөндөр цохихоос өмнө манай адуу тариан талбай руу нь орж байгаагүй гэдгийг Гэрэлчимэг ч өөрөө мэдэж байгаа. Ө.Энхтайван, шинжээч Энхтуяа нар нийлээд тариа сайхан ургасан байхад манай адууг идсэн гэж худлаа ор үндэсгүй зүйл ярьж байна. Тийм учраас би энэ нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй. Надад хамаагүй. Бгийн адуу манай адуутай хамт байдаг.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 129/ШШ2018/00962 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч М.Г, Г.Б нараас 8 248 800 /найман сая хоёр зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Бид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26 584 200 /хорин зургаан сая таван зуун наян дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344 640 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч М.Г, Г.Б нараас 146 930 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Бид олгож шийдвэрлэжээ.

          Хариуцагч М.Гын давж заалдах журмаар гаргасан гомдолд:

          “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 129/ШШ2018/0962 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч бөгөөд хариуцагч Г.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г би дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт байгаа баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийлгүйгээр зөвхөн нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэгт хариуцагч талаас тариа ургаж эхлэх үед тэмээ орсон, мөндөр цохьж ургац алдсан талаар тайлбар гаргаж, үүнийгээ тухайн нутагт амьдардаг гэрчүүдээр нотлуулсан. Мөн тухайн цаг хугацаанд Төвшрүүлэх суманд аадар бороо орсон талаар цаг уурын байгууллагын мэдээ ирсэн. Аадар бороо орохын өмнө, эсхүл дараа хүчтэй мөндөр орох байгалийн үзэгдэл нь нийтэд илэрхий байтал зөвхөн нэхэмжлэгч талын гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчээр асуугдсан Ө.Энхтайваны мэдүүлгийг няцаахын тулд гэрч Д.Отгонбаярыг асуулгасан ба Д.Отгонбаяр нь мөндөрт цохиулж тариа налсан, эргээд сэргээгүй, үүнээсээ шалтгаалан талбайд хоёр комбайн оруулаад тариа хураагаагүй гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн. Гэтэл шүүх энэ хүний мэдүүлгийн “..хоёр комбайн оруулаад тариа хураагаагүй” гэсэн өгүүлбэрийг авч үнэлсэн нь буруу юм. Ө.Энхтайван гэдэг хүн нэхэмжлэгчийн талд хэт худал мэдүүлэг өгсөн учраас хариуцагч бидний зүгээс уг мэдүүлгийг няцаахаар Ө.Энхжаргал, Д.Отгонбаяр, Уранболд, Даринчулуун гэсэн хүмүүсийг хүсэлт тавьж гэрчээр асуулгасан. Эдгээр хүмүүсийг шүүх хууль сануулж асуусан ба тэд мэдүүлгийнхээ үнэн зөвийг хариуцах хүмүүс юм. Гэтэл шүүх үүнийг эсрэгээр нь үнэлж Ө.Энхжаргал, Д.Отгонбаяр нарын мэдүүлгийг нэхэмжлэгч талын хүсэлт тавьж асуулгасан Ө.Энхтайван, Д.Эрдэнэбаатар нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна гэж дүгнэж, бусад гэрчүүдийн мэдүүлгийг ямар ч учир шалтгаан тайлбар хийлгүйгээр үнэлэлгүй орхигдуулсанд гомдолтой. Мөн энэ хэрэгт шинжээчээр ажилласан Ө.Энхтуяа гэгч нэхэмжлэгчийн эрх ашгийг хэт хамгаалж байгаа нь шүүх хуралдаан дээр өгсөн түүний мэдүүлгээс харагдаж байсан. Энэ хүн хариуцагч М.Г миний эсрэг үйл ажиллагаа явуулах, үг хэлэхэд бэлэн гэдэг нь түүний манай багт газар авах гэж явснаа шүүх хуралдаан дээр нуулгүй хэлснээс харагдах байх гэж бодож байна. Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа Л.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нар нь өөрсдөө Тариалангийн тухай хуульд заасан тариалан эрхлэгчийн үүргээ биелүүлээгүй, тариалалтыг хэдийд хийсэн, хэдийд тариа ургаж эхэлсэн, ямар байдлаар хэдийд ургац алдах нөхцөл бүрдсэн зэрэг байдлыг тэмдэглэсэн тариалангийн талбайн түүх тэмдэглэл үйлдээгүй, ХАА-н инженер, агрономич ажиллуулаагүй, бусдын халдлага малаас хамгаалаагүй байдал тогтоогдсон. Хэрэв хуулиар хүлээсэн энэ үүргээ биелүүлсэн бол ургац алдсаныхаа дараа малчин бидний амьдралын эх үүсвэр болсон малаас өөрийн алдагдлаа нөхөх гэж улайрах байдалд хүрэхгүй байх байсан. Энэ талаар шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Д.Гийн хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн дүрс бичлэг нь 2017.09.30, 2017.10.01-ний өдрүүдэд буюу ургац хурааж аль хэдийнэ дууссанаас хойш тариан талбайд адуу орсон байдлыг өөрөө ярьж бичиж авсан байсан ба үүнээс өмнөх гэрэл зургууд нь тариан талбайн гадна орчинд замаар адуу тууж яваа байдлаар авагдсан байдалд шүүх үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Мөн 2017.05.25-2017.07.28-ны хооронд шатахуун авсан гэх 10 000-76 000 төгрөгийн баримтууд хэн ямар зориулалтаар авсан шатахууны баримт болох нь тодорхой бус байгааг дурдах шаардлагатай гэж үзэж байна. Ийнхүү хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн тариа тарихдаа гарсан зардлын 50 хувь буюу 8 248 800 төгрөгийг М.Г, Г.Б биднээс гаргуулж тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч Л.Бид олгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 962 дугаартай шийдвэрийг хянаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Л.Б 2017.10.30-ны өдөр Г.Б, М.Г нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, тариалангийн талбайд мал орсны улмаас учруулсан хохирол 30 583 000 төгрөг шаардсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 37 338 000 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 34 833 000 төгрөг нэхэмжилсэн байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 8 248 800 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосон байна.

 

Давж заалдах шатны шүүхэд гаргасан хариуцагч М.Гын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр Л.Бийн тариалангийн талбайд Г.Б, М.Г нарын адуу орсон нь тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч нарын адуу нэхэмжлэгчийн тариалангийн талбайд орсноос нэхэмжлэгчид хохирол учирсан, Л.Б нь хариуцагч нараас хохирол шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д нийцсэн байна.

 

Хариуцагч нарыг Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээхийг ...хориглоно” гэснийг зөрчиж Л.Бийн тариалангийн талбайд адуугаа оруулсны улмаас нэхэмжлэгч ургац алдаж, түүнд гэм хор учруулсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан тариалангийн талбайн хохирлын актыг нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон боловч анхан шатны шүүх уг актад Л.Бийн улаан буудай тариалсан талбайн хэмжээ хэд эсэх, үүнээс хэдий хэмжээний тариалангийн талбайд ургац алдсан эсэхийг заагаагүй, мал орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учирсан хохирлыг хэрхэн тооцсон аргачлал тодорхойгүй гэж түүнийг шийдвэрийн үндэслэл болгоогүй, мөн нэхэмжлэгч Л.Б Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д “тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нь өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүрэгтэй” гэсэн заалтыг биелүүлээгүй, нэхэмжлэгч тариалангийн талбай руу мал оруулахгүй байх арга хэмжээ аваагүй, тариалангийн талбайг малаас хамгаалж хашаа бариагүй, хохирлын хэмжээг багасгах арга хэмжээ аваагүй гэж хариуцагч нарын хариуцах гэм хорын хэмжээг 50 хувиар багасгаж 26 584 200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нараас хохиролд 8 248 800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй байна.  

 

Анхан шатны шүүх хариуцагч нарын гэм буруугийн талаар зөв дүгнэсэн байх тул “хавтаст хэрэгт байгаа баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийлгүйгээр зөвхөн нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн” гэсэн үндэслэлээр гаргасан хариуцагч М.Гын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.        

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 129/ШШ2018/00962 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Гын гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.Гаас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 146 931 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.ДАВААСҮРЭН

                 ШҮҮГЧИД                                       Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                                         Д.БЯМБАСҮРЭН