Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 212/МА2021/00018   

 

   М.Е-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШШ2021/00136 дугаар шийдвэртэй, М.Е-н нэхэмжлэлтэй, аймгийн Хөгжимт драмын театрт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны  02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгч М.Е- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Цалингийн зөрүү 3.957.970 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Намайг Хөгжимт драмын театрын ерөнхий найруулагчийн үүрэгт ажлаас 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөлж, жүжигчнээр шилжүүлэн томилсон тушаал гаргасан. Уг тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тул миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2019/00448 дугаар шийдвэрээр М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоосон. Мөн Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2019/00050 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн. Үүнийг хариуцагч тал давж заалдсанаар Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2020/00450 тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр нь үлдээсэн. Б.А нь Монгол Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан ба 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 6/4547 албан тоотоор Хяналтын шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх үндэслэлгүй тогтоол гаргасан гэх үндэслэлээр Ерөнхий шүүгч дүгнэлт бичих үндэслэлгүй болохыг мэдэгдье гэсэн хариуг ирүүлсэн байна. Миний бие 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүүг байгууллагын нягтлан бодогч А.М-ээр тооцоо хийлгүүлэн 3.957.970 төгрөг гарсныг баталгаажуулан бичиг авсан. Иймд надад олгогдох дээрх хугацааны цалингийн зөрүү болох 3.957.970 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Хариуцагч М.Хурманханы нэрэмжит Хөгжимт Драмын театрын дарга Б.А би нэхэмжлэгч М.Е-гаас тус шүүхэд гаргасан цалингийн зөрүү 3.957.970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Тус байгууллага нь 2020 онд короновирус өвчний улмаас орлого тасарсан, төсвийн зарим зардлыг төсвийн ерөнхийлөн захирагч танасан учраас М.Е-гийн нэхэмжилсэн 3957970 төгрөгийг шууд олгох боломжгүй байна. Нөгөө талаас ажил олгогч М.Е-г бүр мөсөн ажлаас чөлөөлөөгүй, тэрээр тус театрт зохих ажлыг гүйцэтгэж явсан юм. Иймд нэхэмжлэгч М.Е-гийн тус театрын санхүүгээс 3.957.970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШШ2021/00136 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театраас цалингийн зөрүү 3957975 /гурван сая есөн зуун тавин долоон мянга есөн зуун далан таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Е-д олгож шийдвэрлэжээ.   

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Хариуцагч М.Хурманханы нэрэмжит Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд би Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 130\ШШ2021\00136 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Ажил олгогч ажилтан М.Е-г бүр мөсөн үүрэгт ажлаас чөлөөлөөгүй бөгөөд тус байгууллагад тасралтгүй ажиллуулж байгаа. М.Е- нь тус байгууллагын санхүүгээс цалин хөлсний нөхөн олговрын зөрүү нэхэмжилж байгаа боловч 2020 онд тус байгууллага дэлхий даяар гарсан Ковид-19 өвчний улмаас ажиллаж чадаагүй, ихэнх цаг хугацаанд хөл хориотой байсан, ковидын өвчний улмаас байгууллагын төсвийн ихэнх зардлыг дээд байгууллагаас таньж хассан, театрын үйл ажиллагааны зардлын зохих хэсгийг ард иргэдэд үзүүлэх тоглолтын орох орлогоос бүрдүүлдэг боловч 2020 онд нэг ч тоглолт яваагдаагүйн улмаас нэг ч төгрөгийн орлого ороогүй байна. Иймээс одоогийн байдлаар М.Е-гийн нэхэмжилж буй цалин хөлсний нөхөн олговрын зөрүү гэх 3,957,970 төгрөгийг шууд байгууллагын санхүүгээс олгох ямар ч боломжгүй байна. Иймд Баян-Өлгий шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд нэхэмжлэгч М.Е-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж шийдвэрлэсэн байна. Шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч М.Е- нь хариуцагч аймгийн Хөгжимт драмын театрт холбогдуулан цалингийн зөрүү 3.957.970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...намайг ерөнхий найруулагчийн ажлаас чөлөөлж, жүжигчний ажилд шилжүүлэн томилсон бөгөөд шат шатны шүүхээр намайг ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоосон тул цалингийн зөрүүг нэхэмжилж байна” гэж,  хариуцагч байгууллага “2020 онд коронавирус өвчний улмаас театрын орлого тасарсан, төсвийн зарим зардлыг танасан учраас зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2019/00448 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2019/00050 дугаар магадлалаар нэхэмжлэгч М.Е-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, М.Е-г аймгийн Хөгжимт драмын театрын Ерөнхий найруулагчийн ажилд  эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2020/00450 дугаар тогтоолоор уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 13-17/

Хэрэгт авагдсан нотлох баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцсэн ба шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх  хэсэгт тус тус заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

 Хөгжимт драмын театрын нягтлан бодогчийн гаргасан нэхэмжлэгч М.Е-гийн цалингийн зөрүүг тооцсон баримтаар нэхэмжлэгч М.Е- нь 2019 онд сард 189,558 төгрөг буюу 9 сарын хугацаанд 1,706,022 төгрөг, 2020 онд сард 204,723 төгрөг буюу 11 сарын хугацаанд 2,251,953 төгрөг нийт 20 сарын хугацааны зөрүү 3,957,975 төгрөг гэж тооцон, хариуцагч аймгийн Хөгжимт драмын театраас гаргуулж нэхэмжлэгч М.Е-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ажилтан М.Е-г бүр мөсөн ажлаас чөлөөлөөгүй, тасралтгүй ажиллуулж байсан, ковид өвчний улмаас тоглолт явагдаагүй, орлого ороогүй, тус байгууллагын ихэнх зардлыг дээд байгууллагаас танаж хассан тул одоогийн байдлаар нөхөн олговрын зөрүүг олгох ямар ч боломжгүй” гэх давж заалдах гомдлыг судлан үзэхэд гомдолд дурдсан үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчийг тус театрын ерөнхий найруулагчийн ажлаас жүжигчний ажилд шилжүүлсэн нь хууль бус болох нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон бөгөөд үүний улмаас дээрх цалингийн зөрүү үүссэн байх тул гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШШ2021/00136 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,    хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн  41.1.3 дахь заалтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.   

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                                                                       

                                                                                                            Д.КӨБЕШ