Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 205/МА2021/00014

 

Ч.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 69 дугаартай  

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын багийн өргөө ******* тоотод оршин суух, бужхар овогтой *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын баг, өргөө ******* тоотод оршин суух, *******ын *******,гийн нарт холбогдох,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын баг, баг, Өргөө дугаар байрны тоот 50 м.кв байрыг газрын үнэнд олгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын баг, баг, Өргөө дугаар байрны тоот 50 м.кв байрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгч Ч.*******гийн давж заалдах гомдлоор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргэгдсэн боловч 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Ерөнхий шүүгчийн 11 дугаартай захирамжаар хэргийг тус шүүхэд шилжүүлснийг 2021 оны 05 дугаар сарын -ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, М.******* нар/Улаанбаатар хотоос /ZOOM/, Ж. /Говь-Алтай аймгаас ZOOM/, хариуцагчийн өмгөөлөгч Д.э/Говь-Алтай аймгаас ZOOM/-р нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Өргөө дугаар байрны тоот 50 м.кв байрыг газрын үнэд олгуулах тухай

 Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 20 онд миний хүсэлтийг үндэслэн Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар хуулийн дагуу 144 м.кв газрыг хууль ёсны эзэмшигчээр тогтоож олгосон. Тухайн газарт амьдрах орон сууц барих зориулалттай ажлаа төлөвлөж байсан. Гэтэл 2015 онд ХХК-ийн захирал С. надад удаа дараа хүсэлт тавьсан, би гэр бүлийн хүрээнд тухайн газар хувийн орон сууц барих төлөвлөгөөтэй байсан учраас эхлээд хэд хэдэн удаа ирэхэд нь зөвшөөрөөгүй. Албан ажил дээр болон гудамжинд явж байхад С., Г.******* хоёр мөн хэд хэдэн удаа хүсэлт тавьсан. Тэгээд би хүү А. лүү залгаад чи бид хоёрын ах дүү нартайгаа нийлээд барилга баръя гэсэн газарт барилгын компанитай хүмүүс барилга бариад оронд нь байр өгье гэж байна гэж хэлэхэд бүтэлтэй юм уу? та газрынхаа барьцаа болгоод тодорхой хэмжээний мөнгө тэр хүмүүсээс авч байршуулахгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г.*******, С. хоёрт нэг нутгийн хүмүүс та нарт итгэж байна. Газраа та хоёрт шууд эзэмшүүлэхгүй тодорхой хэмжээний мөнгө байршуул гэсэн аман хэлэлцээр хийгээд С. бид хоёр газраа түр эзэмшүүлэх хэлцэл хийсэн. Иргэн Г.******* нэхэмжлэлдээ гэрээний хугацаа дуусах гэж байсан гэж бичсэн байсан. Тийм зүйл байхгүй, би хуулиа мэдэж байсан. 2 жилийн хугацаанд газрын төлбөрөө төлөөд гэрээний хугацаанд ажлаа эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. 2015 оны 0 дугаар сарын 29-нд дээрх хэлцлийг хийсэн байдаг. Барилгын гэрээ нь 2015 оны 0 дугаар сарын 29-ний өдрөөс 12 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Би 2015 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сар дуустал эмчилгээнд явсан. Нэгэнт миний эрүүл мэндийн байдал ийм болсон учир С.той ах нь очингуутаа байрандаа орно гэдгээ утсаар хэлсэн. Надад доошоо байгаль орчин аялал жуулчлалын газар руу харсан байрыг санал болгосон. Тэгэхээр нь хүйтний улирал байна. Ах нь дээшээ нар руу харсан байр авъя гэсэн. Тэгээд өөрийн гэр бүлийн хүнийг явуулахад 2 давхарт боломжгүй гээд одоо миний амьдарч байгаа тоот байрыг өгсөн. Байрандаа 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр орсон. Байрны чанар байдал: өвөлдөө их хүйтэн, цонх битүү цан болж хананы булангууд цантах мөөгөнцөр их хэмжээгээр үүсдэг. Цан их үүсдэг учраас хананы обой цаас норж, хууларч унасан. Шуурга салхитай үед цонхоор их хэмжээгээр орж гадаа мэт шороо тоос үнэртэж, 00 үе үе бөглөрч, муухай үнэр үнэртдэг. Тог цахилгааны утас зориулалтын бусаар хийгдсэн учир зарим үед тог тасарч, оршин суугчид газар гэмтлийг засуулдаг. Гадна дотно талын тохижилт ер хийгдээгүй дутуу орхигдсон зүйл их байдаг. Би өөрийн амьдрах орчноо сайжруулахын тулд хананы обой цаасаа бүгдийг сольж пар, радиаторын тоогоо нэмэгдүүлсэн боловч өөрчлөлт ороогүй даарч хөрсөн хэвээр л байдаг. Үүнээс үүдэн эрүүл мэнд эдийн засгаар хохирсоор л байна. Үүнийг Г.*******т удаа дараа хэлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй өдий хүрсэн. Бусад оршин суугчид мөн л ийм байдалд амьдарч байна. Зарим айл өрх гадна талаараа хөөс хийлгэж, цонхоо давхар болгосон. 2015 онд байрандаа орсон цагаас эхлэн гэрлийн мөнгө, халаалтын мөнгө зэргийг цаг тухайд нь төлж ирсэн. Би нутгийн таньдаг залуус хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй байгааг дэмжин, итгэж ямар нэгэн гэрээ хэлцэл хийж баталгаажуулаагүй тэдний хүсэлтийг зөвшөөрч эзэмшил газар дээрээ орон сууц бариулсан. Гэтэл миний итгэлийг далимдуулан өдийг хүрч газрын үнэнд өгсөн байрны ордерыг гаргаж өгөөгүй байна. Байрны ордер гаргаж өгөхийг удаа дараа хүссэн боловч Г.******* надаас 15.000.000 төгрөг нэмж өгөхийг шаарддаг. Түүгээр ч зогсохгүй миний амьдардаг тоот байрны ордерыг өөрийн нэр дээр гарган банкны барьцаанд тавьсан байдаг. Ингээд 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Г.*******той уулзаж энэ байдлыг хэлж ордероо гаргуулж авахыг хүссэн. Гэтэл Г.******* миний байр учраас би та нарыг хөөх эрхтэй гэсэн үгийг хэлсэн. Би итгэж өөрийн эзэмшил газар дээрээ орон сууц бариулсан учраас өдийг хүртэл хүлээцтэй хандаж ирсэн. Иймээс зохих шатны байгууллагад хандан асуудлыг үнэн зөвөөр шийдүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын багийн өргөө дугаар байрны 50 м.кв бүхий тоот байрыг миний эзэмшлийн газрын үнэнд олгуулж өгнө үү гэв.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 08 дугаар сарын 08-аас эхлээд Ариун-Өргөө ХХК 411 м.кв орон сууцны барилгыг барьж мөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулсан. Анх барилгыг барихдаа иргэн С., Ч.******* нар нь хоорондоо тохиролцож газрыг 30.000.000 төгрөгөөр үнэлж, 15.000.000 төгрөгийг одоо өгье. 15.000.000 төгрөгийг байр ашиглалтад орохоор өгье гэсэн аман хэлэлцээр хийж түүнийгээ цаасан дээр буулгаж гарын үсгээ зуран барилгын үйл ажиллагаа эхэлсэн. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээ гарч 3921 дугаартай 411 м.кв бүхий бүртгэгдсэн гэрчилгээг Г.*******ийн өмчлөл гэж хамгийн анх гэрчилгээ гарч ирсэн. Нэхэмжлэгч талаас энэ 411 м.кв 9 айлын орон сууцаас хамгийн анх эхлээд ирж үзэхдээ газрын үнэд оруулан хоёр өрөө байрыг авъя гэсэн. Тэгэхээр нь 40 м.кв 36.000.000 төгрөгийн байрыг өгч болох байх гэсэн. Тэгээд ирж үзээд миний орохоор төвлөсөн байсан байрыг авна гээд одоо амьдарч байгаа тоот байрыг авахаар болсон. Би өөрт нь зах зээлийн ханшаар хамгийн доод үнэ 45.000.000 төгрөг болно. Зөрүү 15.000.000 төгрөгийг яах вэ гээд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би Ч.*******гийн ажил дээр нь очоод ажлын өрөөнд амаар ярилцаад худалдах, худалдан авах гэрээг бид хоёр баталгаажуулсан. Өмнөх газрын барьцаанд авсан 15.000.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-ээс өмнө өгье. Тэгээд 45.000.000 төгрөгөөр байраа авъя. Барилгын үнэд газар орсон гэдгийг бид хоёр ярьж тохирсон. Энэ гэрээг нотлох баримтаар шүүхэд хүргүүлсэн. Тэр цагаас хойш мөнгийг өгөхгүй гэж хэлээгүй. Ноолуур гарахаар өгье, мөнгөтэй болохоор өгье гээд өгсөн зүйл байхгүй. Одоо болтол манай ашиглалтад оруулсан байрны мөнгөө гүйцэт өгсөн хүн цөөхөн, 8 хувийн зээлээр авсан хүмүүс нь байрандаа орсон. Хувийн тохироогоор байраа авсан хүмүүс өнөөдөр ч хүртэл мөнгөө төлж дуусгаж байгаа тохиолдол байна. Нэхэмжлэгч талд 15.000.000 төгрөгийг яах вэ? болохгүй бол машин дээр чинь наймаа хийе гэсэн чинь машинаа зарахгүй гэсэн. Түүнээс гудамжинд уулзаад дээрэмдэх гээд байсан зүйл байхгүй. Одоо байраа нэхэмжлэгч тал авахаар бол үлдэгдэл 15.000.000 төгрөгөө анхны 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хийсэн тохиролцоогоор өгнө, эсхүл байраа чөлөөлж өгөөд газрынхаа 30.000.000 төгрөгийг авах гэсэн сонголттой байна гэв.

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.******* миний бие 3 давхар 9 айлын 411 м.кв орон сууцыг барьж 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулсан. Тухайн үед нэг байрны м.кв талбайг 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр худалдаалж байсан ба иргэн Ч.******* өөрийн сонголтоор 3 давхрын 50 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 45.000.000 /дөчин таван сая/ төгрөгөөр тооцож худалдан авсан. Байрны төлбөрийн үлдэгдэл 15.000.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч Ч.******* нь өнөөдрийг хүртэл 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг төлөөгүйн дээр байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар шүүхэд гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймээс Ч.******* нь байрны үлдэгдэл төлбөр болох 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг төлөх боломжгүй бол уг байрыг чөлөөлүүлж, иргэн Г.******* намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Ч.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би газрыг үнэлээгүй. Газрын түр эзэмшүүлэхэд тодорхой хэмжээний барьцаа тавьсан. Газрыг худалдаагүй, газрыг зөв зүгээр эзэмшүүлэх гэрээ хийсэн. Би Г.*******той ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Ийм учраас сөрөг нэхэмжлэл Г.******* гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Говь-Алтай аймгийн төвийн бүсэд орон сууцны барилга барих зориулалттай тийм хэмжээний барилгыг 30 сая төгрөгөөр зарах хүн байх уу? нөгөөтээгүүр дээрх байранд 2015 оны 12 дугаар сараас өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тухайн байр нь халдаггүй, чи тэрийг хүлээж авах боломжгүй бол газраа чөлөөлүүлээд эдийн засаг болон эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөж төлүүлнэ гэсэн бодолтой байна гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 69 дугаартай шийдвэрээр  

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн *******ын *******,гийн нарт холбогдох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын баг, Өргөө дугаар байрны тоот 50 м.кв байрыг газар эзэмших эрх шилжүүлсний төлбөрт олгуулах тухай нэхэмжлэгч *******ийн *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******ын *******ийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын баг, Өргөө дугаар байрны тоот 50 м.кв байрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн мөн хуулийн дугаар зүйлийн .1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0.200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 0.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 0.200 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.*******т олгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдэж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.*******гийн давж заалдах гомдлын агуулга:

Иргэн Ч.*******гийн нэхэмжлэлтэй, иргэн Г.*******, С. нарт холбогдох иргэний хэргийг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд гаргасан 3/шш2021/00069 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу буюу дутуу үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасныг зөрчсөн, мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дор дурдсан байдлаар ноцтой зөрчсөн тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд:

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу буюу дутуу үнэлсэн тухайд:

1. Анхан шатны шүүх "Зохигчдын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. 24.2-т заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн, арилжааны гэрээнд Иргэний 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдах авах гэрээний зохицуулалтууд нэгэн адил хамаарна", "Талуудын хооронд байгуулсан уг хэлцэл нь хуулийн шаардлага хангаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй" гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хариуцагч Г.*******, С. нарт Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжих боломжийг олгосонд гомдолтой байна.

Учир нь миний бие Ч.******* нь 2015 оны 0 дугаар сарын 29-ний өдөр иргэн С.т өөрийн эзэмшлийн 144 м.кв газрыг эзэмшүүлэх, уг газрыг эзэмшиж, барилга барих баталгаа буюу барьцаа гэх агуулгаар 30 сая төгрөгийг С. нь надад төлөхөөр харилцан тохиролцож, тухайн өдрөө 15 сая төгрөгийг төлсөн ба энэ талаар талууд маргадаггүй.

Харин орон сууцны барилга баригдаж, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт" гарснаас хойш хариуцагч нар нь миний эзэмшил, ашиглалтад 50 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгсөн тул барилга барих баталгаа буюу барьцаанд авсан 15 сая төгрөгийг миний хүү А. буцаан С.т Хаан банкин дахь өөрийн данснаас 10 сая төгрөгийг шилжүүлж, бэлнээр 5 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь хариуцагч Г.*******ийн шүүхэд гаргасан тайлбар гэрч А.ийн шүүх хуралдаан дээр өгсөн гэрчийн мэдүүлэг, А.ийн дансны хуулга зэргээр нотлогддог. Анхан шатны шүүхийн шийдвэрийн "Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар талуудын хооронд байгуулсан хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн атлаа мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах асуудлыг хууль зүйн хувьд шийдвэрлэлгүй орхигдуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар хариуцагч нарт үндэслэлгүй хөрөнгөжих боломжийг олгож, харин нэхэмжлэгч Ч.******* миний бие эзэмшил газаргүй, амьдрах орон сууцгүй болж хохирсон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар миний эзэмшил газар дээр 9 айлын орон сууц барьж, бусдад худалдан борлуулж ашиг орлого олсон хариуцагч нар нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжиж буй тул нэхэмжлэгч нь хариуцагч нарын эзэмшилд шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй юм. Гэтэл анхан шатны шүүх хэлцлийг нэгэнт хүчин төгөлдөр бус гэж дүгнэж байгаа тохиолдолд хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан зүйлээ харилцан буцаах үр дагавар үүсэх атал үр дагаврыг зөвхөн нэхэмжлэгч арилгахыг шаардсан тохиолдолд шуух уг асуудлыг шийдвэрлэх учиртай мэтээр дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хэдийгээр газар эзэмших эрх миний нэр дээр бүртгэлтэй хэвээр байгаа боловч, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан газраас салгаж үл болох эд хөрөнгө буюу айлын орон сууцны барилгыг тухайн газар дээр хариуцагч нар нь барьж бусдад худалдсан тул нэхэмжлэгч газраа буцаан авах бодит боломжгүй болох нь тогтоогдож байгаа учраас шүүх талуудын тохиролцсон гэх /хариуцагч нарын тайлбарлаж байгаагаар/ газар эзэмших эрхийн үнэд 30 сая төгрөгийг нэхэмжлэгчид буцаах асуудлыг шийдвэрлэх боломжтой атал эдгээр асуудлыг огт шийдвэрлэлгүй орхигдуулсанд гомдолтой байна. Анхан шатны шүүх "... газрын эрх шилжүүлэх хэлцэл хүчин төгөлдөр бус байгаа хэдий ч газар эзэмшигч Ч.******* нь өөрийн эзэмшил газар дээр баригдсан орон сууцны өмчлөгч байх боломж хууль зүйн хувьд байна. Гэвч энэ нөхцөлөөр авч үзэхэд тухайн байрны өмчлөгч нь Г.******* болох нь Говь-Алтай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4 дугаартай албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн "Орон сууцны өмчлөгчөөс хасуулах хэлцэл"-ээр Ч.******* нь хамтран өмчлөгчөөс хасуулсан болох нь тогтоогдож байна. Эд хөрөнгө өмчлөх эрх нь хүний туйлын эрх бөгөөд шүүх энэ эрхэд хууль зүйн үндэслэлгүйгээр халдах, түүнийг хязгаарлах боломжгүй юм гэж нотлох баримтыг дутуу буюу буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2015 оны 0 дугаар сарын 29-ний өдөр болон 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан хэлцлүүд болон 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт", 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн "Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл" зэрэг нотлох баримтуудаар миний эзэмшлийн 144 м.кв газар дээр 9 айлын орон сууцны барилгыг иргэн Г.*******, С. нар нь өөрсдийн хөрөнгөөр барьж зах зээлд борлуулах, харин Ч.******* нь эзэмшиж буй газраараа тухайн барилгад хөрөнгө оруулалт хийсэнд тооцож, 50 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлүүлэхээр харилцан тохиролцсон болох нь нотлогддог.

Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь намайг тухайн барилгад өөрийн эзэмшил газраар хөрөнгө оруулалт хийсэн болохыг хүлээн зөвшөөрч, 0 тоот 2 өрөө орон сууцыг миний эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгсөн нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт"-ын 1.2-т уг барилгын "Захиалагч нь иргэн Ч.******* гэж, 2.2-т Энэхүү барилга байгууламж нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, зориулалтаар ашиглахад болно гэж үзээд захиалагч Ч.*******гийн мэдэлд 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс ашиглалтад оруулахыг зөвшөөрөө гэж заасан, мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Өргөө хороолол 18 дугаар байранд байрлах 00039216 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай 411 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч Ч.******* миний бие бүртгэгдэж байсан үйл баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх эдгээр үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Мөн анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг арилжааны гэрээний харилцаа гэж дүгнэсэн атлаа маргаан бүхий 0 тоот орон сууцыг газраар дүйцүүлэн сольсон эсэх, төлбөр тооцооны үлдэгдэлтэй эсэх, нэхэмжлэгч Ч.*******д өмчлөх эрх үүсэх эсэх талаар огт дүгнээгүй, тодруулбал нэхэмжлэлийн шаардлагын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т "Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасныг зөрчсөн бөгөөд зөвхөн Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4 дугаартай албан бичгээр 0 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.******* бүртгэлтэй байгаа учраас хууль зүйн хувьд иргэний өмчлөх эрхэд шүүх халдах үндэслэлгүй гэж илэрхий хариуцагч талын эрх ашигт нийцүүлсэн дүгнэлтийг хийсэнд гомдолтой байна. Зүй нь нэхэмжлэгчид өмчлөх эрх үүссэн эсэх асуудлыг шийдвэрлэсний дараа улсын бүртгэл үнэн зөв хийгдсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх учиртай билээ. Түүнчлэн миний хувьд нийт орон сууцны барилгын анхны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч хариуцагч нар нь бусад 8 орон сууцыг бусдад худалдан борлуулахад байнга хамт явж гэрээ хэлцэл хийх боломжгүй учраас барилгын хамтран өмчлөгчөөс хасуулахаар харилцан тохиролцсон болох нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн "Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэлд "Y- тоот улсын бүртгэлийн дугаартай 411 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч *******ийгийн ******* би байнга хамт явж бусдад худалдах, бэлэглэх гэрээг хийх боломжгүй тул хамтран өмчлөгчөөс хасуулахаар тохиролцож энэхүү гэрээг байгуулав" гэж дурдсанаар тогтоогддог.

Учир нь орон сууцны барилга бүхэлдээ 1 улсын бүртгэлийн гэрчилгээтэй байсан учраас бусдад худалдахдаа тухай бүр гэрээ хэлцэл хийх шаардлага үүсэж, ул хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг худалдан авсан өмчлөгч тус бүрээр нь салган, бүртгүүлэх шаардлага гардаг учраас хамтран өмчлөгчөөс хасуулсан боловч маргаан бүхий 0 тоот орон сууцыг миний эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулж өгөх амлалтаа хариуцагч биелүүлээгүйгээс гадна Г.******* нь өөрийн нэр дээр орон сууцыг бүртгүүлж, Хаан банкны зээлийн барьцаанд барьцаалуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 4 тоот албан бичгээр нотлогдож байна.

3. Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа Маргаан бүхий орон сууцыг 45 сая төгрөгөөр үнэлж, газрын үнийг 30 сая төгрөгөөр тооцож, үлдэгдэл 15 сая төгрөгийг нэхэмжлэгч нь төлнө гэж хугацаа заасан боловч тогтоосон хугацаандаа төлөөгүй учраас орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна хэмээн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг боловч хавтаст хэрэгт маргаан бүхий орон сууцыг 45 сая төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон нэг ч баримт байхгүй, мөн хариуцагч 15 сая төгрөг төлөхийг нэхэмжлэгчээс шаардаж байсан болохоо нэг ч нотлох баримтаар нотлоогүй байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч миний эзэмшил газар дээр хариуцагч нар барилга барьж ашиг олсон, мөн газарт маань дүйцүүлэн 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгч, миний бие гэр бүлээрээ тухайн орон сууцанд өнөөдрийг хүртэл бүтэн 5 жилийн турш амьдарч байгаа үйл баримтад огт дүгнэлт хийгээгүй атлаа зөвхөн хариуцагч Г.*******ийн нэр дээр өмчлөх эрхийн бүртгэл хийгдсэн тул хууль ёсны өмчлөх эрхтэй этгээд гэж өрөөсгөл дүгнэлтийг хийсэнд гомдолтой байна. Учир нь хариуцагч нар нь орон сууцны төлбөрт 30 сая төгрөгийн газрыг дүйцүүлэн авсан гэдэгтэй маргаагүй, харин орон сууцны үлдэгдэл төлбөрт төлбөл зохих 15 сая төгрөгийг төлөөгүй учраас орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэж тайлбарладаг. Гэтэл шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээрээ нэхэмжлэгчээс хариуцагчид 30 сая төгрөгийн үнэ бүхий газрыг эзэмшилд нь хүлээлгэн өгсөн хэмжээгээр хохирч байгааг хайхралгүй орхисон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар миний бие 2 өрөө орон сууцыг хүлээн авсан даруйдаа барьцаа гэх 15 сая төгрөгийг буцаан хариуцагчид шилжүүлснээр маргаан бүхий 2 өрөө орон сууцыг газраар ямар нэгэн нэмэлт төлбөр, зөрүүгүйгээр дүйцүүлэн сольсон болох нь бүрэн нотлогдож байгааг шүүх огт анхаараагүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд:

1. Нэхэмжлэгч Ч.******* миний бие Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул эхнэр С.*******дээ 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "Ч.*******гийн нэхэмжлэлтэй, Г.*******, С. нарт холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн оролцох эрхийг олгон итгэмжлэл үйлдэж, Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч уг итгэмжлэлийг гэрчилснийг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Ингээд эхнэр маань өөрт олгогдсон эрхийнхээ дагуу 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өмгөөлөгчөөс зөвлөгөө авсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаа "Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, баг, -р байрны тоот байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай" хэмээн тодорхойлж, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10:15 минутад Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүлээлгэн өгч, тус шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан 2 хуудас нэхэмжлэл, нотлох баримтуудыг №9 дугаарт бүртгэн авч, Ц. шүүгчид хуваарилсан бүртгэл, тэмдэг бүхий нэхэмжлэлийн хувь бидэнд хадгалагдаж байгаа юм. Гэтэл шүүгч Ц. нь нэхэмжлэлийн шаардлага чинь ийм байхгүй, харин "газрын үнэд тооцож, орон сууцыг олгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлага гаргах хэрэгтэй" гэж зөвлөснөөр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлээ буцаан авч. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүгчийн зөвлөсний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн бичиж, өгсөн байдаг. Ийнхүү эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандан, шүүгчийн зөвлөснөөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж өгсний улмаас шүүх нэхэмжлэлийн шаардлагыг маань бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, эд хөрөнгө, сэтгэл санаа, цаг хугацааны хувьд хохирч газар ч үгүй, орон сууц ч үгүй харин хариуцагч нар үндэслэлгүй хөрөнгөжиж байгаад үнэхээр гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн дээрх үйлдэл нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан ноцтой зөрчил болоод зогсохгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан шүүхэд мэдүүлэх иргэний эрхэд шууд халдсан, шүүгч гагцхүү хуульд захирагдах зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д зааснаар Шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогчдод хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлд хэргийн оролцогчдод эрх, үүргийг тайлбарласан байдлыг мөн тусгах хуулийн зохицуулалттай. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагчид эрх, үүрэг танилцуулсан тухай баримтууд, мөн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тухай баримтууд /хх-ийн 38, 39, 40, 1, 2 дахь тал/ болон 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 3/TM2021/0001 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Шүүх хуралдаан даргалагч нь хариуцагчийн өмгөөлөгч Д.эд эрх, үүрэг танилцуулсан баримт огт байхгүй, шүүх хуралдааны явцад ч эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл байхгүй байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1 дугаар тогтоолын дагуу бүх шатны шүүх уг тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан тухай баримт"-ыг хэргийн оролцогчдод танилцуулж, хэрэгт хавсаргах үүрэгтэй. Гэтэл мөн л хариуцагчийн өмгөөлөгч Д.эд нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулаагүй, зөвхөн нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарт нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан болох нь хх-ийн 36-3 дахь талд авагдсан "Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт"-аас тодорхой харагдана. Дээрхээс гадна хариуцагчийн өмгөөлөгч Д.ээс 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан байдаг бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд Шүүх хуралдаан даргалагч нь хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шинээр гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт байгаа эсэх талаар асуугаагүй, хариуцагчийн өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг огт шийдвэрлэлгүй орхигдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг ноцтой зөрчсөн байх ба дээрх бүх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 3/ШШ2021/00069 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

Жич: Энэхүү давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт болон өмгөөлөгч Д.*******, өмгөөлөгч М.******* нартай байгуулсан "Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ"-г хавсаргав. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн өмгөөлөгч нарыг оролцуулах хүсэлтэй байгаа тул. дугаараар шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэхийг хүсье гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******/Говь-Алтай аймгаас ZOOM/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандах болсон шалтгаан нь хариуцагч С., Г.******* нар нь байрны гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан учраас гэрчилгээ гаргуулах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, багийн дугаар байрны тоот байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл бичсэн. 2020 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр Говь-Алтай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр очиж нэхэмжлэл болон хавсаргасан баримтуудаа мэдээлэл лавлагааны ажилтанд өгөхөд шүүгчид өг гэж хэлсэн. Ингээд мэдээлэл лавлагааны ажилтны зөвлөсний дагуу шүүгчид нэхэмжлэлийг оруулж өгөхөд нэхэмжлэлийн шаардлага буруу байна. Таны энэ асуудал өмчийн маргаан биш, газрын эзэмшигчийг тогтоолгож өгнө үү гэж бичихийг надад хэлсэн. Тэгэхээр нь би нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрчилж бичиж аваачиж өгсөн. Ингээд өөрчилж бичсэн нэхэмжлэлээ өгөх үед шүүгчийн туслах Чанцалдулам нь надад нэхэмжлэлээ өөрчилж бичих талаар шүүгч хэлсэн, хүнд битгий хэлээрэй гэж надад хэлсэн. Тийм учраас би нэхэмжлэлээ өөрчилж, бичсэнээ өөрийнхөө авсан өмгөөлөгчдөө хүртэл хэлээгүй юм. Ингээд анхан шатны шүүх хурал 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр болсон шүүх хурал эхлэхээс өмнө би өмгөөлөгчийн хамт хавтаст хэрэгтэй танилцахад өмгөөлөгч намайг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг мэдээд яагаад та миний бичсэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн юм бэ? гэхэд нь би хүнд хэлж болохгүй шүү гэж хэлснийг санаад би өөрөө бодож байгаад ингэж өөрчилбөл болох юм шиг санагдаад өөрчилсөн гэж хэлж байсан юм. Тэгээд шүүх хурал дууссаны дараа шүүгч хариуцагчаас танай гаргаж өгсөн баримтууд чинь хуулбарласан материал байна. Бид нар бол хуулбарласан баримтын эх хувь нь байхгүй бол нотлох баримтад тооцдоггүй юм. Та нарт нотлох баримт чинь эх хувиараа байгаа эсэхийг асуугаад гаргаж өгөх үү гэж асууж байсан. Шүүх хурлын эцэст 2015 оны 0 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2 гэрээг Г.*******оос гаргуулахаар захирамж гаргаад шүүх хурал хойшилсон. Дараагийн шүүх хурал нь 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болсон нөхөр маань цахимаар оролцсон, миний хувьд тухайн шүүх хуралд оролцоогүй юм. Тухайн хурлын дараагаар хариуцагчийн тайлбарыг үндэслэж, бид нарыг байрнаас гаргахаар шийдвэрлэсэн талаар сонсоод бид нар сэтгэл санааны маш их цочролд орсон. Шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгч нь хувиараа барилга, барьдаг мөн хариуцагч Г.*******той хамтран ажилдаг гэдгийг сүүлд нь мэдэж авсан. Иймээс манай хэргийг шийдсэн шүүгч нь анхнаасаа хариуцагч тал ашиг сонирхлын зөрчилтэй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг маань өөрчлүүлж хэргийг хариуцагч талд ашигтайгаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.******* /Улаанбаатар хотоос /ZOOM/ -р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн анхны шаардлага нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай байсан. Үүнийг миний хувьд үндэслэлтэй гэж үзэж байгаа. Учир нь: Иргэн Ч.*******гаас итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******д өгсөн итгэмжлэл дээрээ төлөөлүүлэгч нь Ч.*******гийн нэхэмжлэлтэй Г.*******, нарт холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэсэн байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага болон хууль зүйн үндэслэлийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага болон шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байгаа тэр тодорхойлолтыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай шууд өөрийн санаачилгаар нэмж тодорхойлж өгсөн байгаа. Энэ нь шүүхийн шийдвэрийн 5 дугаар хуудсанд бичигдсэнээр нэхэмжлэгч нэхэмжлэлдээ газрын үнэ гэж бичсэн байгаа болов ч шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг газар эзэмших эрх шилжүүлснээр тодорхойлсон байгаа. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодорхойгүй байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг заавал тодруулах шаардлагатай талаар дурдсан байгаа. Улсын дээд шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай зөвлөмж байдаг. Үүнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлоход анхаарах зарим зүйлс байдаг. Энэ зөвлөмжийн 4 дэх заалтад анхан шатны шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой ямар зүйлийг анхаарвал зохих вэ гэдгийг зааж өгсөн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-аас 118 дугаар зүйлд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх талаар заасан заалт байгаа. Хамгийн түрүүнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нотлох баримтаар тогтоогдож байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүх тодруулахыг оролдож байгаа мэт харагдаж байгаа болов ч нэхэмжлэлийн шаардлагыг нэг мөр тодруулаагүй. Нэхэмжлэлийн шаардлага гэдэг нь нэхэмжлэгч шүүхээс яг ямар эрх зүйн хамгаалалт хүсэж байгаа вэ? гэдгийг шууд тодорхойлсон байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэдэг нь шүүхэд хандах болсон нэхэмжлэгчийн бодит нөхцөл байдал нь юу вэ гэдгийг нотлох баримтаар нэхэмжлэгч тайлбарласныг ойлгодог. Шүүх нэхэмжлэлээс нэхэмжлэгчийн шаардлагыг тодруулсан бичгийн баримтыг аваагүй. Өөрийн санаачилгаараа газар эзэмших эрх шилжүүлснийг тодорхойлсон. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг баримтлан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх асуудал руу ороод хүчин төгөлдөр бус хэлцэл үү үгүй юу гэдэг хууль хэрэглээний асуудал яригдаж байгаа юм. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй явснаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан хохирогчоор тогтоох ёстой байсныг анхаарч үзэхийг хүсэж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг буруу дүгнэсэн. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага нь орон сууцанд оруулж, орон сууцны өмчлөх эрхийг тогтоолгох тухай агуулгатай байсан. Учир нь нэхэмжлэгч өөрөө тухайн орон сууцыг 2015 оноос хууль ёсоор эзэмшсэн. Хариуцагч нар орон сууцыг эзэмшилд нь шилжүүлж өгсөн байдаг. Өмчлөх эрхийн гэрчилгээг тухайн орон сууцыг барьж улсын комисст хүлээлгэж өгсөн хүнд гаргаж өгөх ёстой байсан. Талуудын хооронд маргаж байгаа асуудал нь юу вэ гэхээр: Газраа 30.0 сая төгрөгөөр тооцно, 2 өрөө орон сууцыг тухайн газар дээр баригдсан орон сууцнаас авахаар тохиролцсон байдаг. Тэгээд нэхэмжлэгч Ч.******* нь тухайн орон сууцны тоот байранд бусад төлбөр мөнгийг төлөөд 5, 6 жил амьдарсан байдаг. Орон сууцыг хүлээж авах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн акт байдаг. Үүн дээр газар нь нэхэмжлэгч Ч.*******гийн эзэмшлийнх байгаа учраас Ч.*******гийн нэр дээр тухайн акт гарсан байдаг. Үүний дараа 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр орон сууцны өмчлөлөөс хамтран эзэмшигч хасуулах тухай нотлох баримт байдаг. Хасуулах хэлцэл дээр би байнга явж энэ 9 айлын орон сууцыг борлуулахад байж чадахгүй учраас Г.*******т шилжүүлж байгаагаа зөвшөөрч байна гэсэн байдаг. Энэ хэлцлийг шүүх үнэлэхдээ Ч.******* бол өмчлөх эрхээ баталгаажуулах боломж байсан болов ч энэ эрхээ сайн дураараа Г.*******т шилжүүлсэн байна гэж шууд үнэлж байгаа юм. Гэтэл энэ 411 мкв талбайд 1 орон сууцны хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байсан. 411мкв талбайг Г.*******ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Харин Г.*******, Ч.*******гийн газар дээр орон сууц бариад 2 өрөө байрыг өгнө гэсэн талуудын хооронд тохиролцоо хийгдсэн байдаг. Газрын эрх шилжүүлсэн хэлцэл өөрөө бичгээр хийгдэж нотариатаар батлуулаагүй бол хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж шууд дүгнээд Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнээд тогтоох хэсэгтээ энэ заалтыг бариад энэ асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Хэрвээ Иргэний хуулийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээд байгаа бол энэ хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шүүх нэг мөр шийдвэрлэх ёстой байсан. Иймд нэхэмжлэгчийн гаргаад байгаа гомдол нь үндэслэлтэй байгаа. Шүүгч нэхэмжлэгчээсээ 30.0 сая төгрөгийн үнэ бүхий газрыг та шилжүүлсэн юм уу? гэж шүүх хуралдаан дээр асуугаад байдаг хэр нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56.5 дахь заалтын дагуу арилгаагүй. Ядаж 30.0 сая төгрөгийг нэхэмжлэгчид яагаад буцааж олгуулдаггүй юм. Миний үйлчлүүлэгчийн хувьд газраа буцааж авах ямар ч боломжгүй болсон бөгөөд тухайн газар дээр 9 айлын орон сууц баригдсан байгаа. Хариуцагч тал нэхэмжлэгчийн гомдлыг барагдуулах ёстой байсан. 15.0 сая төгрөгийг Г.******* анх Ч.*******д өгсөн. Эргүүлээд Ч.*******, С.ийн данс руу 10.0 сая төгрөгийг шилжүүлээд 5.0 сая төгрөгийг бэлнээр өгсөн үйл баримт байдаг. Талууд өгсөн, авсан мөнгөн дүн дээрээ огт маргадаггүй. Хариуцагч тал бол 30.0 сая төгрөг дээр нэмж 15.0 сая төгрөг өгөх ёстой байсан гэж маргаад байдаг үүнийхээ хууль зүйн үндэслэлийг төдийлөн сайн тайлбарлаж чаддаггүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин мөн шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.******* /Улаанбаатар хотоос /ZOOM/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Г.*******оос гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээд байгаа нь хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхгүйгээр зөвхөн Г.*******ийн нэр дээр гарсан өмчлөл бүхий гэрчилгээг үндэслэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч Г.******* болон талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч Ч.******* нь орон сууцны төлбөрийн зөрүү болох 15.0 сая төгрөгийг төлөөгүй учраас орон сууцыг албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Гэтэл үндсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байгаа нь сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч байгаа нь буруу юм. Хэлцлийн тухайд байрны үнэ нь 45.0 сая төгрөг бөгөөд 1мкв талбайн үнэ нь 900.000 төгрөг байсан талаар тодорхой нотлох баримт байдаггүй. Талуудын анхны тохиролцоо нь газраа өгөөд байр авах байсан. Орон сууцны 1мкв үнэлгээ зах зээлд худалдан борлуулагдаж байсан өртөг биш зах зээлийн үнэлгээгээр ******* байр худалдан авах гэж байсан мэтээр тайлбарлаж шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Баримтаар нотлогддоггүй тайлбарыг үндэслэж шүүх ....... Хамтран өмчлөгчөөс асуулт авах тухай 2015 оны 12 сарын 1-ны өдрийн хэлцэл байна. Хэлцэлд 9 байрны өртөг 250.0 сая төгрөгөөр боссон гэдгийг тодорхой тусгасан. Нийт талбайг 411 мкв талбайг харьцуулахад 1 мкв талбайн өртөг 600.0 мянган төгрөг байгаа. 600.0 мянган төгрөгөөр нэхэмжлэгчийн гэр бүлийн амьдарч байгаа 49 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг үржүүлээд үзэхэд 29.400.000 төгрөгийн үнэлгээтэй байрыг нэхэмжлэгч газрын оронд хүлээж авсан гэхэд наад захын баримт байгаа. Нэхэмжлэгчийн яриад байгаа нь бодит байдал дээр нийцэж байхад хариуцагчийн зөвхөн гэрчилгээг үндэслэж хариуцагч бол нэхэмжлэгчийн амьдарч байгаа орон сууцны хууль бус өмчлөгч юм гэдэг хийсвэр зүйл шүүх хийсэн байдаг. Үүнд нэхэмжлэгч өөрөө 2015 онд гэр бүлийн хамт хүлээж авсан орон сууцанд 5 жилийн турш амьдарч байгаа ил баримтад дүгнэлт хийхгүй байрны зөрүү 15.0 сая төгрөг төлнө гэсэн бол яагаад энэ төлбөрийг огт шаардаж байгаагүй вэ. 2015 оны 12 сарын 16-ны өдөр 15.0 сая төгрөг төлнө гэсэн бол 2020 он хүртэлх шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд мөнгөн төлбөр шаардаж байсан үйл баримтыг гэрчлэх нотлох баримт, гэрчийн мэдүүлэг байхгүй байгаа нөхцөлд 2015 оны гэрээн дээр дүгнэлт хийхгүй, зөвхөн үл хөдлөхийн гэрчилгээг үндэслэж сөрөг шаардлага тавьсан байна. Талуудын анхны тохиролцоо газрын оронд орон сууцыг хүлээлгэж өгөх үүрэг хариуцагчид байсан уу гэдэгт дүгнэлт өгсний дараа Улсын бүртгэл үнэн зөв гэдгийг бүртгэх шаардлагууд байсан. Гэтэл анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль хэрэглээний хувьд алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж./Говь-Алтай аймгаас ZOOM/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч тал нь өмгөөлөгчөөс зөвлөгөө авч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж бичсэн талаар нэхэмжлэгч нь ярьдаг. Тэгээд шүүх дээр очиход шүүгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх талаар зөвлөсний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргаж өгсөн гэдэг асуудлыг шүүх хурлын дараа өмгөөлөгчдөө нэхэмжлэгч нь хэлсэн байгаа. Анхан шатны шүүхийн шүүгчийн гаргаж байгаа энэ үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байгаа юм. Анхан шатны шүүх хурал нь анх 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр болсон бөгөөд тухайн хурал нь нотлох баримт дахин гаргаж өгөх шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулсан байдаг. Тухайн үед хариуцагчийн зүгээс өмгөөлөгчгүй оролцож байсан. Дараагийн буюу 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр болсон шүүх хуралдаанд Б.э өмгөөлөгчийг сонгон авч оролцуулах хүсэлт гаргаж өмгөөлөгчтэй оролцсон байдаг. Хавтаст хэргийн материалтай танилцах юм бол 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь дахин танилцсан байдаг. Дахин танилцаад харахад тухайн хэрэгт байгаа нотлох баримтад хэргийн оролцогчдод эрх үүрэг танилцуулаагүй, шүүх хуралдааны явцад эрх үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл байхгүй, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт дээр хариуцагчийн өмгөөлөгч Б.ээр гарын үсэг зуруулсан зүйл огт байдаггүй. Хавтаст хэргийн материалын 38-аас 40 дүгээр хуудас, 1, 2 дугаар хуудас, мөн 3-38 дугаар талд байгаа баримтуудад гарын үсэг огт зурагдаагүй, баримт хэрэгт байгаа талаар тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргаж тайлбартаа дурдаж өгсөн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104, 96 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Б.э өмгөөлөгч нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн хүсэлттэй холбоотой 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хуралдаан дээр тухайн хүсэлтийг хянан шийдвэрлэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэв.  

Хариуцагчийн өмгөөлөгч Д.э /Говь-Алтай аймгаас /ZOOM/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хэргийн тухайд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөд яваад байгаа. Г.*******ийн зүгээс 15.0 сая төгрөгийн үлдэгдлээ өгчих юм бол байрны гэрчилгээг гаргаж өгөх бүрэн боломжтой байгаа. Эсхүл байраа чөлөөлөөд өгчих юм бол урьдчилгаанд өгсөн мөнгийг буцаагаад гаргаад өгөх боломжтой гэж анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарлаж байсан. Маргааны зүгээс урьд өмнө нь эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан байдаг. Үнэхээр өмчлөгч тогтоох талаар нэхэмжлэл байсан юм бол аль ч талаараа анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүхийн шйидвэр хууь ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Г.*******, С. нарт холбогдуулан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын багийн өргөө -р байрны 50 метр кв бүхий тоот байрыг миний эзэмшлийн газрын үнэнд оруулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч Ч.*******д холбогдуулан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын баг, Өргөө хорооллын дугаар байр, 3 давхрын 50 мкв талбай бүхий 2 өрөө байрыг чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч өөрийн төсөөллөөр шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлж, нэхэмжлэлдээ дурдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэр нь биш харин өөр үндэслэл тогтоогдвол шүүх тухайн харилцааны төрлийг тогтоож, уг харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу маргааныг хянан шийдвэрлэх ёстой. 

Гэтэл шүүх хэргийн оролцогчийн шаардлага, үндэслэл, маргааны үйл баримтыг талуудын хүсэл зориг, хэрэгт авагдсан баримтууд, хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь харж оновчтой тодорхойлж чадаагүй, зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тулгуурлан тогтоосон, 

Түүнчлэн зохигчдын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсгүүдэд заасан арилжааны харилцаа үүссэн, арилжааны гэрээнд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтууд нэгэн адил хамаарна гэж үзсэн нь үндэслэлтэй боловч талуудын маргаантай харилцааг нь илрүүлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

Өөрөөр хэлбэл, Талуудын маргаантай харилцаа, маргааны зүйлийг маргаагүй харилцаанаас ялган тодорхойлж чадаагүйгээс шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Шүүх талуудын хооронд хийгдсэн гэрээг хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх хуулийн зохицуулалт, энэ талаарх талуудын ашиг сонирхлыг анхаарч дүгнэлт хийгээгүй байна гэж үзэхээр байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 69 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч Ч.*******гийн давж заалдах гомдлыг хангасугай. 

2. Монгол Улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0200 төгрөгийг улсын орлого болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2.-т зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Ж.БАТТОГТОХ