Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 133/ШШ2021/00103

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г аймгийн Ч сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г аймгийн Е сумын О баг, Н хороолол 0 дүгээр байр, 0 дүгээр орц 0-0 тоотод оршин суух, Т овогтой Д-ы А,

Хариуцагч: Г аймгийн Ч сумын Х багт оршин суух, А-ын Д нарт  холбогдох

Сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр, алдангид 4.150.025 /дөрвөн сая нэг зуун тавин мянга хорин таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г аймгийн Ч  сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сумын сум хөгжүүлэх сангаас иргэн Д.А нь 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр жимсний мод тариалах зорилгоор 7.000.000 /долоон сая/ төгрөгний зээлийг авч 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хүүгийн хамт 7.325.638 /долоон сая гурван зуун хорин таван мянга зургаан зуун гучин найман/ төгрөг төлөх ёстой байснаас 4.605.900 /дөрвөн сая зургаан зуун таван мянга есөн зуун/ төгрөгийг төлөн 2.719.738 /хоёр сая долоон зуун арван есөн мянга долоон зуун гучин найман/ төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа болно. Сум хөгжүүлэх сангийн журмын дагуу зээлээ хугацаанд нь төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна. Зээлээ зээл төлөх графикт хугацаанд нь төлөөгүйн улмаас 2014 оны жилийн эцсийн аудитын шалгалтаар 311.460 төгрөг, 2015 оны жилийн эцсийн аудитын шалгалтаар 735.347,1 төгрөг, 2016 оны жилийн эцсийн аудитын шалгалтаар 287411,9 төгрөг, 2017 оны жилийн эцсийн аудитын шалгалтаар 96067,2 төгрөг нийт 1.430.286,2 төгрөгийн алданги тавигдсан. Үндсэн зээлийн үлдэгдэл, хүү болох 2.719.738 төгрөг, 2014-2017 оны хоорондох алданги болох 1.430.286,2 төгрөг, нийт 4.150.025 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч Д.А, хамтран зээлдэгч А.Д нарыг хариуцагчаар татаж тус сумын сум хөгжүүлэх сангийн төрийн сан банк дахь 100051555401 тоот дансанд 4.150.025 /дөрвөн сая нэг зуун тавин мянга хорин таван/ төгрөгийг төвлөрүүлж санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 5.000.000 төгрөгийг зээлийг авч  зориулалтын дагуу ашиглаагүй. Эзэн холбогдогч нь аав нь байсан. Одоо нас барсан. Зээлийг хүү Д.А-ын нэр дээр шилжүүлсэн. Миний мэдээллээр энэ байна. Би шинээр томилогдсон учраас нарийн зүйл мэдэхгүй байна. Аудитаас өгсөн дүгнэлтийн дагуу зээл болон зээлийн хүүг төлөхгүй байгаа учраас байгаа бид дараагийн хүмүүстэй ажиллах үйл ажиллагаа боломжгүй болж байна. Өөрсдөө төлөхгүй гэсэн шаардлага тавьж байна. Бид ямар ч эзэн холбогдогчгүй болох учраас заавал төлүүлэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Д.А, А.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Анх Г аймгийн Ч сумын Засаг даргатай 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 05 дугаартай сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ гэх гэрээг үндэслэн Д.А, А.Д нараас зээлийн өр төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нарын зүгээс 2013 оны 04 дүгээр сарын үед үндсэн зээлдэгчээр татсан Д.А Улаанбаатар хотод сурч байсан. Тухайн үед Чандмань суманд амьдарч байгаагүй. Уг зээлийн гэрээг байгуулахад байгаагүй бөгөөд гарын үсэг зураагүй. Түүний аав болох Б.Д гэх хүн уг зээлийг Чандмань суманд ажиллаж амьдарч байхдаа авч ашиглаж байсан гэдгийг нэхэмжлэгч тал мөн тайлбарлаж байна. Хариуцагч А.Д-ийн хувьд манай нөхөр зээлийг авч байсан. Намайг гарын үсэг зураадах гэхээр нь зурж байсан. Зээлийн талаар мэдээлэл байхгүй. Манай нөхөр уг зээлийг авч ашиглаж өөрөө төлбөрөө төлж байсан. Энэ зээлийн талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй. Манай нөхөр 2017 онд нас барсан учраас авсан зээлийг бид төлөх боломжгүй гэсэн. 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан. Үндсэн хариуцагч Д.А-ын гарын үсэг зурагдаагүй. А.Д-ийн гарын үсэг зурагдсан. Уг зээлийн гэрээг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар хамгийн сүүлд төлөлт хийгдэх  хугацаанаас шаардах эрх нээгдэнэ гэж үздэг. Иргэний хуулийн ерөнхий ангийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” заасан бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцоход 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор зээлийн эргэн төлөлтийн талаар шаардлага гаргах ёстой байсан. Тийм учраас уг зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Г аймгийн Ч сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г аймгийн Ч сумын Засаг дарга нь хариуцагч Д.А, А.Д нарт холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр, алдангид 4.150.025 /дөрвөн сая нэг зуун тавин мянга хорин таван/ төгрөг гаргуулах гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь “..уг зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргаж байна. 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж, 282.3-т “...хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ...” гэж тус тус заажээ.

Хариуцагч Д.А, А.Д нар нь 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 7.000.000 /долоон сая/ төгрөгийн зээлийг “жимс, жимсгэнэ тариалах” зориулалтаар жилийн 0,25 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авахаар №05 дугаартай “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ” байгуулж, хариуцагч А.Д нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заажээ.

Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний тус гэрээний 2.6-д “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан байх тул хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан ба мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заажээ.

Маргааны зүйл болох Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээг 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурж, 7.000.000 төгрөгийг шилжүүлэн үүрэг гүйцэтгэх хугацааг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатайгаар байгуулсан байх бөгөөд талууд уг хугацаан дээр маргаагүй байна.

Иргэний хуулинд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу эрх нь зөрчигдсөн, зөрчигдсөнийг мэдсэн үеэс эхлэн тоолохоор заасан ба нэхэмжлэгч нь хуулийн энэхүү нөхцлийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байгаа тул шүүх гэрээний хугацаа дууссан хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй байна.

Мөн уг хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдах хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл бий болоогүй, энэ талын баримт хэрэгт байхгүй байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндсэн хоёр ойлголтыг зохицуулсан бөгөөд шүүх, арбитрт нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг гүйцэтгэгч хүлээсэн этгээд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар заасан байна.

Хэлэлцэж байгаа хэргийн хувьд дээрх байдлаар хөөн хэлэлцэх хугацаа  тасалдсан гэж үзэх ямар нэг нотлох баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлээгүй байх тул дурдсан хуулийн зохицуулалтад хамаарч хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцлийг бий болгосон агуулгагүй байна.

Маргааны зүйл болох Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дууссанаас хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа буюу 4 жил 9 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа нэхэмжлэгч тал шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан Г аймгийн Ч сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А, А.Д нарт холбогдох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үүргийн биелэлтийн үлдэгдэл болох 4.150.025 /дөрвөн сая нэг зуун тавин мянга хорин таван/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т овогтой Д-ны А, Б овогтой А-ын Д нарт  холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр, алдангид 4.150.025 /дөрвөн сая нэг зуун тавин мянга хорин таван/ төгрөг гаргуулах тухай Г аймгийн Ч сумын Засаг даргын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ҮЙТҮМЭН