Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 215/МА2021/00024

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2021/00368 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Баяншанд баг, 1- ... тоотод оршин суух хаягтай, ДЮ............... регистрийн дугаартай, Б овогтой Д.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Оргил баг, 1- ... тоотод оршин байрлах, ............. регистрийн дугаартай, “З-А” ХХК-д холбогдох

 

Уулын баяжуулах Таян нуурын хүдэр тээвэрлэлтийг хариуцсан кемп менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 1, 2, 3, 4, 5, 6 саруудын цалин хөлс 9.000.000 төгрөг гаргуулах, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б нь 2019 оны 7 дугаар сараас эхэлж, “З-А” ХХК-ий Цээл сумын нутагт байрлах уулын баяжуулах Таян нуурын хүдэр тээвэрлэлтийг хариуцсан менежерээр ажилд орсон. Тухайн үед захирал Б.Г нь цалинг сарын 1.500.000 төгрөгөөр өгнө гэж ажилд оруулсан юм. Тухайн үедээ цалинг чинь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийнэ гар дээр чинь 1.500.000 өгнө гэж тохирсон юм. 2019 ондоо тохирсон ёсоороо цалингаа өгч байсан. 2020 оны 01 дүгээр сараас эхлээд ковид-19 гээд цалингаа өгч чадаагүй өдий хүрсэн юм. Ингээд Д.Б нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймагт ажлаасаа бууж ирсэн юм. Ингээд “Алтайн-Хүдэр” ХХК-иас мөнгө орж ирэхээр цалинг чинь өгнө гэж явсаар өдий хүрсэн. Одоо ажлаас чинь чөлөөлсөн, өөр хүн авна гээд ажил хийлгэхгүй байгаа юм. Ажлаас чөлөөлсөн тушаалаа авъя гэхээр чи тэр тушаалаар яах гэсэн юм гээд өгөхгүй байгаа юм. Иймд Д.Б “З-А” ХХК-ий уулын баяжуулах Таян нуурын хүдэр тээвэрлэлтийг хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, 2020 оны 1, 2, 3, 4, 5, 6 саруудад ажилласан хугацааны цалин 9.000.000 төгрөгийг гаргуулж, 2020 оны 7 дугаар сараас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “З-А” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Б 2019 оны 7 дугаар сард цэргийн хүн байна гэж итгэл үзүүлэн тээвэрлэлт хариуцсан менежерээр ажилд авсан. Ажиллаж байх хугацаандаа цалинг нь тогтмол өгч байсан. 2020 оны 01 дүгээр сараас ковид-19 гээд манай компаниас үл шалтгаалан тээвэрлэлтийн ажил зогссон бөгөөд 03 дугаар сард огт ажилдаа ирээгүй. Тухайн үед цалин нэхсэн боловч итгэл алдаж дугуй, аккумлятор, аппаратур зэрэг 10.250.000 төгрөгийн эд зүйл дутагдуулсан байсан. Энэ талаар удаа дараа хэлэхэд сураггүй алга болсон. Эхнэрээс нь асуухад Улаанбаатар хотод ажилд орсон сураг сонсогдсон. Д.Б нь үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б овгийн Д.Б-ын хариуцагч “Залуур-Алтай” ХХК-д холбогдох уулын баяжуулах Таян нуурын хүдэр тээвэрлэлтийг хариуцсан кемп менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б овгийн Д.Б-ын хариуцагч “Залуур-Алтай” ХХК-д холбогдох 2020 оны 1-6 дугаар саруудын цалин хөлс 9.000.000 төгрөг гаргуулах, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “Залуур-Алтай” ХХК-д холбогдуулан уулын баяжуулах Таян нуурын хүдэр тээвэрлэлтийг хариуцсан кемп менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “Залуур-Алтай” ХХК-д холбогдох 2020 оны 1-6 саруудын цалин хөлс 9.000.000 төгрөг гаргуулах, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж ..... шийдвэрлэжээ.      

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2021/00368 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд: Хариуцагч “Залуур-Алтай” ХХК нь Д.Б 2019 оны 7 дугаар сараас эхэлж “Залуур-Алтай” ХХК-ий Цээл сумын нутагт байрлах уулын баяжуулах Таян нуурын хүдэр тээвэрлэлтийг хариуцсан менежерээр ажилд аваад ажиллуулж байгаад 2019 оны цалинг цувуулж өгөөд 2020 оны 1, 2, 3, 4, 5, 6 саруудад ажилласан хугацааны цалинг өгөхгүйгээр, ажлаас чөлөөлсөн, чамайг дээд газраас чөлөөл гэж байна гээд ажлаас чөлөөлсөн тушаал үзүүлээд ажлаа хүлээж авсан юм. Ингээд ажлаас чөлөөлсөн тушаалаар чи яах юм гэдэг байдлаар өгөөгүй, шүүхэд би ажлаас чөлөөлөөгүй гэдэг байдлаар худал хэлж ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаж өгөхгүй байгаа юм. Энэ байдлыг шүүхийн зүгээс буруу дүгнэж шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2021/00368 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “Залуур-Алтай” ХХК-д холбогдуулан тус компанийн Цээл сумын нутагт орших Уулын баяжуулах “Таян нуур”-ын уурхайн хүдэр тээвэрлэлтийг хариуцах менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар саруудын цалин хөлс 9.000.000 төгрөг гаргуулах, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсэг болох хариуцагч “Залуур-Алтай” ХХК-д холбогдох 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан “...шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой...” гэж дүгнэн хүлээн авахаас татгалзаж, үндсэн шаардлагын зарим болох “Залуур-Алтай” ХХК-ий уулын баяжуулах “Таян нуур”-ын уурхайн хүдэр тээвэрлэлтийг хариуцсан кемп-менежерийн  ажилд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар саруудын цалин 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Д.Б-ын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байна.

 

Учир нь Д.Б уг хугацаа /өдөр/-с хойш ажил эрхлээгүй, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар нэхэмжилж байгаа бөгөөд тухайн өдрөөс хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж үзэхээр байна.

 

Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах хугацаа буюу “...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдлоо гаргах...” ёстой байтал уг хугацааг гурван сараар хэтрүүлэн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан маргааны талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь нэхэмжлэгчийн шүүхэд анх нэхэмжлэл гаргасан өдрөөр тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нэхэмжлэгч баримтаар нотлож шүүхэд  хүсэлт гаргаагүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2021/00368 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.Э

 

                   ШҮҮГЧИД                             Ш.Б

 

                                                                        Т.Ж