Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 215/МА2021/00014

 

Ө ХХК-ий

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2021/00136 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Ө ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ЗДТГ Санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдох,

Гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан 36 гахайны үнэ 59.500.000 /тавин есөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ө ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө ХХК нь 2012 оноос гахайн аж ахуйн үйл ажиллагаагаа Есөнбулаг сумын Харзат багийн хөх дэнж буюу хуучнаар чулууны үйлдвэрийн хашаанд явуулж ирсэн. Энэ хугацаанд аймгийн 10 сум, Есөнбулаг сумын 30-аад өрх гахайжуулсан байдаг. Манай компани нь төрөөс малчдын талаар авч хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих иргэдээ ажилтай орлоготой болгох, гахайжуулах зорилгоор хууль тогтоомжийн дагуу ажилласан болно. Тухайн үед гахайжсан айл өрхүүдийн ажил хөдөлмөр эрхэлж өрхийн орлого нэмэгдэж тус компанид баярлаж байсан. Манай аж ахуй байран маллагаатай гахайчинтай, ажилчинтай мал эмнэлэг, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын дор үйл ажиллагаагаа явуулж жилд 20 тонн тэжээлээр тэжээдэг байсан. Манай компани махны чиглэлийн үйлдэрийн гахайг Улаанбаатар хотоос авчирч борлуулан ашиг шимтэйгээр аймгийн төвийн ард иргэд, ресторан, баар, Ховд аймгийн ресторан, Улаанбаатар хот руу 500.000 төгрөгөөр бодож борлуулдаг байсан. Надаас уламжилж аймгийн төвийн гахайжсан хүмүүсийн орлого нэмэгдэж надад баярладаг. Би Солонгос улсад гахайны үйлдвэрт ажиллаж байгаад ирж урд чулууны үйлдвэрийг авч гахай өсгөсөн. Аймгаас намайг дэмжиж зээл өгч байсан. Дэлхийн зөн байгууллагатай хамтарч хөтөлбөрийн дагуу ажиллаж байсан. Манай компани ажилласнаас хойш мал эмнэлэг, мэргэжлийн хяналт гэх зохих ёсны бүх байгууллагатай хамтран заавар зөвлөгөөний дагуу байнга хяналт шалгалттай ажилладаг байсан. Манай компани гахайчинтай. Гахайчнаа байнга цалинжуулж ажилладаг. Мөн вакцин, тарилгад бүрэн хамрагдаж мал эмнэлгийн үйлчилгээ авдаг гуравласан гэрээтэй малын эмчтэй байсан. Гахай нь холимог идэштэй амьтан. Зуны улиралд чулууны үйлдвэрийн ард голд гаргаж бэлчээрлүүлдэг. Манай гахай хог руу явдаггүй байсан. Стандартын дагуу ажилладаг. Амт чанар сайтай, шинжилгээнд тэнцсэн учир баар, ресторан аваад хэвшсэн байсан. Гахайны мах ресторанд талх шиг хэрэгцээтэй байнга борлогддог. Гэвч дэлхийд дэгдээд байгаа гахайн мялзан гэдэг аюулт өвчин бид бүгдийг тойроогүй гахайнууд өвчилж мал эмнэлгийн онц байдал зарлаж бүх гахайг өвчтэй, эрүүлгүй устгалд орсон. Манай компани нь гол үйл ажиллагаагаа зогсоож хүнд байдалд орсон өнөөдрийг хүртэл нөхөн олговор төр засгаас мал эмнэлэг хорио цээрийн хуулийн хүрээнд олдох байлгүй гэж харж байна. Тус компанид 36 толгой гахай буюу 59 сая 500 мянган төгрөгийн хохирол учирсан. Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, мал эмнэлэг, мэргэжлийн хяналт зэрэг газрууд хуралдаж онц байдал тогтоож улсын ахлах байцаагч С.Б утас: 99..........., Есөнбулаг сумын улсын байцаагч О.Э утас: 99............ өдөр бүрт нь гахайг хянаж тоолж үхсэн гахайг булж тайлан гаргаж ажиллаж байсан нь үнэн болно. Захирамж тайлангийн 1 хувийг авья гэхээр өгдөггүй байсан аяндаа хэрэг мандахаар бид нарт бүгд бэлэн байгаа гээд өгдөггүй. Мал амьтдын эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т Мал амьтныг зайлшгүй шаардлагаар устгах гэж өвчтэй болон халдварын голомтод байгаа халдвар тараах нь тогтоогдсон мал амьтныг холбогдох журам зааврын дагуу бүрэн устгахыг ойлгоно мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан мал амьтныг тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр олгох тухай заасан байна. Иймд 36 гахайны 59 сая 500 мянган төгрөгийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн нөөц хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ө ХХК-ий Д.Б-ын нэхэмжлэлтэй танилцаж дараахь тайлбарыг өгч байна. Есөнбулаг сумд гахай үхэж байгаа талаар дуудлага 11 дүгээр сарын 05-ны өдөр ирж, Есөнбулаг сумын малын эмч О.Э, Г.Н, мал эмнэлгийн лабораторийн эмч Ч.Э нарын хамт үхсэн гахайг задалж үзэж оношийг тогтоон дээжийг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторит явуулсан бөгөөд шинжилгээний ерөнхий дүн гахайн африкийн мялзан өвчний үүсгэгчийн генийн өвөрмөц хэсэг илэрч эерэг гарч, мялзан өвчинтэй тэмцэх заавар баримтлахыг зааварчилсан байна. Мал эмнэлгийн ерөнхий газраас ирсэн гахайн африкийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх түр зааврын дагуу ажилласан тайланд гахай бүхий иргэдтэй уулзаж тэдний зөвшөөрлийг авсны үндсэн дээр нөхөн төлбөр олгохгүй гэдгийг тайлбарлан устгасан гэж байна. Энэ тайлангаар Д.Б-ын мялзан өвчнөөр өвчилсөн 6 /зургаан/ гахайг устгасан байна. Мал амьтны, эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйл нь улсын төсвөөс санхүүжих арга хэмжээ буюу 33.1, мал эмнэлгийн үйлчилгээний дараах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэдэгт 33.1.2.4 зайлшгүй шаардлагаар төхөөрсөн малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 40 хувь, гоц халдварт өвчний улмаас устгасан малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөрийг олгоно гэжээ. Д.Б-д орон нутгийн төсвөөс нөхөн төлбөрийг өгөх боломжгүй юм. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйл нь орон нутгийн төсвөөс санхүүжих арга хэмжээний 34.2.2.2-аар зайлшгүй шаардлагаар төхөөрсөн малын тухайн үнийн орон нутаг дахь жишиг үнийн 40 хувьтай тэнцэх нөхөн төлбөр олгохоор заасан байгаа. Иймд Д.Б нь 36 гахай устгасан гэж нэхэмжилсний 6 гахайг устгасан тайлан байдаг бөгөөд нэхэмжлэлийг орон нутгийн төсвөөс төлөх үндэслэлгүй байгаа тул хариуцах боломжгүй юм гэжээ.

 

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлж нэхэмжлэлээ гаргах эрхтэй. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь хариуцагч болох үндэслэлгүй юм. Зөвхөн аймгийн Засаг даргын Тамгын газрын ажлын алба буюу хэлтэс. Өөрийн гэсэн төсөв, мөнгө зарцуулах эрхгүй, тамгагүй байгууллага учраас тухайн хэрэгт хариуцагчаар оролцох хууль, эрх зүйн үндэслэлгүй байгаа юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Африкт гарсан гахайн мялзан өвчин гарч устгасан гахайны нөхөн төлбөр нэхэмжилж байна. Тухайн үед аймгийн Мэргэжлийн хяналтын газар мал эмнэлгийн газраас тодорхой ажил арга хэмжээ зохион байгуулж, заавар зөвлөмжийн дагуу ажилласан байдаг. Тухайн мал амьтан өмчлөгч буюу Ө ХХК нь тодорхой мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу үүргээ биелүүлээгүйгээс болж гахай үхэж устсанаас олгох нөхөн төлбөр олгох боломжгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т зааснаар Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс гоц халдварт өвчний улмаас устгасан 36 гахайн нөхөн төлбөрт 54.360.000 /тавин дөрвөн сая гурван зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулан Ө ХХК /3248941/-д олгож, нэхэмжлэлээс 5.140.000 /таван сая нэг зуун дөчин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 455.450 /дөрвөн зуун тавин таван мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 429.750 /дөрвөн зуун хорин есөн мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК /3248941/-д олгож ..... шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, П.Б нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, П.Б нар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2021/00136 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, маргааны үндэслэл нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг буруу тодорхойлсон гэх агуулгаар давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүх нотлох баримтыг тал бүрээс үнэлж, дүгнээгүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад Гахайн мялзан өвчинтэй тэмцсэн ажлын тайлан-д Гахайн мялзан өвчний анхны онош тогтоосон дороо буюу 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Есөнбулаг сумын Засаг даргын А/156 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож, ажлын төлөвлөгөө гаргаж ажилласан байдаг.

Анхан шатны шүүх хариуцагч этгээд хэн байх ёстой, нэхэмжлэгчид учирсан хохирлыг улсын төсвөөс гаргуулахаар Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас өнөөдрийг хүртэл Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Хорио цээрийн хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам-ын 9.2-т хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг цуцалснаас хойш 60 хоногт багтаан тухайн үед гарсан үйл ажиллагааны зардал, зориудаар устгасан малын нөхөн төлбөртэй холбоотой баримт материалыг ирүүлээгүйд үнэлэлт, дүгнэлт хийгээгүй.

Мөн тус журамд зааснаар Онцгой комисс хариуцах, хариуцагч тодорхой байсаар атал шүүх үүнд дүгнэлт хийлгүйгээр улсын орлогын зарцуулалтын тогтолцооны хэлбэр болж чиг үүрэг хэрэгжүүлж байгаагийн хувьд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс хариуцагч байна гэж дүгнэлт хийж, 36 гахайн нөхөн төлбөрт 54.360.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Үүнээс үзвэл шүүх хэрэглэвэл зохих хууль, журмын актыг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь хууль, Засгийн газрын тогтоолыг буруу хэрэглэсэн.

Дээрх нөхцөл байдлыг дахин нягтлан шалгаж, хэргийн бодит үйл явдалд хууль зүйн дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Ө ХХК-ий нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Нэхэмжлэгч Ө ХХК нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдуулан гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан 36 гахайны үнэ 59.500.000 /тавин есөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь ...Гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан мал амьтныг тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр олгох тухай заасан байна. Иймд 36 гахайны үнэ 59 сая 500 мянган төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн нөөц хөрөнгөөс гаргуулж өгнө үү... гэж, хариуцагч нь ...тухайн мал амьтан өмчлөгч буюу Ө ХХК нь тодорхой мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу үүргээ биелүүлээгүйгээс болж гахай үхэж устсанаас олгох нөхөн төлбөр олгох боломжгүй, уг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс хариуцахгүй... гэж тайлбарлаж маргажээ.

Гахайн мялзан өвчинтэй тэмцсэн ажлын тайланд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/156 тоот хязгаарлалтын дэглэм тогтоох тухай захирамж гарган ажлын хэсэг байгуулж гахайн сонгомол мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж зөвлөмжийг баримтлан ажиллалаа гэжээ.

Энэ нь гахайг устгах захиргааны шийдвэрийг Есөнбулаг сумын Засаг даргын захирамжаар гаргасныг нотолж байна. /х/х 26-р талд/

 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар ...зориудаар устгасан малын нөхөн төлбөртэй холбогдох баримтыг зохих шатны Засаг даргын Тамгын газар эцэслэн бүрдүүлж Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцүүлсний дагуу Засгийн газарт уламжлан шийдүүлнэ гэж заажээ.

 

Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй этгээдийг ойлгодог. Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг зөв тодорхойлоогүйгээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болсон байна.

Захиргааны шийдвэр гаргаж гахайн мялзан өвчинтэй тэмцсэн, устгал хийсэн байгууллага, албан тушаалтан хариуцагч болохоос энэ талаар ямар нэг шийдвэр гаргаж үйл ажиллагаа явуулаагүй Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, өөрөөр хэлбэл яагаад Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийг хариуцагчаар татаж мөнгө гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ө ХХК-ий Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдох 59.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т зааснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2021/00136 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429.750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Э

 

ШҮҮГЧИД Т.Ж

 

                                                                                                    Ш.Б