Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 133/ШШ2021/00136

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г аймгийн “ӨАБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г аймгийн ЗДТГ-ын СТСХ-т холбогдох

гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан 36 гахайны үнэ 59.500.000 /тавин сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, гэрч Г.Н, М.Б, О.Э, Ч.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ӨАБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ӨАБ” ХХК нь 2012 оноос гахайн аж ахуйг Е   сумын Х багийн хөх дэнж буюу хуучнаар чулууны үйлдвэрийн хашаанд үйл ажиллагаагаан явуулж ирсэн. Энэ хугацаанд аймгийн 10 сум, Е   сумын 30-аад өрх гахайжуулсан байдаг. Манай компанийн гахайжуулсан зорилго нь төрөөс малчдын талаар авч хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих иргэддээ ажилтай орлоготой болгох хууль тогтоомжийн дагуу ажилласан болно. Тухайн үед гахайжсан айл өрхүүдийн ажил хөдөлмөр эрхэлж өрхийн орлого нэмэгдэж тус компанид баярлаж байсан. Манай аж ахуй байран маллагаатай гахайчинтай, ажилчинтай мал эмнэлэг, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын дор үйл ажиллагаагаа явуулж жилд 20 тонн тэжээлээр тэжээдэг байсан. Манай компани махны чиглэлийн өндөр үйлдвэрийн гахайг У хотоос авчирч борлуулан ашиг шимтэйгээр аймгийн төвийн ард иргэд, ресторан, баар, Ховд аймгийн ресторан, У хот руу 500.000 төгрөгөөр бодож борлуулдаг байсан. Надаас уламжилж аймгийн төвийн гахайжсан хүмүүсийн орлого нэмэгдэж надад баярладаг. Би Солонгос улсад гахайны үйлдвэрт ажиллаж байгаад ирж урд чулууны үйлдвэрийг авч гахай өсгөсөн. Аймгаас намайг дэмжиж зээл өгч байсан. Дэлхийн зөн байгууллагатай хамтарч хөтөлбөрийн дагуу ажиллаж байсан. Манай компани ажилласнаас хойш мал эмнэлэг, мэргэжлийн хяналт гэх зохих ёсны бүх байгууллагатай хамтран заавар зөвлөгөөний дагуу байнга хяналт шалгалттай ажилладаг байсан. Манай компани гахайчинтай. Гахайчнаа байнга цалинжуулж ажилладаг. Мөн вакцин, тарилгад бүрэн хамрагдаж мал эмнэлгийн үйлчилгээ авдаг гуравласан гэрээтэй малын эмчтэй байсан. Гахай нь холимог идэштэй амьтан. Зуны улиралд чулууны үйлдвэрийн ард голд гаргаж бэлчээрлүүлдэг. Манай гахай хог руу явдаггүй байсан. Стандартын дагуу ажилладаг. Амт чанар сайтай, шинжилгээнд тэнцсэн учир баар, ресторан аваад хэвшсэн байсан. Гахайны мах ресторанд талх шиг хэрэгцээтэй байнга борлогддог. Гэвч дэлхийд дэгдээд байгаа гахайн мялзан гэдэг аюулт өвчин бид бүгдийг тойроогүй гахайнууд өвчилж мал эмнэлгийн онц байдал зарлаж бүх гахайг өвчтэй, эрүүлгүй устгалд орсон. Манай компани нь гол үйл ажиллагаагаа зогсоож хүнд байдалд орсон өнөөдрийг хүртэл нөхөн олговор төр засгаас мал эмнэлэг хорио цээрийн хуулийн хүрээнд олдох байлгүй гэж харж байна. Тус компаниас 36 толгой гахай буюу 59 сая 500 мянган төгрөгний хохирол учирсан. Г аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, мал эмнэлэг, мэргэжлийн хяналт зэрэг газрууд хуралдаж онц байдап тогтоож улсын ахлах байцаагч С.Б утас: 9948-9294, Е   сумын улсын байцаагч О.Э утас: 9959-1455 өдөр бүрт нь гахайг хянаж тоолж үхсэн гахайг булж тайлан гаргаж ажиллаж байсан нь үнэн болно. Захирамж тайлангийн 1 хувийг авья гэхээр өгдөггүй байсан аяндаа хэрэг мандахаар бид нарт бүгд бэлэн байгаа гээд өгдөггүй. Мал амьтдын эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т “Мал амьтныг зайлшгүй шаардлагаар устгах гэж өвчтэй болон халварын голомтод байгаа халдвар тараах нь тогтоогдсон мал амьтныг холбогдох журам зааврын дагуу бүрэн устгахыг ойлгоно” мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т “Гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан мал амьтныг тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр олгох тухай заасан байна. Иймд 36 гахайны 59 сая 500 мянган төгрөгийг Аймгийн ЗДТГ-ын төрийн сангийн нөөц хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ”ӨАБ” ХХК-ийн Д-ийн Б-ын нэхэмжлэлтэй танилцаж дараахь тайлбарыг өгч байна. Е сумд гахай үхэж байгаа талаар дуудлага 11 дүгээр сарын 05-ны өдөр ирж, Е сумын малын эмч О.Э, Г.Н, мал эмнэлгийн лабораторын эмч Ч.Э нарын хамт үхсэн гахайг задалж үзэж оношийг тогтоон дээжийг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторт явуулсан бөгөөд шинжилгээний ерөнхий дүн гахайн африкийн мялзан өвчний үүсгэгчийн генийн өвөрмөц хэсэг илэрч эерэг гарав. Мялзан өвчинтэй тэмцэх заавар баримтлахыг зааварчилсан байна. Мал эмнэлгийн ерөнхий газраас ирсэн гахайн африкийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх түр зааврын дагуу ажилласан тайланд гахай бүхий иргэдтэй уулзаж тэдний зөвшөөрлийг авсны үндсэн дээр нөхөн төлбөр олгохгүй гэдгийг тайлбарлан устгасан гэж байна. Энэ тайлангаар Д.Б-ын мялзан өвчнөөр өвчилсөн 6 /зургаан/ гахайг устгасан байна. Мал амьтны, эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйл нь улсын төсвөөс санхүүжих арга хэмжээ буюу 33.1, мал эмнэлгийн үйлчилгээний дараахь зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэдэгт 33.1.2.4 зайлшгүй шардлагаар төхөөрсөн малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 40 хувь, гоц халдварт өвчний улмаас устгасан малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөрийг олгоно гэжээ. Д.Б-д орон нутгийн төсвөөс нөхөн төлбөрийг өгөх боломжгүй юм. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйл нь орон нутгийн төсвөөс санхүүжих арга хэмжээний 34.2.2.2-аар зайлшгүй шаардлагаар төхөөрсөн малын тухайн үнийн орон нутаг дахь жишиг үнийн 40 хувьтай тэнцэх нөхөн төлбөр олгохоор заасан байгаа. Иймд Д.Б- нь 36 гахай устгасан гэж нэхэмжилсний 6 гахайг устгасан тайлан байдаг бөгөөд нэхэмжлэлийг орон нутгийн төсвөөс төлөх үндэслэлгүй байгаа тул хариуцах боломжгүй юм гэжээ.

Г аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлж нэхэмжлэлээ гаргах эрхтэй. Аймгийн ЗДТГ-ын СТХ нь хариуцагч болох үндэслэлгүй юм. Зөвхөн аймгийн Засаг даргын Тамгын газрын ажлын алба буюу хэлтэс. Өөрийн гэсэн төсөв, мөнгө зарцуулах эрхгүй, тамгагүй байгууллага учраас тухайн хэрэгт хариуцагчаар оролцох хууль, эрх зүйн үндэслэлгүй байгаа юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Африкт гарсан гахайн мялзан өвчин гарч устгасан гахайны нөхөн төлбөр нэхэмжилж байна. Тухайн үед аймгийн мэргэжлийн хяналтын газар мал эмнэлгийн газраас тодорхой ажил арга хэмжээ зохион байгуулж, заавар зөвлөмжийн дагуу ажилласан байдаг. Тухайн мал амьтан өмчлөгч буюу ӨАБ ХХК нь тодорхой мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу үүргээ биелүүлээгүйгээс болж гахай үхэж устсанаас олгох нөхөн төлбөр олгох боломжгүй байна гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч “ӨАБ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “ӨАБ ”ХХК нь Г аймгийн ЗДТГ-ын СТСХ-т холбогдуулан гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан 36 гахайны үнэ 59.500.000 /тавин есөн сая таван зуун мянган/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь “...Гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан мал амьтныг тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр олгох тухай заасан байна. Иймд 36 гахайны 59 сая 500 мянган төгрөгийг Аймгийн Засаг даргын тамгын газрын төрийн сангийн нөөц хөрөнгөөс гаргуулж өгнө үү...” гэж, хариуцагч нь “...Тухайн мал амьтан өмчлөгч буюу Өгөөж-Алтайн буян ХХК нь тодорхой мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу үүргээ биелүүлээгүйгээс болж гахай үхэж устсанаас олгох нөхөн төлбөр олгох боломжгүй байна...” гэж тайлбарлаж маргаж байна.

Нэхэмжлэгч “ӨАБ ”ХХК нь амины аж ахуй эрхлэх иргэний хувиар бус хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд гахайн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр мэргэжлийн малын эмчтэй хамтран ажиллах гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байсан болох нь 000051545 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “ЦБ” МЭҮН-ийн малын эмч Г.Н-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

“ӨАБ” ХХК нь гахайн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сард Г аймгийн Е   сумд гахайн африкийн мялзан өвч гарсны улмаас тус компанийн 36 гахайг устгасан болох нь гахайн мялзан өвчинтэй тэмцсэн ажлын тайлан, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар мал эмнэлгийн улсын ахлах байцаагч С.Б-ын гаргасан судалгаа, Г аймгийн Е   сумын “Ц.Б” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаартай тодорхойлолт, гэрч М.Б-ы “...36 гахайг устгасан...” гэх мэдүүлэг, гэрч О.Э-ийн “...Г аймгийн Е   сумын Засаг даргын захирамж гарч гахайнууд хогийн цэгүүдээр их явж байгаа тул гахайнуудыг байранд байлгах тухай захирамж гарч байсан юм байна лээ. Д.Б-д 36 гахай байсан. Хамгийн сүүлд хоцорсон 6 гахайг би очиж устгалыг хийлгээгүй. С.Б, Ё нар очиж устгасан байсан...” гэх гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож, хариуцагч тал гахай устгасан шалтгаан буюу африкийн мялзан өвчний шалтгаан болон устгасан гахайн тоо толгойн хувьд 36 гахайг устгасан  талаар маргаагүй харин нөхөн төлбөр олгохгүй гэж маргасан нь маргааны зүйл болж байна.  

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалт”-ын 5-д “гахайн африкийн мялзан” өвчнийг гоц халдварт, халдварт өвчинд хамааруулахаар заажээ.

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т ...гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөрийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж зохицуулсан учир нэхэмжлэгч нь хууль журамд заасан үндэслэлийн дагуу устгуулсан гахайны нөхөн төлбөрийг шаардах эрхтэй буюу төрийн хувьд хуульд зааснаар үүсэх үүрэг байна. Гэхдээ уг шаардлагын дагуу нөхөн төлбөр олгох эсэхийг Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар ...мал амьтан өмчлөгч нь хууль, тогтоомжид заасан үүргээ биелүүлсэн эсэхийг эрх бүхий байгууллага албан тушаалтан нягталж, шалгасны эцэст шийдвэрлэхээр байна. Нэхэмжлэгчийн хувьд мал эмнэлэгийн үзлэг үйлчилгээнд хамрагдаж байсан, мэргэжлийн хяналтын хяналтад хамрагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан болох нь мал эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ, Г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08-02-035/05/06 дугаартай албан шаардлага, гахайн аж ахуйн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас, өрхийн малын эрүүл мэндийн дэвтэр зэргээр тогтоогдож байна. Харин аж ахуй эрхлэгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас уг халдварт өвчин гарсан гэх байдал тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ын 9 дүгээр зүйлд хорио цээрийн хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилтийг зохицуулсан байх бөгөөд журмын 9.2-т хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг цуцалснаас хойш 60 хоногт багтаан тухайн үед гарсан үйл ажиллагааны зардал, зориудаар устгасан малын нөхөн төлбөртэй холбогдох баримтыг зохих шатны Засаг даргын Тамгын газар эцэслэн бүрдүүлж Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцүүлсний дагуу Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлнэ гэж заасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар Г аймгийн Засаг даргын тамгын газар энэ асуудллаар Улсын онцгой комисст хандаж нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар “хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ...” гэж заасан. Мөн улсын орлогын зарцуулалтын тогтолцооны хэлбэр болж чиг үүрэг хэрэгжүүлж байгаагийн хувьд Г аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийг хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна.

Гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан 36 гахайны үнэлгээ болон тоо толгойн талаар хариуцагч тал маргаагүй тул нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Ч.Жаргалсайханы мэдүүлэг, хэрэгт авагдсан зарлагын баримтууд зэрэг баримтуудад дурдсан үнэлгээгээр үнэлэхэд ландрас үүлдрийн бодон 2*2.500.000=5.000.000, ландрас үүлдрийн мигж 10*2.500.000=25.000.000, урт цагаан илүү нугаламт 10*2.500.000=25.000.000, нядалгаанд борлогдох таваарын гахай 10*500.000=5.000.000, өсвөр тоорой 4*100.000=400.000 гэж үнэлэхэд нийт 60.400.000 /жаран сая дөрвөн зуун мянган/ төгрөг байна.

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т ...гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөрийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ... гэж заасны дагуу 60.400.000 /жаран сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн 90 хувиар тооцож нэхэмжлэгч Г аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс гоц халдварт өвчний улмаас устгасан гахайн нөхөн төлбөрт 54.360.000 /тавин дөрвөн сая гурван мянган/ төгрөгийг гаргуулан “ӨАБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5.140.000 /таван сая нэг зуун дөчин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 455.450 /дөрвөн зуун тавин таван мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 429.750 /дөрвөн зуун хорин есөн мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ӨАБ” ХХК /3248941/-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т зааснаар Г аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс гоц халдварт өвчний улмаас устгасан 36 гахайн нөхөн төлбөрт 54.360.000 /тавин дөрвөн сая гурван зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулан “ӨАБ” ХХК /3248941/-д олгож, нэхэмжлэлээс 5.140.000 /таван сая нэг зуун дөчин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 455.450 /дөрвөн зуун тавин таван мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 429.750 /дөрвөн зуун хорин есөн мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ӨАБ” ХХК /3248941/-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ҮЙТҮМЭН