Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 208/МА2021/00020

 

 

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 208/МА2021/00020

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хэргийн индекс: 148/2021/00146/И

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Г.Давааренчин

Б.Эрдэнэхишиг

 

Оролцогчид

Нэхэмжлэгч Д.******* /цахим/

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв /цахим/

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 199 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор Д.*******ын нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох Төлбөр тооцооны үлдэгдэл 53.659.685 төгрөг гаргуулах тухай 148/2021/00146/И индекстэй, 1 хавтас иргэний хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 2012 оноос 2015 оны хооронд ******* ХХК-д арматур төмөр нийлүүлж байсан. ******* ХХК нь арматур төмөр нийлүүлсний төлбөрийг дараа нь буюу зээлийн нөхцөлөөр төлөхөөр харилцан тохиролцож байсан. Одоо тус компани нь арматур төмөр нийлүүлсний үлдэгдэл тооцоо болон авлага нийт 53.689.685 төгрөг байна. ...Миний бие дээрх үлдэгдэл төлбөрийг удаа дараа барагдуулахыг шаардсаны үндсэн дээр 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр ******* ХХК нь Төлбөр тооцоо дуусгах тухай албан бичгээр "...200 ортой хүүхдийн цэцэрлэгийн төлбөр орж ирмэгц 2018 ондоо багтаан бүрэн төлж барагдуулна гэсэн мэдэгдлийг ирүүлсэн боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй, санхүүгийн хувьд хохирол учруулаад байна. Иймд ******* ХХК-иас үлдэгдэл төлбөр тооцоо болох 53.689.685 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Д.******* нь манай ******* ХХК-иас арматур төмөр нийлүүлсний төлбөр 53.689.685 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Учир нь: Манай компани нь орон сууцны барилга захиалан бариулсан захиалагч компани юм. Орон сууцны барилгыг барьсан гүйцэтгэгч компани нь ******* Уул ХХК бөгөөд барилгыг стандартад нийцүүлэн барих, хэрэглэгдэх материал хэрэгслийг авах барилгыг ашиглалтад оруулах зэрэг бүх л үйл ажиллагааг хууль журмын дагуу гүйцэтгэгч компани хариуцан ажилладаг юм. Манай компани нь 2017 оноос 2018 оны үед ******* Уул ХХК-д хоорондын тооцоогоор өгөх өглөгтэй байсан юм.Тухайн үед гүйцэтгэгч компаний зүгээс манай компанид хандаж иргэн Д.*******ын нийлүүлсэн арматур төмөрийн төлбөрийг төлөх боломж муутай байна, танай компани манайд өглөгтэй болохоор тэр өглөгөндөө тооцоод манай компаний өмнөөс төлбөр хийгээд өгөх боломж байна уу? гэсэн хүсэлтийн дагуу зөвшөөрч Д.*******ын арматур төмөр нийлүүлсний төлбөрийг ******* Уул ХХК-ний өмнөөс төлөх зорилгоор санхүүжилт орж ирэхээр төлбөрийг төлөх тухай бичиг хийж өгч байсан юм. Д.******* арматур төмөр худалдсан тул татварын хуулийн дагуу НӨАТатварыг ******* Уул ХХК-д төлөх ёстой. Гэтэл одоо болтол төлөөгүй байгаа. Одоо манай компани нь ******* Уул ХХК-тай хоорондын тооцоогоор ямар нэгэн өр авлагагүй болсон тул Д.*******ын арматур төмөрийн

үлдэгдэл мөнгө гэж нэхэмжилж байгаа 53.689.685 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 199 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ХХКомпаний захирал Ц.*******оос Арматур төмрийн үнэ 53.689.685 төгрөгийг гаргуулан, Д.*******ад олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 426.399 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 426.399 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Гомдол гаргаж байгаа учир нь:

1.Нэхэмжлэгч иргэн Д.******* нь 2012 оноос 2015 оны хооронд *******-ХХК-д арматур төмөр нийлүүлж байсан тул үлдэгдэл төлбөр 53.689.685 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн нь үндэслэлгүй зүйл юм. Манай ******* ХХК-д Д.******* нь төмөр нийлүүлээгүй бөгөөд төмөр өгч авалцсан тухай ямар нэгэн баримт байхгүй юм. Харин барилгын гүйцэтгэгч компани Таван Хан-Уул ХХК-д тус арматурын төмрийг нийлүүлж байсан юм. Иймд манай компани хариуцагч биш юм.

2.Шүүх шийдвэртээ заахдаа: хэргийн материалын 4, 5-р хуудсанд: Д.*******, *******-ХХК-ны захирал Ц.******* нарын хооронд хийгдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа бичиж гарын үсгээ зурж тамга дарсан баримт, Мөн Төлбөр тооцоо дуусгах тухай гэсэн албан бичиг баримтууд нь Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг нотолж байна гэж заасан нь үндэслэлгүй юм. Учир нь: тус баримт бичгийг хийж өгөх болсон шалтгаан бол манай ******* ХХК нь барилгын гүйцэтгэгч компани болох Таван Хан Уул ХХК-д тухайн тэр үед өглөгтэй байсан тул Таван Хан Уул ХХК-ий хүсэлтээр тус компаний өмнөөс дээр дурьдсан бичгийг хийж өгсөн юм. Ийнхүү бичиг хийж өгсний дараагаар манай компани Таван Хан Уул ХХК-д хоорондын тооцоогоор өргүй болсон тул арматур төмөрний төлбөрийг Таван Хан Уул ХХК-ий өмнөөс Д.*******ад төлөх шаардлагагүй болсон бөгөөд үүнийг захирал Ц.*******д тухайн үед мэдэгдэж байсан болно. Энэ тухайгаа шүүхэд өгсөн тайлбартаа дэлгэрэнгүй бичсэн байгаа билээ. Энэ бичиг бол арматур төмөр хүлээж авсан гэсэн бичиг биш харин дараа нь хийгдсэн бичиг юм. Аливаа иргэн, байгууллага бусдын өмнөөс төлбөрийг төлөөд өгье гэсэн сэтгэлээр хандаж бичиг хийж өгснийхөө төлөө өр төлбөрт орох ёсгүй гэж үзэж байна. Шүүх зөвхөн дараа нь бичигдсэн баримт бичигт үндэслэх биш болсон үйл явдлыг эхнээс нь олон талаас нь нягтлан судалж дүгнэлт хийж байж шийдвэрээ гаргах ёстой гэж үзэж байна. Манай компани арматур төмөр хүлээж аваагүй учир төлбөр үндэслэлгүй юм.

3.Шүүх шийдвэртээ бичихдээ: Арматур төмрийг ******* ХХК-иас өөр компани хүлээн авч байсан эсэх, ******* ХХК нь Таван Хан Уул ХХК-ны өмнөөс төлбөр төлөх тухай хоёр компаны хооронд хийсэн хэлцэл байгаа эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч Д.*******ад тухайн үед мэдэгдээгүй, өөрийн татгалзлыг нотлоогүй гэж бичсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь: Арматур төмрийг ******* ХХК-иас өөр компани хүлээн авч байсан эсэхийг хариуцагч тал биш харин шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч тал болох Д.******* нотлох үүрэгтэй гэж үзэж байна. Таван Хан Уул ХХК-ий захирал Ц.******* шүүх хуралдаанд оролцож гэрчээр тайлбар өгөхдөө манай компаны өмнөөс ******* ХХК төлбөр төлбөр төлөх бичиг хийж өгч байсан, арматур төмрийг манай компани авсан, төлбөрийг тухайн үед хийж дууссан гэж гэрч мэдүүлсэн юм. Гэрчийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх ёстой байсан гэж үзэж байна. Компаниуд хоорондоо заавал бичгээр хэлцэл хийх үүрэггүй, ярилцаж тохиролцон итгэлцлийн үндсэн дээр аливаа асуудлыг шийдвэрлэж болно гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.*******ад заавал мэдэгдэх үүрэггүй гэж үзэж байна. Гэтэл шүүх зөвхөн нэхэмжлэгчийн ярьсан нотолгоогүй зүйл дээр үндэслэж нэхэмжлэгч талын нотлох үүргийг орхигдуулж, зөвхөн хариуцагч талыг нотлох ёстой гэж байгаа нь иргэн бүр шүүхийн өмнө адил тэгш байх эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

4.Шүүх хуралдаанд хариуцагчаар оролцсон ******* ХХК-ны захирал Ц. ******* миний хэлсэн үгийг шүүхийн шийдвэрт буруу бичсэн байна. Намайг шүүх хурал дээр Ц.******* захирал Д.*******ын мөнгийг өгчих харин манайд өгөх ёстой мөнгөнөөсөө хасаад тооцчих гэж хэлж байсан гэж бичсэн байна. Би шүүх хурал дээр ингэж яриагүй юм. Миний ярьсан зүйл бол: Тухайн үед манай компани нь Таван Хан Уул ХХК-д өглөгтэй байсан үедээ тус компаний өмнөөс төлбөр төлөх бичиг хийж өгч байсан, дараа нь манай компани хоорондын тооцоогоор өглөггүй болсон тул одоо манай компани Таван Хан Уул ХХК-ий өмнөөс иргэн Д.*******ад төлбөр төлөх үндэслэлгүй гэж хэлсэн болно. Гэтэл энэ үгийг бичилгүй өөр утгатай үг бичсэн байна.

5.Шүүх шийдвэртээ бичихдээ: талуудын хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээний гол зүйл болох арматур төмрийг ******* ХХК-иас өөр компани авч байсан эсэх гэж бичиж байгаа нь буруу юм. Учир нь: Иргэн Д.*******тай арматур төмөр худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, тийм гэрээ хэргийн материалд байхгүй байхад шүүх гэрээ байгаа мэтээр бичиж байгаа нь үндэслэлгүй юм.

6.Тус иргэний хэрэгт маргаж байгаа гол зүйл нь ******* ХХК арматур төмөр аваагүй, Таван Хан Уул ХХК төмрийг хүлээж авсан, арматур төмөр нийлүүлсний нэмэгдсэн өртгийн албан татварыг Монгол улсын Татварын хуулийн дагуу төмөр нийлүүлсэн нэхэмжлэгч Д.******* төлөх ёстой гэсэн маргаан байхад энэ гол зүйлийг шүүх огт анхаарч үзээгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Эдгээр нөхцөл байдлуудыг анхааран үзэж Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05-р сарын 03-ны өдрийн 199 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Нэгдүгээрт нотлох баримтын эх сурвалжийг байхгүй байхад буруу дүгнэсэн. Хоёрдугаарт хууль хэрэглээний хувьд буруу хуулийг хэрэглэсэн байна. Нотлох баримтын тухайд яривал төлбөр тооцооны бүрдүүлбэрийг гаргасан баримтууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан анхан шатны бүртгэл байхгүй.

... Хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг баримталсан нь буруу гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд Зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж тусгайлан зааж өгч, маш тодорхой зохицуулсан байдаг ч үүнийг баримтлаагүй. Иргэний хуулийн 263 дугаар зүйлд уг гэрээг заавал бичгээр хийнэ гэж заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 263 дугаар зүйлд ...дагалдах бичиг баримтыг худалдагч талд шилжүүлнэ гэсэн заалт байдаг. Гэтэл энэ мэт хуулийн заалтыг баримтлалгүй Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг баримталсан нь буруу юм. Хавтаст хэрэгт нэг ширхэг ч гэрээ, хэлцэл авагдаагүй. Мөн бичгээр хийх гэрээг бичгээр хийгээгүй тул хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж харагдаж байна. Иймд нэхэмжлэл нь өөрөө үндэслэлгүй болно. Дараагийн гол асуудал бол худалдах, худалдан авах харилцааны гол зарчим болох ...эд хөрөнгө шилжүүлснээр гэж заасан байдаг байтал энэ хэрэгт ******* ХХК-д арматурын төмөр шилжүүлсэн гэх 1 ч баримт байдаггүй. Нөгөө талаар Таван хаан ХХК энэ хөрөнгийг бид авсан, мөн тооцоо дууссан гэж мэдүүлдэг. Тийм учраас энэ зүйлийг шүүх анхаарах ёстой. Анхан шатны шүүх тогтоох хэсэгт ******* ХХК-н захирал Ц.*******оос гаргуулахаар шийдвэрлэсэн зэрэг хууль хэрэглээний олон алдаатай зүйл байна. Мөн нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг нотлох ёстой байсан. Дээрх нөхцөл байдал байгаа учир давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй боглож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* ХХК-н захирал Ц.******* ахаас нэхэмжилж буй зүйлээ нэхэмжлэлдээ тодорхой бичсэн тул ахиж хэлэх шаардлагагүй гэж бодож байна. ... 2015 оноос хойш би мөнгөө авах гэж хүлээсээр өгөхгүй байсан тул би дахиад 2018 онд тооцоо нийлж, үлдэгдлээ баталгаажуулсан. Энэ баталгаагаа надад албан бичгээр дахиад бичиж өгч байсан. Ц.******* ах энэ хугацаанд миний мөнгийг өгөхгүй гэж татгалзаж байгаагүй. Өгнө л гэдэг байсан. Гэсэн ч одоог хүртэл мөнгөө өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан юм гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 53.689.685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч ******* ХХК-ий захирал Ц.******* хүлээн зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч ******* ХХК-ий захирал Ц.******* давж заалдах гомдолдоо ....Нэхэмжлэгч Д.*******тай ******* ХХК худалдах худалдан авах гэрээ байгуулж арматур төмөр хүлээж аваагүй, манай компани захиалагч компани бөгөөд барилга барих ажлыг Таван Хан-Уул ХХК гүйцэтгэсэн, арматур төмрийг тухайн компани хүлээж авсан, манай компани хариуцагч компани биш юм. Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэг нь нэхэмжлэгчид өөрт нь байгаа ба гэрээ хэлцэл байхгүй, төмөр хүлээн авч хүлээлцсэн баримт ч байхгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн үндэслэл заасан байна.

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ХХК-ий захирал Ц.*******той аман хэлцэл хийж барилгын арматур төмөр худалдаж, худалдан авахаар тохиролцсон ба энэхүү тохиролцоо нь 2012 оноос 2015 оны хооронд үргэлжилж зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Худалдах худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулахыг хуулиар шаардаагүй бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д ...эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор заасан ба Д.*******, ******* ХХК-ий эрх бүхий албан тушаалтан нарын хооронд арматур төмөр өгч авахаар тохиролцон эд хөрөнгийг ачуулж, нөгөө тал хүлээн авч орон сууцны барилга барьсан болох нь талуудын тайлбараар нотлогдож эд хөрөнгийг өгсөн, авсан эсэх, төмрийн үнэ зэрэгт маргаангүй байна.

Харин нэхэмжлэгч буюу нийлүүлэгч Д.******* нь ******* ХХК-д төмөр худалдаж, төмрийн үнийн дүнд 2 өрөө 2 орон сууц авч одоо үлдэх төлбөр 53.689.685 төгрөгийг нэхэмжилж байгаа ба хариуцагч ******* ХХК-ий захирал Ц.******* ...манай компани гүйцэтгэгч Таван Хан-Уул ХХК-иар барилга бариулсан, төмрийг тэр компани хүлээн авсан, уг компанид тухайн үед өглөгтэй байх үедээ өмнөөс нь төлбөрийг нь төлж өгөхөөр албан бичиг үйлдэж өгсөн... гэх тайлбаруудыг өгч байгаа боловч худалдах худалдан авах гэрээ аман байдлаар хийгдэж, худалдагч тал үүргээ биелүүлж төмрөө нийлүүлсэн, нийлүүлэгч өмнө нь 2 удаа ******* ХХК-тай тооцоо нийлж төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулан 2015 болон 2018 онуудад акт үйлдсэн /хх-ийн 5, 31-32 тал/, ******* ХХК-ий захирал Ц.*******оос ...2018 ондоо багтаан цэцэрлэгийн төлбөр орж ирмэгц тооцоог бүрэн төлж барагдуулна гэсэн албан бичиг /хх-ийн 4 тал/ хийж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрхи татгалзал үгүйсгэгдэж байна.

******* ХХК, Таван Хан-Уул ХХК-иуд нь орон сууцны барилга барихдаа хэрхэн хамтран ажилласан, уг арматур төмрийг хэн нь хэрхэн хүлээн авсан эсэх нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл ******* ХХК нь холбогдох нотлох баримтаа гарган өгч мэтгэлцэх бололцоотой байсан боловч баримтаа гарган ирүүлээгүй, Таван Хан-Уул ХХК нь уг маргаан бүхий арматурын төмрийн НӨАТ-ыг төлөх эсэх маргааныг энэ хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт, сөрөг нэхэмжлэл гаргаагүй болохыг дурьдав.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байдлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас зөвтгөн зохих дүгнэлтийг хийв.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа Таван Хан-Уул ХХК-нд манай компани хоорондын тооцоогоор өглөгтэй байсан учраас өмнөөс нь өр төлбөрийг нь төлж өгье гэж баталгаа бичиж өгсөн юм. Иймд баталгаа бичиж өгснийхөө төлөө өрөнд орох ёсгүй гэж үзэж байна... гэж тайлбарладаг ба анхан шатны шүүх зохигчдын хооронд хийсэн тооцоо нийлсэн актыг Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан баталгаа гэж үзэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан баталгаа нь үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болохоор заасан тул зохицуулж буй харилцаа, агуулгын хувьд энэ хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй байгаа бөгөөд хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа нэртэй баримтыг гэрээний талуудын хооронд хийгдсэн арматур төмөр нийлүүлсний үлдэгдэл үнийн тооцоо нийлсэн санхүүгийн баримт гэж үзнэ.

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд хариуцагчийг ******* ХХКомпани гэж тодорхойлсон бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч ******* ХХК -нд холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт ******* ХХК-ий захирал Ц.*******оос төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх зүйн байдлыг анхан шатны шүүх буруу тодорхойлсон байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс ...Талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байхад шүүх анзаарч үзээгүй, уг гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага хангагдаагүй... гэсэн байдлаар тайлбар дүгнэлт гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь: Талуудын хооронд хийгдсэн гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ бөгөөд мөн хуулийн 262 дугаар зүйлд заасан гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ нь төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцож төлбөртөө хүү тооцож төлөхөөр тохиролцдог онцлогтой бөгөөд энэхүү гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагатай ба бичгээр хийгээгүй бол хүү тооцох эрхээ алдаж, худалдах худалдан авах гэрээ болдгоороо өөр хоорондоо ялгаатай.

Иймд хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй тул тэдгээрийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй боловч давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 199 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ХХКомпаниас худалдах худалдан авах гэрээний үүрэг 53.689.685 төгрөгийг гаргуулан Д.*******ад олгосугай. гэж өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 426.398 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 

Б.ЭРДЭНЭХИШИГTop of Form