Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 133/ШШ2020/00863

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ..... сумын .... баг, ...... тоотод оршин суух, Б овогтой Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн “З-А” ХХК-д холбогдох

Говь-Алтай аймгийн “З-А” ХХК-ийн Цээл сумын нутагт орших Уулын баяжуулах Таян нуурын Хүдэр тээвэрлэлтийг хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, 2020 оны 1-6 сарын цалинд 9.000.000 /есөн сая/ төгрөг, 7 дугаар сараас ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагчийн төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 2019 оны 07 дугаар сараас эхэлж Говь-Алтай аймгийн “З-А” ХХК-ийн Цээл сумын нутагт орших Уулын баяжуулах Таян нуурын Хүдэр тээвэрлэлтийг хариуцсан менежерээр ажилд орсон юм. Тухайн үед захирал Б.Г нь цалинг сарын 1.500.000 төгрөгөөр өгнө гэж ажилд оруулсан юм. Надад хэлэхдээ цалинг чинь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгал чинь бичилт хийнэ гар дээр чинь 1.500.000 өгнө гэж тохирсон юм. 2019 ондоо тохирсон ёсоороо цалингаа өгч байсан. 2020 оны 01 дүгээр сараас эхлээд ковид-19 гээд цалингаа өгч чадаагүй өдий хүрсэн юм. Ингээд миний бие 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Говь-Аптай аймагт ажлаасаа бууж ирсэн юм. Ингээд Алтайн-Хүдэр ХХК-иас мөнгө орж ирэхээр цалинг чинь өгнө гэж явсаар өдий хүрсэн. Одоо намайг ажлаас чинь чөлөөлсөн, өөр хүн авна гээд ажил хийлгэхгүй байгаа юм. Ажлаас чөлөөлсөн тушаалаа авъя гэхээр чи тэр тушаалаар яах гэсэн юм гээд өгөхгүй байгаа юм. Иймд намайг Говь-Аптай аймгийн “З-А” ХХК-ийг Цээл сумын нутагт орших Уулын баяжуулах Таян нуурын Хүдэр тээвэрлэлтийг хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, 2020 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар саруудад ажилласан хугацааны цалин 9.000.000 төгрөг гаргуулж, 7 дугаар сараас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б-ыг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн З-А ХХК-ийн Цээл сумын нутагт орших Уулын баяжуулах Таян нуурын Хүдэр тээвэрлэлтийг хариуцсан менежерээр ажилд томилсон. Ингэж ажиллуулахдаа цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тохирч тухайн үед ажилласан байдлаар нэмэгдэл олгоё гэж тохирсон. Д.Б ажиллаж  байх хугацаандаа надад гэр бүлийн хүн маань тухайн Хүдэр тээвэрлэлт дээр гуанз гаргая. Би тооцоог нь тооцъё гэж байна гэхээр нь гэр бүлийн хүн Батчимэгтэй нь хамт Хүдэр дээр ажил хийлгэхээр явуулсан. Тэгээд ажиллуулсан цагаас нь эхлэн гуанз ажиллуулсны цахилгаан, ус, нүүрс, түлээгийн төлсөн. Сар бүр Д.Б-ын машинд 150л түлш хийдэг. Мөн машины эд анги эвдэрлээ гэж сар бүр 200.000-300.000 төгрөг авдаг. Би үнэхээр Д.Б-д итгэл найдвар өгсөн. Би Д.Б-д хамгийн гол нь нэг жолооч 880.000 км хийж байх ёстой. Сар болгон 11 ирис хийдэг. Бид нар цаанаас Алтайн хүдэртэй гэрээтэй учраас ингэж явдаг. Ковид-19 холбоотой цалин мөнгөний асуудал гарсан. Д.Б удаа дараа ирж хоол унааны мөнгө авмаар байна гэдэг. Би хүсэлтийн дагуу ус ундаа, урьдчилгаа боломжийн мөнгө, гурил будаа Говь-Алтай аймгаас авч өгсөн. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний жолооч болон Д.Б-ыг эхнэртэй нь бууж ирэхээр нь шинэ жилийн арга хэмжээнд хүлээж авч манайх хүдэрт 4.3 тэрбум төгрөг тавьсан. Бүх Баасанцогт болон 20 жолоочдоо итгэл найдвар хүлээлгэж байгаа шүү. Та нар сар бүр 880.000 км яваад сэлбэг бага аваад яваарай гэсэн. 2020 оны 01 сард бол нийтээрээ ажил зогссон. 02 дугаар сард 06-19 хүртэл ажилласан. 03 дугаар сард манайхаас 4 жолооч ажилласан. Энд Д.Б очоогүй. Шалтгаан нь машинаа янзална гэсэн. 04 дүгээр сард Д.Б 27 хоног ажилласан. 05 дугаар сард бүтэн ажиллаагүй. 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх тооцоог би аваад ирсэн. Ингээд одоо хэдэн жолооч хэдэн км явсан байна. Хэдэн төгрөгийн зардал гаргасан нь бүгд харагддаг. Харин 06 дугаар сард 12-19 хүртэл 8 хоног ажилласан. Алтайн хүдрийн захирал манай ХХК-ийг танай ХХК гэрээтэй тул ажилла гэхэд манай жолооч нар цалингаа өгөөгүй тул явахгүй байна гэсэн гэтэл менежертэй хэлээд жолооч нараа явуул гэсэн. 06 дугаар сарын 19-нд жолооч нараа явуул манай ХХК руу мөнгийг хийнэ гэж байна гээд гуйсан. Гэвч миний шаардлагыг хүлээж аваагүй. Тэгээд 06 дугаар сарын 21-ны өглөө Д.Б архи уугаагүй зарим жолооч архи уусан бүгд ирсэн. Алтайн хүдрээс тээврийн хөлсийг хийсэн байна гэхэд бид нар тээвэр хийхгүй гэсэн. Ингээд  тараад ирсэн. Цогт сумын аав, хүү хоёр ажилладаг. Тэр хоёр ирээд цалин нэхэж эхэлсэн. Та нар олон дугуй, сэлбэг, ирис хийгээгүй байна гээд анх маргаан гарч эхэлсэн. Би тэгэхээр нь Д.Б руу залгаад чи хүрээд ирээч С гээд хүн ирээд маргаан үүсээд байна гэтэл би Улаанбаатар явах гэж байна гэсэн. Би 3, 4 хоног утсаар залгаж байж Д.Б ирсэн. Харин С гэдэг хүн менежерийн машин барьж байгаа тул цалингаа авна гэсэн. Би тэгэхээр нь Д.Б-ыг чи миний итгэл алдсан. Чи 7 дугуй авсан байна. Нэг дугуй хэрэглэсэн гэж байна. Бусад нь хаачихсан бэ гэсэн. Би орж ирсэн мөнгөнөөс нь хоол унааны мөнгө болон бусад зүйлийг өгсөн. Мөн цалингаас нь С-т  1.700.000 төгрөгийг өгсөн. Энэ жолооч хэл ам хийгээд байна би өглөө гээд өгсөн. Тэгээд Д.Б ажлаа өгнө би гарна гэсэн. Манай жолооч нар сард 3-4 ирис хийдэг. Мөн 1.500.000-2.500.000 төгрөгийн сэлбэг бичүүлж авдаг. Тэр авсан сэлбэгээ 400.000 төгрөгөөр гадагш худалдаалдаг. Д.Б-д ийм асуудал болоод байна гэтэл жолооч нар тэгсэн юм байгаа биз та нар цалингаа өгөхгүй байгаа юм чинь зарахгүй яадаг юм гэсэн. Түүнээс болж бид хоёр таарамжгүй харилцаатай болсон. Би цагдаагийн байгууллагад 10.000.000 гаруй сая төгрөгийн гомдол гаргасан байгаа. Өнөөдрөөс эхлээд мэдүүлэг авч байх шиг байна. Тэгээд Д.Б-д жолооч нарт өгсөн юм аа гаргаж ир яагаад чи миний итгэл алдаж байгаа вэ гэхэд надад тийм зүйл байхгүй жолооч нар тэгсэн байлгүй гэсэн. Д.Б манай 20 жолоочийн 10 жолоочтой нийлж маш их хэмжээний сэлбэг авсан. Энд баримт нь байна. Бид үүнд дугуй болон апартурын сэлбэгийг түүж гаргасан. Бусад сэлбэгийг түүж гаргаагүй. 09 дүгээр сард ирээд би тушаалаа авъя гэхээр нь чи сэлбэгийнхээ учир олж компанийг алдагдалгүй болго гэсэн. Тэгсэн чинь би ерөөсөө ажлаас гарна Улаанбаатар явна гэсэн. Д.Б-ын тушаал бол гаргаагүй. Одоог хүртэл нийгмийн даатгал төлж байсан тул зогсоосон. Билгүүн гэдэг хүний машиныг манай 4 жолооч унаж яваад замын хажуу руу унагаасан байсан. Тэгээд унагаасан төлбөрөө машины сэлбэгээр бичүүлж тухайн Билгүүн гэдэг жолоочид нь төлсөн байдаг. Тийм үйл явдал болсон болохоор би Д.Б-ыг чи бичиж сэлбэг өгдөг нь яаж байгаа вэ гэхэд цалингаа өгөхгүй байгаа юм чинь тэгэлгүй яах юм гэсэн. Баасанцогтыг би ажлаас халаагүй. Өөрөө сайн дураар явсан. Мөн тухайн хүдэрт байсан машинаас Нарангэрэл, Д.Баасанцогт, Батбаатар нар буцаж очоод 1.4 тн түлш авсан байгаа юм. Зөвшөөрч байгаа 5 жолооч авсан гэж ярьдаг. Д.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Би цаашид хуулийн байгууллагаар явж хохирлоо нөхөн төлүүлнэ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Д.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь хариуцагч “З-А” ХХК-д холбогдуулан Говь-Алтай аймгийн “З-А” ХХК-ийн Цээл сумын нутагт орших Уулын баяжуулах Таян нуурын Хүдэр тээвэрлэлтийг хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, 2020 оны 1-6 сарын цалинд 9.000.000 /есөн сая/ төгрөг, 7 дугаар сараас ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Б нь “З-А” ХХК-д хүдэр тээвэрлэлтийн менежерээр томилогдсон болох нь “З-А” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

-Нэхэмжлэгч Д.Б-ын Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт орших Уулын баяжуулах Таян нуурын уурхайн Хүдэр тээвэрлэлтийг хариуцсан   “З-А” ХХК-ийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд ажил олгогч буюу хариуцагч “З-А” ХХК-иас түүнийг ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал гаргаагүй, байх тул түүнийг хууль зүйн хувьд ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлээс уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

-Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны цалинд 9.000.000 /есөн сая/ төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь “...цалинг чинь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгал чинь бичилт хийнэ гар дээр чинь 1.500.000 өгнө гэж тохирсон юм. 2020 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар саруудад ажилласан хугацааны цалин 9.000.000 төгрөг гаргуулж... өгнө үү...” гэж,

хариуцагч нь “...цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тохирч тухайн үед ажилласан байдлаар нэмэгдэл олгоё гэж тохирсон. 2020 оны 01 сараас 06 дугаар сар хүртэл хугацаанд Д.Б 48 хоног ажилласан. 2020 оны 07 дугаар сараас хойш ажиллаагүй. Д.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгч тал тайлбартаа …сарын цалинг 1500.000 төгрөгөөр тохирсон... гэж нэхэмжилсэн боловч “З-А” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаартай нэхэмжлэгч Д.Б-ыг ажилд томилсон тушаалд сарын үндсэн цалинг 400.000 төгрөг байхаар, мөн нэхэмжлэгчийн 1589978 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт 2020 оны 01 дүгээр сараас 07 дугаар сард сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг 430.000 төгрөгөөр тооцож нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны цалинд нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин болох 430.000 /дөрвөн зуун гучин мянган/ төгрөгөөр тооцож 430.000*6=2.580.000 төгрөгийг олгох үндэслэлтэй байна.

Хариуцагч тал 2020 онд Д.Б нь 48 хоног ажилласан, бусад хугацаанд ажиллаагүй, covid-19-тэй холбоотойгоор “А-Х” ХХК төмрийн хүдэр гаргаагүй, түүнээс шалтгаалж “Залуур-Алтай” ХХК тээвэрлэлт хийгээгүй гэж сул зогссон гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа нотолсон баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна. Хэрэв хариуцагч тал уг тайлбараа нотолсон баримтыг ирүүлсэн буюу нотолсон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар сул зогсолтын үеийн олговорыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420.000 төгрөгөөр тооцох байсан бөгөөд энэ байдал тогтоогдоогүй учраас нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин 430.000 төгрөгөөр тооцсон болно.

Мөн хариуцагч нь ажилтныг 48 хоног ажилласан, бусад үед нь ажиллаагүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ байдлыг нотолсон цагин бүртгэл болон бусад баримт байхгүй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгохоор заасан тул зохигчдын маргаангүй тайлбараар тогтоогдож байгаа цалин олгогдоогүй сар болох 2020 оны 01 дүгээр сараас ажилласан сүүлийн хугацаа болох 2020 оны 7 сарын 03-ны өдөр хүртэлх цалинг тооцон олгох үндэслэлтэй байна.

-2020 оны 07 дугаар сараас хойшхи хугацааны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг хууль зүйн хувьд дуусгавар болгоогүй хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байгаа гэж үзэхээр байгаа учраас нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны олговор олгох үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар  ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрэ нээж түүнд зүхих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ажил олгогчоор нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

Хэргийн оролцогчид нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй оролцоно. Иймд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч тал тайлбар татгалзлаа нотолсон баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд “З-А” ХХК-иас 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны цалинд 2.580.000 /хоёр сая таван зуун наян мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох ажилд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны цалинд 6.420.000 /зургаан сая дөрвөн зуун хорин мянган/ төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн “З-А” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ 2.580.000  төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 56.230 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасны удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “З-А” ХХК-иас 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны цалинд 2.580.000 /хоёр сая таван зуун наян мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох ажилд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны цалинд 6.420.000 /зургаан сая дөрвөн зуун хорин мянган/ төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын 2020 оны 08 дугаар сараас хойшхи хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “З-А” ХХК-д даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн “З-А” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ 2.580.000  төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 56.230 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ҮЙТҮМЭН