Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 00008

 

 

 

                                                        

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

Б.Бт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч З.Хосбаяр, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Л.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Бүрэнчимэг,

Нарийн бичгийн дарга: П.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолтой Б.Бт холбогдох 2038000480047 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Бын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Занги овогт Б- Б, ....... оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .................../.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвд оршин суух иргэн Д.Н-ийн гэрийн хаалгаар нэвтэрч мөнгөн хазаар хулгайлан 750,000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Б.Г-ын Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын фэйсбүүк нэгдсэн зар дээр тавьсан “идэшний үхэр авна” гэсэн зар мэдээг ашиглан түүнээс 180,000 төгрөгийг залилан мэхэлж авсан, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн А.Б-д шар тос, цагаан тос худалдана гэж 540,000 төгрөгийг 5894192979 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан, 2019 оны 5 дугаар сард иргэн Т.Н-аас вакум цонх хийж өгнө урьдчилгаа гэж 100,000 төгрөгийг залилан мэхэлж авсан, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Ө.С-ийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын фэйсбүүк нэгдсэн зар дээр тавьсан “идэшний үхэр авна” гэсэн зар мэдээг ашиглан түүнээс 450,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Занги Б-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргүүдийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Баас 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Нд олгож, Эрүүгийн 2038000480047 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Д.Н нь замын зардал 50.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Баас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо:  Б овогтой Б миний бие 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг эдлэх хугацаанд 2020 оны 4 дүгээр сарын 09-нд шүүхийн шийтгэх тогтоол ирсэн болно. Энэ хугацаанд хохирогч болох Д.Нгийн үлдэгдэл хохирол болох 100,000 төгрөгийг бүрэн барагдуулсан. Одоо ямар нэгэн хохирол, гомдол байхгүй тул миний 2 жил, 1 сарын хорих ялыг минь хөнгөрүүлж өгөхийг хүсч байна гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвд оршин суух иргэн Д.Нгийн гэрийн хаалгаар нэвтэрч мөнгөн хазаар хулгайлан 750,000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Б.Гын Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын фэйсбүүк нэгдсэн зар дээр тавьсан “идэшний үхэр авна” гэсэн зар мэдээг ашиглан түүнээс 180,000 төгрөгийг залилан мэхэлж авсан, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн А.Бд шар тос, цагаан тос худалдана гэж 540,000 төгрөгийг 5894192979 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан, 2019 оны 5 дугаар сард иргэн Т.Наас вакум цонх хийж өгнө урьдчилгаа гэж 100,000 төгрөгийг залилан мэхэлж авсан, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Ө.Саранцэцэгийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын фэйсбүүк нэгдсэн зар дээр тавьсан “идэшний үхэр авна” гэсэн зар мэдээг ашиглан түүнээс 450,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Н, Б.Г, А.Б, Т.Н, Ө.Саранцэцэг нарын мэдүүлэг, гэрч Р.Дашдорж, А.Бямбаацэрэн, М.Мөнхчулуун, Ц.Өлзийбаяр, Л.Олдох нарын мэдүүлэг, хөрөнгө үнэлсэн тайлан, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч А.Б, Д.Н нартай байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн ял оногдуулахдаа шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Бын “хохирогч болох Д.Нгийн үлдэгдэл хохирол болох 100,000 төгрөгийг бүрэн барагдуулсан. Одоо ямар нэгэн хохирол, гомдол байхгүй тул миний 2 жил, 1 сарын хорих ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэх  агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл  давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                             З.ХОСБАЯР

                                                                         Н.БАЯРХҮҮ