Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 101/2022/01286/И |
Дугаар | 001/ХТ2023/00121 |
Огноо | 2023-06-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2023 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2023/00121
“Э ” ГХОХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/00467 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00639 дүгээр магадлалтай, Э ” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй,
Газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээний үүрэгт төлсөн 240,000 ам.доллар, хохирол 175,592 ам.доллар, нийт 415,592 ам.доллар буюу 1,183,847,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д , түүний өмгөөлөгч В , нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э ” ГХОХХК нь хариуцагч “Б ” ХХК, Д нарт холбогдуулан газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээний үүрэгт төлсөн 240,000 ам.доллар, хохирол 175,592 ам.доллар, нийт 415,592 ам.доллар буюу 1,183,847,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/00467 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9, 56.1.10-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Э ГХОХХК, хариуцагч Б ХХК-ийн хооронд 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан “Газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээ”, 2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан 01 дугаартай “Гэрээний нэмэлт”-ийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас гэрээний үүрэгт төлсөн 240,000 ам.доллар, гэрээнээс учирсан хохирол 175,592 ам.доллар, нийт 415,592 ам.доллар буюу 1,183,847,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э ГХОХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э ГХОХХК нь хариуцагч Д т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/Ш32022/10835 дугаар захирамжаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээний үйлчлэл хэвээр үйлчлэх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3,584,034 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ГХОХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,701,251.45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00639 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/00467 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан “Э " ГХОХХК, “Б ХХК-ийн хооронд 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээ”, мөн 2010 оны 04 сарын 19-ний өдөр байгуулсан “Гэрээний нэмэлт”-ийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх 415,592 ам.доллар буюу 1,183,847,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э ” ГХОХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, “3” гэж дугаарласныг “2” гэж, “4” гэж дугаарласныг “3” гэж, “5” гэж дугаарласныг “4” гэж, “6” гэж дугаарласныг “5” гэж тус тус өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,467,673 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/MA2023/00639 дугаар магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 2.2 дахь заалтыг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.
Үүнд: Анхан болон давж заалдах шатны шүүхүүд ИХ-ийн 56 дугаар зүйлийг зөрүүтэй хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэл болон хэрэгт авагдаагүй асуудлаар анхан шатны шүүхийн дүгнэлтээс зөрүүтэй дүгнэлт хийсэн, ИХШХШТХ-ийн 28 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлж, маргаж буй асуудлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж болохуйц ойлгомжгүй дүгнэлт хийх нөхцөл бүрдүүлсэн, ИХШХШТХ-ийн 37 дугаар зүйлийг ноцтой зөрчиж, нотлох баримтуудыг илтэд буруу логикгүй үнэлсэн, ИХ-ийн 25 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөв хэрэглээгүй, Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 166 дугаар зүйлийг ноцтой зөрчиж, хэргийг дутуу дулимаг хянасан.
Нэг. Анхан шатны шүүх “НББТХ-ийн .... дагуу заавал бүртгэнэ. “Б ” ХХК-д шилжүүлсэн гэх анхан шатны баримтыг үндэслэн НББ бүртгэл хөтөлж, санхүүгийн тайланд тусгасан эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй” гэх.
Нэхэмжлэгч “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд”, уг хэргийн үйл баримтын талаар өөрт байгаа баримтуудаа гарган өөрийгөө нотлох үүргээ хэрэгжүүлсэн бөгөөд тухайн нотлох баримтын талаарх тайлбараа гаргасан. Хариуцагч нь уг мөнгийг аваагүй гэдгээ огт нотолдоггүй, огт нотлох баримт гаргаж өгдөггүйгээр зогсохгүй, нэхэмжлэгчийн гаргуулахаар шаардсан баримтуудыг ч “байхгүй ээ” гэдэг. Уул нь шүүхийн дээрх шаардлага дүгнэлтээр хариуцагч “БЗЭ” ХХК мөнгийг хэрхэн захиран зарцуулсан тухай НББ-ийн анхан шатны баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй юм. Мөнгө авсан этгээд л мөнгийг татвар, санхүүгийн тайландаа тусгасан эсэх, тусгаагүй бол яагаад хэрхэн захиран зарцуулсан эсэх нь шүүхийн шаардаад эсвэл хэрэгт хамааралтай гэж дүгнэх гэж үзээд байгаа асуудал нь юм. Гэхдээ хариуцагч уг мөнгийг НББ-дээ тусгаагүй, хэрхэн захиран зарцуулсан нь нэхэмжлэлд хамааралгүй бөгөөд гэрээний дагуу хяналт тавих (“БЗЭ” ХХК-ийн захирал нь энэ мөнгөөр хоолонд орчлоо шүү гээд дагаад явах уу, дансандаа тайландаа тусгаагүй байна даа дараа нь надад нотлох баримт хэрэгтэй гээд ажиллагаа хийгээд явах байсан уу!), нотлох, мөн шүүхэд энэ тухай нотлох ч асуудал нь биш юм. Шүүх тус гэрээний дагуу нэхэмжлэгч мөнгө өгсөн үү, хариуцагч авсан уу гэдгийг л нотлох баримтын хүрээнд (хариуцагчийн эрх бүхий төлөөлөгч нь мөнгийг аваагүй байсан бол “байгууллагадаа ямар нэгэн эрсдэл учруулахгүй өөрийн биеэр хариуцна” гэж бичих үү. Бас ийм үг сараачаад байгууллагын хуулиар хүлээсэн үүргийг үгүйсгэчих үү? “гарын үсэг бол ийм байх ёстой, мөнгө өгсөн бол анхан шатны баримт байх ёстой…” гэсэн шүүх нь гарын үсэг ч үгүй энэ баримтыг давтан давтан уншин үнэлэх нь гайхамшигтай) хянах үүрэгтэй. Шүүх иргэний эрх зүйн итгэлцлийн зарчим дээр тулгарладаг харилцааг цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлж дүгнэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь зарим гүйлгээг байгууллагын дансаар хийсэн гэдгээ тайлбарласан бөгөөд энэ тухай баримтыг гаргуулах хүсэлтийг тавьж байсан, уг хүсэлттэй, хүсэлтгүй хариуцагч нь мөнгийг аваагүй бол аваагүйгээ нотлох дансны хуулгаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэй. Ийнхүү нотлоогүй нь түүнийг мөнгийг авсанд тооцох үндэслэл юм.
Шүүх “санхүүгийн тайланд тусгасан талаарх баримтыг ирүүлээгүй” хэмээн үзсэн нь хэрэгт хамааралгүй бөгөөд хариуцагч гэрээний дагуу мөнгө авсан нь,
1. Энэ нь “хариуцагчид мөнгө өгсөн эсэх тухай” нотлох баримт биш, хэрэгт хамааралгүй, нэхэмжлэгч хадгалан үлдсэн бэлэн мөнгөний зарим баримтыг гарган өгч “БЗЭ” ХХК-ийн захирал Д ийн “мөнгө авсан тухай бусад бичгийн баримтууд”-ыг үндэслэн шаардлагаа дэмжин нотолсон. Энэ тухай хариуцагч баримтаар няцаадаггүй, “тийм, үгүй” гэх учир битүүлэг, үгсэн тохирсон, бичгийн нотлох баримтуудаас зөрүүтэй тайлбаруудыг шүүхийн өмнө хийдэг. Нэхэмжлэгчийн хувьд нотлох баримтуудаас зөрүүтэй төдийгүй, хоорондоо зөрүүтэй тайлбарыг хариуцагч хийсэн нь бичгийн баримтуудыг дэмжих хангалттай баримт гэж үзэж байгаа бөгөөд шүүгчийн нэхэмжлэлийн шаардлага болоод хуулиас давсан дотоод итгэл үнэмшлийн өмнөөс далдыг харан, тооцох боломжгүй юм.
Tухайн нөхцөл байдалд яагаад бэлнээр мөнгө гаргасан (Даш-Яндаг нь мөнгийг бэлнээр хүлээн авахдаа “манай эмнэлэгт татварын асуудал үүснэ, ингэж өгөөч” гэж гуйсан байдаг) тухай тайлбарласан байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд аль аль нь хариуцагчийн нотлох бөгөөд түүний няцаагаагүй үйл баримтыг өөрсдийн үзэмж дураар няцаасан тайлбар хийдэг.
2.“БЗЭ” ХХК-ийн захирал Д “газрыг шилжүүлж өгнөө” гэсээр 2015 он хүргэсэн, үүнээс хойш мөнгийг буцаах тухай шаардлагад 2020 онд хөөн хэлэлцэх хугацаа дуустал аргацаах, зальдахаар төлөвлөн хүлээж байсан мэт “өө одоо хөөн хэлэлцэх хугацаа дууссан, өгөхгүй” хэмээн шаардах эрх үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Менежментийн гэрээ нэрээр төрийн өмчийг авсан тус эмнэлгийн хувьцаа эзэмшигчид (Монголд цор ганц хувьчлагдсан эмнэлэг) гүйцэтгэх захиралдаа ямар өртэй болоод 2020 он хүртэл түүнд бүх юмаа хяналтгүй даатгасан байх уу? Менежментийн хувьчлалын өрөө газраа зарж төлсөн юм болов уу. Тус эмнэлгийн дотоод бүтэцгүй, хяналтгүй байдал нь хэлцэл хийгч гуравдагч этгээдийг хохироох үндэслэл болохгүй юм, энэ хугацаанд энэ том хэлцлийг мэдээгүй байсан гэх хувьцаа эзэмшигчид эмнэлэгт очсон бичгийн шаардлагыг зохих ёсоор авч хэлэлцдэг байсан, мэдсэн гэхэд эргэлзээтэй бөгөөд ямар хэмжээнд хэн хяналт тавих нь тавихгүй байх нь эмнэлгийн дотоод асуудал. 2005 онд 193 сая төгрөгөөр хувьчлагдсан төрийн өмчийн энэхүү газар худалдах гэрээнд заасан дүнгийн 0.076 га газар нь л 2008 онд 240 000 ам.доллар хүрсэн үнэтэй гэхээр хэр шударга байна. Үүнийг дүгнээгүй шүүх хэлцэлд огт хамааралгүй, байгууллагын дотоод НББ, гадаадад хэрхэн орлого олсноо нотолсонгүй гэх. Нэхэмжлэгч нь шүүхэд энэ мөнгө байгууллагын дансанд байсан эсэхийг тогтоолгох нэхэмжлэл гаргаагүй юм.
3. Шүүх тухайн, нэгэнт өнгөрсөн факт, зөрчигдсөн эрхийг нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоох ёстой болохоос биш нэхэмжлэлийн шаардлагаас гадуур, хэрэгт хамааралгүй шаардлага тавих эрхгүй.
4. Мөнгөний эх үүсвэрийн тухай яриад байгаа шүүхэд хандахад “уг мөнгийг тус сургуулийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлууд харилцан тохиролцож, БНСУ-д хууль ёсоор олсон хуримтлуулсан орлогоосоо, боломжит хэмжээгээрээ хувь тооцон гаргаж, сургуулийнхаа түрээсийн байранд амьдардаг, гадаад багш нарынхаа нийгмийн хангамжийг бүрдүүлэх зорилгоор оруулж ирсэн хөрөнгө оруулалт байсан юм.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ИХ-ийн 56 дугаар зүйлийг үндэслэн гэрээний үүрэгт төлсөн мөнгийг хохирлын хамт гаргуулах шаардлага тавьсан бөгөөд тэр нь бичгийн баримтууд, тайлбаруудаар нотлогдож байхад анхан шатны шүүх “НББТХ-ийг үндэслэн баримтын шаардлага хангахгүй байна, мөнгө өгсөн нь тогтоогдохгүй байна” гэх, давж заалдах шатны шүүх нь хуулийн тэс өөр зүйл барин тайлбарлаж, нэхэмжлэгчийн тодорхойлоогүй, шаардаагүй “гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирлын тухай” анхан шатны шүүхээс хууль зөрүүтэй хэрэглэсэн дүгнэлтийг (шүүхүүд шийдвэр, магадлалын үндэслэлдээ амаар уншсанаас зөрүүтэй өөр үндэслэл бичих) бичдэг. Хариуцагчдын шүүхэд гаргасан тайлбар, сольсон төлөөлөгчийн тайлбар, “мөнгийг авсан”, “мөнгийг аваагүй” ... шууд зөрчилддөг буюу тухайн этгээдийг гэрчээр асууж зөрүүг арилгах нөхцөл үүсдэг. Гэвч Д ийн гүйцэтгэх захирал байхдаа үйлдсэн бичгийн нотлох баримт болох актаар тус гэрээний дагуу мөнгө авсан нь нотлогддог бөгөөд энэ зөрүүтэй тайлбарууд түүгээр няцаагдах тул нэхэмжлэгч бичгийн нотлох баримтаа үндэслэсэн юм. Гарын үсэг, уг актын талаар маргадаггүй, үгүйсгэдэггүй. Сүүлд төлөөлөгчөөр оролцсон Даш-Яндагийн охин гэгч нь хээв нэг “манай аав аваагүй ээ гэдэг”, энэ худал тайлбар нь ЭХ-д заасан гэмт хэргийн шинжтэй. Давж заалдах шатны шүүхийн хуралдаан даргалагч шүүгч магадлалын үндэслэлээ тайлбарлахдаа “ижил даалгавар авсан мэт” “... Даш-Яндаг хариуцахаа бичгээр илэрхийлжээ” хэмээн мөн л үг сул бувтнаад хурлыг хаасан. “мөнгө авсан, аваагүй” тухай шүүхүүдийн гаргасан үндэслэлийн хууль хэрэглээ нь зөрүүтэй, нотлох баримтыг үнэлж буй байдал нь туйлын эргэлзээтэй.
Хоёр. Анхан шатны шүүх хуралдааны үед хамтран хариуцагч Д аас татгалзсан тухайд: Нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчдаас гаргаж өгсөн болон бусад нотлох баримтын хүрээнд Д гэх гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч этгээд буюу компанийн бүтцийн нэг хэсгийг (хэлцэлд бие даасан эрх, үүрэг эдлэхгүй этгээд) татах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд Учир нь,
1. Д гэх гүйцэтгэх удирдлага нь газар худалдаж, эрх хэмжээгээ хэтрүүлж компанид хохирол учруулсан эсэхийг нэхэмжлэгч тогтоох боломжгүй, тогтоох шаардлага байхгүй, байгууллагын дотоод асуудал түүний эрх ашгийг зөрчөөгүй, гэрээний шаардлагын хүрээнд энэ нь хамааралгүй, ашиг сонирхол нэгтэй, ямар ч байдлаар хэзээ ч эвсэх энэ хувьцаа эзэмшигчдийн дотоодод цуглуулах бүрдүүлж болох нотлох баримтыг нэхэмжлэгч нотлох боломжгүй, хариуцагч “тэр хүн хариуцах мэт” бүрхэг тайлбар хийдэг боловч тухайн этгээдийг Компанийн тухай хууль зөрчсөн үндэслэлээр холбогдох хариуцлагад татах гомдол огт өгөөгүй, энэ тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй, энэ хэрэг эхлэхэд уг асуудлыг мэдсэн байлаа гэхэд “энэ асуудлаараа бие даасан нэхэмжлэл Д т холбогдуулан гаргаагүй. Энэ нь цаашид ч гүйцэтгэх удирдлагатайгаа хариуцлага тооцох асуудал юм.
2. Энэ хэрэгт Д өөрөө хариуцна гэх боловч ямар үндэслэлээр гэдгийг хариуцагч нотолдоггүй. Санхүүгийн (компани захиран зарцуулаагүй, аваагүй гэх НББ баримт) баримтыг шаардаад ч гаргаж өгдөггүй. Хэлцэл хийгч гуравдагч этгээдийн өмнө гүйцэтгэх захирал хариуцлага дангаараа хүлээх хууль зүйн үндэслэл ч байхгүй юм.
3. ИХ-ийн холбогдох зохицуулалтаар нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь гэрээ байгуулсан этгээд болох “БЗЭ” ХХК-д хамааралтай. ИХ 56.5: “... хэлцэл хийсэн талууд ...”- 2008.09.23-ны өдрийн газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээний тал “Эм ай ю” дээд сургууль, “БЗЭ” ХХК юм. Энэ нь ИХ-ийн 25 дугаар зүйлтэй нийцэх бөгөөд нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирал гэсэн бие даасан нэгжтэй хэлцэл хийгээгүй! 56.6: “... буруутай этгээд ...” уг мөнгийг хэлцлийн үндсэн дээр авсан “БЗЭ” ХХК.
Харин тус компани гүйцэтгэх захирлын эрх хэмжээ (үүнийг хэлцэл хийгч гуравдагч этгээд энэ тохиолдолд тогтоох шаардлагагүй, дотоод бичгийн нотлох баримтыг ашиг сонирхол нэг этгээдүүдийн өмнө нотлох ч боломжгүй юм) хохирлын асуудлаараа гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээ, КТХ-д заасан үндэслэлээр хариуцлага тооцох ёстой юм. Иймд шүүх ИХШХШТХ-ийг нэг мөр зөв хэрэглэсэнгүй. Анхан шатны шүүх хуралдааны үед гаргасан дээрх хүсэлтээ “бичгээр өгчхөөрэй” гэж тэмдэглэлд тусгагдаж буй агуулгыг бичгээр баталгаажуулж буй нь хэргийг шийдвэрлэх сонирхлоос илүүтэй өөр сонирхолтой гэж үзэхээр байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ тухай тайлбарлахад “гомдлын хүрээнд ярь” хэмээн ам хаадаг. ИХШХШТХ-ийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан зохицуулалтыг шүүх ноцтой зөрчиж нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарлан анхан шатны шүүхтэй адил даалгавар авсан эсвэл үгсэн тохирсон үг мэт яг ижил үндэслэл тайлбарлахдаа яг ижил темпээр итгэлгүй бувтнадаг. Иймд анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 28 дугаар зүйлийг ноцтой зөрчиж процессын алдаа гаргасан, давж заалдах шатны шүүх уг асуудлыг огт дүгнээгүй буюу ИХШХШТХ-ийн 166 дугаар зүйлийг зөрчиж мөн процессын хуулийн ноцтой зөрчил гаргасан бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт шууд нөлөөлсөн. Учир нь “мөнгийг авсан, аваагүй тухай уг маргаанд “мөнгийг “БЗЭ” ХХК аваагүй гэж үзээд байгаа эсэх, Д ийнх мөн эсэх нь ч эргэлзээтэй бичиг хэрэгт авагдсан учраас тэр хүн хариуцах үүрэгтэй тул “БЗЭ” ХХК аваагүй гэж үзээд байгаа эсэх шүүхийн дүгнэлт маш эргэлзээтэй, бүрхэг, зориуд ийм нөхцөл үүсгэх гэж процессын зөрчил гаргасан гэж үзэхээр байна.
Гурав. Хариуцагч “БЗЭ” ХХК нь гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох шаардлагыг зөвшөөрдөг маргадаггүй атлаа байгууллагын нэрээр хийсэн уг гэрээ хэлцлийн үр дагаврыг яагаад байгууллага хүлээх ёсгүй вэ гэдгээ хуулийн хүрээнд нотолж чаддаггүй. “байгууллагад хохирол учруулахгүйгээр шийднэ” ч билүү хэний юу нь мэдэгдэхгүй, баримт гэж үнэлэхэд ч хэцүү сараачсан бичиг гаргаж ирээд гэрээний тал болох хуулийн этгээд хуулиар хүлээсэн хариуцлагаас мултардаг, хариуцлагыг үгүйсгэх хэмжээний нотлох баримтад үнэлдэг бол энэ улсад хууль байх юун! ИХ-иар тодорхойлсон компани нэртэй зохион байгуулалтын нэгдэл байх утга юун! Энэ баримт нь хариуцагчийн эрх бүхий төлөөлөгч мөнгө авснаа дэмжин нотолж буй баримт тул нэхэмжлэгч баримтаас хасуулаагүй. Эрх зөрчөөгүй бол гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд мэдүүлэх шаардлага нэхэмжлэгчид үүсэхгүй. Гэрээ бол талуудын хооронд эрх, үүрэг үүсгэсэн баримт бичиг бөгөөд түүнд хариуцагч “БЗЭ” ХХК-ийн итгэмжлэлгүй төлөөлөх захирал Д гарын үсэг зурж тамга дарсан. Нэмэлт гэрээгээр талуудын хооронд эрх, үүрэг хэрэгжээгүй, энэ гэрээ зөвхөн нотлох баримтын ач холбогдолтой. “нэмж мөнгө төлөх боломжгүй тул төлсөн мөнгөндөө ... “ гэсэн утга нь талуудын хооронд үүссэн үүргийг төлбөр төлөгч тал биелүүлснийг нотолдог. Талуудын нэмэлт гэрээнд заасан “төлсөн мөнгөндөө” хэмээн тохирсон 0.076 газрын хэмжээ нь нийт үнэтэй харьцуулан логикоор тооцоход “төлсөн мөнгө нь 240 000 ам.доллар байсныг” шууд нотолдог бөгөөд 2020 он хүртэл компанийг төлөөлөх эрхтэй этгээд Д нь бусад баримтаар үүнийг зөвшөөрдөг. ИХ-ийн гэрээг байгуулсан гэж үзэх зохицуулалт нь тус гэрээний дагуу үүрэг гүйцэтгэсэн эсэх тухай нотлох баримтыг үнэлэхэд хамааралгүй бөгөөд тус компанийн захирал албан тушаалд хэвээрээ байсан, мөнгийг хүлээн авсан этгээд нь “мөнгө хүлээн авснаа” зөвшөөрсөн баримт нь хангалттай, түүнд зурсан гарын үсгийг зураагүй бол “үгүйсгэх” ёстой юм. Гэтэл шүүхэд гаргасан эрх бүхий этгээдүүдийн тайлбар нь “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул гүйцэтгэхгүй, Д гэдэг этгээд компанийг хохироохгүй хариуцна, ... “ гэх мэт өөр утга буюу мөнгө авсныг нотолдог, дэмждэг, үгүйсдэггүй. Өөрсдөө. ХХША-нд худал тайлбар өгсөн эсэх тухай Д ийн охины асуудал дараа шийдвэрлэх асуудал.
Дөрөв. Хариуцагч нь хөрөнгийг зөвхөн зориулалтын дагуу ашиглах менежментийн гэрээгээ зөрчин газраа тасдан худалдах санхүүгийн хүндрэл байсан уу. Энэ нь үйл ажиллагааныхаа зорилгыг зөрчсөн хэлцэл юм. Тухайн үеийн гэрээгээр авсан үнэ нь хувийн өмчийн бүртгэл хийхэд хэд дахин өссөн дүнгээр бүртгэгдсэн байдаг. Уг газрын гэрээний үнэ 600,000 ам.доллар байхад “БЗЭ” ХХК-ийн хөрөнгө 193 сая төгрөгөөр үнэлэгдсэн нь эргэлзээтэй бөгөөд үүнийг бичих шалтгаан нь КТХ-д заасан их хэмжээний хэлцэл эсэхийг тодорхойлох. Нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан компанийн эд хөрөнгийн үнэлгээ, балансд тусгагдсан үнийг үндэслэсэн бөгөөд хариуцагч няцаасан баримт гаргаагүй байхад шүүх дүрмийн сан барьсан нь буруу гэжээ.Хэрэгт цуглуулсан баримтын хүрээнд энэ нь их хэмжээний хэлцэл (600,000 ам.долларыг тухайн үеийн валютын ханшаар хөрвүүлэхэд) мөн гэж үзэх үндэслэл байдаг бөгөөд хариуцагч энэ тухай өөрөөр нотолсон санхүүгийн баримт огт гаргаж өгдөггүй.
Давж заалдах шатны шүүх ГХО-гчийн газар ашиглах эрхийн талаар маш их тайлбар бичсэн нь үнэндээ ямар ч ач холбогдолгүй юм. Нэхэмжлэгч нь энэ гэрээний дагуу МУ-ын хуулийг зөрчин газар эзэмшээгүй бөгөөд газар ашиглах, эзэмших эрхийн хэрэгжилт ялгаа бодит байдал дээр ч эргэлзээтэй. Гэрээний дагуу газрыг шилжүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч нь холбогдох хуулийн дагуу ашиглах эрхийн хүсэлт гарган захиргааны байгууллагад бүртгэл хийлгэх нь ойлгомжтой бөгөөд энэ хэрэгжээгүй эрхийг дүгнэн буруутгах нь утгагүй юм. Харин шүүх газар эзэмшигч яагаад “захиран зарцуулах” эрхгүй, өмчлөгч биш атлаа эрхийн доголдолтой, төрийн байгууллагын хяналтын дор хэрэгждэг эрхийг ийм өндөр үнээр худалдахаар гэрээ байгуулаад, бүр гэрээнээс гадуур “газар шилжүүлэх гэсэн авлига өгөх мөнгө хэрэгтэй байна” гэснийг дүгнэхгүй байна. Энэ үндэслэлээр магадлалын хянавал хэсгийн 6 дахь заалт бүхэлдээ хэт нэг талыг барьсан, хэрэгт ач холбогдолгүй дүгнэлтүүд хийсэн, анхан шатны хууль хэрэглээг буруу залруулж өөрчлөлт оруулсан гэж үзэхээр байна.
Тав. Хариуцагчийн хувьд санхүүгийн баримтаар мөнгө аваагүйгээ нотолдоггүй бөгөөд бичгийн баримт тайлбаруудаар гэрээний дагуу мөнгө авсан нь нотлогддог. Зээлийн өрөндөө өгсөн эсэх, захирал өдөр тутмын үйл ажиллагаагаа санхүүжүүлсэн, захиран зарцуулсан эсэх, (менежментийн гэрээний өрөө хаасан гм, ... энэ 10 жил энэ том хэмжээний хэлцлийг хувьцаа эзэмшигчид мэдээгүй нь эргэлзээтэй бөгөөд “мэдэх боломжтой, ёстой юм” энэ нь хариуцлага хүлээхгүй хуулийн үндэслэл болж чадахгүй), мөнгийг хэрхэн захиран зарцуулсан асуудалд гэрээ байгуулагч тал хяналт тавих эрх, үүрэггүй. КТХ-иар жил бүр ТУЗ, хувьцаа эзэмшигчид хуралдаж, санхүү болоод үйл ажиллагааны хяналтаа тавих бүрэн эрх нь бий. Энэ хяналт 10 жил тавигдаагүй гэдэгт хэн ч итгэхгүй бөгөөд бичгийн нотлох баримт гаргаж өгдөггүй байдал нь энэ эргэлзээг, хувьцаа эзэмшигчид болоод гүйцэтгэх захирлын хооронд үгсэн тохироо байгааг нотолдог. Нэхэмжлэгч нь “... шилжүүлсэн бүр зүйлээ харилцан буцааж өгөх ...” зохицуулалтын дагуу “төлсөн мөнгө ам.доллараа шаардсан байхад” 2 шатны шүүх 2-уулаа төгрөгт хөрвүүлэн тооцож шийдвэр, магадлалдаа заасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн мөнгийг барьцаагүй зээл авсан мэт, 10 жил аргацаан бизнестээ эргэлдүүлсэн, улсаас төлбөр авдаг хариуцагч нь буцаан төлөх ёс зүйтэй байх хэрэгтэй.
Зургаа. Анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээг буруу хэрэглэж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд уг арга хэмжээ авхуулах хүсэлтийг хангалгүй орхихдоо “өмнө захирамж гарсан тул” гэж тайлбарлан хууль буруу хэрэглэсэн. Өмнө гарсан захирамж нэхэмжлэлийн “240,000 ам.доллар гаргуулах” шаардлагын хүрээнд хэрэгжих ёстойг буруу дүгнэснээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээн дэх 69 дүгээр зүйлийн арга хэмжээ орхигдсон. Давж заалдах шатны шүүх процессын энэ алдааг залруулаагүй буюу хэргийг бүхэлд нь хянах бүрэн эрхээ хэрэгжүүлэлгүй процессын ноцтой алдаа гаргасан. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/MA2023/00639 дугаар магадлалын 1дэх хэсгийн “... 415,592 ам.доллар буюу ... гаргуулах тухай ... шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн 415,592 ам.доллар гаргуулах шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.06.02-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2023/00655 тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
7. Нэхэмжлэгч “Э ” ГХОХХК нь хариуцагч “Б ” ХХК болон Д нарт холбогдуулан “Газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, гэрээний үүрэгт төлсөн 240,000 ам.доллар, хохирол 175,492 ам.доллар, нийт 415,592 ам.доллар буюу 1,183,847,060 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д т холбогдох нэхэмжлэлээс татгалзжээ.
8. Хариуцагч “Б ” ХХК нь гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг зөвшөөрч, гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, гэрээний үүрэгт 240,000 ам.доллар, хохирол 175,492 ам.доллар, нийт 415,592 ам.доллар буюу 1,183,847,060 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч, энэ мөнгийг хүлээн аваагүй, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаахаар маргаж буй тохиолдолд банканд хадгалуулсны хүү 175,592 ам.долларыг олох байсан орлогод тооцон нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
9. Нэхэмжлэгч “Э ” ГХОХХК нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай /1993 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.1-д “Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагч дангаараа байгуулсан аж ахуйн нэгжид төрийн өмчийн газар ашиглуулах гэрээг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдийн зөвшөөрснөөр Монголын талын өмчлөгч гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулах”-аар хуульчилсныг зөрчиж, хариуцагч “Б ” ХХК-ийн эзэмшиж буй газрын эзэмших эрхийг шилжүүлж авахаар гэрээ байгуулсан. Газрын тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлд заасан журмын дагуу газрыг ашиглах хүсэлтийг харьяа Засаг даргад гаргах замаар нэхэмжлэгчид газар ашиглах эрх үүсэх эсэхийг шийдвэрлүүлэхээр хуульчилсан журмыг баримтлалгүй, зохигчид шууд гэрээ байгуулан газрыг шилжүүлэхээр тохиролцсон нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн байна. Энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
10. Талуудын хооронд байгуулсан “Газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн.
11. Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, мөн хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл, хариуцагч “Б ” ХХК-ийн дүрэмд заасан дүрмийн сангийн хэмжээг гэрээний үнийн дүнтэй харьцуулж Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д заасан их хэмжээний хэлцэл” гэж дүгнэсэн нь буруу. Мөн хэрэгт гүйцэтгэх захиралд эрх хэмжээг хэрхэн тогтоосон талаарх баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх үүсгэн байгуулагчаас тогтоосон эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх захирал нь компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх залруулж, найруулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь зөв байна.
12. Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
13. Хариуцагч газрын төлбөрт 240,000 ам.долларыг нэхэмжлэгчээс хүлээн авсан нь тогтоогдоогүй үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба гэрээ хүчин төгөлдөр бус нөхцөлд нэхэмжлэлд тодорхойлсноор гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй учир хариуцагчаас нийт 415,592 ам.доллар буюу 1,183,847,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцсэн.
14. Давж заалдах шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлтийг оруулсан нь үндэслэл бүхий болжээ.
15. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н ийн хяналтын журмаар гаргасан гомдолд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн боломжгүй буюу хоёр хуулийн этгээдийн хооронд хийгдсэн гэрээний төлбөрийг харилцах дансаар шилжүүлээгүй, түүнчлэн бэлэн мөнгөөр төлбөр хийсэн тухайгаа холбогдох байгууллагад мэдэгдээгүй нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нийцээгүй гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00639 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч “Э ” ГХОХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 7,371,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН