Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 133/ШШ2021/00069

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г аймгийн Е сумын Ж багийн Ж өргөө 00-00 тоотод оршин суух, У овогтой Ч.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г аймгийн Е сумын Ж баг, Ж өргөө 00-00 тоотод оршин суух, Г, С.М нарт холбогдох,

Г аймгийн Е сумын Ж баг, Ж баг, Өргөө 13 дугаар байрны 7 тоот 50 м.кв байрыг газрын үнэнд олгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Г аймгийн Е сумын Ж баг, Ж баг, Өргөө 13 дугаар байрны 7 тоот 50 м.кв байрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.А, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагч, хариуцагч С.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, гэрч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд миний хүсэлтийг үндэслэн Г аймгийн Засаг даргын захирамжаар хуулийн дагуу 144 м.кв газрыг хууль ёсны эзэмшигчээр тогтоож олгосон. Тухайн газарт амьдрах орон сууц барих зориулалттай ажлаа төлөвлөж байсан. Гэтэл 2015 онд Арвин бэлт ХХК-ийн захирал С.М надад удаа дараа хүсэлт тавьсан, би гэр бүлийн хүрээнд тухайн газар хувийн орон сууц барих төлөвлөгөөтэй байсан учраас эхлээд хэд хэдэн удаа ирэхэд нь зөвшөөрөөгүй. Албан ажил дээр болон гудманд явж байхад С.М, Г.А хоёр мөн хэд хэдэн удаа хүсэлт тавьсан. Тэгээд би хүү А.Мөнхтөр лүү залгаад чи бид хоёрын ах дүү нартайгаа нийлээд барилга баръя гэсэн газарт барилгын компанитай хүмүүс барилга бариад оронд нь байр өгье гэж байна гэж хэлэхэд бүтэлтэй юм уу? та газрынхаа барьцаа болгоод тодорхой хэмжээний мөнгө тэр хүмүүсээс авч байршуулахгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г.А, С.М хоёрт нэг нутгийн хүмүүс та нарт итгэж байна. Газраа та хоёрт шууд эзэмшүүлэхгүй тодорхой хэмжээний мөнгө байршуул гэсэн аман хэлэлцээр хийгээд С.М бид хоёр газраа түр эзэмшүүлэх хэлцэл хийсэн. Иргэн Г.А нэхэмжлэлдээ гэрээний хугацаа дуусах гэж байсан гэж бичсэн байсан. Тийм зүйл байхгүй, би хуулиа мэдэж байсан. 2 жилийн хугацаанд газрын төлбөрөө төлөөд гэрээний хугацаанд ажлаа эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. 2015 оны 07 дугаар сарын 29-нд дээрх хэлцлийг хийсэн байдаг. Барилгын гэрээ нь 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 12 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Би 2015 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сар дуустал эмчилгээнд явсан. Нэгэнт миний эрүүл мэндийн байдал ийм болсон учир С.М-той ах нь очингуутаа байрандаа орно гэдгээ утсаар хэлсэн. Надад доошоо байгаль орчин аялал жуулчлалын газар руу харсан байрыг санал болгосон. Тэгэхээр нь хүйтний улирал байна. Ах нь дээшээ нар руу харсан байр авъя гэсэн. Тэгээд өөрийн гэр бүлийн хүнийг явуулахад 2 давхарт боломжгүй гээд одоо миний амьдарч байгаа 7 тоот байрыг өгсөн. Байрандаа 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр орсон. Байрны чанар байдал: өвөлдөө их хүйтэн, цонх битүү цан болж хананы булангууд цантах мөөгөнцөр их хэмжээгээр үүсдэг. Цан их үүсдэг учраас хананы обой цаас норж, хууларч унасан. Шуурга салхитай үед цонхоор их хэмжээгээр орж гадаа мэт шороо тоос үнэртэж, 00 үе үе бөглөрч, муухай үнэр үнэртдэг. Тог цахилгааны утас зориулалтын бусаар хийгдсэн учир зарим үед тог тасарч, оршин суугчид газар гэмтлийг засуулдаг. Гадна дотно талын тохижилт ер хийгдээгүй дутуу орхигдсон зүйл их байдаг. Би өөрийн амьдрах орчноо сайжруулахын тулд хананы обой цаасаа бүгдийг сольж пар, радиаторын тоогоо нэмэгдүүлсэн боловч өөрчлөлт ороогүй даарч хөрсөн хэвээр л байдаг. Үүнээс үүдэн эрүүл мэнд эдийн засгаар хохирсоор л байна. Үүнийг Г.Алтанцогт удаа дараа хэлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй өдий хүрсэн. Бусад оршин суугчид мөн л ийм байдалд амьдарч байна. Зарим айл өрх гадна талаараа хөөс хийлгэж, цонхоо давхар болгосон. 2015 онд байрандаа орсон цагаас эхлэн гэрлийн мөнгө, халаалтын мөнгө зэргийг цаг тухайд нь төлж ирсэн. Би нутгийн таньдаг залуус хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй байгааг дэмжин, итгэж ямар нэгэн гэрээ хэлцэл хийж баталгаажуулаагүй тэдний хүсэлтийг зөвшөөрч эзэмшил газар дээрээ орон сууц бариулсан. Гэтэл миний итгэлийг далимдуулан өдийг хүрч газрын үнэнд өгсөн байрны ордерыг гаргаж өгөөгүй байна. Байрны ордер гаргаж өгөхийг удаа дараа хүссэн боловч Г.А надаас 15.000.000 төгрөг нэмж өгөхийг шаарддаг. Түүгээр ч зогсохгүй миний амьдардаг 7 тоот байрны ордерыг өөрийн нэр дээр гарган банкны барьцаанд тавьсан байдаг. Ингээд 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Г.А-той уулзаж энэ байдлыг хэлж ордероо гаргуулж авахыг хүссэн. Гэтэл Г.А миний байр учраас би та нарыг хөөх эрхтэй гэсэн үгийг хэлсэн. Би итгэж өөрийн эзэмшил газар дээрээ орон сууц бариулсан учраас өдийг хүртэл хүлээцтэй хандаж ирсэн. Иймээс зохих шатны байгууллагад хандан асуудлыг үнэн зөвөөр шийдүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд Г аймгийн Е сумын Ж багийн Ж өргөө 13 дугаар байрны 50 м.кв бүхий 7 тоот байрыг миний эзэмшлийн газрын үнэнд олгуулж өгнө үү гэв.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 08 дугаар сарын 08-аас эхлээд А ХХК 411 м.кв орон сууцны барилгыг барьж мөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулсан. Анх барилгыг барихдаа иргэн С.М, Ч.А   нар нь хоорондоо тохиролцож газрыг 30.000.000 төгрөгөөр үнэлж, 15.000.000 төгрөгийг одоо өгье. 15.000.000 төгрөгийг байр ашиглалтад орохоор өгье гэсэн аман хэлэлцээр хийж түүнийгээ цаасан дээр буулгаж гарын үсгээ зуран барилгын үйл ажиллагаа эхэлсэн. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээ гарч 392717 дугаартай 411 м.кв бүхий 0518002842 бүртгэгдсэн гэрчилгээг Г.А-ийн өмчлөл гэж хамгийн анх гэрчилгээ гарч ирсэн. Нэхэмжлэгч талаас энэ 411 м.кв 9 айлын орон сууцаас хамгийн анх эхлээд ирж үзэхдээ газрын үнэд оруулан хоёр өрөө байрыг авъя гэсэн. Тэгэхээр нь 40 м.кв 36.000.000 төгрөгийн байрыг өгч болох байх гэсэн. Тэгээд ирж үзээд миний орохоор төвлөсөн байсан байрыг авна гээд одоо амьдарч байгаа 7 тоот байрыг авахаар болсон. Би өөрт нь зах зээлийн ханшаар хамгийн доод үнэ 45.000.000 төгрөг болно. Зөрүү 15.000.000 төгрөгийг яах вэ гээд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би Ч.Амарсанаагийн ажил дээр нь очоод ажлын өрөөнд амаар ярилцаад худалдах, худалдан авах гэрээг бид хоёр баталгаажуулсан. Өмнөх газрын барьцаанд авсан 15.000.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-ээс өмнө өгье. Тэгээд 45.000.000 төгрөгөөр байраа авъя. Барилгын үнэд газар орсон гэдгийг бид хоёр ярьж тохирсон. Энэ гэрээг нотлох баримтаар шүүхэд хүргүүлсэн. Тэр цагаас хойш мөнгийг өгөхгүй гэж хэлээгүй. Ноолуур гарахаар өгье, мөнгөтэй болохоор өгье гээд өгсөн зүйл байхгүй. Одоо болтол манай ашиглалтад оруулсан байрны мөнгөө гүйцэт өгсөн хүн цөөхөн, 8 хувийн зээлээр авсан хүмүүс нь байрандаа орсон. Хувийн тохироогоор байраа авсан хүмүүс өнөөдөр ч хүртэл мөнгөө төлж дуусгаж байгаа тохиолдол байна. Нэхэмжлэгч талд 15.000.000 төгрөгийг яах вэ? болохгүй бол машин дээр чинь наймаа хийе гэсэн чинь машинаа зарахгүй гэсэн. Түүнээс гудамжинд уулзаад дээрэмдэх гээд байсан зүйл байхгүй. Одоо байраа нэхэмжлэгч тал авахаар бол үлдэгдэл 15.000.000 төгрөгөө анхны 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хийсэн тохиролцоогоор өгнө, эсхүл байраа чөлөөлж өгөөд газрынхаа 30.000.000 төгрөгийг авах гэсэн сонголттой байна гэв.

Хариуцагч Г.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.А миний бие 3 давхар 9 айлын 411 м.кв орон сууцыг барьж 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулсан. Тухайн үед нэг байрны м.кв талбайг 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр худалдаалж байсан ба иргэн Ч.А   өөрийн сонголтоор 3 давхарын 50 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 45.000.000 /дөчин таван сая/ төгрөгөөр тооцож худалдан авсан. Байрны төлбөрийн үлдэгдэл 15.000.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч Ч.А   нь өнөөдрийг хүртэл 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг төлөөгүйн дээр байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар шүүхэд гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймээс Ч.А   нь байрны үлдэгдэл төлбөр болох 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг төлөх боломжгүй бол уг байрыг чөлөөлүүлж, иргэн Г.А намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Ч.А сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би газрыг үнэлээгүй. Газрын түр эзэмшүүлэхэд тодорхой хэмжээний барьцаа тавьсан. Газрыг худалдаагүй, газрыг зөв зүгээр эзэмшүүлэх гэрээ хийсэн. Би Г.А-той ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Ийм учраас сөрөг нэхэмжлэл Г.А гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г аймгийн төвийн бүсэд орон сууцны барилга барих зориулалттай тийм хэмжээний барилгыг 30 сая төгрөгөөр зарах хүн байх уу? нөгөөтэйгүүр дээрх байранд 2015 оны 12 дугаар сараас өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тухайн байр нь халдаггүй, чи тэрийг хүлээж авах боломжгүй бол газраа чөлөөлүүлээд эдийн засаг болон эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөж төлүүлнэ гэсэн бодолтой байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ч.А-ийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.А-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч Г.А, С.М нарт холбогдуулан Г аймгийн Е сумын Ж баг, Жаргалант-Өргөө 13 дугаар байрны 50 м.кв бүхий 7 тоот байрыг газрын үнэнд олгуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Г.А нь нэхэмжлэгч Ч.А-д холбогдуулан Г аймгийн Е сумын Ж баг, Өргөө хорооллын 13 дугаар байр, 3 давхарын 50 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.А   ...2015 оны 07 дугаар сард Арвин бэлт компанийн захирал С.М-ийн хүсэлтээр өөрийн нэр дээр эзэмшилтэй, 000470498 дугаартай улсын бүртгэлийн үл хөдлөхөд бүртгэлтэй 144 м.кв газрыг орон сууц бариулахаар аман хэлэлцээр хийж тохиролцсон. Гэтэл миний итгэлийг далимдуулан өдийг хүрч газрын үнэнд өгсөн байрны ордерыг гаргаж өгөөгүй байна. Байрны ордер гаргаж өгөхийг удаа дараа хүссэн боловч Г.А надаас 15.000.000 төгрөг нэмж өгөхийг шаарддаг. Иймд Г аймгийн Е сумын Ж багийн Ж өргөө 13 дугаар байрны 50 м.кв бүхий 7 тоот байрыг миний эзэмшлийн газрын үнэнд олгуулж өгнө үү... гэж,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Анх барилгыг барихдаа иргэн С.М, Ч.А   нар нь хоорондоо тохиролцож газрыг 30.000.000 төгрөг үнэлж, 15.000.000 төгрөгийг одоо өгье. Тухайн үед нэг байрны м.кв талбайг 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр худалдаалж байсан ба иргэн Ч.А   өөрийн сонголтоор 3 давхарын 50 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 45.000.000 /дөчин таван сая/ төгрөгөөр тооцож худалдан авсан. Байрны төлбөрийн үлдэгдэл 15.000.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Иймээс Ч.А   нь байрны үлдэгдэл төлбөр болох 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг төлөх боломжгүй бол уг байрыг чөлөөлүүлж, иргэн Г.А намайг хохиролгүй болгож өгнө үү гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэл гаргаж тус тус маргаж байна.

Зохигчдын тайлбараас 2015 оны 7 дугаар сард Ч.-ийн эзэмшлийн газарт С.М орон сууц барьж, газар эзэмших эрх шилжүүлсний төлбөрт 2 өрөө орон сууц өгөхөөр харилцан тохирч 15 сая төгрөгийг барьцаа болгон урьдчилан авсан, барилгын ажлыг С.М, Г.А нар гүйцэтгэсэн гэх үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд үүссэн харилцаа, үйл баримтыг шүүх хууль зүйн хувьд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээний харилцаа буюу нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүргийн шаардлага гэж тодорхойллоо.

Учир нь нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ...миний эзэмшлийн газарт Г.А, С.М нар орон сууц бариад газрын үнэнд байр өгье... гэсэн гэж Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн Арилжааны гэрээний зохицуулалтыг үндэслэж нэхэмжлэлээ тайлбарлажээ.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ 274.2-т арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно, 274.3-т арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ газрын үнэнд гэж бичсэн байгаа боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг газар эзэмших эрх шилжүүлсний гэж тодорхойлсон болно.

Нэхэмжлэгч нь өөрийн газар эзэмших эрхийг хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууц шилжүүлэхээр талууд тохиролцсон гэх бөгөөд дээрх шилжүүлсэн хөрөнгийн үнийн дүн, дүйцэх байдлын хувьд буюу хүсэл зоригийн илэрхийлэл, хэлцлээр хүлээх үүргийн хувьд талууд маргаж байна.

Арилжааны гэрээний хувьд гэрээний зүйлийн онцлогоос хамаарч гэрээний хэлбэр тодорхойлогддог. Маргаан бүхий арилжааны гэрээний зүйл газар эзэмших эрх байгаа тул гэрээний зүйлийн талаар илүү нарийвчлан зохицуулсан хууль болох Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, албан татвар, хураамж төлсөн тухай баримт, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт зэрэг баримт бичгийг хавсаргахаар заасан байгаагаас үзэхэд энэ төрлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэхийг шаардсан байна.

Талуудын хооронд байгуулсан уг хэлцэл нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Зохигчдын тайлбар, нотлох баримт зэргээс үзэхэд гэрээ байгуулахаас өмнөх шатанд үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар газрын эрх шилжүүлэх хэлцэл хүчин төгөлдөр бус байгаа хэдий ч өөрийн эзэмшил газар дээр баригдсан орон сууцны өмчлөгч байх боломж хууль зүйн хувьд байдаг хэдий ч энэ нөхцлөөр авч үзэхэд тухайн байрны өмчлөгч нь Г.А болох нь Г аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 74 дугаартай албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлээр Ч.А нь хамтран өмчлөгчөөс хасуулсан болох нь тогтоогдож байна. Эд хөрөнгө өмчлөх нь хүний туйлын эрх бөгөөд шүүх энэ эрхэд халдах, түүнийг хязгаарлах боломжгүй юм.

Г аймгийн Е сумын Баянхайрхан багийн Өргөө 18 дугаар байр, 07 тоот орон сууцны өмчлөгчөөр Г.А бүртгэгдсэн болох нь Г аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 74 дугаартай албан бичгээр тогтоогдож байх боловч 2016 онд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж өөрчлөгдөхөд тухайн байр нь Ж багийн Өргөө хорооллын 13-07 тоот гэж өөрчлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, Г аймгийн Е сумын Ж багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 608 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэлэлцэгдэж байгаа хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийх ба энэ хэрэгт хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах талаар нэхэжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ асуудлыг хөндөх, дүгнэлт хийх боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийдэг.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тайлбарлахдаа шүүх шударга ёсны зарчмыг баримтлан шийдвэрлэх ёстой гэжээ. Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шударга ёсны зарчим хуульчлагдаагүй бөгөөд хуулийн аливаа нэг заалт хоёрдмол утгатай, ойлгомжгүй байгаа тохиолдолд эрх зүйн зарчимд нийцүүлэн тайлбарлан хэрэглэдэг. Энэ хэргийг шийдвэрлэхэд хэрэглэгдэх хуулиудад дээрх нөхцөл байдалгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл хангагдах юм. Тодруулбал энэ хэргийн хүрээнд маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь Г.А гэж үзэх байдал тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй юм.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Амарсанаагаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.Алтанцогт олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Г.А, С.М нарт холбогдох Г аймгийн Е сумын Ж баг, Өргөө 13 дугаар байрны 7 тоот 50 м.кв байрыг газар эзэмших эрх шилжүүлсний төлбөрт олгуулах тухай нэхэмжлэгч Ч.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г-ын А-ийн Г аймгийн Е сумын Ж баг, Өргөө 13 дугаар байрны 7 тоот 50 м.кв байрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.А-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.А-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ               Ц.ҮЙТҮМЭН