Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 215/МА2021/00007

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймгийн Ч сумын

Засаг даргын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 133/ШШ2021/00103 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Ч сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, Нарлаг хороолол 9 дүгээр байр, 1 дүгээр орц 1- ... тоотод оршин суух, Т овогтой Д.А,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Ч сумын Хүрхрээ багт оршин суух, А.Д нарт холбогдох

Сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр, алдангид 4.150.025 /дөрвөн сая нэг зуун тавин мянга хорин таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нар оролцов.

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Ч сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сумын сум хөгжүүлэх сангаас иргэн Д. А нь 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр жимсний мод тариалах зорилгоор 7.000.000 /долоон сая/ төгрөгний зээлийг авч 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хүүгийн хамт 7.325.638 /долоон сая гурван зуун хорин таван мянга зургаан зуун гучин найман/ төгрөг төлөх ёстой байснаас 4.605.900 /дөрвөн сая зургаан зуун таван мянга есөн зуун/ төгрөгийг төлөн 2.719.738 /хоёр сая долоон зуун арван есөн мянга долоон зуун гучин найман/ төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа болно. Сум хөгжүүлэх сангийн журмын дагуу зээлээ хугацаанд нь төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна. Зээлээ зээл төлөх графикт хугацаанд нь төлөөгүйн улмаас 2014 оны жилийн эцсийн аудитын шалгалтаар 311.460 төгрөг, 2015 оны жилийн эцсийн аудитын шалгалтаар 735.347,1 төгрөг, 2016 оны жилийн эцсийн аудитын шалгалтаар 287411,9 төгрөг, 2017 оны жилийн эцсийн аудитын шалгалтаар 96067.2 төгрөг нийт 1.430.286,2 төгрөгийн алданги тавигдсан. Үндсэн зээлийн үлдэгдэл, хүү болох 2.719.738 төгрөг, 2014-2017 оны хоорондох алданги болох 1.430.286.2         төгрөг, нийт 4.150.025 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч Д.А, хамтран зээлдэгч А.Д нарыг хариуцагчаар татаж тус сумын сум хөгжүүлэх сангийн төрийн сан банк дахь 100051555401 тоот дансанд 4.150.025 /дөрвөн сая нэг зуун тавин мянга хорин таван/ төгрөгийг төвлөрүүлж санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 5.000.000 төгрөгний зээлийг авч зориулалтын дагуу ашиглаагүй. Эзэн холбогдогч нь аав нь байсан. Одоо нас барсан. Зээлийг хүү Д.А-ын нэр дээр шилжүүлсэн. Миний мэдээллээр энэ байна. Би шинээр томилогдсон учраас нарийн зүйл мэдэхгүй байна. Аудитаас өгсөн дүгнэлтийн дагуу зээл болон зээлийн хүүг төлөхгүй байгаа учраас байгаа бид дараагийн хүмүүстэй ажиллах үйл ажиллагаа боломжгүй болж байна. Өөрсдөө төлөхгүй гэсэн шаардлага тавьж байна. Бид ямар ч эзэн холбогдогчгүй болох учраас заавал төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх Говь-Алтай аймгийн Ч сумын Засаг даргатай 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 05 дугаартай сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ гэх гэрээг үндэслэн Д.А, А.Д нараас зээлийн өр төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нарын зүгээс 2013 оны 4 дүгээр сарын үед үндсэн зээлдэгчээр татсан Д.А Улаанбаатар хотод сурч байсан. Тухайн үед Ч суманд амьдарч байгаагүй. Уг зээлийн гэрээг байгуулахад байгаагүй бөгөөд гарын үсэг зураагүй. Түүний аав болох Б.Д гэх хүн уг зээлийг Ч суманд ажиллаж амьдарч байхдаа авч ашиглаж байсан гэдгийг нэхэмжлэгч тал мөн тайлбарлаж байна. Хариуцагч А.Д-гийн хувьд манай нөхөр зээлийг авч байсан. Намайг гарын үсэг зураадах гэхээр нь зурж байсан. Зээлийн талаар мэдээлэл байхгүй. Манай нөхөр уг зээлийг авч ашиглаж өөрөө төлбөрөө төлж байсан. Энэ зээлийн талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй. Манай нөхөр 2017 онд нас барсан учраас авсан зээлийг бид төлөх боломжгүй гэсэн. 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан. Үндсэн хариуцагч Д.А-ын гарын үсэг зурагдаагүй. А.Д-гийн гарын үсэг зурагдсан. Уг зээлийн гэрээг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар хамгийн сүүлд төлөлт хийгдэх хугацаанаас шаардах эрх нээгдэнэ гэж үздэг. Иргэний хуулийн ерөнхий ангийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” заасан бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцоход 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор зээлийн эргэн төлөлтийн талаар шаардлага гаргах ёстой байсан. Тийм учраас уг зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т овогтой Д.А, Б овогтой А.Д  нарт холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр, алдангид 4.150.025 /дөрвөн сая нэг зуун тавин мянга хорин таван/ төгрөг гаргуулах тухай Говь-Алтай аймгийн Ч сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулж шийдвэрлэжээ.

                                                          

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Ч сумын Засаг дарга Ч.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймгийн Ч сумын Засаг дарга Ч.Э, харилцах утас:............... Хаяг: Говь-Алтай аймгийн Ч сум, Талын шанд баг Хан-Уул 2 дугаар гудамжны ..... тоот Засаг даргын Тамгын газар

Нэхэмжлэлийн утга үндэслэл: Тус сумын Сум хөгжүүлэх сангаас иргэн Д. А нь 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Жимсний мод тариалах зорилгоор 7.000.000 төгрөгний зээлийг авч 2016 оны 4 дүгээр сарын 16- ны өдөр хүртэл хүүгийн хамт 7.325.638 төгрөг төлөх ёстой байснаас 4.605.900 төгрөгийг төлөн 2.719.738 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байгаа болно. Сум хөгжүүлэх сангийн журмын дагуу зээлээ хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна. Зээлээ зээл төлөх графикт хугацаанд нь төлөөгүйн улмаас 2014 оны жилийн эцсийн аудитын шалгалтаар 311.460 төгрөг, 2015 оны жилийн эцсийн аудитын шалгалтаар 735.347.1 төгрөг, 2016 оны жилийн эцсийн аудитын шалгалтаар 287.411.9 төгрөг, 2017 оны жилийн эцсийн аудитын шалгалтаар 96.067.2 төгрөг нийт 1.430.286.2 төгрөгний алданги тавигдсан. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн /103 дугаар/ иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Сум хөгжүүлэх санд зээлийн өр төлбөртэй байгаа Д.А-ыг удаа дараа шүүхэд хандаж байсан. 2018 онд Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид зээлдэгч Д.А, хамтран зээлдэгч А.Д нараас зээлийн төлбөр 1.430.286.2 төгрөг гаргуулах тухай өргөдөл гаргаж уригдсан талын хаяг тодорхойгүй гэж 2018 оны 10 сарын 29-нд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгож байсан. Дараа нь Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч хаяг тодорхойгүй хэмээх асуудлаар хэрэг буцаагдсан. 2018 онд аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Г-ын хамтран ажиллах албан бичгийн дагуу Говь-Алтай аймгийн Прокурорын газарт мөн удаа дараа төрийг төлөөлөн прокурор оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг 2 удаа хүргүүлсэн боловч хаяг тодорхойгүй гэсэн хариу бичгийг хүлээн авсан. Дахин хаяг тодруулахаар нэхэмжлэл гаргаж тухайн иргэн Улаанбаатар хотод Баянгол дүүрэг 11 дүгээр хороо 4 дүгээр хороолол Өргөө 33 дугаар байр 1-9- ... тоотод түр оршин сууж байна Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж учирсан хохирлоо төлүүлэх боломжтой гэсэн Прокурорын газрын 2020.09.23 өдрийн 1/521 тоот албан бичгийг хүлээн авч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад тухайн оршин суугч Баянгол дүүрэг 11 дүгээр хороо 4 дүгээр хороолол Өргөө 33 дугаар байр 1-9- ... тоотод түр оршин сууж байгаад Говь-Алтай аймаг явсан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан. Иймд дахин хаягийг тодруулан Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зээлдэгч Д.А, хамтран зээлдэгч А.Д нарт холбогдох зээлийн төлбөр 4.150.025 төгрөгийг гаргуулахаар өргөдөл гаргаж 2018 оны 10 дугаар сарын 29-нд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгож байсан. Мөн Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч хаяг тодорхойгүй гэж хүлээн авахаас татгалзаж буцаасан. 2019 онд аймгийн Прокурорын газарт өргөдөл гаргасан. Дахин 2019 онд зээлдэгч нарын хаягийг тодруулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагч нарын оршин суух хаягийг тодруулж удаа дараа холбогдох газарт нь нэхэмжлэл гаргаж байсан учраас хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болно гэж үзэж байгаа болно. Ингэж төрийн төсвийг хохироож болохгүй. Тухайн зээлдэгч үндсэн зээлийн төлбөрийг барагдуулаагүй нь иргэний үүргээ ухамсарлаагүй хариуцлагагүй үйл ажиллагаа тул үндсэн зээлийн үлдэгдэл, хүү болох 2.719.738 төгрөг, 2014-2017 оны хоорондох алдангиудын дүн болох 1.430.286.2 төгрөг, нийт 4.150.025 төгрөгийг гаргуулах тухай шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байна. Иймд зээлдэгч Д.А, хамтран зээлдэгч А.Д нарт холбогдох зээлийн төлбөр 4.150.025 /Дөрвөн сая нэг зуун тавин мянга хорин таван/ төгрөгийг гаргуулах тухай хавтаст хэргийн материалыг хянуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлэн доорх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Говь-Алтай аймгийн Ч сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 12 дугаар сарын 9-ны өдөр хүлээн аваад 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр уг хэрэгт иргэний хэрэг үүсгэсэн. / х/х-ийн 15 дугаар тал/

Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 14-нд буюу иргэний хэрэг үүсгэхээс 2 хоногийн өмнө хариуцагч А.Д, Д.А нарыг хариуцагчаар тодорхойлж зарлан дуудах хуудсаар дуудсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанаар 2014, 2015, 2016, 2017 онуудын аудитын шалгалтын алданги нийт 1.430.286.2 төгрөгийг нэхэмжилсэн байхад энэ талаарх нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг тодруулаагүй иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг тусгаж ирүүлээгүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг зөрчиж иргэний хэрэг үүсгэсэн байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш нэхэмжлэлийг 14 хоногт хариуцагчид гардуулах байтал 1 сарын дараа нэхэмжлэлийг хариуцагчид гардуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т заасан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлалын туслалцаа авах боломжтойг сануулах үүрэгтэй боловч энэ ажиллагааг хийгээгүй байна.

Дээрх нөхцөл байдлууд нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчилд тооцож шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 133/ШШ2021/00103 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.Э

 

                         ШҮҮГЧИД                       Ш.Б

                                                                 Т.Ж