Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2023/00144

 

 

Д ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                         

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/00583 дугаар шийдвэр, 

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2023/00831 дүгээр магадлалтай,                                                                                                

Д ийн нэхэмжлэлтэй,

“У ” ХХК-д холбогдох

Цалингийн зөрүү, алданги 6,961,588.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д  нь хариуцагч “У ” ХХК-д холбогдуулан цалингийн зөрүү, алданги 6,961,588.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/00583 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг баримтлан “У ” ХХК-аас 1,761,823 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д өд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 5,199,764.8 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн К.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д өөс 2022 оны 04 дүгээр арын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,335.43 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “У ” ХХК-аас 43,139 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2023/00831 дүгээр  магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/00583 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 107 дугаар зүйлийн 107.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч "У ” ХХК-д холбогдох 6,961,588.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3,162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,139 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Д ийн нэхэмжлэлтэй, “У ” ГХОХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 831 дүгээр магадлалыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухай.  Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дугаар зүйлийн 101.1 дэх хэсэг, 2022 оны Хөдөлмөр, Нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны Цалин хөлс тогтоох аргачлалын 6.2.2 дах заалтыг тус тус зөрүүтэй хэрэглэсэн тухай.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Д ийн хөдөлмөрийн нэмэгдэл бодох үндсэн цалингийн хэмжээ, ойлголтын тухай зөрүүтэй дүгнэлт хийсэн. Анх нэхэмжлэгч Д  нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч “У ” ХХК-тай сарын 4,000,000 төгрөгийн үндсэн цалинтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, цаашид цалин нэмэгдэж 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 5,233,322.55 төгрөгийн үндсэн цалинтай байхаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь дээрх цалингаас нэмэгдэл бодох нь зүйтэй хэмээн нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “сарын цалин” гээд “сар бүр....төгрөгийн цалин олгох”-оор заасан нь Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.4.1 дэх заалтад хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалинг 1 үндсэн цалин гэж ойлгоно хэмээн заасантай нийцэж байна. Мөн ажил олгогч болон үйлдвэрчний эвлэл хооронд байгуулагдсан Хамтын гэрээний 1 дэх хэсэгт “Үндсэн цалин гэж Хөдөлмөрийн гэрээнд тусгасан сарын цалинг хэлнэ" гэж харилцан тохиролцож тусгаснаас үзвэл хариуцагч нь анхнаасаа хөдөлмөрийн гэрээнд заасан цалинг үндсэн цалин хэмээн зөвшөөрсөн байсныг харуулж байна /хх84 дэх тал/. Улмаар хариуцагчаас нэхэмжлэгчид ирүүлсэн цалин, хөлсний бүрэлдэхүүнд сарын Үндсэн цалин 5,233,332.55 төгрөг байхаар заасан буюу холбогдох журамд зааснаар тус үндсэн цалингаас нэмэгдэл бодохоор илэрхийлсэн гэж үзэхээр байна /хх22-23/. Дээрх зохицуулалтад үндэслэн нэхэмжлэгч Д ийн сарын үндсэн цалин нь 5,233,332.55 төгрөг болох тухай анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүхээс тухайн ажилтны ажил үүргээ гүйцэтгэсэн хугацаанд олгосон хөлсийг үндсэн цалин гэж ойлгоно хэмээн дүгнэхдээ нэхэмжлэгчийг маргаан бүхий 2022 оны 01 болон 02 дугаар сард аливаа ажил таслалт, чөлөө аваагүй бүрэн ажилласан болохыг огт анхаараагүй. Хэрвээ давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн байдлаас харвал нэхэмжлэгч Д  нь хөдөлмөрийн гэрээнд тодорхойлсон үндсэн цалинг хэзээ ч авах боломжгүй, Хөдөлмөрийн гэрээнд талуудын тохиролцсон үндсэн цалин нь бодит байдал дээр нэмэгдэл тооцоход ч ашиглагддаггүй, авах ч боломжгүй хий хоосон тоо төдий болж байна. Хэдийгээр хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авах нь шударга боловч хэзээ ч авах боломжгүй “үндсэн цалин”-г хөдөлмөрийн гэрээнд оруулах шаардлага байгаа эсэхэд эргэлзэж байна. Ямар тохиолдолд сарын үндсэн цалин нь 5,233,332.55 төгрөгөөс нэмэгдэл бодуулах боломжтой болох нь тодорхойгүй үлдэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 107.1 дэх хэсэг, Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.4.1 дэх заалтыг тус тус зөрүүтэй хэрэглэсэн тухай.

Анхан шатны шүүхээс ажилтны нийт цалинг бодохдоо үндсэн цалин болох 5,233,332.55 төгрөгийг 173.3 цагт хуваах замаар нэг цалин хөлсийг тооцож дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүхээс ажилтны цалин цагаар олгож болно гэж дүгнэхдээ цагийн хөлсийг хэрхэн тооцох тухай дүгнэлт огт өгөөгүй байдаг. Дээр дурдсанаар талууд хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан цалин хөлсийг үндсэн цалин хэмээн харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 107.1 дэх хэсэг, Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 14.1 дэх заалтад тус тус зааснаар сарын үндсэн цалин гэдэг нь ажилтан тухайн сард ажиллах ёстой нийт энгийн цагийг бүрэн ажилласан тохиолдолд хөдөлмөрийн гэрээгээр олгохоор тохиролцсон цалин гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар “У ” ХХК-ийн нийт ажилчид уртын ээлжээр буюу сард 14 хоног буюу 112 (14 хоног*8 цаг) цаг ажиллахаар хуульчилсан. Ажилтан Д  нь 2021 оны 1 болон 2 дугаар сард тус бүр 112 цаг бүрэн ажилласан болохыг анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн. Гэвч сарын цалинг 2080 гэх цагт хувааж нэг цагийн цалин хөлсийг тооцож гаргасан ойлгомжгүй бөгөөд алдаатай болжээ. Ажил олгогч нь 2080 гэх цагийг зөвхөн үндсэн цалингаас тооцогдох нэмэгдлийг бодоход ашигладаг бөгөөд сарын цалин хөлсийг ийнхүү боддоггүй.

Зүй нь ажилтны нэг сарын цалин болох 5,233,332.55 төгрөгийг /сард ажиллах ёстой цаг 112 цагт хувааж = 46,726.18 төгрөг нь 1 цагийн цалин болно. Үүнээс холбогдох 2022 оны 1 дүгээр сард 2,666,937.43 (үндсэн цалин 5,233,322.55 төгрөг - 1 дүгээр сард авсан цалин 5,562,760.29 төгрөг) төгрөг, 2022 оны 2 дугаар сард 1,670,572.26 (үндсэн цалин 5,233,322.55 төгрөг - 1 дүгээр сард авсан цалин 3,562,760.29 төгрөг) төгрөг, нийт 4,337,509.69 төгрөгийн үндсэн цалингийн зөрүүг авч чадаагүй байна. Цаашилбал дээрх хариуцагчаас олгоогүй цалин хөлснөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар алданги тооцон ажилтанд нөхөн олгох зохицуулалттай бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг нь эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Харин хяналтын шатны шүүхээс ажилтны үндсэн цалин гэж хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалинг хэлэх эсэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дугаар зүйлийн 101.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 107.1 дэх хэсгийг хэрхэн ойлгох тухай дүгнэлт өгч, шүүхээс өөр өөрөөр тайлбарлаж байгааг таслан зогсоож, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах шаардлагатай байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 583 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэл дэх Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 831 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.06.20-ны өдрийн хуралдааны 001/ШХТ/2023/00736 тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Д  нь хариуцагч “У ” ХХК-д холбогдуулан 2016.09.12-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-гээр харилцан тохиролцсон цалин, хөлсний зөрүү 5,930,550.11 төгрөг, алданги 1,031,038.8 төгрөг, нийт 6,961,588.91 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба “...2020.12.09-ний өдрөөс хойш 5,233,322.55 төгрөгийн үндсэн цалинтай ажилласан, ...уртын ээлжээр 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьт шилжсэн хэмээн гэрээгээр тохиролцсон сарын үндсэн цалинг олгоогүй, 2022 оны 1, 2 сарын үндсэн цалингийн зөрүүг авч чадаагүй, 13%-ийн хээрийн нэмэгдэл, 13%-ийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл авдаг, нэмэгдлүүдийг 5,233,322.55 төгрөгийн үндсэн цалингаас бодоогүй, ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол алданги тооцож олгохоор заасны дагуу 2022 оны 1, 2  сард олгоогүй цалингаас тооцсон нийт 1,031,038.8 төгрөгийн алдангийг шаардах эрхтэй”  гэж шаардлагаа тодорхойлсон.

7. Хариуцагч нь “...хуулийн шинэчилсэн найруулгаар хийгдсэн өөрчлөлтийн дагуу ажилтныг 14/14 гэсэн уртын ээлжээр ажиллуулсан, нэхэмжлэгчийн цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хугацаанд нь бүрэн олгосон, аливаа алданги төлөх үүрэг хүлээх үндэслэлгүй” гэж маргасан.

8. Анхан шатны шүүх “У ” ХХК-аас 1,761,823 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д өд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 5,199,764.8 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Д  нь О  Төслийн талбайд Барилгын хянагч албан тушаалд ээлжийн хуваариар ажилладаг, нэг сарын үндсэн цалин 5,233,322.55 төгрөг болж нэмэгдсэн талаар талууд маргаагүй, ... МОН-СҮАЖ-621 Ажлын цаг журамд заасан ажилтны жилийн үндсэн цалинг 2080-д хуваасан буюу 30,193 төгрөгийг 1 цагийн цалин гэж үзэн, ажилтан 1 дүгээр сард 112 цаг ажилласан байхад 85 цагаар тооцож 815,221 төгрөг дутуу олгосон, 2 дугаар сард 181,145 төгрөг илүү олгосныг хасч, 634,076 төгрөгийг ажил олгогч нь ажилтанд олгох үүрэгтэй гэж, мөн хээрийн болон хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг тус бүр 13 хувиар тооцон 1,127,747 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулан ажилтанд олгох, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэн, алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэгчийн 2022 оны 01, 02 дугаар сард ажилласан хугацааны цалинг цалин олгох мөчлөгийн дагуу дараагийн сард нь тооцож олгосныг анхан шатны шүүх анхааралгүй хариуцагчийг 634,076 төгрөгийн цалинг дутуу олгосон гэж дүгнэсэн нь буруу, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн болон төслийн талбайн нэмэгдлийг тухайн хугацааны үндсэн цалинд үндэслэн олгосон байх тул нэмэгдлийн зөрүү 1,593,040.42 төгрөг гаргуулах нэхэмжлэл үндэслэлгүй, ...МОН-СҮАЖ-621 “Ажлын цагийн журам”-ын нэр томьёо хэсгийн хүснэгтийн 2-т зааснаар 1 цагийн цалинг 30,193 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй, сарын үндсэн цалинг ажиллах ёстой 112 цагт хувааж 1 цагийн 46,726.18 төгрөгөөр тооцох ёстой гэсэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй” гэж тус тус дүгнэсэн байна.

10. Хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

11. Хэргийн баримтаар Д  нь “У ” ХХК-тай 2016.09.12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж “О ” ХХК-ийн уурхайн төслийн талбайд барилга хянагчийн албан тушаалд томилогдсон бөгөөд 1 сарын үндсэн цалин нь 5,233,322.55 төгрөг байхаар тохиролцсон, 2022.01.01-ний өдрөөс 14 хоног ажиллаж, 14 хоног амрах уртын ээлжээр ажиллаж байгаа бөгөөд 2022.01.11-ний өдрөөс 24, 2022.02.08-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэлх хугацаанд уурхайн төслийн талбайд ажилласан, ажил олгогч нь  ажилтны цалинг 2022.01.10, 25-нд, 2022.02.10, 25-нд, 2022.03.10,25-ны өдрүүдэд тус тус олгожээ.

12. Нэхэмжлэгч нь хариуцагчийг хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалинг бүрэн олгоогүй, ажилласан хугацааны цалинг дутуу бодсон, цалин олгохдоо 1 цагийн цалин хөлсийг буруу тооцоолсон гэсэн үндэслэлээр цалингийн зөрүү шаардсан байх бөгөөд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль хэрэглээний дүгнэлт хийж, зохигчийн хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.  

13. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын хамтын гэрээ, улс, нийслэл, аймаг, сум, дүүрэг, салбар, салбар дундын хамтын хэлэлцээрийг тухайн хамтын гэрээ, хэлэлцээрээр тохиролцсон хугацаанд дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан хамтын гэрээ, хэлэлцээрт өөрчлөлт оруулах эсэхийг талууд харилцан тохиролцон шийдвэрлэнэ” гэж,

2 дугаар зүйлд “Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна” гэж тус тус зохицуулсан байна.

14. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй хөдөлмөрийн гэрээ нь 2016 онд байгуулагдсан байх бөгөөд хуулийн зохицуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ажилтныг 2022.01.01-ний өдрөөс эхлэн ажиллаж, амрах цаг 14/14 гэсэн уртын хуваарийн дагуу ажиллуулж эхэлсэн боловч дээрх дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан эсэх, эсхүл гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

15. Ажил олгогчоос ажилтны нэг цагийн цалин хөлсийг тооцоход баримталж буй “2080” буюу жилийн стандарт ажлын цагийн тооцооллоор цалин хөлсийг бодож олгосон байдал, нэхэмжлэгчийн “МОН-СҮАЖ-621 Ажлын цагийн журам-ын нэр томьёо хэсгийн хүснэгтийн 2-т зааснаар 1 цагийн цалинг 30,193 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй, сарын үндсэн цалинг ажиллах ёстой 112 цагт хувааж 1 цагийн 46,726.18 төгрөгөөр тооцох ёстой гэсэн шаардлагын үндэслэл зэргээс үзэхэд ажлын цаг, нэг цагт ногдох цалин хөлсийг бодох аргачлалын талаар талууд өөр өөр байр суурийг илэрхийлсэн боловч талууд энэ талаар хангалттай мэтгэлцээгүйгээс хоёр шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлд өөр өөр дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

16. Түүнчлэн нэхэмжлэгч нь “У ” ХХК-д холбогдуулан “Мон-Стандарт үйл ажиллагааны журмын 621 дугаартай ажлын цаг журмын нэр томьёо хэсэгт Цагийн үндсэн цалин-ажлын жилийн үндсэн цалинг 2080-д хуваасан /жилийн стандарт ажлын цагийн тоо/ дүнг хэлнэ гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцөлийг дордуулсан болохыг тогтоож, ердийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилд ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2023/00103 тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. 

17. Зохигчийн хооронд үүссэн энэ маргааны тухайд талууд ажлын цагийн нэгтгэлийг өөр өөрөөр тооцсон, нэг цагийн ажлын хөлсийг зөрүүтэй аргачлалаар бодсон зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн дээрх гаргасан /тогтоолын 16-д заасан/ нэхэмжлэлийн шаардлагыг энэ маргаантай харилцан хамааралтай гэж үзэхээр байх бөгөөд энэ хоёр хэргийг нэгтгэн шийдвэрлэх эсэхийг тухайн шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/00583 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2023/00831 дүгээр  магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 126,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭСУВД

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА                                          

                                                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                             Д.ЦОЛМОН