Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 148/ШШ2021/00199

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Д.*******ын нэхэмжлэлтэй Видү ХХК-ны захирал Ц.*******од холбогдох Төлбөр тооцооны үлдэгдэл 53.659.685 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:  *******ийн *******

регистрийн дугаар: ДЮ- *******

 

Хариуцагч: *******ийн *******

регистрийн дугаар: МЮ-*******

 

Гэрч: *******ийн *******

регистрийн дугаар:МЬ-*******

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэлийн шаардлага: Төлбөр тооцооны үлдэгдэл 53.689.685 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 2012 оноос 2015 оны хооронд Видү ХХК-д арматур төмөр нийлүүлж байсан. Видү" ХХК нь арматур төмөр нийлүүлсний төлбөрийг дараа нь буюу зээлийн нөхцөлөөр төлөхөөр харилцан тохиролцож байсан. Одоо тус компани нь арматур төмөр нийлүүлсний үлдэгдэл тооцоо болон авлага нийт 53.689.685 төгрөг байна. Тодруулбал:

2012.08.20 - 2014.04.01-ний өдрийн хугацааны тооцоо 45.500.000 төгрөг,

2014.12.08 - 2015.09.08-ны өдрийн хугацааны тооцоо 141.189,685 төгрөг

нийт 186.689.685 төгрөгийн тооцоо нийлсэн. Үүнээс 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 64.000.000 төгрөгийн 2 өрөө байр, 69.000.000 төгрөгийн 2 өрөө байр /нийт 133.000.000төгрөг/-ийг өр төлбөртөө тооцуулан өгч, тус өдөр Видү" ХХК-ийг төлөөлж захирал Ц.******* болон миний бие Д.******* бид тооцоо нийлсэн акт үйлдэж үлдэгдэл 53.689.685 төгрөгийн үлдэгдлийн тооцоо гарсан.

Миний бие дээрх үлдэгдэл төлбөрийг удаа дараа барагдуулахыг шаардсаны үндсэн дээр 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Видү ХХК нь Төлбөр тооцоо дуусгах тухай албан бичгээр "...200 ортой хүүхдийн цэцэрлэгийн төлбөр орж ирмэгц 2018 ондоо багтаан бүрэн төлж барагдуулна гэсэн мэдэгдлийг ирүүлсэн боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй, санхүүгийн хувьд хохирол учруулаад байна.

Иймд Видү ХХК-иас үлдэгдэл төлбөр тооцоо болох 53.689.685 төгрөгийг гаргуулж өгнө үү!... гэжээ.

 

Нэхэмжлэгч: Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Видү ХХК-ын захирал Ц.******* нь анх 2012 оны 08 дугаар сарын 20-нд надтай утсаар ярьж холбогдсон. Тухайн үед би Ц.******* ахыг таньдаггүй байсан. Миний таньдаг ахаас миний утасны дугаарыг олж авсан гэж хэлсэн. Ц.******* ах анх манай гэрт ирж уулзаж байсан. Уулзахдаа арматур төмөр нийлүүлэхээр санал тавьсан. Би тухайн үед саналыг нь хүлээж авсан. Таван Хан-Уул ХХК нь ******* ахын дүү *******ийн компани гэж хэлсэн. Би Ц.******* ахын компанид арматур төмөр нийлүүлдэг байсан ба би төмрөө ачуулаад явуулдаг, ******* ах төмрөө хүлээж авлаа гээд л утсаар холбогдож хэлдэг байсан.

Тэгээд барилгаа барьж дуусаад тооцоо нийлсний дагуу 2015 онд төмрийн мөнгөний оронд 64.000.000, 69.000.000 төгрөгийн үнэ бүхий тус бүр 2 өрөөтэй, 2 байрыг надад өгсөн. Тэр үед тооцоо нийлж, байр өгснөөс үлдэгдэл 53.689.685 үлдсэн. Тэрнээс хойш үлдэгдэл мөнгө төгрөгөө өгөхгүй өдий хүрсэн. Би 2018 онд мөнгө төгрөгнийхөө тооцоог дуусгах талаар хэлэхэд надад Ц.******* ах ... 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн төлбөр орж ирмэгц 2018 ондоо багтаан бүрэн төлж барагдуулна гэж хэлээд энэ талаараа надад албан ёсоор бичиг ирүүлж байсан.

Гэвч өнөөдрийн хүртэл үлдэгдэл мөнгө төлөхгүй санхүүгийн хувьд хохирол учраад байна. Одоо 53.689.685 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Уг нь эхлээд надаас авсан төмрийхөө мөнгийг өгөх тал дээр яман нэгэн маргаангүй байж байснаа сүүлд нь би аваагүй, манай дүүгийн Таван Хан-Уул компани төмөр авсан.Би тэдний өрийг л төлөх гэсэн юм гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.******* ах өөрөө л надтай ярьж, өөрийнхөө бариулж байсан барилгын арматур төмрийг авч байсан.

...Надад өмнө нь дүүгийнхээ компаний өрийг төлж байгаа гэсэн юм огт ярьж б айгаагүй.Бүр 2018 онд хүртэл цэцэрлэгийн санхүүжилт орж ирэхээр үлдэгдэл мөнгийг өгч тооцоо дуусгана гэсэн юм хэлж байсан.Ц.******* болон Ц.******* нарын хооронд байсан өр төлбөрийн асуудал надад ямар ч хамаагүй юм.

Миний хувьд барилга барихад нь нийлүүлж байса төмрийнхөө үлдэгдэл 53.689.685 төгрөгийг л гаргауулж авахыг хүсч байна... гэв.

 

Хариуцагч: Видү ХХК-ны захирал Ц.******* 2021 оны 03-р сарын 31-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэгч Д.******* нь манай Видү ХХК-иас арматур төмөр нийлүүлсний төлбөр 53.689.685 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.Учир нь: Манай компани нь орон сууцны барилга захиалан бариулсан захиалагч компани юм.Орон сууцны барилгыг барьсан гүйцэтгэгч компани нь Таванхан Уул ХХК бөгөөд барилгыг стандартад нийцүүлэн барих, хэрэглэгдэх материал хэрэгсэлийг авах барилгыг ашиглалтанд оруулах зэрэг бүх л үйл ажиллагааг хууль журмын дагуу гүйцэтгэгч компани хариуцан ажилладаг юм.

Манай компани нь 2017 оноос 2018 оны үед "Таванхан Уул" ХХК-д хоорондын тооцоогоор өгөх өглөгтэй байсан юм.Тухайн үед гүйцэтгэгч компаний зүгээс манай компанид хандаж иргэн Д.*******ын нийлүүлсэн арматур төмөрний төлбөрийг төлөх боломж муутай байна, танай компани манайд өглөгтэй болохоор тэр өглөгөндөө тооцоод манай компаний өмнөөс төлбөр хийгээд өгөх боломж байна уу? гэсэн хүсэлтийн дагуу зөвшөөрч Д.*******ын арматур төмөр нийлүүлсний төлбөрийг Таванхан Уул ХХК-ний өмнөөс төлөх зорилгоор санхүүжилт орж ирэхээр төлбөрийг төлөх тухай бичиг хийж өгч байсан юм. Д.******* арматур төмөр худалдасан тул татварын хуулийн дагуу НӨАТатварыг Таванхан Уул ХХК-д төлөх ёстой.Гэтэл одоо болтол төлөөгүй байгаа. Одоо манай компани нь Таванхан Уул ХХК-тай хоорондын тооцоогоор ямар нэгэн өр авлаггүй болсон тул Д.*******ын арматур төмөрний үлдэгдэл мөнгө гэж нэхэмжилж байгаа 53.689.685 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм.

 

Хариуцагч: Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Д.*******ын ярьж байгаа зүйлс бол үнэн. Гэхдээ Д.*******тай өгч авалцаж байсан нийлүүлсэн зүйл бол манай компанид байдаггүй. Д.******* бол андуурч яриад байна. Д.******* нь манай гүйцэтгэх компанитай хамтарч үйл ажиллагаагаа явуулсан.

Манай гүйцэтгэх компанийн нэрээр төмрөө тушаагаад Дарханы төмөрлөгөөс арматур төмрөө гаргаж манай компани руу нийлүүлсэн. Энэ бүх зүйл нь баримттайгаа байдаг. Хамгийн гол нь тухайн өгч авалцсан бараа дээр НӨАТ дагалдаж явдаг. Маргаан бол үүнээс л үүссэн. Тэр бол надад хамаагүй. Би бол өөрөө гүйцэтгэх компанидаа өглөгтэй байсан. Тэгээд ******* надад хэлэхдээ ... та Д.*******ыг мөнгийг өгчих харин манайд өгөх ёстой мөнгөнөөсөө хасаад тооцчих... гэж хэлж байсан. Би тэгээд тухайн хүсэлтийг нь зөвшөөрөөд баталгаа гаргаж өгсөн. Тухайн үед мөнгө төгрөгийг нь өгчих боломж байсан.

Гэтэл Ц.******* манайх НӨАТ-ийн тооцоог хийж чадахгүй болсон гэж хэлэхээр нь би төлөөд НӨАТ шивэлцсэн чинь Д.******* нь манайд хуурамч НӨАТ-ын баримт өгсөн байсан. Тэрнээс болж эрүүгийн цагдаа дээр шалгагдсан. Тэр асуудлыг Д.******* өөрөө сайн мэдэж байгаа. Тийм учраас мөнгө төгрөгийн өгөхгүй яваад байсан. Тэгээд НӨАТ-ын тухай өршөөлийн хууль гараад тухайн мөнгө нь цайрсан.

Ингэхлээр Д.******* өөрөө НӨАТ-аа өгсөн юм шиг тооцоод мөнгө нэхээд байдаг. Манай компани бол Таван Хан-Уул ХХК-тай өглөг авлагаа өнгөрсөн хугацаанд дуусгасан. Би бол Д.*******ад мөнгө өгөх ямар ч үндэслэл байхгүй.

Харин барилгын гүйцэтгэгч компани болох Таван Хан-Уул ХХК-тай л учраа олох ёстой. НӨАТ-ын асуудалтай байсан учир *******ийн өмнөөс Д.*******ад баталгаа гаргаж өгсөн. Тэрнээс биш манай компани Д.*******ын нийлүүлсэн арматур төмрийг авсан зүйл бол байхгүй. Ийм л зүйл болсон. Үүнийг Д.******* өөрөө сайн мэдэж байгаа би ч тайлбарлаж уулзсан... гэв.

 

Гэрч Ц.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

...Д.*******аас төмөр авсан. Төлбөрийг бол тухайн үед нь хийгээд дууссан. Нэхэмжилж байгаа мөнгийг бол Д.******* нь өөрөө сайн мэдэж байдаг. Дархан төмөрлөгийн үйлдвэрт хаягдал хар төмөр нийлүүлсэн. Хаягдал хар төмөр нийлүүлсний НӨАТ-нь суутгаад тухайн үед авсан.

Тухайн үед манай компани Видү компаниас авлагатай байсан. Тэгээд л манай Д.*******тай хийх тооцоог авлагатай Видү компаниар хийлгээд, дараа нь манай хоёр компани хоорондоо тооцоогоо хийе гэж тохиролцсон юм. Тэгээд манай хоёр компаний хоорондын тооцоо ч дууссан. Д.*******ад ч мөн тухайн үедээ өглөг авлагаа дуусгасан. Сүүлд нь мөнгөнийхөө оронд хоёр байр өгсөн. Тэрийг бол Д.******* өөрөө мэдэж байгаа, тэр талаараа өөрөө ярих байх.Манайх 560.000.000 төгрөгийн хар төмөр төмөрлөгийн үйлдвэрт тушаасан. Тэрний татварыг мөн манай компани төлсөн Тийм учраас тэр талаар тооцоо байхгүй гэж бодож байна ... гэв.

 

Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь ВИДҮ ХХК-ны захирал Ц.*******од холбогдуулан Барилгын арматур төмөр нийлүүлсний төлбөр тооцооны үлдэгдэл 53.689.685 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ВИДҮ ХХК-ны захирал Ц.*******од нь ...Д.*******тай өгч авалцаж байсан нийлүүлсэн зүйл бол манай компанид байдаггүй...Манай гүйцэтгэх компанийн нэрээр төмрөө тушаагаад Дарханы төмөрлөгөөс арматур төмрөө гаргаж манай компани руу нийлүүлсэн...Тэгээд ******* надад хэлэхдээ ... та Д.*******ыг мөнгийг өгчих харин манайд өгөх ёстой мөнгөнөөсөө хасаад тооцчих... гэж хэлж байсан. Би тэгээд тухайн хүсэлтийг нь зөвшөөрөөд баталгаа гаргаж өгсөн... Манайх төмөр аваагүй, *******ад өгөх өглөг ч байхгүй... гэж маргажээ.

Шүүх хуралдаанд болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд:

Хэргийн 5 дугаар хуудсанд нэхэмжлэгч Д.*******, Видү ХХК-ний захирал Ц.******* нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдэж, баримтыг 2 дугаар хуудсанд тооцооны баримтын жагсаалт гаргаж, уг жагсаалтанд ... нийт 186.689.685 төгрөг, төлсөн 133.000.000 төгрөг,нийт үлдэгдэл 53.689.685 төгрөг... гэж талууд гарын үсэг зурж баталгаажуулан Видү ХХК-ны тамга дарсан баримт, хэргийн 4 дүгээр хуудсанд Видү ХХК-наас иргэн Д.*******ад 2018 оны 10 дугаар сарын 19-нд Иргэн Д.******* танаа Төлбөр тооцоо дуусгах тухай гэсэн албан бичигт Манай компани нь иргэн Д.*******тай 2015 оны 08 дугаар сарын 26-нд хийсэн тооцооны үлдэгдлээр батлагдсан 53.689.685 төгрөгийг улс орон даяар үүсээд буй эдийн засгийн хямралаас үүдэн төлж барагдуулж чадахгүй байгаа билээ. Иймд Д.*******ад төлөх ёстой тоотоог 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн төлбөр орж ирмэгц 2018 онд багтаан дээрх тооцоог бүрэн төлж барагдуулна гэх баримтууд нь Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг нотолж байна.

Харин хариуцагч Видү ХХК-ний захирал Ц.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд ... нэхэмжлэгч Д.******* нь манай Видү ХХК-наас арматур төмөр нийлүүлсний төлбөр 53.689.685 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь манай компани нь орон сууцны барилга захиалан бариулсан захиалагч компани юм. Орон сууцны барилга барьсан гүйцэтгэгч компани нь Таван Хан-Уул ХХК бөгөөд барилгыг стандартад нийцүүлэн барих ... ажиллагааг хариуцдаг... Д.*******тай өгч авалцаж байсан нийлүүлсэн зүйл бол манай компанид байдаггүй... Таван Хан-Уул компаний захирал Ц.******* надад хэлэхдээ ... та Д.*******ыг мөнгийг өгчих харин манайд өгөх ёстой мөнгөнөөсөө хасаад тооцчих... гэж хэлж байсан. Би тэгээд тухайн хүсэлтийг нь зөвшөөрөөд баталгаа гаргаж өгсөн... Манайх төмөр аваагүй, *******ад өгөх өглөг ч байхгүй... гэх, мөн гэрч Ц******* нь ...Д.*******аас төмөр авсан. Төлбөрийг бол тухайн үед нь хийгээд дууссан. Нэхэмжилж байгаа мөнгийг бол Д.******* нь өөрөө сайн мэдэж байдаг. Дархан төмөрлөгийн үйлдвэрт хаягдал хар төмөр нийлүүлсэн. Хаягдал хар төмөр нийлүүлсний НӨАТ-нь суутгаад тухайн үед авсан.

Тухайн үед манай компани Видү компаниас авлагатай байсан. Тэгээд л манай Д.*******тай хийх тооцоог авлагатай Видү компаниар хийлгээд, дараа нь манай хоёр компани хоорондоо тооцоогоо хийе гэж тохиролцсон юм... гэсэн мэдүүлэг өгсөн боловч хариуцагчийн татгалзал нь талуудын хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээний гол зүйл болох арматур төмрийг Видү компаниас өөр компани хүлээн авч байсан эсэх, Таван Хан-Уул компаний өмнөөс төлбөр төлөх тухай хоёр компаний хооронд хийсэн хэлцэл байгаа эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар Видү компани нь Таван Хан-Уул компаний өмнөөс төлбөр төлөхийг зөвшөөрсөн байх болох боловч нэхэмжлэгч Д.*******ад тухайн үед энэ талаар мэдэгдээгүй, өөрийн татгалзлыг нотлоогүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан ... нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх... үүргээ биелүүлээгүй, татгалзлаа нотлоогүй байна.

Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж Видү компаний захирал Ц.*******оос Арматур төмрийн үнэ 53.689.685 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргасан гэрч оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хулээн авч, хуралдаанд Ц.*******ийг оролцуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 426.399 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 426.399 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Видү компаний захирал Ц.*******оос Арматур төмрийн үнэ 53.689.685 төгрөгийг гаргуулан, Д.*******ад олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 426.399 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 426.399 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дугуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд,тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ

 

.