| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0892/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/431 |
| Огноо | 2024-04-23 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/431
2024 04 23 2024/ШЦТ/431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2019/0892/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
Улсын яллагч Р.Энх-Оюун,
Нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
Шүүгдэгч К.Б, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Б-д холбогдох эрүүгийн 1902005630227 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэгт холбогдох үедээ хувиараа дуу хөгжмийн уран бүтээл хийдэг байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж байсан К.Б /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч К.Б нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 685.4 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, **** тоотод байрлах гэртээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч К.Б-н шүүх хуралдаанд өгсөн: “...Би ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Дахиж ийм үйлдэл хийхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь шүүхээр ороод 3 жилийн хугацаанд тэнсэн харгалзах ял авсан. Би гадагшаа сурах сонирхолтой байсан учраас өмгөөлөгчөөсөө асуухад явах боломжтой гэсэн учраас би Хятадаар дамжаад Сингапур руу явсан. Тэндээ нэг коллежид сургалтын виз хүсээд, хариугаа хүлээж байхдаа Малайз руу яваад тэндээсээ Лаос улс руу явсан. Ковид-19 цар тахлын улмаас би Лаос улсад хөл хорионд орж, 2 жилийн хугацаанд тэнд хөл хорионд байсан. Мөн сургуулийн виз цуцлагдсан учраас би тус улсад виноны хүргэлтийн ажлыг хийсэн. Мөн би энэ хэрэг шийдвэрлэгдэж дуусаагүй гэж мэдээгүй байсан. Би элчин дээр очиход намайг эрэн сурвалжилж байгаа талаар хэлсэн. Би гадаад улсад шал угаахаас эхлээд бүх хар ажлыг хийж үзсэн. Харь хол хүний нутагт эх орон гэр бүлээ санасан. Би хар тамхи татах энэ муу зуршлаасаа салж, сүүлийн жилүүдэд хэрэглэхээ байж өдөрт сэлэх, дугуй унах зэрэг сэтгэл санаагаа засах байдлаар маш их хичээж байгаа гэв.
Шүүгдэгч К.Б-н өгсөн: “...Би интернэтээс Төв аймгийн Борнуур сумын нутагт Каннабис ургамал ургадаг гэдгийг олж мэдсэн юм. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ээжийнхээ нэр дээр байдаг *** УБИ улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Төв аймгийн Борнуур сумын нутаг руу явж Каннабис /өвс/ ургамал түүж ирсэн. Би гэртээ ирснийхээ дараа Төв аймгийн Борнуур сумын нутгаас түүж ирсэн Каннабис ургамалаа жижиг өрөөнд пиццаны хайрцаг дээр тавьж хатаагаад өөрөө хэрэглэж байсан юм. 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр манай найз Ц.Б хувцасаа авах гэж ирсэн юм. Ц.Б наадмын дараахан манайд ирээд Дархан-Уул аймагт байх гэр рүүгээ явахдаа зарим хувцсаа үлдээгээд явсан байсан юм. Ц.Б-г ирээд удаагүй байхад манай найз Б.Н надаар хөгжим зохиолгох гэж ирсэн юм. Ц.Б, Б.Н бид гурав хоол хийж идчихээд Б.Н шүлгээ надад үзүүлэхээр нь би шүлгэнд нь ая зохиож өгч, шөнөжин Б.Н-н хоолойны бичлэгийг хийж байгаад унтсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 7 дугаар сарын 30-ны өглөө босоод жижиг өрөөндөө Төв аймгийн Борнуур сумын нутгаас түүж ирсэн өвснөөсөө 0.5 литрийн цэвэр усны сав ашиглан бонго хийж татаж байхад Б.Н, Ц.Б хоёр жижиг өрөөнд орж ирээд миний татаж байсан өвсийг харж байснаа өөрсдөө аваад хэрэглэсэн. Өвс татаж дууссаны дараа Б.Н-н дуун дээр ажиллаад сууж байхад 15 цагийн үед байх...манай гэрийн хаалгыг хүн тогшихоор нь онгойлгосон чинь Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид орж ирээд Б.Н-н, Ц.Б бид гурвыг баривчилж, манай гэрт байсан өвсийг хурааж авсан. Каннабис ургамлыг цахим сайтуудаас зургийг нь харж байсан юм. Тэгээд Төв аймгийн Борнуур сумын нутгаас түүсэн бөгөөд Дархан явах төв засмал зам дагуу байсан тариалангийн талбайн хажуугаас нэг хар уутаар дүүрэн өвс түүсэн. Тариалангийн талбайн хажуугаар ургасан ургамлууд дунд Каннабис ургамал байхыг хараад гар утсаараа интернэт орж Каннабис ургамлын зурагтай харьцуулж байгаад түүсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 33-35 тал/,
Гэрч Б.Н-н өгсөн: “...Манай найз дууны ая хийж дуулдаг болохоор би аян дээр нь дуу бичүүлэх гэж очсон. Тэгтэл К.Б Борнуураас түүж ирсэн гээд өвс гэх зүйлийг гаргаж ирсэн. Бид нарын хөгжим хийдэг жижиг өрөөнд ил гаүар шалан дээр хар өнгийн даавуун уутан дотор өвс гэх зүйл байсан. Тэгээд К.Б хэрэглэж үзье гээд К.Б-н гэрээс эд мөрийн баримтаар авсан бонго гэх цэвэр усны саванд хийж хэрэглэсэн. К.Б эхэлж сороод надад өгөөд бид 3 хамт хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 72-73 тал/,
Гэрч Ц.Б-н өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өглөө Сэлбэ хотхонд байдаг К.Б-нд өөрийн үлдээсэн байсан хувцсаа авах зорилгоор очсон. Тэр үед намайг очиход К.Б-н гэрт жижиг өрөөнд нь пиццаны хайрцганд байсан. К.Б бид хоёр өдөр хоол унд хийж идээд гэрт нь хамт очсон. Харин орой Н ирсэн. Тэгээд тэр үед миний тоос шорооны харшил хөдөлсөн байсан учраас харшлаа дарах гээд уг өвснөөс нь бонгонд хийж хэрэглэсэн. Тэр үед Н бас хамт байсан ба К.Б бид гурав гурвуулаа уг өвснөөс хэрэглэсэн, өнөөдөр өглөө бид гурав уг өвснөөсөө дахиж хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 74 дэх тал/,
Гэрч Б.Д-н өгсөн : “...Би сая наадмаар гэрийнхэнтэйгээ Өмнөговь аймгаар явж байгаад наадмын дараа ирсэн юм. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр К.Б эмээ хөдөө хөдөө явчихсан байгаа хүрээд ирээч гэхээр нь би очсон юм. Намайг К.Б-н гэрт нь ирэхэд гэрээс нь нэг сонин хурц үнэр үнэртээд байхаар нь К.Б-с юу үнэртээд байгаа юм бэ гэж асуухад нэг юм шатаачихсан юм аа, гэхээр юу шатаасан юм бэ гэж асуухад юу ч бишээ гэж хэлсэн. Би бие давхар болохоор ядраад эрт унтаад өгсөн. Маргааш өглөө нь сэрсэн чинь К.Б-н найзууд гэх хоёр залуу ирчихсэн байсан. Би босоод гал тогооны өрөөнд хоол хийгээд зогсож байхад гаднаас цагдаагийн байгууллагын ажилчид орж ирээд манай найз залуу болон найзуудыг нь баривчилсан. Би ер нь анзаарч байгаагүй юм байна. Миний дэргэд ямар ч байсан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 87-89 тал/,
Шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №4324 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн UR12 гэсэн бичиглэлтэй цаасан хайрган дахь ногоон өнгийн ургамал мэт зүйл, цэнхэр өнгийн асаагуур, 00 цаасны тасархай, тогоо хэлбэрт оруулсан, дотор тал нь харлаж бохирлогдсон тугалган цаас, тугалган цаас SAFETY MATCHES AVION гэсэн бичиглэлтэй шүдэнз, тунгалаг өнгийн хуванцар саван дахь ногоон өнгийн ургамал мэт зүйл /хуванцар саванд/, Хоггүй Улаанбаатар гэсэн бичиглэлтэй халаасны хогийн сав /ургамлын үртэс мэт зүйлтэй/, хуйлсан AV86266773, АТ35711995 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт 2 ширхэг, тогоо хэлбэрт оруулсан, дотор тал нь харлаж бохирлогдсон тугалган цаас, бичгийн цаасанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл, тугалган цаасанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл, мөн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, цоорхой 0.5 литрийн хуванцар сав, түлж цоолсон нүхэнд нь байгаа АО2177404 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн тэмдэгт, хар өнгийн даавуун ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, Mix Pizza гэсэн хайрцагтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, шар өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт, гэрэл зургууд /1хх-ийн 95-103 тал/,
Шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №4323 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж шинжилгээнд тэнцэнэ. “К.Б шээсний дээж 2019.7.30” гэж хаягласан Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх-ийн 109-110 тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 6-18 тал/,
Хэргийн газарт үзлэг хийж, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 20-35 тал/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хх-ийн 36-37 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч К.Б нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 685.4 грамм жинтэй олон улсад “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, **** тоотод байрлах гэртээ хадгалсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч К.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч К.Б-н үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Хүн төрөлхтний болон Монгол улсын хүн амын эрүүл мэнд, удмын сан, нийгмийн сайн сайхан, хүмүүсийн аюулгүй аж байдалд маш ноцтой хор хохирол бүхий гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч К.Б-н хувьд хар тамхийг бусдад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалж, хэрэглэж байсан байна.
Иймд шүүгдэгч К.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй болно.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч К.Б-д улсын яллагчийн зүгээс 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргажээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруу дээр маргахгүй байгаа, К.Б-н тухайд үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж хар тамхи хэрэглэдэг муу зуршлаасаа холдож салсан, мөн эхнэр хүүхдүүдтэйгээ хамт амьдрах чин хүсэл эрмэлзлэлтэй байгаа, гэр бүлтэйгээ 4 жилийн дараа уулзах гэж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүний үйлдсэн гэмт хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч К.Б-н үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, хувийн байдлыг нь харгалзан түүнд 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар К.Б-д оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.
Шүүгдэгч К.Б-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 16 хоногийг зорчих эрх хязгаарлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эд мөрийн баримтуудын хувьд хэргийн газар үзлэг хийх үеийн болон шүүгдэгч К.Б болон түүнтэй хамт байсан Ц.Б, Б.Н нараас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгах үеийн дүрс бичлэг бүхий 4 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж үлдээх, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шүүгдэгчийн гэрт болон биед нь үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан хар тамхи болон хар тамхийг татаж хэрэглэх зориулалт бүхий хэрэглэгдэхүүнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, АО2177404 сери дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AV86266773, АТ35711995 сери дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 2 ширхгийг тус тус Монгол Банкинд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч К.Б-г хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б-д 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар К.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар К.Б-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 16 /арван зургаа/ хоногийн нэг хоногийг түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож хасаж, К.Б-н эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 01 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Шүүгдэгч К.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг даруй сулласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б-г 01 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 14 хоногийн хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөрийн оршин сууж буй дүүрэг буюу Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж түүнд оногдуулсан ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч К.Б-д 02 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч К.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
9. Шүүгдэгч К.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн хураагдсан U12 гэсэн бичиглэлтэй цаасан хайрцагтай, цэнхэр өнгийн асаагуур, 00 цаасны тасархай, тогоо хэлбэрт оруулсан, дотор тал нь харлаж бохирдсон тугалган цаас, базсан байдалтай тугалган цаас, SAFETY MATCHES AVION ГЭСЭН бичиглэлтэй шүдэнз, чийгтэй ногоон өнгийн нунтаг 24.2 грамм жинтэй, ургамал мэт зүйл, ямар нэг бичиглэлгүй тунгалаг гялгар ууттай, чийгтэй ногоон өнгийн гялгар уутны хамт 113.2 грамм жинтэй ургамал мэт зүйл, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/ хэрэглэхэд ашигладаг бонго гэх зүйл, хар өнгийн уутны хамт 246.6 грамм жинтэй, чийгтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, тунгалаг өнгийн хуванцар савтай “Хоггүй Улаанбаатар” гэсэн бичиглэлтэй халаасны хогийн сав, тогоо хэлбэрт оруулсан, дотор тал нь харлаж бохирлогдсон тугалган цаас, бичгийн цаасанд боосон, чийгтэй, ногоон өнгийн тугалган цаасны хамт 22.3 грамм жинтэй ургамал, Mixx pizza гэсэн бичиглэлтэй цаасан хайрцагтай чийгтэй, ногоон өнгийн гялгар торны хамт 99.9 грамм жинтэй ургамал, шар өнгийн гялгар тортой, чийгтэй, ногоон өнгийн, гялгар торны хамт 99.9 грамм жинтэй ургамал зэрэг эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхи, түүнийг татах зориулалт бүхий хэрэглэгдэхүүнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, АО2177404 сери дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AV86266773, АТ35711995 сери дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 2 ширхгийг тус тус Монгол Банкинд шилжүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч К.Б-д хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР