Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 133/шш2021/00174

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г аймгийн Е сумын  Ж багийн 0-0 тоотод оршин суух, Ж овогтой Ж.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г аймгийн “АУЭХС” төрийн өмчит хувьцаат компанид холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр  иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.М, түүний өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, гэрч Ш.С, Р.С, М.Б, С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.М  нь 1990 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, одоо 31 настай, ам бүл тавуулаа амьдардаг. Би Г аймаг, “АУЭХС” төрийн өмчит хувьцаат компанид анх 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс диспетчерийн шуурхай үйлчилгээний ээлжийн инженерийн ажилд томилогдон ажиллаж эхлэсэн бөгөөд одоог хүртэл тасралтгүй, ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүйгээр үр бүтээлтэй ажиллаж байна. Гэвч Г аймгийн “АУЭХС” төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 тоот тушаалаар намайг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, чөлөө зөвшөөрөлгүй ажлын байр орхиж компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн намайг үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн бөгөөд миний бие архи, согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй, мөн ажлын байраа удирдах албан тушаалтны  зөвшөөрөлгүйгээр огт орхиж яваагүй. Намайг дээрх зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзэн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн уг шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Г аймаг, АУЭХС төрийн өмчит хувьцаат компаний диспетчерийн шуурхай үйлчилгээний ээлжийн инженерийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “АУЭХС” төрийн өмчит хувьцаат компани Завхан, Г аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит хувьцаат компани. Хувьцаат компанийн хүрээнд салбар болоод хэлтэс албадын бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгч этгээдийн хариуцаж байгаа албан тушаал нь ажил үүргийн хувьд өндөр шаардлага, хариуцлагатай, шуурхай үйлчилгээг өдөр тутам зохион байгуулдаг, системийн горим ажиллагааг тогтворжуулах, саатал гарсан тохиолдолд шуурхай арилгах, сэлгэн залгалт хийх зэрэг чухал үүрэгтэй ажил. Тухайн албан хаагч нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагаас 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 цагийн хооронд диспетчерийн инженерийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байх хугацаанд ажлын байранд унтсан сахилгын зөрчил гаргасан. Ажлын байранд унтана гэдэг нь сахилгын хэмжээний дүрэм болоод аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрэмд хориглосон байдаг. Үүнийг зөрчиж сахилгын ноцтой зөрчил гаргасан. Үүнээс үүдэн системд саатал гарах, тоноглол гэмтэх, цаашлаад хүний амь насанд хүрэх хүртэл асуудал үүснэ. Гэтэл энэ хариуцлагатай албан тушаалд ажиллаж байгаад сахилгын хариуцлага ногдуулах хэмжээний асуудал гаргаж  2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж тухайн зөрчилд нь цалингийн арга хэмжээ авч, хариуцлагатай ажиллах талаар чиглэл өгсөн. Үүний дараа 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ээлжинд гарах байсан. Гэтэл захиргаанаас ямар нэгэн чөлөө, зөвшөөрөл авахгүйгээр ажлын байрыг дур мэдэн орхиж, хувиар өөрчлөлт оруулж ажил таслаад явсан. Энэ асуудлыг дахин захирлын зөвлөл хэлэлцэхэд тухайн этгээд захирал руу утсаар ярьсан байдаг. Захирал чөлөө өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгэхэд диспетчерийн албаны даргатай ярьж дур мэдэн явсан. Диспетчерийн албаны дарга чөлөө өгөх эрхгүй. Ажилдаа ирээгүй тул өмнө гарсан хүнийг нөхөн ажиллуулах чиглэлээр шуурхай үйлчилгээг явуулсан. Өмнө ажлын байранд унтсан гэх асуудал гаргахдаа давхар архи уусан унтаж байсан зөрчил гаргасан. Энэ нь сахилгын ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдөх бүрэн үндэслэлтэй байгаа учраас хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг гүйцэтгэх захирлын тушаалаар гаргасан. Тиймээс нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ж.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ж.М нь Г аймгийн “АУЭХС” төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Г аймгийн “АУЭХС” төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ж.М нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Ж.М нь Г аймгийн “АУЭХС” төрийн өмчит хувьцаат компанид диспетчерийн шуурхай үйлчилгээний ээлжийн инженерээр ажиллаж байсан болох нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/84 дугаартай “Ж.М-ыг ажилд түр томилох тухай” тушаал, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/114 дугаартай “Ж.Мөнхбатыг ажилд томилох тухай” тушаал, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаартай “Ж.Мөнхбатад сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаартай “Ж.М-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Г аймгийн “АУЭХС” төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.12, 10.3, 10.3.2, 10.3.10, 10.3.14, 10.3.14.1, 10.3.14.2 дахь заалтыг тус тус үндэслэн ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, чөлөө зөвшөөрөлгүй ажлын байр орхиж компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний үүргээ удаа зөрчиж сахилгын ноцтой зөрчил гаргасан диспетчерийн шуурхай үйлчилгээний ээлжийн инженер Ж.М-ыг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Дээрх ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол” гэх заалтыг үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байна. Тушаал болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дээрх хоёр үндэслэлийн аль үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болохоо тодорхой дурдаагүй боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад давтан зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлийг тайлбарлахдаа “Ж.М нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 цагийн хооронд ээлжийн диспетчерийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа шөнийн 02 цаг 30 минутын орчимд ажлын байранд унтаж сахилгын зөрчил гаргасан, мөн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ээлжийн диспетчерийн үүрэг гүйцэтгэх хуваарьтай байсан хэдий ч захиргаанаас ямар нэгэн чөлөө зөвшөөрөлгүй ажлаа тасалсан зөрчлийг дахин гаргасан...” гэж, нэхэмжлэгч нь “2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ээлжийн гарах боломжгүй болсон тул гүйцэтгэх захирал Т.Г-т утсаар мэдэгдэж, зөвшөөрөл авсан” гэж тус тус маргаж байна.

“...Ж.М нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 цагийн хооронд ээлжийн диспетчерийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа шөнийн 02 цаг 30 минутын орчимд ажлын байранд унтаж сахилгын зөрчил гаргасан...” гэх зөрчлийн тухайд Г аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын диспетчер техникийн хэлтсийн ажиллагсадтай 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хийсэн хурлын тэмдэглэл, гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаартай Ж.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал зэргээр тогтоогдож байна. Ж.М нь уг сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргаагүй байх тул уг зөрчлийг тогтоогдсон байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ээлжийн диспетчерийн үүрэг гүйцэтгэх хуваарьтай байсан хэдий ч захиргаанаас ямар нэгэн чөлөө зөвшөөрөлгүй ажлаа тасалсан зөрчлийг дахин гаргасан гэх зөрчлийн тухайд нэхэмжлэгч Ж.М нь ээлжинд гарах боломжгүй болсон талаараа би гүйцэтгэх захирал Т.Г-ийн 99084004 дугаарын утас руу холбогдож, мэдэгдэхэд миний оронд ээлжинд С.П-ийг гарахаар боллоо яваад ирээ нь би явсан гэж тайлбарлаж, Ж.М-ын эзэмшлийн 88022481 дугаарын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн биллийг нотлох баримтаар ирүүлж, уг баримтад 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 21 цаг 26 минутад 99084004 дугаарын утас руу холбогдон ярьсан байх боловч ийнхүү ярьсныг чөлөө авах талаар ярьсан, мөн чөлөө өгсөн байна гэж таамаглан үзэх үндэслэлгүй юм.

“АУЭХС” төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 9.1.1-т ажлын 1 өдөр хүртэл чөлөөг хэлтэс /албан/-ийн дарга нар чөлөөний хуудсаар, 9.1.2-т ажлын 1-3 өдрийн чөлөөг дэд захирал чөлөөний хуудсаар, 9.1.3-т 3 ба  түүнээс дээш өдрийн чөлөөг компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар олгохоор тус тус зохицуулсан байхад гүйцэтгэх захиралд чөлөө авах талаараа мэдэгдсэн гэж тайлбарлаж байх бөгөөд хариуд нь гүйцэтгэх захирал чөлөө олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Харин 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Ж.М нь ээлжинд гараагүй болох нь Г аймгийн АУЭХС төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын диспетчер техникийн хэлтсийн ажиллагсадтай 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хийсэн хурлын тэмдэглэл, “АУЭХС” төрийн өмчит хувьцаат компанийн шуурхай ажиллагааны журнал, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаартай тушаал, гэрч С.П-ийн “...Ж.М нь эхлээд өөрөө захирлаас чөлөө авсан. Чи миний оронд гараадах гэсэн. Маргааш нь ээлж авах гээд очиход албаны дарга захирлаас чөлөө авахгүй явсан байна гэсэн. Тэгэхээр нь би чөлөө аваагүй бол гарахгүй гэхэд ажлын байр эзэнгүй орхиж болохгүй гээд би гарсан” гэж мэдүүлэг, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэх зөрчил нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Учир нь шүүх хуралдаанд оролцсон гэрч Ш.С “...Би түлхүүр авах гээд ажил дээр ирсэн. Тэгээд ирэхэд С монтёр байсан. С надад Ж.М архи уусан байна гэж хэлсэн, би хараагүй” гэж, гэрч Р.С “ээлжийн хугацаанд бусад салбарын дарга нар ирсэн манай амралтын байранд байрласан байсан. Тухайн үед Ж.М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай унтаж байсан, архи уусныг нь би хараагүй, унтаж байгаа болохоор архи уусан байна гэж ойлгосон” гэж, гэрч М.Б “2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 01 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Ж.М ажлын байранд архи уусан нь үнэн болно. Архи ууж байхыг нь би хараагүй, гэхдээ архи уусан байсан, үнэртэж байсан” гэж тус тус мэдүүлж, архи уусан болохыг шууд харсан тогтоосон талаар мэдүүлээгүй, харин уусан байсан гэж дамжмал байдлаар мэдүүлж байх тул уг зөрчил тогтоогдсон байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ж.М нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэдгээ нотлох баримтаа шүүхэд гаргаж, үндэслэл шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг дахин тайлбарлан өгч, шинээр гаргах хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг талуудаас тодруулахад нэхэмжлэгч тал байхгүй гэсэн тайлбар өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Иймд хэрэгт цугласан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлахад нэхэмжлэгч Ж.М нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь тогтоогдож байх тул  нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Уг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэн Г аймгийн “АУЭХС” төрийн өмчит хувьцаат компанид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Ж овогтой Ж.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ҮЙТҮМЭН