Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1265

 

 

 

 

 

 

   2019             12           19                                        2019/ДШМ/1265

 

 

К.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мандахнаран,

шүүгдэгч К.Бийн өмгөөлөгч Ш.Чингис, Ц.Гансүх,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/917 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Мандахнарангийн бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 67 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн К.Бд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Кийн Б, 1996 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д гадаад харилцаа хариуцсан менежерээр ажилладаг, хэрэгт холбогдох үедээ хувиараа дуу хөгжмийн уран бүтээл хийдэг байсан гэх, ам бүл 3, эмэг эх, хамтран амьдрагчийн хамт Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан;

К.Б нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 685.4 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, “Сэлбэ” хотхоны 40 дүгээр байрны 51 тоотод байрлах гэртээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: К.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогт Кийн Бийг хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Кийн Бд хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч К.Бд тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулж болохыг шүүгдэгч К.Бд анхааруулж, тэнсэгдсэн ялтан К.Бд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын харъяа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгаж, шүүгдэгч К.Б нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хавтас хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсүүдийг нэрлэн зааж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хоёр ширхэг мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Т.Мандахнаран бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.Бд хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. К.Б нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэсэн, хадгалсан, бусадтай хэрэглэсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон, түүнчлэн К.Бд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан. К.Б нь урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, ял шийтгүүлсэн байхад түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэсэн үндэслэл, журам, зарчим зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны дараа шүүгдэгч К.Бийн найз охин төрсөн байдаг. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг шүүхэд гаргаж өгч байна. Шүүгдэгч К.Бийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээсэн, хийсэн үйлдэлдээ гэмшсэн байдаг. Анхан шатны шүүх хурал болсноос хойш буюу 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүгдэгч К.Б аав болсон. Удахгүй хуримаа хийнэ гэдэг. Шүүгдэгч К.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Бусдад төлөх төлбөргүй. Хуульд зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч К.Бийг эхнэр, хүүхэдтэйгээ цаашдаа элэг бүтэн, сайн сайхан, аз жаргалтай амьдрах боломжийг нь хангах үүднээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Чингис “Тус шүүх хуралдаанд тусгайлан гаргах тайлбаргүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч К.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн дараахь үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж шүүхийн шийдвэрийн талаар тодорхой шаардлагыг хуульчилжээ.

Прокуророос шүүгдэгч К.Бийг “...мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, ...гэртээ хадгалсан...” гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж, тус хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. /2хх 45-47/

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч К.Бд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ, түүнийг “...хар тамхийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан...” гэмт хэргийг үйлдсэн талаар шүүхийн шийдвэрийн “Тодорхойлох” хэсэгт дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч К.Бийг хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай”-д тооцсон шийдвэрийг гаргасан нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт байхгүй гэмт хэргийн шинжээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй болжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй, шүүхээс хэргийн талаар үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн ноцтой зөрчилд тооцогдоно.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч К.Бийг хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэхдээ ямар үндэслэлээр шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзсэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь, шүүгдэгч К.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж олж авсан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, мөн өөрөө уг бодисыг хэрэглэсэн, урьд энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлж байсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй, хувийн амьдралын “ар гэртээ настай эмээ болон хамтран амьдрагчийн хамт амьдардаг, хамтран амьдрагч нь олон сартай жирэмсэн, удахгүй төрөх гэж байгаа. ...” гэх нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлаар дүгнэж, ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудад заасан шаардлагад үл нийцнэ.

Түүнчлэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон үзэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй тохиолдолд хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болохгүй боловч оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

Гэтэл анхан шатны шүүх сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэсэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч К.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг бодитой үнэлж, дүгнээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж нэрлэн зааж, улмаар хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд шүүхийн шийдвэрийн “удиртгал хэсэг”, “тодорхойлох хэсэг”, “тогтоох хэсэг”-т тусгавал зохих зүйлсийн талаар нарийвчлан зохицуулжээ.

 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын бичилт нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, тогтоолын “Удиртгал” хэсэгт шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг жагсаан бичсэн, харин “Тодорхойлох” хэсэгт шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулгыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн талаар дүгнэлтийг бүрэн хийхгүйгээр зөвхөн дурдах байдлаар жагсаан бичсэн нь хуулийн дээрх шаардлагад нийцэхгүй байна.

Иймд прокурор Т.Мандахнарангийн бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 67 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, дээрх үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/917 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, К.Бд холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Хэргийг анхан шатны шүүхэд буцаасантай холбогдуулан анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч К.Бийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ давхардуулан авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/917 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч К.Бд холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл К.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ