Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00099

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Д.Н,

Гэрч Р.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бхолбогдох эрүүгийн 2038000480047 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвд оршин суух иргэн Д.Нгэрийн хаалгаар нэвтэрч мөнгөн хазаар хулгайлан 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Б.ГХөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын фэйсбүүк нэгдсэн зар дээр тавьсан “идэшний үхэр авна” гэсэн зар мэдээг ашиглан түүнээс 180.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн А.Бшар тос, цагаан тос худалдана гэж 540.000 төгрөгийг 5894192979 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 5 дугаар сард иргэн Т.Нвакум цонх хийж өгнө урьдчилгаа гэж    100.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Ө.СХөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын фэйсбүүк нэгдсэн зар дээр тавьсан “идэшний үхэр авна” гэсэн зар мэдээг ашиглан түүнээс 450.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч Б.Быг хулгайлах болон залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000480047 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

     Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би нэг хүнээс мөнгө худлаа хэлж аваад баригдахгүй болохоор нь өөр хүмүүсээс мөнгө авч залилсан...Нэг хүнээс цонх хийж өгнө гэж урьдчилгаа 100.000 төгрөг авсан...Ааруул цагаан идээ зарах гэсэн юм гэж хэлээд 540.000 төгрөг таньдаг дүүгийн данс руу шилжүүлж авсан...180.000 төгрөгийг бярууны үнэ гэж шилжүүлж авсан...Сарлагийн шүдлэн үхэр зарна гэж нэг эмэгтэй хүнээс 450.000 төгрөг шилжүүлж авсан...Нэргүй ахын гэрт орж мөнгөн хазаар хулгайлж авсан...Би үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Нн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Цагаан-Уул сумын төвд байрлах гэртээ ирсэн чинь манай гэрийн гадна талын тамбрын хаалга онгорхой, гэрийн хаалга хөшөөд цоож нь газарт унасан байсан. Би гэртээ орсон чинь гэрт маань байдаг 7 авдрын амыг онгойлгоод дотор байсан хувцас, эд зүйлийг гаргаад мөнгөн хазаарыг маань хулгайлж аваад явсан байсан. Өөр эд зүйл алдагдаагүй байсан. Тухайн үед Цагаан-Уул сумын төвд байдаг гэр маань цоожтой 7 хоног эзэнгүй байсан. Миний хулгайд алдсан хазаар 2010 онд 600.000 төгрөгөөр Цагаан-Уул сумын иргэн Хатанбаатараас худалдан авч байхад манай эхнэрийн өвөг дээдсээс үе дамжан ирсэн хазаар байгаа юм гэж хэлж байсан. Амгайны үзүүр хэсэгт гуулин морины толгой, зуузайтай, урт суран жолоотой, жороог амгайнаас хойш хоорондоо 1 см зайтай 5 ширхэг мөнгөөр бүрж, хазаарын зай 1 см орчим битүү цул цагаан мөнгөөр бүрсэн, 5-н бэлчир дээр эрхий хурууны хэмжээтэй мөнгөн цэцгэн хэлбэртэй товруу, амгай, хазаарын бэлчир хэсэг гуулиар бүрсэн мөнгөн толгойтой 2 ширхэг хадаастай мөнгөн хазаар байсан...Б.Б хохирол гээд 500.000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдсэн 250.000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний дотор өгнө гэж гэрээ хийсэн...Одоо үлдсэн 100.000 төгрөг болон замын зардал 50.000 төгрөг буюу нийт 150.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Гмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ...2019 оны 11 дүгээр сарын эхээр Цагаан-Уул сумын фэйсбүүк зар дээр бяруу авна гэсэн зар тавьсан чинь миний 88598199 дугаарын утас руу 86550425 дугаарын гар утснаас залгаад Тосон багийн Амартүвшингийн хүүхэд байна. Улаанбаатар хотод манай дүү байрнаасаа хөөгдөх гээд байна. Бид хоёр утсаар 300.000 төгрөгөөр өгч авалцах болоод 2 хоноод ачаад орно 200.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би 180.000 төгрөг байна гэсэн чинь шилжүүлчих гэхээр нь Цагаан-Уул сумын Хаан банк орж Ганаа гэх хүний Алтанхуягийн Мөнххуяг гэсэн данс руу 180.000 төгрөг явуулсан. Тэгээд Ганаа гэж хэлсэн хүний гар утсаар ярихаар машинаа галлаж байна, хөдөө байна гээд ирэхгүй 10 хоног залгахад гар утсаа авахаа байсан. Сүүлдээ 86550425 дугаарын гар утас нь холбогдохоо байсан. Манай хүү Улаанбаатар хотод Алтанхуягийн Мөнххуягийг олоод уулзсан чинь манай найзын эгчийн нөхөр О.Базгаа гэж хүн авсан байх гэж хэлсэн...Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, миний хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-81-р хуудас/,

Хохирогч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ...2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 98162011 дугаарлуу та “цагаан тос, шар тос” авах уу гэж 86550425 дугаарын утаснаас залгаж ярьсан. Тэгээд орой Цагаан-Уулын машинд тавиад явуулна 7-7-12 тоотод очоод аваарай гэж хэлсэн. 25 кг цагаан тос, 25 кг шар тос нийтдээ 540.000 төгрөг болоод би өөрийн данснаас тэр хүний 5894192979 Бямбацэрэн гэх хүний дансруу шилжүүлсэн. Тэгээд тэр утас руу нь дараа нь хэд хэдэн удаа ярьсан боловч янз бүрийн шалтаг тоочоод одоог хүртэл миний шар тос, цагаан тосыг өгөөгүй. 7-7-12 тоотод очиход тийм Цагаан-Уулын хүний тухай танихгүй, тийм хүн ирээгүй, манайх Жаргалант сумын гаралтай айл байгаа юм гэж хэлсэн...2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр миний данс руу Б.Б 540.000 төгрөг шилжүүлж хохирлоо бүрэн төлсөн. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-89-р хуудас/, 

 Хохирогч Т.Нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр залуу удалгүй ганцаараа ирж цонхны хэмжээ аваад маргааш оройны дотор танай цонхыг гаргаад өгье гээд та 30.000 төгрөгийн урьдчилгааг гаргаад өгчих гэхээр нь би 30.000 төгрөг бэлнээр өгсөн. Маргааш нь тэр залуу цонхны материал авах гэсэн чинь мөнгө хүрэхгүй байна, та 40.000 төгрөг нэмээд өгөөч гэхээр нь за тэг, тэг чи маргааш гаргаад өгчих гээд Дөрвөн Уул захын хажууд нөгөө залуутай уулзаад 40.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэр залуу хэлэхдээ маргааш таны цонх бэлэн болно гээд маргааш нь утас нь холбогдохоо байсан. Тэгж ярьснаас хойш 2 хоногийн дараагаар тэр залуу Мөрөнд орж ирлээ гээд цонхоо хийх гэсэн чинь материал дутчихлаа та 100.000 төгрөг өгөөч гэсэн. Тэгэхээр нь би 100.000 төгрөг өгөхгүй 30.000 төгрөгийг өгнө гээд бэлнээр 30.000 төгрөг тэр залууд өгсөн. Тэгээд тэр залууг би хаана ажилладаг юм гэсэн чинь 1 дүгээр хороонд вакум цонх хийдэг газарт ажилладаг гэж байсан. Би тэр газарт нь орой нь очоод уг залууг ажилладаг эсэхийг асуухад тийм залуу ажилладаггүй вакум цонх хийдэг хүмүүс нь хотод байдаг гэж байсан. Маргааш нь нөгөө залуугийн утас нь холбогдохоо байгаад нөгөөдөр нь уг залуугийн утас нь холбогдохоор нь би цонх яаваа гэсэн чинь танай цонх солигдоод Цагаан Уул сумруу ачигдчихжээ. Би араас нь Эрчим баг ортол яваад гүйцээгүй гэхээр нь тэгээд одоо яах юм болж байна, одоо уулзая гэсэн чинь би одоо амжихгүй маргааш уулзая гээд тэр залуу тэр чигтээ алга болсон....Б.Б гэдэг залуу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр миний хохирол болох 100.000 төгрөгийг бүрэн барагдуулж өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгү...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-98-р хуудас/, 

 Хохирогч Ө.Смөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Цагаан-Уул сумын нэгдсэн зар дээр идэшний шүдлэн үхэр авна гэж зар тавьсан. Тэгээд 11-р сарын 12-ны өдөр 80095763 дугаараас над руу залгаад “та шүдлэн үхэр авах гэж байгаа юм уу” гэхэд нь би тийм гэж хэлэхэд  би шүдлэн үхэр зарах гэж байгаа юм. Мах аваад Цагаан-Уул сумаас Улаанбаатар хот руу явах гэж байгаа юм  гэж хэлсэн. Би энэ хүнээс шүдлэн үхрээ хэд гэж байгаа юм гэхэд Цагаан-Уул сумын ханшаар 450.000 гэж хэлсэн. Тэгээд намайг та урьдчилгаанд над руу 300.000 төгрөг хийчих үлдсэнийг нь махаа авсны дараа өгөөрэй гэж хэлэхээр нь Анхтуяа гэдэг хүн рүү яриад 5127025108 тоот дансыг өгсөн...Тэгээд маргааш нь сэлбэг авах гээд мөнгөний хэрэг болоод байна үлдсэн 150.000 төгрөгөө өгөөч нутгийн хүмүүс ямарч асуудал байхгүй гэхээр нь би нөгөө данс руу өөрийнхөө утсаар үлдсэн 150.000 төгрөгийг шилжүүлсэн. Орой 17 цагийн орчим нөгөө утас руу залгахад Бүрэнтогтох сумын хөндийд явж байна орой Мөрөн ороод залгая, Мөрөнд Оргил халуун усны тэд очдог гэсэн. Тэгээд тэрнээс хойш утас нь огт холбогдохоо байсан...Миний 5898019626 тоот дансруу 450.000 төгрөг шилжүүлсэн. Одоо надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-106-р хуудас/, 

 Гэрч Р.Дмөрдөн шалгах ажиллагааны шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...2018 оны 05 дугаар сард өдрийн нь санахгүй байна. Манай сумын залуу Б.Баас 450.000 төгрөгөөр мөнгөн хазаар худалдаж авсан. Б.Б надад хэлэхдээ миний найз хурим хийх гээд би хазаар зарж байгаа юм гэхээр нь бэлэн мөнгөөр худалдаж авсан. Хуучин хэрэглэж байсан 5 ширхэг мөнгөн довруутай, морины толгойтой шар зуузайтай, 100 орчим ширхэг мөнгөн бүстэй хазаар байсан...Би Нэргүйд хазаар өгөөгүй...Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч М.Нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Дашдорж мөнгөн хазаар 450.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Цагаан-Уул сумын иргэн Базгаа гэх залуугаас худалдаж авсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-р хуудас/,

Гэрч А.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ванцагаа ах чиний дансны дугаар чинь хэд билээ. Ах нь чиний дансруу мөнгө орно, ахын дүү бүгдийг нь аваад ирээрэй гэхээр нь би юм бодоогүй өөрийнхөө 5894192979 гэсэн дансны дугаараа хэлэхэд мессежээр нэг хүн рүү явуулаад байх шиг байсан. Тэгээд 20 орчим минутын дараа нэг хүнрүү утсаар ярьснаа чиний дансруу 540.000 төгрөг орсон байгаа тэрийг гараад АТМ-ээс аваад ир гэсэн. Энэ мөнгө нь ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 126-127-р хуудас/,          

Гэрч М.Ммөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Б миний утасны дугаараас хүн рүү ярьж миний эзэмшлийн 5127025108 тоот дансаар мөнгө шилжүүлж авдаг байсан. Надад хэлэхдээ миний таньдаг хүн, ах эгч, аав, ээж мөнгө шилжүүллээ гэдэг байсан. Бүр сүүлд танихгүй дугааруудаас миний утас руу залгаад мөнгөө авья утасны эзэнтэй нь ярья гэдэг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-132-р хуудас/,      

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 154-р хуудас/,   

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 35-38, 51-53, 57-63, 65-р хуудас/,

Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт /хх-ийн 39-40-р хуудас/,

Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 64 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-52, 65-р хуудас/,

      Хохирогч А.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 201-р хуудас/,

      Хохирогч Д.Н  нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 203-204-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038000480047 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвд оршин суух иргэн Д.Нгэрийн хаалгаар нэвтэрч мөнгөн хазаар хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Б.ГХөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын фэйсбүүк нэгдсэн зар дээр тавьсан идэшний үхэр авна гэсэн зар мэдээг ашиглан түүнээс 180.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн А.Бшар тос, цагаан тос худалдана гэж 540.000 төгрөгийг 5894192979 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 5 дугаар сард иргэн Т.Нвакум цонх хийж өгнө урьдчилгаа гэж    100.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Ө.СХөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын фэйсбүүк нэгдсэн зар дээр тавьсан идэшний үхэр авна гэсэн зар мэдээг ашиглан түүнээс 450.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Д.Н, гэрч Р.Д нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хохирогч Б.Г/хх-ийн 78-81-р хуудас/, хохирогч А.Бгийн /хх-ийн 85-89-р хуудас/, хохирогч Т.Нийн /хх-ийн 93-98-р хуудас/, хохирогч Ө.С/хх-ийн 102-106-р хуудас/, гэрч М.Н/хх-ийн 114-р хуудас/, гэрч А.Б/хх-ийн 126-127-р хуудас/, гэрч М.М /хх-ийн 131-132-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 154-р хуудас/,   

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 35-38, 51-53, 57-63, 65-р хуудас/,

Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт /хх-ийн 39-40-р хуудас/,

Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 64 дүгээр хуудас/,

      Хохирогч А.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 201-р хуудас/,

 Хохирогч Д.Н нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 203-204-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Залилах болон хулгайлах гэмт хэргүүдийг шүүгдэгч Б.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилсан мөн тухайн тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Гт 180.000 төгрөгний, хохирогч А.Б540.000 төгрөгний, хохирогч Т.Нт 100.000 төгрөгний, хохирогч Ө.Ст 450.000 төгрөгний хохирол тус тус учруулснаа нөхөн төлсөн байна.

Хохирогч Д.Нд 750.000 төгрөгний хохирол учруулснаас 650.000 төгрөгний хохирлыг нөхөн төлсөн ба үлдэгдэл 100.000 төгрөгний хохирлыг нөхөн төлөөгүй байна. Иймд шүүгдэгч Б.Баас 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Нд олгох нь зүйтэй байна.    

Хохирогч Д.Н нь замын зардал 50.000 төгрөг нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Баас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргүүдийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 192-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулинд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж залилах гэмт хэрэгт нь нийтэд тустай ажил хийлгэх ял, хулгайлах гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 2038000480047 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргүүдийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-аас 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Нд олгосугай.

      6. Эрүүгийн 2038000480047 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Д.Н нь замын зардал 50.000 төгрөгний хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Б-аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР