Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 133/ШШ2021/00037

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГАА-ийн Е сумын ЕБ-ын 4 с-д холбогдох

Тус сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Базарсүрэн, түүний өмгөөлөгч Д.А, хариуцагчийн төлөөлөгч Ч.С, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, гэрч А.О, Ж.Н, Р.Б, О.Ц, Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т нь ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг. Б.Т нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 77 дугаартай захирлын тушаалаар ГАА-ийн Е сумын ЕБ-ын 4 с-д цахилгаанчнаар анх ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/64 тушаалаар удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, ажлын цаг ашиглалт муу, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасласан гэх шалтгаанаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Б.Т нь захирлын өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь алдаа дутагдалгүйгээр өөрт оноосон ажил үүргээ хийж гүйцэтгэж байсан. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хурал орох үед хэргийн материалтай танилцаж байхдаа Б.Т-д  сахилгын шийтгэл ногдуулсан 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тушаалыг гаргаж өгсөн учир уг тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Дээрх тушаалыг Б.Т-д  огт танилцуулаагүй байсан бөгөөд нөхөж гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд 2020 оы 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож. Б.Т-ыг ГАА-ийн Е сумын ЕБ-ын 4 с-ийн цахилгаанчны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирал Ч.С миний бие иргэний хэргийн нэхэмжлэгч Б.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Т нь 2020 оны 01 дүгээр сард шалтгаангүйгээр 4 өдрийн ажил тасалж ажил үүргээ гүйцэтгээгүй. Ажлын цаг ашиглалт байдаггүй. Дуудсан цагт сургууль дотор олддоггүй. 01 дүгээр сарын 13-нд Б.Т өөрөө хуралд оролцсон. Удирдлагын зөвлөл Б.Т-ыг оролцуулаад 3-аас дээш хоногийн ажил тасалсан гэдгээр 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлнө гэдэг мэдэгдэл өгсөн байсан. 01 дүгээр сарын 23-ны өдөр Б.Т орж ирээд надаас уучлалт гуйгаад өөрөө алдаа дутагдлыг дахиж гаргахгүй, намайг ажилд минь үлдээгээд өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Би чамайг ажлаас чөлөөлөх байсанг чи өөрөө гэмээ ухаарсан учир чи дараагийн удаа энэ алдаа гаргахгүй гэдэг амлалт өгөөд би бичиг хэрэг А.О-т цохоод үүнийг сахилгын шийтгэл болгож, 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар захирлын зөвлөлийн хурлаар өөрийг нь байлцуулан сахилгын шийтгэл ногдуулан сануулах арга хэмжээ авсан. 03 дугаар сард улирлын мөнгөн урамшуулал олгодог. Үйлчилгээний ажилчдад сар бүр тооцож улирал бүр урамшуулал олгодог. Б.Т-ын сахилгын шийтгэл ногдуулах тушаал нь 02 дугаар сарын 16-ны өдөр гарсан. Багш нар 20 хувь, ажилчид 15 хувь авдаг. Үр дүнгийн урамшууллыг Б.Т 1 сард авсан. 02 дугаар сар, 03 дугаар сард аваагүй. Засгийн газрын 5 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад сахилгын шийтгэлтэй алба хаагчид улирлын мөнгөн урамшуулал олгодоггүй. 02 дугаар сараас хойш өдийг хүртэл аваагүй. 3 дугаар сараас хойш гарсан тушаалуудыг мөн хавсаргаж өгсөн. Сахилгын шийтгэл авсан талаар мэдэж байсан. Урамшуулал авахгүй байгаа талаар өөрөө мэдэж байсан. 09 дүгээр сард ажил эхлээд бид завгүй байсан. Багш нарын цагийг менежерүүд өөрсдөө бүртгэдэг. Ажилчид надаас бүрэн хамаардаг учир би ажилчдын цагийг гаргаад өг гэсэн.  Б.Т нь өөрийн гаргасан алдаагаа засахгүй, ажлын цагийн хийдэл гаргаж, “Мандал голомт” ХХК болон МСҮТ дээр суралцаж, давхар ажил хийж байсан. Ажлын цагаараа байнга хоцорч ирж, цагаа бүртгүүлчихээд өдөр гарч яваад эргэж ирдэггүй. Удаа дараа зөвлөж, сануулсан боловч сайжраагүй. 2020 оны 10 дугаар сарын ажилчдын цагийн бүртгэлтэй танилцахад Б.Т нь олон цагийн буюу 3-аас дээш хоногийн ажил тасалсан учир 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/64 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн. Иймд Б.Т-ын нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Б.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд холбогдуулан захирлын 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил болох цахилгаанчны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

ГАА-ийн Е сумын ЕБ-ын 4 с-ийн 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

ГАА-ийн Е сумын ЕБ-ын 4 с-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар “...цахилгаанчин Б.Т нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, ажлын цагаар ажлын байраа орхиж явсан нь батлагдсан тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсугай...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд холбогдуулан захирлын  2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд уг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь захирлын 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай тушаалыг нэхэмжлэгч Б.Т-д  танилцуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх боловч ГАА-ийн Е сумын ЕБ-ын 4 с-ийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/17 дугаартай тушаалаар багш, ажилчдад нэгдүгээр улирлын урамшуулал олгох тухай тушаалын хавсралтад 14.Б.Т 1 сард 15 гэж бичигдсэн, 2, 3 сард урамшуулал олгогдоогүй, захирлын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/43 дугаартай тушаалаар багш, ажилчдад хоёрдугаар улирлын мөнгөн урамшуулал олгосон байх бөгөөд тушаалын хавсралтад Б.Т-д  урамшуулал олгогдоогүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 4.3-т “улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сургалтын байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй багш, туслах багш, бусад албан хаагчид олгоно” гэж заасан тул Б.Т нь захирлын тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тул түүнд улирлын урамшуулал олгоогүй гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь урамшуулал олгогдоогүй үеэс түүнд сахилгын шийтгэл ногдуулсан болохыг мэдэх нөхцөл байдал бий болсон буюу мэдэх ёстой байсан гэж үзэж уг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарсан, уг тушаалын дагуу 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/17, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/43 дугаартай тушаалуудаар урамшуулал олгогдоогүй, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн уг шаардлагаа нэмэгдүүлж 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ГАА-ийн Е сумын ЕБ-ын 4 с-ийн 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Т-ын урьд эрхэлж байсан ажил болох цахилгаанчны ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Т нь ГАА-ийн Е сумын ЕБ-ын 4 с-д цахилгаанчнаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн болох нь Б.Т-ын 1428029 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ГАА-ийн Е сумын ЕБ-ын 4 с-ийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 138 дугаартай албан бичиг, сургуулийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 77 дугаартай Баярмагнайн Төмөрбатыг ажилд томилох тухай тушаал, 2020 оны 02 дугаар сарын 16-ны Б/16 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/17, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/43 дугаартай улирлын урамшуулал олгох тухай тушаал, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/64 дугаартай Баярмагнайн Төмөрбатыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Б.Т-ын 2020 оны цалингийн карт, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/64 дугаартай тушаалыг эс зөвшөөрч, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

ГАА-ийн Е сумын ЕБ-ын 4 с-ийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/64 дугаартай тушаалаар Монгол Улсын бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.17 дахь заалтыг тус тус үндэслэн цахилгаанчин Баярмагнайн Төмөрбатыг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон, хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор байна.

Хариуцагч тал “нэхэмжлэгч Б.Т нь 2020 оны 01 дүгээр сард шалтгаангүйгээр 4 өдрийн ажил тасалж, ажил үүргээ гүйцэтгээгүйгээс 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар захирлын зөвлөлийн хурлаар өөрийг нь байлцуулан сахилгын шийтгэл ногдуулан сануулах арга хэмжээ авсан. Б.Т нь өөрийн гаргасан алдаагаа засахгүй, ажлын цагийн хийдэл гаргаж, “Мандал голомт” ХХК болон МСҮТ дээр суралцаж, давхар ажил хийж байсан. Ажлын цагаараа байнга хоцорч ирж, цагаа бүртгүүлчихээд өдөр гарч яваад эргэж ирдэггүй. Удаа дараа зөвлөж, сануулсан боловч сайжраагүй. 2020 оны 10 дугаар сарын ажилчдын цагийн бүртгэлтэй танилцахад Б.Т нь олон цагийн буюу 3-аас дээш хоногийн ажил тасалсан учир 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/64 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлаж маргаж байна.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.С “...Б.Т нь өөрийн гаргасан алдаагаа засахгүй, ажлын цагийн хийдэл гаргаж, “Мандал голомт” ХХК болон МСҮТ дээр суралцаж, давхар ажил хийж байсан...” гэж тайлбарлаж, тайлбараа нотлохоор Говь-Алтай аймгийн “Мандал голомт” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 268 дугаартай “Б.Т нь 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 08 дугаар сар хүртэл “Мандал голомт” ХХК-д гэрээт ажилтнаар цахилгаанчин албан тушаалд ажиллаж байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт, Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 164 дугаартай  Б.Т-ыг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн  барилгын засал чимэглэлч мэргэжлийн ангид суралцсан талаарх албан бичгийг, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 168 дугаартай албан бичгээр барилгын засал чимэглэлч мэргэжлийн 1 жилийн ангид суралцаж, 1.400.000 төгрөгийн тэтгэлэг авсан болох тухай тодорхойлолтуудыг тус тус ирүүлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэж ажиллаж болохоор заасан тул нэхэмжлэгчийг “Мандал голомт” ХХК-д гэрээт ажилтнаар ажилласныг болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсанаар ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй, ажил тасалсаныг нотлох шууд бөгөөд анхдагч нотлох баримт болохгүй байна.

Хөдөлмөрийн маргааны хувьд ажил олгогч нь өөрийн тушаалын үндэслэлийг нотлох үүрэгтэй. Тодруулбал ажлаас чөлөөлсөн, халсан тушаал шийдвэр үндэслэлтэй байх гэдэг нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна хөдөлмөрийн харилцааны тодорхой үр дагавар бүхий үндэслэл болохуйц үйл баримт бий болсон байх ойлголт юм. Иймээс хөдөлмөрийн эрх зүйд хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон байхыг шаарддаг. Дарааллын хувьд үндэслэл болох үйл баримт буюу сахилгын зөрчил нь шийдвэр гарахаас өмнө байгууллагын хэмжээнд дарга, захирлын зөвлөл, ёс зүйн хороо гэх мэт эрх бүхий нэгжээр хэлэлцэгдэн зөрчлийг тогтоосон байх, түүнийг үндэслэж сахилгын шийтгэл ноогдуулах тушаал гарах ойлголт бөгөөд харин тушаал гарсны дараа, маргаан үүсвэл шүүхийн шатанд тогтоох, нөхөн нотлох зүйл биш юм. Хариуцагч талаас татгалзлаа нотлох зорилгоор шүүх хуралдаанд гэрч оролцуулсан боловч зөрчил тогтоогдсон байх гэдэг нь тушаал гарсны дараа буюу шүүхийн ажиллагааны шатанд бус ажилтны хөдөлмөрлөх эрхэд халдахаас өмнө буюу тушаал гаргахаас өмнө зөрчил тогтоогдсон байх ойлголт юм.

Нэхэмжлэгч Б.Т-ыг олон цагийн буюу 3-аас дээш хоногийн ажил тасалсан учир ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж маргаж байх бөгөөд хэзээ, хэдэн хоног ажил тасалсан болохыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахаас өмнө уг зөрчлийг тогтоогоогүй байна гэж үзлээ.

Нөгөө талаас хариуцагчийн зүгээс тайлбарлаж, нотлох баримтад үндэслэж мэтгэлцэхдээ хэрэгт цахим цагийн бүртгэлийн баримт, нэхэмжлэгч талаас шүүхийн журмаар гар цагийн бүртгэлийг тус тус гаргажээ. Шинжлэн судлахад эдгээр бүртгэл нь харилцан зөрүүтэй бүртгэгдсэн буюу цахим бүртгэлээр бүртгэгдээгүй өдөр, цаг нь гар бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд гэрчүүд зарим тохиолдолд худал бүртгэснээ зөвшөөрч мэдүүлсэн боловч зарим бүртгэл зөв хийгдсэн гэж мэдүүлжээ. Хариуцагч болон зарим гэрчүүд цагийг цахимаар бүртгэдэг гэж тайлбарлаж байгаа боловч шүүх нотлох баримт буюу тухайн байгууллагад багш, ажилчдын цагийг хэрхэн бүртгэх талаар байгууллагын дотоод журамд зохион байгуулалтаа хэрхэн зохицуулсныг тодруулахад тухайлсан заалт үгүй байна.

 Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаалын хавсралтын 4.1-д “аж ахуйн нэгж байгууллагын ажилчин албан хаагчдын ажлын цаг ашиглалтад байнгын хяналт тавих, үйлдвэрлэлд зарцуулсан хөдөлмөр, цалин хөлсний хэмжээг зөв тодорхойлох, хөдөлмөрийн сахилга бат, ажлын цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор ажлын цаг ашиглалтыг бүртгэлийг хөтөлнө. Ажлын цаг ашиглалтын бүртгэлийг сарын эхэнд хариуцсан нягтлан бодогч ажилчин, албан хаагч нэг бүрийн нэрээр нээж, цаг бүртгэгчид хүлээлгэн өгнө” гэж тус тус заасан байх бөгөөд заавал цахимаар цаг бүртгэх талаар заагаагүй байна.

Сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын хувьд хэдийгээр гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа боловч хариуцагч нь ажлаас халах тушаалын үндэслэлээ ажилтныг хөдөлмөрийн сахилын зөрчил давтан гаргасан гэж үзэж гаргасан байх тул шүүх мөн уг тушаалын үндэслэлийг авч үзэх шаардлагатай гэж үзэн судалж дүгнэхэд мөн л сахилгын зөрчлийг урьдчилан тогтоогоогүйгээр шийтгэл ноогдуулсан байна. Энэ үйл баримтыг нотлохоор байгууллагын хурлын тэмдэглэлийг хэрэгт гаргасан байгаа боловч энэ нь Б.Т сахилгын зөрчил гаргасныг хэлэлцэж, тогтоосон шууд нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Т-ыг урьд эрхэлж байсан ажил болох ГАА-ийн Е сумын ЕБ-ын 4 с-ийн цахилгаанчны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ажилгүй байсан хугацаа гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуульд хуульчлагдсан хөдөлмөрийн эрх зүйн ойлголт бөгөөд ажилгүй байсан хугацаа гэдэг нь ажлаас чөлөөлсөнөөс хойш ажилд бодитойгоор эгүүлэн тогтоосон нийт хугацааг хамааруулдаг ойлголт юм. Энэ  хэрэгт ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэгч өөрөө хугацаа, олговроо тодорхойлж нэхэмжлэлдээ шаардсан эсэхээс үл хамааран дээр дурдсанаар ажилгүй байсан бүхий л хугацаагаар тооцох юм.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно...” гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох”-оор тус тус заасан тул ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо 1428029 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарт бичигдэж баталгаажсан сүүлийн бичилт нь 2020 оны 7, 8, 9 дүгээр сарууд байх бөгөөд эдгээр саруудын бичилтээс 1 сарын цалингийн дунджийг тооцоход 766.354 + 528.520 + 528.553 =  1.823.427 : 3 сар = 607.809 : 21.5 = 28.270 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч Б.Т-ын ажилгүй байсан хугацааг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх ажлын 62 өдрөөр тооцож олговорт 1.752.740 /нэг сая долоон зуун тавин хоёр мянга долоон зуун дөчин/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Ажил олгогчийн ажилтаны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/64 тоот тушаалын үндэслэлийн талаар талууд маргасаны улмаас шүүхээс нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бөгөөд ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажил олгогч ажилтаны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Б.Т-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ГАА-ийн Е сумын ЕБ-ын 4 с-д даалгах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42.994 /дөчин хоёр мянга есөн зуун ерөн дөрвөн/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид нийт 113.194 /нэг зуун арван гурван мянга нэг зуун ерөн дөрвөн/ төгрөгийг хариуцагч ГАА-ийн Е сумын ЕБ-ын 4 с-иас гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ламуудан овогтой Баярмагнайн Төмөрбатыг ГАА-ийн Е сумын ЕБ-ын 4 с-ийн цахилгаанчны ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас ГАА-ийн Е сумын ЕБ-ын 4 с-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ГАА-ийн Е сумын ЕБ-ын 4 с-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.752.740 /нэг сая долоон зуун тавин хоёр мянга долоон зуун дөчин/ төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д  олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42.994 /дөчин хоёр мянга есөн зуун ерөн дөрвөн/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид нийт 113.194 /нэг зуун арван гурван мянга нэг зуун ерөн дөрвөн/ төгрөгийг хариуцагч ГАА-ийн Е сумын ЕБ-ын 4 с-иас гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ҮЙТҮМЭН