Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2021/00136

 

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багт оршин суух, М.Е-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театр /дарга А/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Е, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Цалингийн зөрүү 3957970 төгрөг гаргуулах тухай.

            Нэхэмжлэгч М.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1965 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн. 1989 онд УБДС-ийн / хуучин нэрээр/ кино драмын ангийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөнөөс хойш 25 жил тасралтгүй тус байгууллагад ажиллаж байна.

Намайг Хөгжимт драмын театрын ерөнхий найруулагчийн үүрэгт ажлаас 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөлж, жүжигчнээр шилжүүлэн томилсон тушаал гаргасан.

Уг тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тул миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2019/00448 дугаар шийдвэрээр М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоосон. Мөн Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2019/00050 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн.

Үүнийг хариуцагч тал давж заалдсанаар Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын

шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2020/00450 тогтоолоор Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2019/00448 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2019/00050 дугаартай магадлалыг тус тус хэвээр нь үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Б.Аийн гомдлыг хангахгүй орхисон.

Б.А нь Монгол Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан ба 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 6/4547 албан тоотоор “Хяналтын шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх үндэслэлгүй тогтоол гаргасан гэх үндэслэлээр Ерөнхий шүүгч дүгнэлт бичих үндэслэлгүй болохыг мэдэгдье гэсэн хариуг хариуцагч Б.Ат ирүүлсэн байна.  Уг хариуцагч нэхэмжлэгч М.Е миний бие 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцсан.

Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүүг байгууллагын нягтлан бодогч М-аар тооцоо хийлгүүлэн 3957970 төгрөг гарсныг баталгаажуулан бичиг авсан. Иймд  надад олгогдох дээрх хугацааны цалингийн зөрүү болох 3957970 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч М.Е шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хууль бусаар тушаал буруулж, ерөнхий найруулагчаас жүжигчин болгож буруулсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандахад Баян-Өлгий аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх уг тушаал буруулсан үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож тухайн тушаалыг хүчингүй болгуулж шийдвэрлэсэн. Тийм учраас  2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаан дахь ерөнхий найруулагчийн цалин болон жүжигчний цалингийн хоорондох цалингийн зөрүү болох 3957000 төгрөгийг гаргуулж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын дарга Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч М.Хурманханы нэрэмжит Хөгжимт Драмын театрын дарга Б.А би нэхэмжлэгч М.Егаас тус шүүхэд гаргасан цалингийн зөрүү 3.957.970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Тус байгууллага нь 2020 онд короновирус өвчний улмаас орлого тасарсан, төсвийн зарим зардлыг төсвийн ерөнхийлөн захирагч танасан учраас М.Егийн нэхэмжилсэн 3957970 төгрөгийг шууд олгох боломжгүй байна. Нөгөө талаас ажил олгогч М.Ег бүрмөсөн ажлаас чөлөөлөөгүй, тэрээр тус театрт зохих ажлыг гүйцэтгэж явсан юм.

Иймд нэхэмжлэгч М.Егийн тус театрын санхүүгээс 3957970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэг хувийг аваад хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай тайлбараа шүүхэд урд нь ирүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд: Нэгдүгээрт, тус театр нь өөрийн орлогоор ажилладаг байгууллага, 2020 онд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байгаа болохоор орлогогүй байна. Хоёрдугаарт нэхэмжлэгч тухайн үед ажил төрлөө хийж явсан, тийм учраас одоо тус театрын санхүүгээс 3957000 төгрөг гаргуулах боломжгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч нарын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Е нь Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театраас цалингийн зөрүү 3957970 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна. 

Шүүх  хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ М.Е намайг Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай тушаалаар ерөнхий найруулагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, жүжигчний ажилд шилжүүлэн томилсон бөгөөд миний бие уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон тул 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү 3957970 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь 2020 онд коронавирус өвчний улмаас орлого тасарсан, төсвийн зарим зардлыг танасан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй гэж  маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч М.Ег Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай тушаалаар ерөнхий найруулагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, жүжигчний ажилд шилжүүлэн томилсон байх ба нэхэмжлэгчээс уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 он 07 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2019/00448 дугаар шийдвэрээр М.Ег Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаас уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын гомдол гаргасан байх бөгөөд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2019/00050 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2020/00450 дугаартай тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно, мөн хуулийн 36.1, 36.1.2-т “Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын нягтлан бодогчийн  гаргасан М.Егийн цалингийн зөрүү гэх баримтаас үзэхэд ерөнхий найруулагч болон жүжигчний цалингийн зөрүүг 2019, 2020 оны оны байдлаар тус тус харуулсан ба 2019 онд цалингийн зөрүү сард 189558 төгрөг, 2020 онд цалингийн зөрүү сард 204723 төгрөг байх бөгөөд 2019 оны 9 сарын хугацаанд 1706022 төгрөг, 2020 оны 11 сарын хугацаанд 2251953 төгрөг, нийт зөрүү 3957975 төгрөг болохыг тооцож тодорхойлсон байна.

Хариуцагч нь тус байгууллагын нягтлан бодогчийн тодорхойлолтыг няцаасан нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд  татгалзлынхаа үндэслэлээ нотлох баримт гаргаж өгөөгүй тул уг баримтыг үндэслэн нэхэмжлэгч М.Е нь  2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бага цалинтай ажил хийж байсан гэж үзэж дээрх хугацааны буюу нийт 20 сарын цалингийн зөрүү 3957975 төгрөгийг Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театраас гаргуулан нэхэмжлэгч М.Ед олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театраас цалингийн зөрүү 3957975 /гурван сая есөн зуун тавин долоон мянга есөн зуун далан таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Е-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78277 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театраас 78277 төгрөгийг гаргуулан М.Е-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М