Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2023/00252

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2023/00252

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Д.Батхуяг, шүүгч А.Цэлмэг, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.А/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Э/РД: /-т холбогдох,

 

51,910,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар, хариуцагч Н.Эрдэнэпүрэв, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар шүүх хуралдаанд тайлбартаа: Н.Пүрэвпүрэв нь надтай Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан Глобал 80 орон сууцны 7 давхын 32 тоот 61,1 м2 талбайтай орон сууцыг нийт 116,090.000 төгрөгөөр худалдах гэрээ байгуулж байсан. Н.Эрдэнэпүрэв нь гэрээ байгуулснаас хойш орон сууцыг надад шилжүүлээгүй тул миний бие цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/186 тоот шийтгэх тогтоолоор Н.Эрдэнэпүрэвийг хуурамч гэрээ байгуулан их хэмжээний мөнгийг залилан мэхэлж авсан хууль зөрчиж хийсэн хэлцэл хийсэн гэдгийг тогтоож, гэм буруутайд тооцож, 12,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Уг шүүхийн шийдвэрээр учирсан бусад хохирлыг иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон. Миний бие өөрийн сонгосон байранд орон сууц худалдан авахад /60 орчим м2 талбайтай орон сууц/ зах зээлийн бодит ханш 192,000,000 төгрөгийн бодит үнэ ханштай болж өссөн байгаа бөгөөд орон сууц худалдан авахад надаас гарах зөрүү төлбөр 75,910,000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилж байна.

Монгол Улсын иргэний хуулийн 56-р зүйлийн 56.6-т Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутаи этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан байна. Иймд хариуцагч Н.Эрдэнэпүрэвээс 75,910,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Б.******* нь Н.Эрдэнэпүрэвт холбогдуулан хохирлын төлбөр 75,910,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг Б.*******ын худалдан авах зорилготбй байсан орон сууцны үнэлгээ өсөж 192,000,000 төгрөг болсон бөгөөд түүний 116,090,000 төгрөгөөр захиалсан орон сууцны зөрүү төлбөр 75,910,000 төгрөг болсонтой холбогдуулан Монгол Улсын иргэний хуулийн 56.6-т зааснаар тодорхойлсон.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/186 тоот шийтгэх тогтоолоор Н.Эрдэнэпүрэвийг Монгол Улсын эрүүгийн хуулийн 17.3-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, торгох ял шийтгэл оногдуулсан. Ийнхүү ял шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ Н.Эрдэнэпүрэвийг 2020 оны 07 сарын 01-ний өдөр Нанук тан ХХК-ийн захирал О.Мөнхдөл гэх хүний нэрээр хохирогч Б.*******т Нийслэлийн Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт баригдах Глобал-80 орон сууцны 7 давхарын 32 тоот 61,1 м2 талбай бүхий 2 орон сууцыг худалдах худалдан авах гэрээг бичгээр хуурамчаар байгуулж, Нанук тан ХХК-ийн тамгыг дарж баталгаажуулан, өөрийн өмчлөлд бүрэн шшжээгүй орон сууцыг худалдах боломжтой мэтээр итгүүлэн хуурч, баримт бичиг ашиглан ... гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн.

Монгол Улсын Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-т Хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан тул Б.*******ын хувьд гэрээний үүргээс үүдэлтэй шаардах эрх хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байгаа тул Монгол Улсын иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510-р зүйлийн 510.1-т зааснаар гэм хороос үүдэлтэй учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлж байна.

Н.Эрдэнэпүрэв нь дээрх эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны өмнөх өдөрт Б.*******аас авсан хохирлыг бүрэн барагдуулсан байдаг. Б.*******ын хувьд мөнгөө авсан даруйд Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт баригдах Глобал-80 байрнаас орон сууц худалдан авахаар хайсан боловч тухайн байранд худалдах орон сууц үлдээгүй байсан ба мөн 2020 оны 3, 4 сарын байдлаар тухайн нутаг дэвсгэр орчны орон сууцны зах зээлийн үнэлгээ хэт өндөр болж өссөнөөс шалтгаалан тэрээр тухайн байранд орон сууц худалдан боломжгүй болсон байдаг. Орон сууцны үнийн хөөрөгдөл нь нийтэд илэрхий үйл баримт тул үүнийг нотлох шаадрлаггүй гэж үзэж байна. Тиймээс Б.******* нь 2022 оны 04 сарын 27-ны өдөр иргэн Ц.Эрдэнэчимэгээс улсын бүртгэлийн Ү-2205064158 дугаарт бүртгэлтэй, УБ хот, Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, 626 байрны 74 тоот 63,70 m2 талбайтай орон сууцыг нийт 168,000,000 төгрөгөөр худалдан авч, 140,000,000 төгрөгийг бэлэн төлөлт хийж, үлдэгдэл 28,000,000 төгрөгийг Төрийн банкаас зээл гаргуулан Ц.Эрдэнэчимэгт олгосон байдаг. Төрийн банкы зээлийн төлбөрийг Б.******* нь тогтмол төлж байгаа бөгөөд тухайн орон сууцанд эхнэр хүүхдийн хамт амьдарч байгаа юм.

Нэхэмжлэгчийн талын тодорхойлж буй нэхэмжлэлийн гол үндэслэл нь хариуцагч хуурч мэхлэн, хуурамч гэрээ үйлдэх хэлбэрээр нэхэмжлэгчийн мөнгийг шилжүүлэн аваагүй тохиолдолд 2020 оны 07 сард тухайн зах зээлийн ханшаар орон сууц худалдан авах боломжтой байсан бөгөөд хариуцагчийн гэм буруутай үйлдлээс шууд шалтгаант холбоотойгоор 2022 оны 04 сард даруй 51,910,000 төгрөгөөр илүү өндөр дүн төлөн орон сууц худалдан авч, хохирол хүлээсэнд оршиж байгаа юм. Иймд Н.Эрдэнэпүрэвээс хохирлын төлбөр 51,910,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Жич: Нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодорхойлсонтой холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 24,000,000 төгрөгөөр багасгаж байна. гэв.

 

Хариуцагч Н.Эрдэнэпүрэв шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******ын нэхэмжлэлтэй, Н.Эрдэнэпурэвээс 75,910,000 төгрөг гаргуулах шаардлагатай нэхэмжлэлийг гардаж авч танилцаад, эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Б.******* нь нэхэмжлэлдээ ... өөрийн сонгосон байранд орон сууц худалдан авахад 60 орчим м.нв толбайтай орон сууц зах зээлийн бодит ханш 192,000,000 төгрөгийн бодит үнэ ханштай болш өссөн байгаа бөгөөд орон сууц худалдан аваход надаас гарах зөрүү төлбөр 75,910,000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилж байна гэжээ.

Н.Эрдэнэпүрэв би Б.*******аас 2020 оны 07 дугаар сард 116,090,000төгрөгийг авсан боловч 2022 оны 2 cap хүртэлх хугацаанд 2 хувааж буцааж төлсөн бөгөөд энэ хугацаанд өөрийн гэр болох Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Их тойруу гудамж, 79 байр, 78 тоот хаягт байх орон сууцандаа Б.*******ыг гэр бүлийнхэн хамт амьдруулж, байрны cap болгсжы зардал болох ус, цахилгаан, дулаан, СӨХ, Юнивишн гэх мэт зардлыг нь төлж байсан. Б.*******аас нэг ч төгрөгийн зардал гараагүй.

Мөн авсан мөнгөөрөө урьдчилгаа хийж байр авах боломжтой байсан гэж бодож байна. Гэтэл ямар байдлаар бодож, байрны үнэ өссөн гэдэг шалтгаанаар 75,910,000 төгрөгийг надаас нэхэж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Б.*******ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Б.******* болон Н.Эрдэнэпүрэв нарын хооронд гэрээ хэлцэл хийгдсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагад нийцэхгүй үйл баримт байна. Тийм учраас нэхэмжлэгч Б.*******ын 51,910,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/186 дугаар шийтгэх тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №ЗГ/202247815864 дугаар Орон сууцны зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №БГҮ/202247815864 дугаар Барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хаан банкны Мөнгөн шилжүүлэгийн баримт, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Хаан банкны Гүйлгээний баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Н.Эрдэнэпүрэвт холбогдуулан 51,910,000/тавин нэгэн сая есөн зуун арван мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Н.Эрдэнэпүрэв нь надаас нэхэж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 75,910,000/далан таван сая есөн зуун арван мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 24,000,000/хорин дөрвөн сая/ төгрөгөөр багасгаж, хариуцагчаас нийт 51,910,000/75,910,000-24,000,000=51,910,000/ /тавин нэгэн сая есөн зуун арван мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Шүүх бүрэлдэхүүн дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нь Нанук тан ХХК-ийн захирал О.Мөнхдөл гэх хүний нэрээр 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчтэй Орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/186 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ-д зааснаар хариуцагч нь Баянгол дүүрэг, 19-р хорооны нутаг дэвсгэрт баригдах Глобал 80 орон сууцны 7-р давхрын 32 тоот, 61.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийт 116,090,000/нэг зуун арван зургаан сая ерэн мянга/ төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч нь үнийг төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/186 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 116,090,000/нэг зуун арван зургаан сая ерэн мянга/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/186 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ-г байгуулахдаа уг гэрээг хуурамчаар байгуулж, Нанук тан ХХК-ийн тамгыг дарж баталгаажуулан, өөрийн өмчлөлд бүрэн шилжээгүй орон сууцыг худалдах боломжтой мэтээр итгүүлэн хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, ботид байдлыг нуух замаар нэхэмжлэгчийг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/186 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид Глобал 80 орон сууцны 7-р давхрын 32 тоот, 61.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны 1/нэг/ м.кв-ыг 1,900,000/116,090,000:61.1=1,900,000/ /нэг сая есөн зуун мянга/ төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/186 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Ц.Эрдэнэчимэгтэй Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбараар тогтоогдож байна.

 

2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний шинжтэй байна.

 

2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ий 2-ын 2.1, 3.1, 3.2-т зааснаар нэхэмжлэгч нь иргэн Ц.Эрдэнэчимэгээс Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол/16094/, 62б байр, 74 тоот, 63.70/жаран гурав зууны дал/ м.кв орон сууцыг нийт 168,000,000/нэг зуун жаран найман сая/ төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ий хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/202247815864 дугаар Орон сууцны зээлийн гэрээний болон 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн БГҮ/202247815864 дугаар Барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 62б байр, 74 тоот, 63.70/жаран гурав зууны дал/ м.кв орон сууцыг нийт 168,000,000/нэг зуун жаран найман сая/ төгрөгөөр худалдан авч, уг 74 тоот орон сууцны өмчлөгч болсон болох нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ий хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/202247815864 дугаар Орон сууцны зээлийн гэрээний болон 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн БГҮ/202247815864 дугаар Барьцааны гэрээний хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 000959043 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хаан банк ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Хаан банкны гүйлгээний баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь тус 74 тоот, 63.70/жаран гурав зууны дал/ м.кв орон сууцны 1/нэг/ м.кв-ыг 2,637,363/хоёр сая зургаан зуун гучин долоон мянга гурван зуун жаран гурав/ төгрөгөөр худалдан авсан болох нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ий хуулбар, Хаан банк ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Хаан банкны гүйлгээний баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ-г байгуулснаас хойш 1/нэг/ жил, 9/ес/ сарын дараа Баянгол дүүрэгт 63.70/жаран гурав зууны дал/ м.кв орон сууцыг нийт 168,000,000/нэг зуун жаран найман сая/ төгрөгөөр буюу хариуцагчтай байгуулсан гэрээнд зааснаас 51,910,000/168,000,000-116,090,000=51,910,000/ /тавин нэгэн сая есөн зуун арван мянга/ төгрөгийн илүү үнэтэй авсан болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/186 дугаар тогтоолын хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ий хуулбар, Хаан банк ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Хаан банкны гүйлгээний баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч ... гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ-г байгуулахдаа уг гэрээг хуурамчаар байгуулж, өөрийн өмчлөлд бүрэн шилжээгүй орон сууцыг худалдах боломжтой мэтээр нэхэмжлэгчийг итгүүлэн хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгосон байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх заалтад заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хийсэн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээ байгуулах хүсэл зориггүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, нэхэмжлэгчид өөрийн орон сууцыг худалдана, гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэх итгэл үнэмшил төрүүлж, нэхэмжлэгчийг хуурч, төөрөгдөлд оруулсан байх тул нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хийсэн гэж үзнэ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчтэй Орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ-г байгуулаагүй гэж маргаж байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчтэй тус гэрээг байгуулсан болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/186 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:, 56.1.1хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл; гэж заасан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх заалтад зааснаар зохигчид 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө. гэж заасан.

 

Хариуцагч нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчтэй хүчин төгөлдөр бус Орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, нэхэмжлэгч нь 32 тоот, 61.1 м.кв орон сууцны үнэд хариуцагчид нийт 116,090,000/нэг зуун арван зургаан сая ерэн мянга/ төгрөгийг төлсөн боловч тус орон сууц нь биет байдлаар бий болоогүй, хариуцагчийн өмчлөлийн бус орон сууц байсан байх тул нэхэмжлэгч нь 1/нэг/ жил, 9/ес/ сарын дараа Баянгол дүүрэгт 63.70/жаран гурав зууны дал/ м.кв орон сууцыг нийт 168,000,000/нэг зуун жаран найман сая/ төгрөгөөр худалдан авч, орон сууцны үнийн өсөлтийн улмаас нэхэмжлэгчид 51,910,000/тавин нэгэн сая есөн зуун арван мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.

 

Хариуцагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ-ий дагуу шилжүүлэн авсан нийт 116,090,000/нэг зуун арван зургаан сая ерэн мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/186 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн тус буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь орон сууц худалдан авах боломжгүй байсан байх ба 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц худалдан авч, орон сууцны үнийн өсөлтийн улмаас нэхэмжлэгчид 51,910,000/тавин нэгэн сая есөн зуун арван мянга/ төгрөгийн хохирол учирсан байх тул хариуцагч нь тус хохирлыг хариуцах үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас учирсан хохиролд нийт 51,910,000/тавин нэгэн сая есөн зуун арван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Шүүх бүрэлдэхүүн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Эрдэнэпүрэвээс нийт 51,910,000/тавин нэгэн сая есөн зуун арван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 537,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Н.Эрдэнэпүрэвээс улсын тэмдэгтийн хураамжид 417,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.              Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Эрдэнэпүрэвээс нийт 51,910,000/тавин нэгэн сая есөн зуун арван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 537,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Н.Эрдэнэпүрэвээс улсын тэмдэгтийн хураамжид 417,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ

 

 

ШҮҮГЧ Д.БАТХУЯГ

 

 

ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ