Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2022/0607

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: ...нийслэлийн Засаг даргад холбогдуулан ЗД-н 2020 оны 05 дугаар сарын 04-ний А/611 тоот захирамжийн 1810 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргаас “Б ” ХХК-д 1810 м.кв газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг газрын эзэмших эрхийг тус компанид олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах, Ц ” ТӨХК-д холбогдуулан Ц  ТӨХК-ийн нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/415 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах...

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0416 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0745/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан ЗД-н 2020 оны 05 дугаар сарын 04-ний А/611 тоот захирамжийн 1810 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргаас Б  ХХК-д 1810 м.кв газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг газрын эзэмших эрхийг тус компанид олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах, Ц ” ТӨХК-д холбогдуулан Ц  ТӨХК-ийн нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/415 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0416 дугаар шийдвэрээр “Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ц ” ТӨХК-д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц  ТӨХК-ийн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/415 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, ЗД-н 2020 оны 05 дугаар сарын 04-ний А/611 тоот захирамжийн 1810 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б ХХК-д 1810 м.кв газар эзэмших эрх олгохгүй байгаа ЗД-н эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, уг газрыг эзэмших эрхийг тус компанид олгохыг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

3. Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0416 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

3.1 Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх шүүхийн шийдвэрээр Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ЗД, Ц ТӨХК нарт холбогдох гуравдагч этгээд “Г ” Сууц өмчлөгчдийн холбоо нарын хоорондын газар ашиглах эрхийн маргааныг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан хуулийн зүйл, хэсгийг хэрэглэхдээ хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой үйл баримт, нотлох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн үнэлээгүйгээс болж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйд гуравдагч этгээдийн төлөөлөгчийн зүгээс гомдолтой байна.

3.2 Нийслэлийн Засаг дарга 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/611 дүгээр тоот захирамжаар “Г ” сууц өмчлөгчдийн холбоонд 4.243 м.кв талбайтай газрыг ашиглуулахаар шийдвэрлэхдээ хууль тогтоомжийн үзэл санаанд бүрэн нийцүүлж шийдвэрлэсэн гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна.

 Тодруулбал, маргаан бүхий газрыг өмнө нь Ц  ТӨХК нь ЗД-н 2017 оны А/921 дүгээр тоот захирамжаар эзэмшиж байсан бөгөөд эзэмшлийн газраа “Г ” сууц өмчлөгчийн холбоонд шилжүүлэн олгохоор 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 01/415 дугаар тоот албан бичгийг хүргүүлсэн. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 86 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1-д “иргэн, хуулийн этгээд нь газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тохиолдолд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батлагдсан загварын дагуу өргөдөл гаргана” гэж заасан. Энэ журмын дагуу Ц ТӨХК нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд дээрх хүсэлтээ гаргажээ.

3.3 Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох нийслэлийн газар зохион байгуулалтын алба мөн Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-өөс Ц ТӨХК-иас нийслэлийн Газар зохион байгуулалтын албад гаргасан хүсэлтийг шийдвэрлэх үүднээс хуралдаж дүгнэлт гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах үүднээс бодит нөхцөл байдлыг тогтоохоор ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийж дээрх дүгнэлтийг гаргасан байна гэж үзнэ. Энэ ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан журамд бүрэн нийцсэн гэж үзэх боломжтой. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулсаны үндсэн дээр нийслэлийн Засаг даргаас 2020 оны А/611 дүгээр тоот захирамж гаргах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдлөшгүй нотлогдож байгаа.

3.4 Иймд, давж заалдах шатны шүүх гомдолд дурдагдсан үндэслэлээр хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж гуравдагч этгээдийг төлөөлөгч миний давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын сарын 31-ний өдрийн 0416 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

3. Нэхэмжлэгч Б ХХК нь ЗД-н 2020 оны 05 дугаар сарын 04-ний А/611 тоот захирамжийн 1810 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ЗД-с “Б ” ХХК-д 1810 м.кв газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг газрын эзэмших эрхийг тус компанид олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийг анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц” ТӨХК-ийн нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/415 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

4. Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Б” ХХК нь 2012 онд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “У ”, “Ц” ТӨХК-ийн эзэмшлийн газар дээр 594 айлын ажилчдын орон сууц барихаар зарласан ТС-65/2012 тоот тендерт оролцон шалгарч, 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 3335/2012 тоот хамтран ажиллах гэрээг байгуулсан. Үүний дараа 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж ...гэрээний 5.2.8-д А, B, D блокын барилга угсралтын ажил дуусаж түлхүүрийг захиалагчид гардуулан өгч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах нөхцөл бүрдсэн тохиолдолд захиалагч хоёр байгууллага газар эзэмших эрхийг гүйцэтгэгчийн нэр дээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй... гэх нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна.

5. “Б ” ХХК дээрх гэрээгээр хүлээн үүргээ хэрэгжүүлж эхний ээлжинд 14 давхар 124 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй 339 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулан 2018 оны 12 дугаар сарын 05-ны 2018/696 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гаргуулан захиалагч “У ” ТӨХК-ийн ажилчдын 165, “Ц ” ТӨХК-ийн ажилчдын 135 орон сууцыг оршин суугч нарт хүлээлгэн өгч, улмаар тус компаниас 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 19/02/29 албан бичгээр ...гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн захиалагч талд түлхүүр гардуулж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах нөхцлийг бүрэн хангасан байгаа тул газар эзэмших эрхийг манай компанийн нэр дээр шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг яаралтай гаргаж өгнө үү... гэж, “Ц ” ТӨХК-аас 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/415 дугаар ...2019 онд оршин суугчдын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан тул манай газар эзэмшлийн гэрээг дуусгавар болгож, газар эзэмших эрхийг холбогдох этгээдэд шилжүүлж өгнө үү... гэх албан бичгийг нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн байна.

6. Гэтэл ЗД-н 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/611 дүгээр захирамжаар ЗД 2017 оны А/921 дүгээр захирамж, “Ц ” ТӨХК-ийн 4243 м.кв орон сууцны орчны газрыг “Г ” сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах эрхийг олгож шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгчээс дээрх “ЗД-н захирамжаар олгосон 4243 м.кв газрын 1810 м.кв газарт холбогдох хэсгийг эс зөвшөөрч, өөрт эзэмшүүлэх тухай хүсэлтийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 07/2448 дугаар албан бичгээр ЗД-н Тамгын газарт, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нийслэлийн Засаг даргад хандсан хэдий ч асуудлыг шийдвэрлээгүй байна.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэл гаргасан хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй үндэслэлийг хянадаг.

9. ЗД-н 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/611 дүгээр захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 44 дүгээр зүйлийн 44.6, 441.5, 441.9-д заасныг тус тус үндэслэн байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж, 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т “газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6-т “Энэ хуулийн 44.4-т “иргэнд хувийн гэр, орон сууцны хашааны зориулалтаар ашиглуулах газрын хэмжээ 0,05 га-гаас, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих зориулалтаар олгох газрын хэмжээ 0,1 га-гаас тус тус илүүгүй байна. Газрыг 5 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ашиглуулах бөгөөд гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна” гэж, 441.5-т “Орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах шийдвэрийг Газрын тухай хуулийн 21.2, 21.3, 21.4-т заасан эрх бүхий албан тушаалтан гаргах ба уг шийдвэрийг үндэслэн газрын асуудал эрхэлсэн алба, газрын даамал сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захиралтай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан загварын дагуу гэрээ байгуулна” гэж, 441.9-д “Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах орчны газрын ашиглах хугацаа 15 жил байна. Энэ хуулийн 441.6-д заасан гэрээг нийтийн зориулалттай тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд 15 жилээр хэдэн ч удаа сунгаж болно” гэж тус тус заажээ.

10. Дээрх үйл баримттай холбоотой баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу шаардахад энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул анхан шатны шүүх хавтас хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоохгүй байна.

11. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.4-д “Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй”, 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасан.

12. Дээрх хуулиар тогтоосон журмын дагуу захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий баримтыг цуглуулах үүрэгтэй, шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтад үндэслэсэн байх, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй. Харин хэргийн оролцогчид өөрсдийн шаардлага, тайлбарын үндэслэлийн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөх, хэрэв боломжгүй бол тухайн баримтын эх сурвалжийг шүүхэд зааж мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 02-06/1694 дүгээр нотлох баримт гаргуулах албан бичгийг ирүүлсэн бөгөөд түүнд нотолгооны ач холбогдол бүхий шаардсан баримтуудыг ирүүлээгүй, гуравдагч этгээдийн зүгээс холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байна.

13. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, нотлох баримтыг үнэлж, холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, “Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ц ” ТӨХК-д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Ц ” ТӨХК-ийн нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/415 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, ЗД-н 2020 оны 05 дугаар сарын 04-ний А/611 тоот захирамжийн 1810 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б  ХХК-д 1810 м.кв газар эзэмших эрх олгохгүй байгаа ЗД-н эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, уг газрыг эзэмших эрхийг тус компанид олгохыг ЗД-д даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

14. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ