Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2022/0416

 

                                      

 

 

 

    2022         05           31                                      0416

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б*************” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК,

Гуравдагч этгээд: “Г*************” СӨХ нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*************, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Н*************, хариуцагч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*************, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*************, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.З*************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Нэхэмжлэгч “Б*************” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний А/61* тоот захирамжийн 1810 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

1.2. Нийслэлийн Засаг даргаас “Б*************” ХХК-д 1810 м.кв газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг газрын эзэмших эрхийг тус компанид олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах”,

1.3 “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д холбогдуулан “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/41* дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж маргасан болно.  

Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:

2.1. Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын “Б*************” ХХК нь 2012 онд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компани “цаашид УБЦТС” ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ  Төрийн өмчит хувьцаат компани “цаашид ЦДҮС” ТӨХК-ийн эзэмшлийн газар дээр 594 айлын ажилчдын орон сууц барихаар зарласан ТС-65/2012 тоот тендерт[1] оролцон шалгарч, 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 3335/2012 тоот хамтран ажиллах гэрээг байгуулан[2].

2.2. Энэ гэрээгээр “Б*************” ХХК нь захиалагч “УБЦТС” ТӨХК, “ЦДҮС” ТӨХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4243 м.кв газар дээр баригдах 594 айлын ажилчдын орон сууцны хорооллын барилгын тодорхой хэсэгт хөрөнгө оруулж улмаар барьж дуусгахаар тохиролцож, оруулсан хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр орон сууцны талбай, үйлчилгээний талбай, авто зогсоолын талбайг эзэмших, захиалагчдын оруулсан хөрөнгөөр орон сууцуудыг барьж иж бүрнээр хүлээлгэн өгөхөөр ерөнхий нөхцөлөө тохирчээ.

2.3. Хожим талууд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “...гэрээний 5.2.8-д “А, B, D” блокын барилга угсралтын ажил дуусаж түлхүүрийг захиалагчид гардуулан өгч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах нөхцөл бүрдсэн тохиолдолд захиалагч хоёр байгууллага газар эзэмших эрхийг гүйцэтгэгчийн нэр дээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг саадгүй гаргах өгөх үүрэгтэй...” гэх нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна[3].

2.4. Гэрээнд заасны дагуу “Б*************” ХХК нь 2012 онд ажлаа эхлүүлэн УБЦТС” ТӨХК, “ЦДҮС” ТӨХК-ийн ажилчдын 594 айлын орон сууцны барилгын гадна холбоо[4], ажлын[5] болон эскиз зургийг “У*************” ХХК-ийн захиалан хийлгүүлж, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргаар[6], 2013 онд “ОТЗТ” ХХК-аар орон сууцны барилгуудын гадна дулааны шугам, ДДТ-ийн ажлын зураг[7], УБЦТС ТӨХК-аар 0,4-кВ-ын кабель шугам, 6/0,4кВ-ын хүчдэлтэй 4х630ква чадалтай КТПН маягийн дэд өртөөний ажлын зураг[8], 2017 онд гадна тохижилтын ажлын зураг[9], 2018 онд “У*************” ХХК-аар “ажилчдын, үйлчилгээтэй орон сууц” зураг боловсруулан Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргаар тус тус хянуулан батлуулсан байна[10].

2.5. “Б*************” ХХК дээрх гэрээгээр хүлээн үүргээ хэрэгжүүлж эхний ээлжинд “14 давхар 124 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй 339 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулан 2018 оны 12 дугаар сарын 05-ны 2018/696 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гаргуулан захиалагч “УБЦТС” ТӨХК-ийн  ажилчдын 165, “ЦДҮС” ТӨХК-ийн ажилчдын 135 орон сууцыг оршин суугч нарт хүлээлгэн өгчээ.

2.6. Улмаар тус компаниас 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 19/02/29 албан бичгээр “УБЦТС” ТӨХК-д[11], ЦДҮС” ТӨХК-д[12] “...гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн захиалагч талд түлхүүр гардуулж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах нөхцөлийг бүрэн хангасан байгаа тул газар эзэмших эрхийг манай компанийн нэр дээр шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг яаралтай  гаргаж өгнө үү...” хандахад ЦДҮС” ТӨХК-аас 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/41* дугаар“...2019 онд оршин суугчдын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан тул манай газар эзэмшлийн гэрээг дуусгавар болгож, газар эзэмших эрхийг холбогдох этгээдэд шилжүүлж өгнө үү...” албан бичгийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлжээ[13].

2.7. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/61* дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/921 дүгээр захирамж, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 4243 м.кв орон сууцны орчны газрыг “Г*************” сууц өмчлөгчдийн холбоонд /цаашид “Г”СӨХ гэх/ ашиглуулах эрхийг олгож шийдвэрлэжээ.

2.8. Нэхэмжлэгчээс дээрх Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон 4243 м.кв газрын 1810 м.кв газарт холбогдох хэсгийг эс зөвшөөрч, өөрт эзэмшүүлэх тухай хүсэлтийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 07/2448 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт[14], 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандсан хэдий ч асуудлыг шийдвэрлээгүй байна.[15].

2.9. Иймд нэхэмжлэгчээс  2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/61* дүгээр захирамж, түүний эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/41* дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б************* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК гурван талт хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн эзэмшилд байсан 4243 м.кв газрыг 2015 онд хийгдсэн гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу “Б*************” ХХК-ийн эзэмшилд барилгажаагүй талбайн үлдсэн хэсгийг шилжүүлэхээр тохиролцсон байсан. Гэрээний үүргээ ухамсарлаж, ойлгож мэдсэн хэр нь 2 салаа утга агуулга бүхий албан бичгийг хүргүүлсэн байна.

...Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний А/61* тоот захирамжийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 44 дүгээр зүйлийн 44.6, 441 дүгээр зүйлийн 4415, 441 .9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон “Гэрэлт-Өргөө” СӨХ-д орон сууцны орчны газрын 4243 м.кв газрыг ашиглах эрхийг шилжүүлж шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байх 4243 м.кв талбай, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн газар дээр нийт 6 блок орон сууц барих тендерээр шалгарсан батламж гарч, барилга барих хүсэлтийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан байдаг. Үүний дагуу техникийн нөхцөлүүд гарч, барилга угсралтын ажлын зураг, холбогдох баримт бичгүүд магадлалаар ороод дүгнэлт гарчихсан, тухайн зургийн дагуу барилга байгууламж баригдахгүй байтал зөрчиж 6 блок баригдсан. Хот байгуулалт, хөгжлийн газраас хүсэлт гаргаж архитектур төлөвлөлтийн даалгаварт өөрчлөлт шаардлагатай эсэхийг тодруулахад шаардлагагүй гэж үзсэн. Анхнаасаа тус газарт 6 блок орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдсөн байсан. 2 блок барилгын барилга угсралтын ажил огт баригдаагүй, хийгдээгүй зогсчихсон байгаа. 1 блок газар шорооны ажил хийгдсэн байгаа. Захирамжид дурдсан орчны газар гэдгийг Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.2-т “Орчны газрыг ашиглах тухай хүсэлтэд дараахь зүйлийг тусгана: 441.2.3-д ашиглуулах орчны газрын зориулалт, хэмжээ, зааг, байршил, нэгж талбар /ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол зэрэг/-ийг харуулсан тойм зураг”, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг хэлнэ” гэж тодорхойлсон.

Гэтэл 4243 м.кв талбай бүхий газрыг орчны газар гэж үзэх боломжгүй. Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлд заасны дагуу сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах орчны газрын зориулалт, хэмжээ, зааг, байршил, нэгж талбар /ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол зэрэг/-ийг харуулсан тойм зураг бүхий холбогдох баримт, материалыг бүрдүүлэн газар ашиглах эрхийг хүсэх ёстой. Уг хүсэлтийг Нийслэл, дүүргийн Газрын алба хариуцаж шалгаад, хангаагүй бол хүсэлтийг буцааж, хангасан бол төрийн захиргааны байгууллагын баталсан загварын дагуу гэрээ байгуулах ёстой. СӨХ-д ашиглуулах газрын хэмжээ, заагийг тогтоохдоо Барилгын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан норм, дүрмийг баримтлах талаар зохицуулсан. Сууц өмчлөгчдийн холбоонд хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын хувьд тухайн 1810 м.кв газрыг ашиглах, эзэмшихтэй холбоотой асуудал үүссэн. Улсын дээд шүүхийн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуультай холбоотой зөвлөмжийн дагуу энэ хууль болон Газрын тухай хуульд нийтийн зориулалттай байшингийн орчны газрыг Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах асуудлыг төлөвлөх, баталгаажуулах, хяналт тавих гэсэн үе шаттайгаар хэрэгжихээр заасан ч үе шатны ажилд зааг ялгаа, хэрэгжүүлэх субъектийн талаар нарийвчилж тусгагдаагүй учраас ажил цалгардах, маргаан гарахад аль хэм хэмжээг баримтлахыг тусгаагүй. Газрын тухай 441 дүгээр зүйлийн 441.8-т Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах орчны газрын ерөнхий төлөвлөгөөг аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн алба болон хот байгуулалтын алба хамтран батална гэж заасан. Дээрх ерөнхий төлөвлөгөөг үндэслэн Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын саналыг авч орчны газрыг ашиглах хүсэлтээ Засаг даргад хүргүүлж болно.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх; 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.6-т бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; 4.2.7-д ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах; 4.2.8-т хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан.

Захиргааны шийдвэр гаргахаас өмнө бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийг захиргааны байгууллагад хүлээлгэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.3-т “Захиргааны байгууллага өөрт байгаа болон байх ёстой мэдээлэл, нотлох баримтыг оролцогчоос шаардахгүй” гэж заасан. Уг ашиглах эрх олгож байгаа захирамжийн хүрээнд “Б*************” ХХК-д сонсох ажиллагаа явуулж, оролцогчийг сонссон зүйл байхгүй. Сонсох ажиллагаа хийхгүй тохиолдолд үүнийгээ захиргааны байгууллага нотлох үүргийг хүлээнэ.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 21 дүгээр зүйлийн 21.2.1, 21.2.2, 21.2.4, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу газар эзэмших, ашиглах эрх олгох шийдвэр гаргаж байгаа бүрэн эрхтэй субъект болох Нийслэлийн Засаг дарга 4243 м.кв талбай газрын 1810 м.кв газарт цаашид барилга баригдахыг мэдэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл мэдсээр байж барилгажаагүй, орчны газарт хамааралгүй талбайг бүрэн гүйцэд судалж, холбогдох баримт бичгийг үндэслээгүй байж 4243 м.кв газрын ашиглах эрхийг “Гэрэлт-Өргөө” СӨХ-д шилжүүлсэн нь хууль бус захиргааны акт юм.

3. “Б*************” ХХК-д 1810 м.кв талбай бүхий газрыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах. Талуудын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ болон гэрээний нэмэлт өөрчлөлтөөр нэхэмжлэгчид эзэмшлийн газруудыг шилжүүлэхээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК харилцан тохиролцсон нь Хамтран ажиллах гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн удирдлагуудын шүүхэд гэрчээр оролцохдоо өгсөн мэдүүлгээр тогтоогдоно. Хэрэгт авагдсан баримтаар “Б*************” ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхэд талуудаас хяналт тавилгүй, баталгаажуулалтын акт тавьсан. “Б*************” ХХК-ийн орон сууцанд орсон талаарх” "Г*************” СӨХ-ны удирдлагын мэдүүлэг, барилга ашиглалтад оруулах комиссын актаар тогтоогдоно. Холбогдох баримт материалуудын хуульд заасан бүрдүүлбэрийг хангаж Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн Засаг даргад хандаж гаргасан. Энэ нь хотын захиргааны ирсэн бичгийн бүртгэл хяналтын картаар тогтоогдож байна. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 7244 дугаартай картын ирсэн бичгийн мэдээлэлд “Б*************” ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт гэж 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 21/06/16-01 дугаартай хүсэлт хүргүүлэх тухай 70 хуудас материалыг хүргүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагт бүртгэж авсан. Шийдвэрлэсэн эсэхэд шийдвэрлэгдсэн гэж танилцуулагдсан. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас Засаг даргын ажлын алба, Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Хууль эрх зүйн хэлтсийн дарга н.М*************, н.М************* Хууль тогтоомжийн талаарх хяналт гэсэн байдлаар шийдвэрлэгдсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба руу 07/2448 тоот Арга хэмжээ авч ажиллах тухай гэсэн албан бичгийг хүргүүлсэн. Асуудлыг шийдвэрлэх бодитой арга хэмжээ авах тухай “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Б*************” ХХК-уудын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Компанийн ажилтнуудад зориулсан орон сууцны барилга угсралтын ажил хийж гүйцэтгэх, хамтаар ажиллах гурван талт гэрээг байгуулсан. Уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.8-т Гүйцэтгэгч байгууллага болох “Б*************” ХХК-ийн нэр дээр тухайн барилга баригдаж дуусах орон сууцны хорооллын тодорхой хэсгийг эзэмшүүлэх талаар тусгасан тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/61* дүгээр захирамжаар Г************* СӨХ-д олгосон газрыг багасгаж өгнө үү гэсэн хүсэлтийг хүргүүлсэн. Иймд уг асуудлыг шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгосон.

Ирсэн бичгийн бүртгэл хяналтын картын дугаар 1533 дугаартай 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Б*************” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт Асуудал шийдвэрлүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн. Дээрх асуудалд холбогдуулж зөрчлийн шинжгүй тул холбогдох газарт шилжүүлэв гэсэн агуулгатайгаар шилжүүлж шийдвэрлэсэн. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Б*************” ХХК-д гаргасан хүсэлтийн дагуу гаргасан. Газрын тухай хуулийн дагуу Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээд болох Нийслэлийн Засаг даргын зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрх хуульд олгогдсон. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана, 38.2.1-д нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, 38.2.3-т албан татвар, хураамж төлсөн тухай баримт, 38.2.4-т татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт” зэрэг баримт байж байж газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой хүсэлтийг шийдвэрлэхээр хуульд заасан. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл хуульд заасан шаардлагын дагуу эрх шилжүүлэхтэй холбоотой холбогдох баримт бичгийн материалыг шийдвэр гаргах эрхтэй этгээд Нийслэлийн Засаг даргад өгсөн боловч өнөөдрийг хүртэл шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйгээр тус компанийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэж 1810 м.кв талбай бүхий газрыг “Б*************” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан...” гэв.

3.2. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Албан бичиг нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын 6 шинжийг хангахгүй байгаа. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэх нь Захиргааны шүүхийн шийдвэрлэх асуудал биш учраас хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

Нийслэлийн Засаг даргын захирамж хууль зөрчиж гарсан тохиолдолд хууль бус захиргааны акт болно. Маргаж байгаа А/61* дүгээр захирамж хууль бус захиргааны акт биш. 4 блокод “Г*************” СӨХ-ны оршин суугчид амьдарч байгаа. Оршин суугчид амьдарч байгаа тохиолдолд орчны тохижилт, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангах үүднээс тухайн СӨХ-д орчны газрыг баталгаажуулж өгдөг. Энэ талаар Газрын тухай хуулийн 441.1 дүгээр зүйлд тодорхой зааж өгсөн. СӨХ-д газар ашиглах эрх олгох эрх хэмжээ нь Нийслэлийн Засаг даргад бий. Нийслэлийн Засаг дарга энэ эрхийнхээ хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түүнчлэн нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байхыг шаарддаг. Одоо байгаа нөхцөлд “Б*************” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж харахгүй байгаа.

4243 м.кв газраас хасуулж 1810 м.кв газрыг “Б*************” ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйтэй холбогдуулж даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу Нийслэлийн Засаг дарга “Б*************” ХХК-ийн өргөдөл, хүсэлтийг хүлээж авч ямар нэгэн байдлаар огт хариу өгөөгүй, шийдвэрлээгүй нөхцөл байдал байхгүй. “Б*************” ХХК-ийн хүсэлтийн дагуу гаргасан маргаан бүхий газар нь “Г*************” СӨХ-д баталгаажсан байх тул Нийслэлийн Засаг даргын хувьд “Б*************” ХХК-д газар эзэмших эрх олгох боломжгүй. Даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү....” гэв.

3.3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манай 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/41* тоот бичигтэй маргаж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно 37.2-т Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заасан. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2008 оны 86 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 3 дугаар зүйлийн 3.1-д иргэн, хуулийн этгээд нь газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тохиолдолд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батлагдсан загварын дагуу өргөдөл гаргана гэж заасан. Иймд тус компанийн зүгээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд албан хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасны дагуу захиргааны актад хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.4. Гуравдагч этгээд “Г*************” СӨХ-ны төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Тухайн газарт барилга бариагүй. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан ногоон байгууламж, орц гарц, хүүхдийн тоглоомын талбай бодит байдал дээр байхгүй, барилга бариагүй талбай нь хуулийн дагуу ногоон байгууламж, явган хүний гарц, орц гарц, машины зогсоолд ашиглах боломжтой учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байгаа.

Газар шилжүүлэх процесс хэний ч өмч биш газрыг шилжүүлж авах процесс биш. 2 этгээдийн хооронд газраа шилжүүлсэн процесс. Шинээр бичиг баримт бүрдүүлж СӨХ орчны газрыг эзэмших гэж байгаа юм шиг тайлбарлаж байна. 4243 м.кв газар нь аль хэдийнээ компанийн өмч байсан. Нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжсэн процесс. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага болох 2012 оны 3 талт гэрээний дагуу газар эзэмших асуудал тусдаа асуудал. Хариуцагчийн хувьд Нийслэлийн Засаг даргын А/61* тоот захирамжтай ямар ч хамааралгүй. Нэхэмжлэгчээс хариуцагчаа буруу сонгосон. Нэхэмжлэгчээс гурван талт гэрээ байгуулсан этгээдтэй шүүхийн журмаар маргах ёстой байсан. Хөндлөнгийн Нийслэлийн Засаг даргын захирамжтай маргах ёсгүй байсан гэж үзэж байна...” гэв.

        ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/41* дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1. Тус шаардлагын үндэслэлийн талаар нэхэмжлэл гаргагчаас шүүхийн хэлэлцүүлэгт “...албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор гаргах тайлбар байхгүй...” гэж мэдүүлсэн болно.

4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэжээ.

 4.3. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлд дурдсан үйл баримтаас үзвэл маргаан бүхий албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

4.4. Тодруулбал, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/41* дугаар албан албан бичиг нь захиргааны актын тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинжийг агуулаагүй байна.

 4.5. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Б*************” ХХК-аас “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-аас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/41* дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Тав: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/61* тоот захирамжийн 1810 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

5.1. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан үйл баримт болон “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/41* дугаар албан бичгийн агуулга,  хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

5.2. Нийслэлийн Засаг дарга 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/61* тоот “газар ашиглах эрх олгох тухай” захирамжийг гаргахдаа  “...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 24.2.4, 44 дүгээр зүйлийн 44.6, 441 дүгээр зүйлийн 441.5, 441.9-д заасныг баримтлан, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлт...” зэргийг үндэслэжээ.

5.3. Шүүхээс маргаан бүхий актын үндэслэлтэй холбоотой баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу шаардахад[16] шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 02-06/1694 дүгээр “Нотлох баримт гаргуулах” албан бичгийг ирүүлсэн бөгөөд түүнд нотолгооны ач холбогдол бүхий шаардсан баримтуудыг ирүүлээгүй[17].

5.4. Мөн шүүхээс нотлох баримт цуглуулахад гуравдагч этгээд “...”Г*************” СӨХ-ноос Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1-д “Сууц өмчлөгчдийн холбооны нэрийн өмнөөс тухайн холбооны гүйцэтгэх захирал орчны газрыг ашиглах тухай хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу уг асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий тухайн шатны Засаг даргад гаргана”, 441.2-т ”Орчны газрыг ашиглах тухай хүсэлтэд дараахь зүйлийг тусгана” 441.2.1-д “сууц өмчлөгчдийн холбооны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг, уг холбоог бүртгэсэн тухай сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт”,  441.2.2-т ”нийтийн зориулалттай тухайн орон сууцны байшингийн байршил, хаяг”,  441.2.3-д “ашиглуулах орчны газрын зориулалт, хэмжээ, зааг, байршил, нэгж талбар /ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол зэрэг/-ийг харуулсан тойм зураг”, 441.2.4-т “баг, хорооны Засаг даргын санал”  заасан шаардлагыг хангасан баримт материал олдоогүй.

5.5. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т************* “...************* СӨХ-д газар ашиглах эрх олгосон газар баталгаажилтын хувийн хэргийн хуулбарыг газар зохион байгуулагч олж чадахгүй байх шиг байгаа юм[18]...Тухайн үеийн Мэргэжлийн зөвлөлийн хурлаар энэ талаарх мэдээлэл байхгүй[19]...” гэж тайлбарласан.

5.6. Шүүхээс гуравдагч этгээд “Г*************” СӨХ-д дээрх баримтыг шүүхэд гаргах боломжийг олгосон боловч болон үүнтэй холбоотой ямар нэг бичгийн баримт материалыг шүүхэд гаргаж өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар шүүхийг нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэж буруутгах үндэслэл болохгүй.

5.7. Товчхондоо маргаан бүхий актын үндэслэл болсон  Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлт байхгүй байна.

5.8. Түүнчлэн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/41* дугаар албан бичигтээ “...манай эзэмшлийн гэрээг дуусгавар болгож, газар эзэмших эрхийг холбогдох этгээдэд шилжүүлж өгнө үү...” гэжээ.

5.9. Хожим энэхүү албан бичгийнхээ агуулгыг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н************* “...”Г*************” СӨХ-д шилжсэн 4243 м.кв газраас талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 2.1 дэх хэсэг, 5.2.8 дахь заалтын дагуу гүйцэтгэгч байгууллага болох “Б*************” ХХК-д 1810 м.кв газрыг шилжүүлэх үүргийг захиалагч тал нь хүлээж байгаа тул уг газрыг буцаан олголт хийж, бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү ...”[20] гэж 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/452 дугаар албан бичигтээ залруулга хийж, тайлбарлан зөвтгөсөн бол шүүх хуралдаанд гэрчээр оролцсон “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн тэргүүн дэд захирал Б.Д************* “...холбогдох этгээд гэдэг нь Сууц өмчлөгчийн холбоо ч байгаа мөн “Б*************” ХХК ч байгаа гэж ойлгож болно...” гэж мэдүүлсэн[21].

5.10. Нөгөөтээгүүр гуравдагч этгээд “Г*************” СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...барилга бариагүй талбай нь хуулийн дагуу ногоон байгууламж, явган хүний гарц, орц гарц, машины зогсоолд ашиглах боломжтой учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байгаа...” гэж маргах боловч бодит байдалд маргаан бүхий 4243 м.кв газрын 1810 м.кв хэсэг дээр анхнаасаа төслийн дагуу барилга барихаар төлөвлөгдсөн ба уг газрыг ногоон байгууламжаар ашиглахаар тусгагдаагүй болох нь 2012 оны А/333 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар[22], Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 09/2708 дугаар албан бичиг[23], шүүхээс хэргийн газар дээр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр[24] тогтоогдсон.

 5.11. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ”Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 25 дугаар зүйлийн 25.1.1-д ”ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, 25.1.2-т “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” гэж заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит үнэнийг тогтоох үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

5.12. Иймд хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/61* тоот “газар ашиглах эрх олгох тухай” захирамжийг гаргахдаа дээр хуулийн нөхцөл шаардлагыг хангаагүй гэж үзэн уг актаар “Г*************” СӨХ-д ашиглах эрхтэй шилжсэн 4243 м.кв талбай бүхий газраас барилгажаагүй, барилга угсралтын ажил тодорхой түвшинд хийгдээд зогссон 1810 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Зургаа: “Б*************” ХХК-д 1810 м.кв газар эзэмших эрх олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг газар эзэмших эрхийг тус компанид олгож өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6.1. Шүүхийн хэлэлцүүлэг дээр тус шаардлагын тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т************* “...Б*************” ХХК-ийн хүсэлтийн дагуу гаргасан маргаан бүхий газар нь “Г*************” СӨХ-д баталгаажсан байх тул Нийслэлийн Засаг даргын хувьд “Б*************” ХХК-д газар эзэмших эрх олгох боломжгүй...”  гэх тайлбарыг хийсэн болно.

6.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тодорхойлсноос үзэхэд Захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл огт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгахыг ойлгохоор байна.

6.3. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр “Б*************” ХХК-ийн захирал Н.Б************* 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 21/08/26-01[25], 21/08/26-02[26] дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандсан байх болох нь ирсэн бичгийн бүртгэлийн хяналтын картын 10700 бүртгэгдсэн байна.

6.4. Гэвч уг хариутай албан бичигт удирдлагын заалтад шийдвэрлэлтийн талаар мэдээлэлд тэмдэглэгээ хийгдээгүй байна[27].

6.5. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компаниас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг захиргааны байгууллага шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэж болохоор байна.

6.6. Түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсгийн тавд дурдсан хариуцагч Нийслэлийн Засаг даргын  2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/61* тоот “газар ашиглах эрх олгох тухай” захирамжийн “Г*************” СӨХ-д ашиглах эрхтэй шилжсэн 4243 м.кв талбай бүхий газраас барилгажаагүй, барилга угсралтын ажил тодорхой түвшинд хийгдээд зогссон 1810 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт зэргийг нэгтэн дүгнэвэл “Б*************” ХХК-д 1810 м.кв газар эзэмших эрх олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх  тул шаардагдах захиргааны акт болох 1810 м.кв газрын эзэмших эрхийг тус компанид олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар “Б*************” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/41* дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас  татгалзсугай.

2. Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1, 441.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний А/61* тоот захирамжийн 1810 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Б*************” ХХК-д 1810 м.кв газар эзэмших эрх олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, уг газрыг эзэмших эрхийг тус компанид олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР

 

 

[1] 1 Хавтас хэргийн 30-37 хуудас

[2] 1 Хавтас хэргийн 6-11 хуудас

[3] 1 Хавтас хэргийн 13-14 хуудас

[4] Нотлох баримтаа ирсэн  Шифр ЗТ12_39/12 зураг

[5] Нотлох баримтаа ирсэн Шифр:UA-12/12 зураг

[6] Нотлох баримтаа ирсэн Эскиз зураг үзнэ үү.

[7] Нотлох баримтаа ирсэн Шифр:OT-21-2012 зураг

[8] Нотлох баримтаар ирсэн Шифр:УБЦТС-28-2013 зураг

[9] Нотлох баримтаар ирсэн Шифр:ММ-06-2017 зураг

[10] Нотлох баримтаар ирсэн УБЦТС” ТӨХК, “ЦДҮС” ТӨХК-ийн ажилчдын, үйлчилгээтэй орон сууцны загвар зураг

[11] 1 Хавтас хэргийн 25 хуудас

[12] 1 хавтас хэргийн 26 хуудас

[13] 1 Хавтас хэргийн 17 хуудас

[14] 1 Хавтас хэргийн 68-70 хуудас

[15] 1 Хавтас хэргийн 71-73 хуудас

[16] 2хавтас хэргийн 96, 103,

[17] 2хавтас хэргийн 144 хуудас

[18] 2хавтас хэргийн 153 хуудас

[19] 2хавтас хэргийн 167 хуудас

[20] 2 Хавтас хэргийн 67 хуудас

[21] 2 Хавтас хэргийн 123-126 хуудас

[22] 2хавтас хэргийн 43 хуудас

[23] 1 хавтас хэргийн 24 хуудас

[24] 1 хавтас хэргийн 214-229 хуудас

[25] 1 Хавтас хэргийн 73 хуудас

[26] 1 Хавтас хэргийн 71 хуудас

[27] 1 Хавтас хэргийн 72 хуудас