Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0461

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.М*************

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: З.Ч*************

Гуравдагч этгээд: Г.Н************

Гуравдагч этгээд: “Б*************” ХХК нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч*************, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Ж*************, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*************, гуравдагч этгээд З.Ч*************-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*************, түүний өмгөөлөгч Д.О*************, гуравдагч этгээд З.Ч*************-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*************, түүний өмгөөлөгч Ч.Э*************, гуравдагч этгээд “Б*************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М*************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц************* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Нэхэмжлэгч Ч.М************* нь анх “2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/56* дүгээр тушаалын З.Ч*************-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар:

- Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/56* дүгээр тушаалын З.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

- Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/82* дугаар тушаалын З.Ч*************-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

- Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/24* дүгээр захирамжийн М.Б*************, М.Ц*************, М.Б*************, Т.Г*************, А.П*************, Ц.Ц*************, Н.А************* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

- Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах,

- 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/19* дугаар захирамжийн С.Н*************-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/52* дугаар захирамжийн “Б*************” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.

Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:

2.1. Нэхэмжлэгч Ч.М*************-д хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн гэж үзэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан үндэслэлээр Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/30* дугаар захирамжаар[1] Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, ТЭЦ-4 дүгээр цахилгаан станцын баруун урд 0.5 га газрыг 5 жилийн хугацаатай гэрээ байгуулан эзэмшүүлж, Баянгол дүүргийн Газрын албанаас 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 8023/2192 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж газар эзэмших эрхтэй болсон.

2.2. Нэхэмжлэгчээс уг эзэмшиж буй газарт иргэн З.Ч*************-д газар эзэмших эрх олгогдсон гэж үзэж анх 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.  

2.2. Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/24* дүгээр захирамжаар[2] иргэн М.Б*************-т 8023/542* нэгж талбарын дугаар бүхий 1000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар[3], иргэн Т.Г*************-т 8023/537* нэгж талбарын дугаар бүхий 1000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар[4], иргэн А.П*************-т 7023/540* нэгж талбарын дугаар бүхий 1000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар[5], иргэн Ц.Ц*************-д 8023/544* нэгж талбарын дугаар бүхий 1000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар[6], иргэн М.Ц*************-д 8023/54*7 нэгж талбарын дугаар бүхий 1000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар[7], иргэн М.Б*************-д 8023/538* нэгж талбарын дугаар бүхий 1000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар[8], иргэн Н.А*************-д 8023/5*87 нэгж талбарын дугаар бүхий 1000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар[9]  тус тус эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

2.3. Тус эзэмшил газраа М.Б*************, Т.Г*************, А.П*************, Ц.Ц*************, М.Ц*************, М.Б*************, Н.А************* нар нь иргэн З.Ч*************-д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/82* дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” захирамжаар дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/24* дүгээр захирамжийн нэр бүхий иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн[10].

2.4. Уг захирамжийн дагуу З.Ч*************-д 68023/5400 нэгж талбарын дугаар бүхий 7000 м.кв газрыг газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээгээр олгож[11], Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/56* дүгээр захирамжаар[12] газар эзэмших эрхийг баталгаажуулсан.

2.5.  Харин Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/19* дугаар захирамжаар[13] иргэн   998 м.кв бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр  газар эзэмших эрхийн гэрчилгээ[14], “Б*************” ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/52* дугаар захирамжаар[15] 618 м.кв бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр  газар эзэмших эрхийн гэрчилгээ[16] тус тус олгосон байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “…Ч.М************* нь Баянгол дүүргийн Газрын албанд 2008 онд газар эзэмших хүсэлт гаргасан. Баянгол дүүрэг дэх ТЭЦ-4 дүгээр цахилгаан станцын урд талд байрлах хур хогондоо дарагдсан газрын хогийг цэвэрлэж, иргэн, аж ахуйн нэгжид газар олгох ажиллагаанд оролцсонтой холбоотойгоор Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 303 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын урд байрлах 5000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар олгосон. Баянгол дүүргийн Газрын албанаас 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 8023/2192 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээний ард талд баталгаат хэмжээ тогтоосон актыг үйлдсэн. Иргэд тухайн хур хогийг цэвэрлэх ажиллагаанд оролцож газар эзэмших хүсэлтээ гаргасны дагуу газрыг эзэмшүүлсэн. 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн захирамжийн 2 дахь заалтаар эзэмшүүлэх газрын хэмжээ, заагийг газар дээр нь хэмжүүлж координатжуулж кадастрын зургийг үйлдэж, газрын төлбөрийг ногдуулж, хуулийн дагуу гэрчилгээ олгож Улсын бүртгэлд бүртгэхийг Газрын албанд даалгасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад н.Г************* мэдүүлэгт иргэд хур хогийг цэвэрлэсэн, бид газрын хэмжээ заагийг зааж өгч газрыг баталгаажуулж өгсөн гэдэг. Баянгол дүүргийн Газрын албанаас зааж өгсөн газарт Ч.М************* нь тухайн үед хашаа барьсан. Хашаа бариад газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд цаг тухай бүрт нь төлсөөр ирсэн боловч 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр буруу газар барьсан гэж хашааг нь буулгаж, хурааж авч явсан. Үүнээс өмнө хашааг бурууг газар барьсан байна, газрыг чөлөөл, хашаагаа зөв газар барь гэсэн мэдэгдэл өгч байгаагүй. Энэ үеэс эхлэн хашааг зөв газар барьсан эсхүл буруу газар барьсан гэсэн асуудал яригдсан. Нэхэмжлэгчийг очоод асуухаар кадастрын зураг зуруулсан “************* ХХК-иар зургаа зуруулаад ир гэсэн. Ингээд “Х*************” ХХК-иар 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зуруулсан зураг 2 дугаар хавтаст хэргийн 111 дүгээр талд авагдсан. Кадастрын зургаар хашаагаа зөв газраа барьсан учраас Баянгол дүүргийн Газрын албанаас Ч.М*************-аар 350,000 төгрөгийн төлбөрийг тушаалгаад 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр журмын хашаанаас хашааг гаргах, хашааг дахин барих зөвшөөрлийг олгосны дагуу нэхэмжлэгч нь өөрийн эзэмших, ашиглах эдэлбэр газар дээрээ хашаагаа барьсан. Гэвч 2018 онд нэхэмжлэгчийн газар дээр З.Ч************* хашаа барьснаар маргаан эхэлсэн. Нийслэлээс үүнтэй холбоотой асуудлыг холбогдох хууль, хяналтын байгууллагад шийдвэрлүүл гэсэн хариуг 2018 оны 05 дугаар сард өгсөн учраас тус хариуг хүлээж авч хуульд заасан хугацаанд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа. Иймд 2014 оны 06 дугаар сарын 30-ны А/56* дүгээр захирамжийн З.Ч*************-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад З.Ч************* Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/24* дүгээр захирамжаар олгосон газраа М.Б*************, М.Ц*************, М.Б*************, Т.Г*************, А.П*************, Ц.Ц*************, Н.А************* нарт 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/82* дугаар захирамжаар шилжүүлсэн нь тогтоогддог. Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/230 дугаар захирамжийн нэр бүхий 7 иргэнд холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/82* дугаар захирамжаар З.Ч*************-д шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. 2008 онд Ч.М************* газраа эзэмшээд ашиглаад явж байтал Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/24* дүгээр захирамжаар нэр бүхий 7 иргэнд газрыг нь олгосон.

Нэхэмжлэгчийн маргаж буй асуудал энэ үеэс эхэлсэн. Эдгээр хүмүүсийн газар эзэмших хүсэлтийг харвал бүгд тухайн нэг өдрүүдэд хүсэлтээ гаргасан байдаг. Хүсэлтийн дагуу газар эзэмших хүсэлт, материалыг Газрын алба хүлээж аваад Геодези, зураг зүйн газрын 2008 оны Газар эзэмшүүлэхтэй холбоотой журамд зааснаар газар дээр нь газар дээр нь хээрийн судалгаа хийх, энэ газар нь бусдын эзэмшил газартай давхцаж байгаа эсэх талаарх судалгааг хийдэг. Энэ чиг үүргийнхээ дагуу судалгааны ажлыг хийгээгүйгээс бол газрыг давхцуулж олгосон асуудал харагдаж байгаа. Газар дээр нь очиж үзээд хэний газар гэдгийг судалсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан. Тухайн газар эзэмших хүсэлтүүдийг харахаар бүгд нэг гарын үсэгтэй, бичгийн чадвар муутай байдаг. 7 иргэн бүгд нэг бичгийн хэвтэй байна гэж байхгүй. Гэтэл хүсэлтүүд хэн ч харсан нэг бичгийн хэвтэй байдаг. Ингээд 7 иргэнд газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхтэй давхацсан Газрын тухай хуулийг зөрчсөн тул Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/24* дүгээр захирамжийн нэр бүхий иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байгаа.

2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/82* дугаар захирамж нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхтэй давхацсан, Газрын тухай хуулийн 31 дүгээр хуулийн 31.3-т зааснаар бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцаж болохгүй тул уг захирамжийг мөн хүчингүй болгож өгнө үү...” гэв.

3.2. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Ч.М*************-д дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 303 дугаартай хур хог цэвэрлүүлж, газрын зөвшөөрөл олгох захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 цахилгаан станцын баруун урд аж ахуйн зориулалтаар 5000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн болно.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хучин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана”, 39 дүгээр зүйлийн 39.1.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно” хэмээн заасан байдаг тул иргэн Ч.М*************-д дүүргийн Засаг даргын 2008 оны захирамжаар эзэмшүүлсэн газрын газар эзэмших эрх дуусгавар болсон.

Мөн иргэн Ч.М*************-д дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 303 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн газрын хувийн хэрэгт газрын кадастрын зураг байхгүй байх бөгөөд газрын мэдээллийн санд бүртгэлгүй байна.

Харин 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дүүргийн Газрын албанд газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар ирүүлсэн хүсэлтэд хавсаргасан материалд 2010 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Х*************” ХХК-иар хийлгүүлсэн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг хавсаргасан байдаг.

Дээрх зургийг дүүргийн газрын мэдээллийн санд оруулахад дүүргийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/562 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн 10,000 м.кв газартай тодорхой хэсгээр давхцаж байна...“ гэжээ.

3.3. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А************* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.М*************-д Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 303 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. 2013 оны 07 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон. Хугацаа сунгуулах хүсэлтийг дүүргийн Засаг дарга болон харьяалах чиг үүргийн байгууллага болох Газар зохион байгуулалтын албанд гаргаж байгаагүй. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана, 39 дүгээр зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно, 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол цуцлахаар заасны дагуу иргэн Ч.М*************-ын газар эзэмших эрх дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь 10 сарын дараа буюу 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Газар зохион байгуулалтын албанд хугацаа сунгуулах хүсэлтээ өгсөн байдаг. Нэхэмжлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл болж байгаа.” гэв.

3.4. Гуравдагч этгээд З.Ч*************-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана гэж заасан боловч нэхэмжлэгчийн зүгээс уг хугацаанд хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон. 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хугацаагаа сунгуулахаар хүсэлт гаргасан нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Баянгол дүүргийн Газрын албаны дарга н.М************* шүүхэд гаргасан мэдүүлэгтээ Ч.М*************-ын газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байсан. 2018 оны 303 дугаар захирамж дээр он сар өдөр байгаа, тухайн иргэнд газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, газар эзэмшигч нэг жил гаруйн дараа хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан. Ч.М************* нь газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулсан зүйл байхгүй гэсэн байдаг. Ч.М************* нь 30 хоногийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн. Хугацаа сэргээлгэсэн зүйл байхгүй. Ч.М************* нь Баянгол дүүргийн Газрын албанд эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг болох хавтаст хэргийн 140 дүгээр хуудсанд авагдсан баримтыг гаргаж өгсөн байдаг.

Ч.М*************-ын хүсэлтээр хийсэн “Х*************” ХХК-ийн 2010 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зурагт талбайн хэмжээ, байршлыг тогтоосон албан ёсны зураг байдаг. Уг зураг нь Ч.М*************-ын анх эзэмшиж байсан газрын байршил, хэмжээг тухайн үеийн байдлаар тодорхой харуулсан. Уг зургаас харвал Ч.М*************-ын газар нь гуравдагч этгээд нарын газартай байршлын хувьд давхцалгүй байдаг. Уг асуудлыг Захиргааны хэргийн шүүхээс тодруулахад “Х*************” ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20/06 тоот албан бичгээр ...Ч.М*************-ын эзэмшиж байсан газрын урд талд иргэн З.Ч*************, “Т*************” ХХК-ийн газар байрлаж байгаа тул Ч.М*************-ын газартай давхцалгүй гэсэн байдлаар хариуг ирүүлсэн байдаг. Мөн Захиргааны хэргийн шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт нотлох баримт гаргуулах албан тоотыг хүргүүлсэн ба уг албан тоотын хариуд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Х*************” ХХК-ийн зуруулсан Ч.М*************-ын эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зургийн солбицлын утгаар газрын байршил тогтоолгон зураглаж Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2018 оны 10 дугаар сарын зурган мэдээлэлтэй давхцуулахад байршлын хувьд давхцалгүй гэсэн хариуг ирүүлсэн байдаг.” гэв.

3.5. Гуравдагч этгээд З.Ч*************-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д************* өмгөөлөгч Д.О************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ч.М************* газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах асуудал нь хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэх, хугацаандаа хүсэлтээ гаргасан эсэх, захирамжуудад дурдагдаж байгаа нэр бүхий гуравдагч этгээдийн газрууд нь Ч.М*************-ын газартай давхцаж байгаа эсэхээс шалтгаалж нэхэмжлэлийн шаардлага хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхой болно гэж үзэж байгаа.

Ч.М************* нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах өргөдлийг гаргасан. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаандаа гаргаагүй учраас газар эзэмших эрх дуусгавар болох нь үндэслэлтэй. Нэгэнт газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон тул газрыг өөр хүнд эзэмшүүлэх захирамж нь хууль тогтоомж зөрчсөн зүйл биш. Ч.М*************-ын хувьд 2010 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Х*************” ХХК-иар кадастрын зургийг хийлгүүлсэн. Үүнийг “Х*************” ХХК-ийн захирал н.Я************* анх баталгаат хэмжээ тогтоосон актын дагуу кадастрын зургийг хийлгэсэн гэж мэдүүлэг өгсөн. Энэ зургаас хойш 2013, 2014 онуудад “Х*************” ХХК-иар кадастрын зураг хийлгэсэн байдаг. 2010, 2013 оны кадастрын зургийн нэгж талбарын дугаар зөрдөггүй. 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн кадастрын зурагт өөрчлөлт орсон. н.Я************* нь Ч.М************* газар дээр маргаан гарсан тул хашаа барьсан газар дээрээ дахиж хэмжилт хийлгэе гээд хашаа барьсан газартаа дахин хэмжилт хийлгэсэн гэдэг. 2010, 2014 оны кадастрын зураг зөрсөн. 2010 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн кадастрын зургийн урд талын цэг дээрээс хойд талын цэгээ аваад урагшаа татаж кадастрын зураг хийлгэсэн нөхцөл байдал тогтоогддог. 2010 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ч.М************* дүүргийн газрын албанаас зааж өгсөн газарт зураг хийлгэсэн. Хашаа барьсан газартаа дахин кадастрын зураг хийлгэснээр асуудал дагуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл З.Ч*************, “Б*************” ХХК, С.Н************* газартай давхцаж эхэлсэн. Энэ зураглалуудаас харвал анх Баянгол дүүргийн Газрын албанаас зааж өгсөн газар нь гуравдагч этгээд нарын газартай давхцалгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Баянгол дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын захирамж нь хууль тогтоомжид нийцсэн, Ч.М*************-ын эрх ашгийг хөндсөн асуудал тогтоогддоггүй. н.Г************* баталгаат хэмжээ тогтоосон актад Барилга, хот байгуулалтын зураг зүйн газраас хашаа барьсан газартай давхацсан гэсэн дүгнэлт гаргасан. н.Г************* баталгаат хэмжээ тогтоосон акт эрх бүхий албан тушаалтнуудаар хянагдаж гарын үсэг зурагдаагүй байдаг. н.Г************* уг баталгаат хэмжээ тогтоосон акт хүчин төгөлдөр бус гэдгийг хэлсэн байдаг. Шүүхээс уг нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв эсэхэд дүгнэлт хийх байх. Тухайн үед газрын төлбөрийн нэхэмжлэх ирж байсан учраас газар эзэмших эрх сунгагдсан гэж ойлгож байсан гэдэг ч хуульд газрын хугацаа дуусахаас өмнө 30 хоногийн өмнө хүсэлт гаргаж сунгуулах талаар зохицуулсан болохоос төлбөр төлж байвал газар эзэмших эрх албан ёсоор сунгагдаад явна гэсэн тайлбар үндэслэлгүй. Баянгол дүүргийн Газрын албаны тухайн үеийн газар зохион байгуулагч н.М************* санхүү, төрийн сангийн алба тусдаа, газрын алба тусдаа, нэгэнт тайлан тооцоог орхиод явсан учраас мэдэлгүй төлбөр тооцоог хийгээд явсан байна. Энэ нь газар эзэмших эрхийн хугацаа дууссантай холбогдолгүй асуудал гэдэг. Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс илүү төлбөр төлөөд явсан бол энэ төлбөрөө төрийн сангаас нэхэмжлээд авах боломжтой гэж бодож байна. Баянгол дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын захирамж хууль ёсны, Ч.М*************-ын эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.6. Гуравдагч этгээд З.*************-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2008 онд тухайн газрыг Ч.М*************-д эзэмшүүлэхдээ гэрчилгээ, гэрээг бичиж өгсөн байдаг. Кадастр огт дурдагдаагүй. Ярианаас нь кадастр байхгүй гэж ойлгож байгаа. Тиймээс 2010 онд Х************* ХХК-иар кадастрын зураг хийлгэсэн. Тухайн үед Ч.М************* газраа хаана байсныг мэдэхгүй байсан. 2013 онд газар эзэмших эрхийн хугацаа дууссан учраас 2014 онд газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан. Тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байсан гэх боловч кадастр байхгүй байсан тул газар нь хаана байсан юм бэ? Тус газрыг 2013 онд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар хүчингүй болгож хэрэгцээндээ авсан. 2014 онд З.Ч*************-ын эзэмшлийн газар дээр хашаа бариад кадастр хийлгэсэн. Тиймээс Газрын албанд тухайн газрыг албадан чөлөөлөх эрх нь бий. Баталгаат хэмжээ тогтоосон акт 2003 онд хэрэглэгдэхээ больсон. Баталгаат хэмжээ тогтоосон актыг н.Г************* хууль бус, хүчин төгөлдөр бус гэсэн гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Баталгаат хэмжээ тогтоосон акт, З.Ч*************-ын газар дээр барьсан хашааг үндэслэж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дүгнэлт гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.7. Гуравдагч этгээд З.Ч*************-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э************* өмгөөлөгч Ч.Э************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмшиж ашиглаж байгаа этгээдийн үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэгч яагаад Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэдгээ тайлбарлахгүй байна. Манайх давхцалгүй байсан, З.Ч************* газар давхцуулж авсан гэдэг болохоос Газрын тухай хуулийн 35, 45, 47, 49 дүгээр зүйлд заасныг няцааж тайлбарлаж чадахгүй байна. Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан үүргээ биелүүлээгүй жил гаруйн дараа хугацаа сунгуулах хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон гэдгээ мэдэж байсан учраас газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргасан гэж харж байна. Нэхэмжлэгч үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.8. Гуравдагч этгээд Г.Н************* бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Засаг дарга, газрын албанд хууль ёсны дагуу өргөдөл гаргаж, хашаа барьж, сонгон шалгаруулалтын үнэ төлөх, зураг хийлгэх зэрэг эрх, үүргийг биелүүлж, газрын албаны зөвшөөрлөөр уг газрыг эзэмшиж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

        ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2. Маргааны үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ч.М*************-д  “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дулааны цахилгаан станцын урд...байгаа хогийг өөрийн хүчин хөрөнгөөр цэвэрлэсэн гэх үндэслэлээр түүнд Баянгол дүүргийн Засаг дарга 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/30* дугаар захирамжаараа[17] Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, ТЭЦ-4 дүгээр цахилгаан станцын баруун урд 0.5 га газрыг 5 жилийн хугацаатай гэрээ байгуулан эзэмшүүлж, 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

4.3. Харин уг газар эзэмших гэрээ, гэрчилгээний хугацаа 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болохоор байхад нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах...” гэж заасны дагуу хуульд заасан хугацааг хэтрүүлэн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг сунгуулах хүсэлтийг 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд /хуучин нэрээр/ гаргасан байна[18].

4.4. Гэтэл Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана...” гэж заасны дагуу хариуцагч болон түүний харьяа нэгж, албанаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан шийдвэр гаргаагүй байна.

4.5. Энэ тухай нэхэмжлэгчээс “...Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албанаас 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн газрын төлбөрийн нэхэмжлэх ирүүлсэн тул газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан гэж ойлгосон...”, Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээний 5.5-д “Газар эзэмших гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч газраа эзэмшсээр байгаа бол энэхүү гэрээг 1 жилийн хугацаанд хүчинтэй гэж үзнэ” гэж зааснаар газар эзэмших эрх дуусгавар болоогүй” гэж тайлбарласан.

4.6. Гэвч тус гэрээний заалт нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”  27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” буюу зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд үйлчлэхээр байна.

4.7. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн хугацааг сунгуулж, эрхийн гэрчилгээ олгогдож, өмнөх гэрээг шинэчлэн батлуулаагүй гэрээг нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх байдлаар зохицуулжээ.

4.8.  Энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасны дагуу төлбөрийн нэхэмжлэх ирүүлснээр газар эзэмших эрхийн хугацааг сунгасан гэж тооцох боломжгүй.

4.9.Нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 “...эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах...” эрхээ хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д заасан хугацаанд хэрэгжүүлээгүй, хариуцагчаас түүнийг газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэнд тооцон 2014-2018 оныг хүртэл түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан аливаа эрх зүйн акт огт гараагүй зэргээс үзэхэд Ч.М*************-ын  “газар эзэмших эрх хүчинтэй” гэх тайлбар үндэслэлгүй байна.

4.10. Түүнчлэн маргаан бүхий газар дээр “Х*************” ХХК-иас  2010 оны 4 дүгээр сарын 03[19], 2013 оны 03 дугаар сарын 28[20], 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр[21] тус тус кадастрын зураг хийсэн байна.

4.11. Дээрх кадастрын зурагтай холбогдуулан хэрэг маргааны бодит байдлыг тогтоолгохоор шүүхээс холбогдох ажиллагааг хийхэд 2010 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр үйлдсэн “Эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг” нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/295 тоот албан бичгээр[22] Ч.М*************-ын 5000 м.кв талбай бүхий газар нь гуравдагч этгээд З.Ч*************, Г.Н*************, “Б*************” ХХК-ийн эзэмшиж буй газартай давхцалгүй.

4.12. 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн зураг нь 18633306944801 дугаар бүхий 7000 м.кв талбайтай газартай 3584 орчим м.кв талбайтайгаар /З.Ч*************/, нэгж талбарын 1681900069 дугаар бүхий 998 м.кв /Г.Н*************/, нэгж талбарын 1681910108 дугаар бүхий 618 м.кв талбайтай газартай / “Б*************” ХХК/ 1166 орчим м.кв талбайгаар тус тус давхцалтай болохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/121 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоосон[23].

4.13.  2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн зураг нь “Х*************” ХХК-ийн 2010 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр үйлдсэн “Эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг”-тай адил бөгөөд аливаа байдлаар бусдын эзэмшлийн газартай давхцалгүй байна.

4.14. Эдгээр эргэлзээтэй байдлыг арилгахыг тулд хэргийн нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрчээр дуудан тодруулахад Баянгол дүүргийн Газрын албаны мэргэжилтэн гэрч Д.************* “...Тухайн үед Газрын алба өөрсдөө кадастрын цэг, тэмдэг тавьдаг багажгүй байсан. Бид хүмүүсийн хооронд маргаан үүсгэхгүй үүднээс “Х*************” ХХК-тай хэлэлцээр хийж, зөвхөн тэр хэсгийн газрын кадастрын зургийг хийлгэж байсан...газрыг зааж өгч цэвэрлүүлсэн”[24], гэрч “Х*************” ХХК-ийн захирал Ч.Я************* “...2014 оны зураг нь Ч.М*************-ын барьсан байсан хашаан дээр хийсэн кадастрын зураг. Газрын маргаантай гэхээр нь газар дээр нь очиж хийсэн...2010 оны зургийг Ч.М************* өөрөө ирж цэгээ тавиулж авсан...” гэж мэдүүлсэн болно.

4.15. Нэхэмжлэгч Ч.М*************-ын 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд гаргасан хүсэлтэд “...би хашаа барихдаа буруу газар барьсан тул 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хашааг буулгасан...” гэжээ.[25]

4.16. Дээр дурдсан зүйлийг нэгтгэвэл нэхэмжлэгч Ч.М*************-ыг анх өөрт олгосноос өөр буруу координат бүхий газарт хашаа барьж, хожим кадастрын зураг хийлгүүлсэн гэж дүгнэхээр байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн хариуцагчийг үйлдэл хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийг эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үндэслэл тогтоогдсонгүй. 

4.17. Иймд гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/56* дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/82* дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/24* дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/19* дугаар захирамж нь тус тус Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд, хуульд нийцэж гарсан хүчин төгөлдөр захирамж гэж шүүх үзлээ.  

4.18. Эцэст нь иргэн М.Б*************, Т.Г*************, А.П*************, Ц.Ц*************, М.Ц*************, М.Б*************, Н.А************* нарын газрын хувийн хэрэгт авагдсан газар шилжүүлэх хүсэлтэд зурагдсан гарын үсэг нь нэг ижил, бичвэр бүхий байх боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах, хангалттай үндэслэл болж чадаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан Ч.М*************-ын Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/56* дүгээр тушаалын З.Ч*************-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/82* дугаар тушаалын З.Ч*************-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/24* дүгээр захирамжийн М.Б*************, М.Ц*************, М.Б*************, Т.Г*************, А.П*************, Ц.Ц*************, Н.************* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/19* дугаар захирамжийн С.Н*************-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/52* дугаар захирамжийн “Б*************” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

[1] - 1Хавтаст хэргийн 111 хуудас

[2] - 1Хавтаст хэргийн 93 хуудас

[3] - 1Хавтаст хэргийн 31 хуудас

[4] - 1Хавтаст хэргийн 41 хуудас

[5] - 1Хавтаст хэргийн 48 хуудас

[6] - 1Хавтаст хэргийн 58 хуудас

[7] - 1Хавтаст хэргийн 66 хуудас

[8] - 1Хавтаст хэргийн 73 хуудас

[9] - 1Хавтаст хэргийн 61 хуудас

[10] - 1Хавтаст хэргийн 27 хуудас

[11] - 1Хавтаст хэргийн 83 хуудас

[12] - 2Хавтаст хэргийн 91 хуудас

[13] - 3Хавтаст хэргийн 21 хуудас

[14] - 3Хавтаст хэргийн 12 хуудас

[15] - 3Хавтаст хэргийн 50 хуудас

[16] - 3Хавтаст хэргийн 55 хуудас

[17] - 1Хавтаст хэргийн 111 хуудас

[18] - 1Хавтаст хэргийн 133 хуудас

[19] - 1Хавтаст хэргийн 140 хуудас

[20] - 3Хавтаст хэргийн 152 хуудас

[21] - 2Хавтаст хэргийн 111 хуудас

[22] - 3Хавтаст хэргийн 147-149 хуудас

[23] - 2Хавтаст хэргийн 198 хуудас

[24] - 3Хавтаст хэргийн 136 хуудас

[25] - 1Хавтаст хэргийн 134 хуудас