Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 215/МА2021/00005

 

Б.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч

Г.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 133/ШШ2021/00037 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 1-1 тоотод оршин суух, Л овогтой Б.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд холбогдох, сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.А, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.С, түүний өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Т нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 77 дугаартай захирлын тушаалаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд цахилгаанчнаар ажилд орсон. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/64 тушаалаар удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, ажлын цаг ашиглалт муу, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Б.Т нь захирлын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хурал орох үед хэргийн материалтай танилцаж байхдаа Б.Т-д сахилгын шийтгэл ногдуулсан 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тушаалыг гаргаж өгсөн учир уг тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Дээрх тушаалыг Б.Т-д огт танилцуулаагүй байсан бөгөөд нөхөж гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож. Б.Т-ыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн цахилгаанчны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.Т нь 2020 оны 01 дүгээр сард шалтгаангүйгээр 4 өдрийн ажил тасалж ажил үүргээ гүйцэтгээгүй. Ажлын цаг ашиглалт байдаггүй. Дуудсан цагт сургууль дотор олддоггүй. 2020 оны 01 дүгээр сарын 13-нд Б.Т өөрөө хуралд оролцсон. Удирдлагын зөвлөл Б.Т-ыг оролцуулаад 3-аас дээш хоногийн ажил тасалсан гэдгээр 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлнө гэдэг мэдэгдэл өгсөн байсан. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б.Т орж ирээд надаас уучлалт гуйгаад өөрөө алдаа дутагдлыг дахиж гаргахгүй, намайг ажилд минь үлдээгээд өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Би чамайг ажлаас чөлөөлөх байсанг чи өөрөө гэмээ ухаарсан учир чи дараагийн удаа энэ алдаа гаргахгүй гэдэг амлалт өгөөд би бичиг хэрэг А.О-т цохоод үүнийг сахилгын шийтгэл болгож, 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар захирлын зөвлөлийн хурлаар өөрийг нь байлцуулан сахилгын шийтгэл ногдуулан сануулах арга хэмжээ авсан. Үйлчилгээний ажилчдад сар бүр тооцож улирал бүр урамшуулал олгодог. Б.Т-ын сахилгын шийтгэл ногдуулах тушаал нь 02 дугаар сарын 16-ны өдөр гарсан. Үр дүнгийн урамшууллыг Б.Т 2020 оны 1 сард авсан, 02 , 03 дугаар сараас хойш урамшуулал аваагүй. Засгийн газрын 5 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад сахилгын шийтгэлтэй алба хаагчид улирлын мөнгөн урамшуулал олгодоггүй. Сахилгын шийтгэлтэй урамшуулал аваагүйгээ мэдэж байсан. Багш нарын цагийг менежерүүд бүртгэдэг. Ажилчид надаас бүрэн хамаардаг учир би ажилчдын цагийг гаргаад өг гэсэн. Б.Т нь өөрийн гаргасан алдаагаа засахгүй, ажлын цагийн хийдэл гаргаж, Мандал голомт ХХК болон МСҮТ дээр суралцаж, давхар ажил хийж байсан. Ажлын цагаараа байнга хоцорч ирж, цагаа бүртгүүлчхээд өдөр гарч яваад эргэж ирдэггүй. Удаа дараа зөвлөж, сануулсан боловч сайжраагүй. 2020 оны 10 дугаар сарын ажилчдын цагийн бүртгэлтэй танилцахад Б.Т нь олон цагийн буюу 3-аас дээш хоногийн ажил тасалсан учир 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/64 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн. Иймд Б.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л овогтой Б.Т-ыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн цахилгаанчны ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулиас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.752.740 /нэг сая долоон зуун тавин хоёр мянга долоон зуун дөчин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200  төгрөг ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42.994  төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид нийт 113.194 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулиас гаргуулан улсын орлогод оруулж ... шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Б.Т-ын урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бодитой тогтоож, тогтоогдсон үйл баримтад үндэслэн материаллаг эрх зүйн хэм хэмжээг зөв хэрэглэж хэргийг үндэслэл бүхий шийдвэрлээгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад ажилтан сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаж ажлын цагаар ажил дээрээ байдаггүй өөр давхар ажил хийж, МСҮТ-д суралцдаг мөн ажил тасалсан болох нь цагийн бүртгэл, гэрч нарын мэдүүлэг холбогдох нотлох баримтууд хангалттай тогтоогдсон байхад хэт нэг талыг барьж нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь бодит байдалд тулгуурлан үнэлээгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Б.Т-ын урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 77 дугаартай захирлын тушаалаар ... дүгээр сургуульд цахилгаанчнаар ажилд орсон. Нэхэмжлэгч Б.Т-ыг шалтгаангүй олон цагийн буюу 3-аас дээш хоногийн ажил тасалсан гэж хариуцагч тал үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Хэзээ хэдэн хоног ажил тасалсан нь тодорхойгүй мөн ажил тасалдаг талаар хамт ажилладаг тус сургуулийн 4 жижүүрийг гэрчээр оролцуулахад тус бүрдээ ажил тасалж байгаагүй гэдгээ гэрчийн мэдүүлэгтээ өгсөн бөгөөд тус сургуулийн цахим цагийн бүртгэл болон гар бүртгэлээс харахад ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх нь хуульд нийцсэн үнэн зөв бодитой дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Б.Т-ыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/64 тушаалаар ажлын цаг ашиглалт муу, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр цахилгаанчны ажлаас чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч Б.Т уг тушаалыг үндэслэлгүй гарсан, ажлын цаг таслаагүй тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт  хийлгүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр,  нэхэмжлэгч Б.Т сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргажээ.

 

Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журамд  зааснаар ... хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй багш, албан хаагчид урамшуулал олгохоор заасан байна.

 

Б.Т сахилгын шийтгэлтэй үед сургуулийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/17, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/43 дугаар тушаалуудаар түүнд мөнгөн урамшуулал олгоогүй байна. Нэхэмжлэгч мөнгөн урамшуулал олгогдоогүй үеэс түүнд сахилгын шийтгэл ногдуулсан болохыг мэдэх нөхцөл байдал бий болсон буюу мэдэх боломжтой байсан талаар анхан шатны шүүх дүгнэжээ.    

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т-ын Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Т-ын Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/64 тушаал үндэслэлгүй гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Т нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн цахилгаанчнаар ажиллах хугацаандаа, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2019 оны 9 дүгээр сарын 1-нээс 2020 оны 10 дугаар сарын 13-ны хүртэл Барилгын засал чимэглэлчин мэргэжлээр 1 жил суралцан төгссөн байна. /хх 75, 76-р хуудас уг байгууллагын тодорхойлолт/

 

Үүний зэрэгцээ “Мандал голомт” ХХК-д 2019 оны 12 дугаар сараас, 2020 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд сарын үндсэн 300.000 төгрөгийн цалинтай цахилгаанчнаар ажиллажээ. /хх 74-р хуудас уг байгууллагын тодорхойлолт /

 

Б.Т-ын бусад байгууллагад давхар ажиллах, суралцах эрхийг хуулиар хязгаарлахгүй боловч ажил олгогч байгууллагадаа мэдэгдэж, зөвшилцөн тохиролцолгүйгээр суралцаж давхар ажилласан болох нь тогтоогдож байна. Б.Т нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.3-д  /хх 55-р хуудас/ өдөрт ажлын цагийг 8 цагаар ажиллахаар тохирч гэрээ байгуулжээ.

 

Б.Т-ын ажил тасалдаг асуудлаар өмнө 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн байна. Ийнхүү хэлэлцсэнээс хойш байгууллагадаа мэдэгдэлгүй үргэлжлүүлэн “Мандал голомт” ХХК-д 2019 оны 12 дугаар сараас, 2020 оны 8 дугаар сар хүртэл цахилгаанчнаар ажиллаж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2019 оны 9 дүгээр сарын 1-нээс 2020 оны 10 дугаар сарын 13-ны хүртэл Барилгын засал чимэглэлчин мэргэжлээр 1 жил суралцан төгссөн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч түүний төлөөлөгч өмгөөлөгч нар давхар бусад байгууллагад цахилгаанчнаар ажилласан, суралцсан байдлыг үгүйсгээгүй ч Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар өөр ажил албан тушаал хавсран гүйцэтгэсэн гэж тайлбарлажээ.

 

Ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар өөр ажил албан тушаал хавсран гүйцэтгэх, суралцах тохиолдолд ажил олгогчид мэдэгдэх шаардлагатай ба түүний үндсэн дээр харилцан тохиролцож, ажлын цагийг богиносгох, үйл ажиллагаагаа уялдуулах буюу чөлөө авах гэх мэтээр  байгууллагын эрх ашгийг хохироохгүйгээр хэвийн ажиллах нөхцөлийг ханган ажилладаг байна.

Ажил олгогчид мэдэгдэхгүйгээр ажлын цагаар ажлын байранд байгаагүй нөхцөл байдлыг ажил тасалсан гэж үзэх нь зүйтэй байна.  

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 6-ний өдрийн 81 дугаар шүүгчийн захирамжаар /хх 72-р хуудас/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн цахилгаанчин Б.Т-ын цагийн цахим бүртгэлийг нотлох баримтаар авсан байх ба нэхэмжлэгч Б.Т нь 2020 оны 2-5 дугаар сард ажлын цаг бүртгэгдээгүй, 6 дугаар сарын 3, 4, 19, 22, 23-ны өдөр ажилласан, 7 дугаар сарын 1, 2-ны өдөр ажилласан, 8 дугаар сард ажлын цаг бүртгэгдээгүй, 9 дүгээр сарын 8, 9, 17, 22, 29-ний өдөр ажилласан, 10 дугаар сарын 1, 2, 5, 7, 9, 12, 13-ны өдөр ажилласан, 14-ний өдөр 9 цаг 03 минутаас 12 цаг 35 минут хүртэл ажиллаж бусад өдрүүдэд ажлын цаг бүртгүүлээгүй байна.

 

Ажлын цахим бүртгэлд засвар оруулах боломжгүй гэж тайлбарлаж буй хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.С-гийн тайлбар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2019 оны 9 дүгээр сарын 01-нээс 2020 оны 10 дугаар сарын 13-ны хүртэл Барилгын засал чимэглэлчин мэргэжлээр 1 жил суралцан төгссөн талаарх /хх 75,76-р хуудас/ уг байгууллагын тодорхойлолт,  үүний зэрэгцээ “Мандал голомт” ХХК-д 2019 оны 12 дугаар сараас, 2020 оны 8 дугаар сар хүртэл сарын 300.000 төгрөгийн цалинтай цахилгаанчнаар ажилласан тухай /хх 74-р хуудас/ уг байгууллагын тодорхойлолт зэргээр давхар нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.1.2-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурваас дээш өдөр ажил тасалсан, 5.1.2-т ажилтан өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлын цагаар өөрийн үндсэн ажилтай давхцуулан ажиллаж байгаа нь байгууллагад хор хөнөөлтэй бол гэсэн нөхцөлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан  ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохирчээ.

 

Дээрх тохиолдолд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирал 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/64 дугаар тушаалаар ажлын цаг ашиглалт муу, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр, нэхэмжлэгч Б.Т-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар  цахилгаанчны ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 133/ШШ2021/00037 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.194 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар  зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.Э

 

                    ШҮҮГЧИД                            Т.Ж

 

                                                          Ш.Б