Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/00126

 

Б.А-н нэхэмжлэлтэй

                                                                   иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/00252 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2023/00667 дугаар магадлалтай,

Б.А-н нэхэмжлэлтэй

Н.Э-т холбогдох

51,910,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-н гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, хариуцагч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б.А нь Н.Э-т холбогдуулан 51,910,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/00252 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Э-с нийт 51,910,000 /тавин нэгэн сая есөн зуун арван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 537,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 417,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-т олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2023/00667 дугаар магадлалаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/00252 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.А-н хариуцагч Н.Э-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 51,910,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Э-н давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 417,500 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О хяналтын гомдолдоо: ..Магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухай

1. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр..., байгаа бол” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан. Б.А-н нэхэмжлэл нь дээрх үндэслэлд хамаарна, гэтэл анхан шатны шүүх хуульд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай дээрх хуулийн зохицуулалтыг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх заалтад зааснаар зохигчид 2020.07.01-ний өдөр байгуулсан “Орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан, хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь орон сууц худалдан авах боломжгүй байсан байх ба 2022.04.27-ны өдөр орон сууц худалдан авч, орон сууцны үнийн өсөлтийн улмаас нэхэмжлэгчид 51,910,000 төгрөгийн хохирол учирсан” гэж дүгнэжээ. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь иргэний эрх зүйн материаллаг болон процессын хуулийн талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн болох нь шүүхийн шийдвэр болон магадлалын үндэслэх хэсгээс тодорхой харагдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2 дугаар зүйлийн 172.2.1-т “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн бол хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл болохоор хуульчилсан. Нэхэмжлэгч Б.А нь эрүүгийн хэрэгт ... дүүргийн ... хороо, “Г” орон сууцны ... давхарын ... тоот ... м2 талбайтай ... өрөө орон сууцыг худалдан авахад зах зээлийн үнэ ханш өссөн үндэслэлээр зөрүү төлбөр 79,430,000 төгрөг нэхэмжилж байсан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоор “НТ” ХХК-ийн нэр дээр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоогоогүй, харин ...хуурамчаар баримт бичиг бүрдүүлэн мөнгийг залилан авсан тул байрны үнийн зөрүүг нэхэмжилсэн үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ Б.А-г иргэний журмаар нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг шүүхийн шийтгэх тогтоолд тусгаж өгсөн байсан. Б.А иргэний шүүхэд хандахдаа худалдах-худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-т “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасны дагуу гэрээний бус үүргийг зохицуулсан Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-т заасан үндэслэлээр буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа худалдан авсан ... дүүргийн ... дугаар хороо, ... хороолол, ... байрны ... тоот ... м2 талбайтай орон сууцыг илүү өндөр үнээр худалдан авсан төлбөрийн зөрүүг хохиролд тооцон нэхэмжилсэн. Уг нэхэмжлэх эрхтэй холбоотой үйл баримтыг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс огт дүгнээгүй бөгөөд эрүүгийн хэргийн шүүхээс зөвхөн ... дүүргийн ... хороо, “Г” орон сууцны ... давхарын ... тоот ... м2 талбайтай ... өрөө орон сууцны зөрүү төлбөр хохирлын асуудлыг хөндөж дүгнэлт хийсэн. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Б.А-н нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хожим худалдан авсан орон сууцтай холбоотой хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байсан. Давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдалд өнгөц дүгнэлт хийж, учир дутагдалтай магадлал гаргасан болох нь дараах үндэслэлүүдээр илэрнэ. Давж заалдах шатны шүүх нь эрүүгийн хэргийн шүүхээс Иргэний хуулийн 229-р зүйлийн 229.1-т заасан гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг шийдвэрлэж, бусад хохирлын асуудлыг иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн гэдгийг анхааран үзээгүй. Хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийж, хуулийг Монгол улсын дээд шүүхийн “ Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай” тайлбараас зөрүүтэй хэрэглэсэн. Нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг нэхэмжилсэн. Уг үйл баримттай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шийдвэрлээгүй, дүгнээгүй гэдгийг анхааран үзээгүй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3-р зүйлийн 3.1-т “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Уг зүйл заалтын “үйл баримт” гэдгийг ижил өөр тохиолдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасан үндэслэлд хамааруулна. Б.А-н нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг өөр хууль зүйн үндэслэлээр тодорхойлон нэхэмжилсэн нэхэмжлэл тул хуулийн дээрх үндэслэлд хамааруулан үзэх боломжгүй. Үүнийг давж заалдах шатны шүүхээс анхааран үзэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож. хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн магадлал үндэслэлгүй юм. Иймд хууль хэрэглээний илэрхий алдаатай, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.06.02.-ны өдрийн 001/ШХТ2023/00657 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн байна. Гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Н.Э-с хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэм буруутайн улмаас учруулсан хохирол 75,910,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 51,910,000 төгрөг болгожээ.

Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “..2020.07.01-ний өдөр хариуцагч Н.Э-тэй харилцан тохирч, ... дүүргийн ... хороонд ... м.кв талбай бүхий ... өрөө орон сууцыг худалдан авахаар орон сууцны үнэ 116,090,000 төгрөгийг төлсөн боловч хариуцагч Н.Э нь өөрийн өмчлөлд шилжээгүй орон сууцыг худалдах боломжтой мэтээр итгүүлэн хуурч, “НТ” ХХК-ийн тамга, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.10-ны өдрийн 2022/ШЦТ/186 дугаар тогтоолоор тогтоогдсон, эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх үед мөнгөө бүрэн буцааж авсан боловч 1 жил, 9 сарын дараа ... дүүрэгт ... м.кв орон сууцыг нийт 168,000,000 төгрөгөөр худалдан авч, энэ хугацаанд орон сууцны үнэ өсч илүү 51,910,000 төгрөгийг төлж, хохирол учирсан...” гэжээ.

Хариуцагч Н.Э нэхэмжлэлийг эс зөвшөөрч, мөнгийг буцааж бүрэн өгснөөр нэхэмжлэгчийг хохиролгүй болгосон, уг нэхэмжлэлийг өмнө нь шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.6-д зааснаар хариуцагчаас 51,910,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохдоо “...хариуцагч Н.Э нь нэхэмжлэгчийг хуурч мэхлэн, орон сууц худалдана гэж итгүүлэн 116,000,000 төгрөгийг нь залилж авсан, уг мөнгийг буцааж төлсөн боловч нэхэмжлэгч Б.А нь дахин орон сууц худалдан авах үед орон сууцны үнэ өссөн, нэхэмжлэгч нь 2022.04.27-ны өдөр иргэн Ц.Э-тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж ... дүүрэг, ... хороо, ... хороолол /16094/, ... байр, ... тоот, ... м.кв орон сууцыг нийт 168,000,000 төгрөгөөр худалдан авсан нь мөнгөн төлбөрийн шилжүүлэг, 2022.05.06-ны өдрийн орон сууцны болон барьцааны гэрээгээр нотлогдсон...талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд буруутай тал нь хохирол төлөх үүрэгтэй...” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

10. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гэм буруу тогтоогдсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн гэж үзсэн ба харин нэхэмжлэгч Б.А нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд орон сууцны зах зээлийн үнийн зөрүү 79,430,000 төгрөг, түрээсийн төлбөр 4,500,000 төгрөг, банкны хадгаламжийн хүү 23,179,000 төгрөг нийт 117,825,179 төгрөгийг Н.Э-с гаргуулах нэхэмжлэл гаргасныг эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд “...шүүгдэгч нь хохирогчийн үл хөдлөх хөрөнгийг залилаагүй, харин үл хөдлөх хөрөнгө авах хүсэл зоригийг нь далимдуулан итгэл төрүүлэн баримт бичиг хуурамчаар бүрдүүлэн мөнгийг нь залилан авсан тул байрны үнийн зөрүүг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн...” Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.10-ны өдрийн 2022/ШЦТ/186 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, харин иргэний хэрэг үүсгэсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгох хуульд заасан журмыг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

11. Хоёр шатны шүүх зөрүүтэй шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх үндэслэл болсон байна.

12. Н.Э нь 2020.07.01-ний өдөр “НТ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй атлаа бичиг баримт, тамгыг нь ашиглан, өөрийн өмчлөлийн бус ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Г орон сууцны .. давхрын .. тоот ... м.кв талбайтай .. өрөө орон сууцыг Б.А-т худалдахаар тохиролцож, 2020.07.02-ны өдөр 80,000,000 төгрөг, мөн оны 08 сарын 03-ны өдөр 36,090,000 төгрөг нийт 116,090,000 төгрөгийг нь залилж авсан гэм буруутай гэж үзэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.10-ны өдрийн 2022/ШЦТ/186 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 12,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Н.Э нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021.07.02-ны өдөр нэхэмжлэгч Б.А-т 80,000,000 төгрөг, 2022.02.10-ны өдөр 36,090,000 төгрөг нийт 116,090,000 төгрөгийг төлжээ.

Нэхэмжлэгч Б.А нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд орон сууцны зах зээлийн үнийн зөрүү 79,430,000 төгрөг, түрээсийн төлбөр 4,500,000 төгрөг, банкны хадгаламжийн хүү 23,179,000 төгрөг нийт 117,825,179 төгрөгийг Н.Э-с гаргуулах нэхэмжлэл гаргасныг эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд “...шүүгдэгч нь хохирогчийн үл хөдлөх хөрөнгийг залилаагүй, харин үл хөдлөх хөрөнгө авах хүсэл зоригийг нь далимдуулан итгэл төрүүлэн баримт бичиг хуурамчаар бүрдүүлэн мөнгийг нь залилан авсан тул байрны үнийн зөрүүг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэсэн байна.

Энэ нь эрүүгийн гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг шийдвэрлэсэн агуулгатай ба нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл, үүнд хариуцагч гэм буруутай учир хохирлыг гаргуулна гэж нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлээ тодорхойлсон болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй нь буруу тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй, талууд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийг шийдвэрлэсэн гэж үзэх нь ч учир дутагдалтай болно.

13. Талуудын байгуулсан 2020.07.01-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл, үүнд хариуцагч Н.Э гэм буруутай нөхцөл байдал хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хуурч мэхэлж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус, хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй, анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар шаардах эрхийг тодорхойлсон нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагчтай гэрээ байгуулах үед 116,000,000 төгрөгт ... м.кв талбай бүхий орон сууц худалдан авах байсан бөгөөд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас 1 жил 9 сарын дараа ... дүүрэгт ... м.кв орон сууцыг нийт 168,000,000 төгрөгөөр худалдан авах үед орон сууцны үнэ өссөн, 51,910,000 төгрөгийг илүү төлж хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон. Нэхэмжлэгч нь уг орон сууцыг худалдан авсан нь 2022.04.27-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, ХБ ХХК-ийн 2022.05.04-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж зааснаар нэхэмжлэгчийн шаардаж буй 51,910,000 төгрөгийг хохирол гэж үзэх боломжтой.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчид амьдрах орон сууцыг шилжүүлж, түүний ашиглалтын зардлыг төлж байсан, нэхэмжлэгч 2022 оны 4 сард орон сууц худалдан авахаас өмнө хариуцагч нь 2021 оны 07 сард 80,000,000 төгрөгийг буцааж өгсөн байсан нөхцөл байдалд тулгуурлан хохирлын хэмжээг, багасгаж хариуцагчаас 26,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох боломжтой байна.

Иймд дээрх үндэслэлээр хохирлын хэмжээг багасгаж хариуцагчаас 26,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2023/00667 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/00252 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...нийт 51,910,000 /тавин нэгэн сая есөн зуун арван мянга/...” гэснийг “26,000,000...” гэж, “...олгосугай...” гэснийг “...олгож...”, “нэхэмжлэлээс үлдэх 25,910,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дах заалтад “...417,500...” гэснийг “...287,950...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 417,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ЭРДЭНЭСУВД

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД                                                               Н.БАЯРМАА

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН