Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 215/МА2021/00011

 

Ж.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 133/ШШ2021/00174 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 24- ... тоотод оршин суух, Ж овогтой Ж.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн “А” ТӨХК-д холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.М, түүний өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.М нь 1990 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, одоо 31 настай, ам бүл тавуулаа амьдардаг. Би Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанид анх 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс диспетчерийн шуурхай үйлчилгээний ээлжийн инженерийн ажилд томилогдон одоог хүртэл тасралтгүй, ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүйгээр үр бүтээлтэй ажиллаж байна. Гэвч Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 тоот тушаалаар намайг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, чөлөө зөвшөөрөлгүй ажлын байр орхиж компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Би архи, согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй. Мөн ажлын байраа удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр огт орхиж яваагүй. Тиймээс намайг удаа дараа зөрчил гаргасан гэж үзэн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Би 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ээлжинд гарч байсан. Тухайн өдөр Завхан салбар, Тайшир, Гуулин усан цахилгаан станцын бүх удирдлагууд ажлын туршлага солилцохоор манай байгууллага дээр ирсэн. Тэгээд манай өрөөгөөр орж ирээд горим ажиллагааны талаар танилцаад гарч явсан. Тухайн өдөр намайг архи уусан гэж байна. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хурал дээр намайг ямар учраас унтсан бэ? гэхэд би чихэн дотор хатги гараад өвдөөд байсан. Тэгээд өвчин намдаах эм уугаад амарсан байсан гэсэн. Энэ унтаж байсан зураг нь 04 цаг 30 минутын үеийн зураг байгаа юм. Би архи уусан зүйл байхгүй. Үүнийг яаж нотлох вэ? гэхээр 04 цаг 35 минутын орчим 16-09 ГАҮ улсын дугаартай машинтай манай орлогч дарга Б.Н 94496788 гэсэн диспетчерийн шуурхай үйлчилгээний утас руу залгаж намайг буугаад ир гэсэн. Би буугаад очиход чи дээшээ ороод Ерөнхий инженерийг явъя гээд хэлээдэх гэсэн. Би ороод Б.Н дарга явъя гэж байна гэхэд би жолоочоо дуудчихлаа явж бай гээд хэлчих гэсэн. Тэгээд би гарч ирж хэлсэн. Б.Н дарга намайг архи уугаагүй байсныг өөрөө мэдэж байгаа. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ээлжээс буусан. Манай ээж 70 настай хүн байдаг. Би ээж, охин дүү, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Охин дүү болон эхнэр оюутан байдаг. Ээж Говь-Алтай аймгаас урагшаа Наран багт мал дээр байсан. Ээж над руу ээлжинд гарч байхад морь унаж яваад уначихлаа гэж утсаар ярьсан. Би өөрийн биеэр гүйцэтгэх захирал Т.Г-т орж учраа хэлсэн. Тэгэхэд эргээд шийдвэрлэе. Чи ээлжинд гарах хүнээ олоод яриарай гэсэн. Би 17 цагт ээлжээс буугаад Т.Г захиралтай өөрийн утсаар ярьж С.П-ийг өөрийн ээлжид гаргахаар боллоо гэхэд яваад ирээ гэсэн. Тэгээд би ээжийг эмнэлгээр үзүүлсэн. Баримт байгаа. Би хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөө явсан гэж өөрт нь танилцуулсан. Иймд Говь-Алтай аймаг, Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компаний диспетчерийн шуурхай үйлчилгээний ээлжийн инженерийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компани Завхан, Говь-Алтай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит хувьцаат компани. Хувьцаат компанийн хүрээнд салбар болоод хэлтэс албадын бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгч этгээдийн хариуцаж байгаа албан тушаал нь ажил үүргийн хувьд өндөр шаардлага, хариуцлагатай, шуурхай үйлчилгээг өдөр тутам зохион байгуулдаг, системийн горим ажиллагааг тогтворжуулах, саатал гарсан тохиолдолд шуурхай арилгах, сэлгэн залгалт хийх зэрэг чухал үүрэгтэй ажил. Тухайн албан хаагч нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагаас 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 цагийн хооронд диспетчерийн инженерийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байх хугацаанд ажлын байранд унтсан сахилгын зөрчил гаргасан. Ажлын байранд унтана гэдэг нь сахилгын хэмжээний дүрэм болоод аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрэмд хориглосон байдаг. Үүнийг зөрчиж сахилгын ноцтой зөрчил гаргасан. Үүнээс үүдэн системд саатал гарах, тоноглол гэмтэх, цаашлаад хүний амь насанд хүрэх хүртэл асуудал үүснэ. Гэтэл энэ хариуцлагатай албан тушаалд ажиллаж байгаад сахилгын хариуцлага ногдуулах хэмжээний асуудал гаргаж 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж тухайн зөрчилд нь цалингийн арга хэмжээ авч, хариуцлагатай ажиллах талаар чиглэл өгсөн. Үүний дараа 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ээлжинд гарах байсан. Гэтэл захиргаанаас ямар нэгэн чөлөө, зөвшөөрөл авахгүйгээр ажлын байрыг дур мэдэн орхиж, хувиар өөрчлөлт оруулж ажил таслаад явсан. Энэ асуудлыг дахин захирлын зөвлөл хэлэлцэхэд тухайн этгээд захирал руу утсаар ярьсан байдаг. Захирал чөлөө өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгэхэд диспетчерийн албаны даргатай ярьж дур мэдэн явсан. Диспетчерийн албаны дарга чөлөө өгөх эрхгүй. Ажилдаа ирээгүй тул өмнө гарсан хүнийг нөхөн ажиллуулах чиглэлээр шуурхай үйлчилгээг явуулсан. Өмнө ажлын байранд унтсан гэх асуудал гаргахдаа давхар архи уусан унтаж байсан зөрчил гаргасан. Энэ нь сахилгын ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдөх бүрэн үндэслэлтэй байгаа учраас хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг гүйцэтгэх захирлын тушаалаар гаргасан. Тиймээс нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэн Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Ж овогтой Ж. М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 133/ШШ2021/00174 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Тус шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийн бодит нөхцөл байдлыг буруу тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Учир нь: Говь-Алтай аймгийн “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компаний захирлын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан “ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, чөлөө зөвшөөрөлгүй ажлын байр орхиж компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж сахилгын ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр намайг диспетчерийн шуурхай үйлчилгээний ээлжийн инженерийн үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Компаний дотоод журмын 10.3.14 дэх хэсэгт “Сахилгын ноцтой зөрчил гаргасан нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болно. Үүнд:

1-рт согтуугаар ажилд ирсэн, ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн,

2-рт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан, чөлөө зөвшөөрөлгүйгээр ажлын байр орхиж явснаас байгууллагад тодорхой хохирол учирсан тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан.

Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгч намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр халсан /2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 тоот тушаалд тодорхой бичигдсэн/ байхад ноцтой зөрчлийн нэг болох ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн атлаа харин давтан зөрчил гаргасан нь тогтоогдож байна гэж хэргийн үйл баримт, ажлаас чөлөөлсөн үндэслэлийг гуйвуулан бодит нөхцөл байдалд нийцэхгүй, хэтэрхий нэг талыг баримталсан дүгнэлтийг хийж уг шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.

Мөн намайг ажлаас чөлөөлөх болсон сахилгын ноцтой зөрчлийн нэг нь болох ажлын байраа чөлөө зөвшөөрөлгүй орхиж явсан гэсэн үндэслэл нь байгууллагад тодорхой хэмжээний хохирол заавал учирсан байхыг шаардаж байхад үүнийг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн тайлбар зэргээс намайг ажлаас чөлөөлсөн дээрх хоёр ноцтой зөрчил нь тогтоогдохгүй, мөн би тухайн зөрчлийг гаргаагүй гэдгээ дахин дахин тайлбарласаар байхад тус үндэслэл болон миний тайлбарыг огт тоохгүйгээр намайг халсан үндэслэлээс өөрөөр давтан зөрчил гаргасан байна гэж дүгнэж байгаа нь хэргийн үйл баримтыг ноцтойгоор гажуудсан шийдвэрийг гаргалаа гэж үзэж байна.

Мөн 9908.......... дугаарын Т.Г даргын утас руу холбогдон ярьсан нь чөлөө авах талаар ярьсан, мөн чөлөө өгсөн байна гэж таамаглан үзэх үндэслэлгүй гэж тайлбарласан нь хэтэрхий нэг талыг баримталсан байна гэж үзэж байна. Т.Г даргын утас болох 9908........ дугаартай утсаар холбогдсоны дараа гэрч С.П-ийн 8624........ дугаарын утсаар холбогдож өөрийнхөө оронд гаргах талаар ярьсан /утасны биллээр нотлогдоно/ шүүх хуралдаанд өөрийн биеэр гэрчээр оролцон намайг юу гэж ярьсан талаар нотолдог.

Гэвч Т.Г дарга надад өөрийнхөө амаар ээлжээ зохицуулаад яв гэсэн атлаа маргааш нь уг үгнээсээ буцаж зохион байгуулалттайгаар намайг анхнаасаа үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх гэсэн оролдлого байсан байна гэж харж байна. Үүнийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбарласан боловч огт анхаарч харгалзан үзээгүй. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 133/ШШ2021/00174 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Говь-Алтай аймгийн “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан тус компаний диспетчерийн шуурхай үйлчилгээний ээлжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс харахад дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компани нь Ж.М-ыг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс диспетчерийн шуурхай үйлчилгээний ээлжийн инженерээр томилсон байна.

 

Мөн “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компаний гүйцэтгэх захирал нь 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаар тушаалаараа тухайн компаний Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.12 дахь хэсэгт заасан тушаал гаргах, 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээнийхээ хүрээнд байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.3.2 дахь заалтад заасан дотоод журам, технологийн дүрэм, горим, техникийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн, 10.3.10 дахь заалтад заасан ээлжийн амралтын хуваарь болон батлагдсан ажлын цагийн график хуваарийг дур мэдэн өөрчилсөн, чөлөө зөвшөөрөлгүй ажлын байр орхиж явсан, 10.3.14-1 дэх дэд заалтад заасан согтуугаар ажилд ирсэн, ажлын байранд ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, борлуулсан, ажлын байранд танхайрсан, мансууруулах зүйл хэрэглэсэн, 10.3.14-2 дахь дэд заалтад заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан, чөлөө зөвшөөрөлгүйгээр ажлын байр орхиж явснаас байгууллагад тодорхой хохирол учирсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалтуудыг үндэслэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар Ж.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас чөлөөлжээ.

Мөн Ж.М-ыг ажлаас чөлөөлсөн тушаалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, чөлөө зөвшөөрөлгүй ажлын байр орхиж компаний хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, сахилгын ноцтой зөрчил гаргасан тул инженер Ж.М-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар тусгажээ.

 

Ажилтан Ж.М нь “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ий захирлын 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн түүнийг ажлаас чөлөөлөх тухай Б/20 дугаар тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 174 дугаартай шийдвэрээр Ж.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Ж.М-ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа удирдлага болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалт, тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтууд, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзвэл ажил олгогч нь ажилтан Ж.М-ыг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан өөрөөр хэлбэл ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, чөлөө зөвшөөрөлгүй ажлын байр орхиж явсан, эдгээр нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарна гэж  үзэж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор зохицуулсан байна.

 

Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой нь холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан тохиолдолд тухайн зөрчлийг сахилгын ноцтой зөрчилд тооцох боломжтой  болдог.

 

“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Т.Г, тус компаний диспетчерийн шуурхай үйлчилгээний ээлжийн инженер Ж.М нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний гуравдугаар зүйлийн 3.5.1 дэх хэсэгт Ажлын цагаар болон албан үүргээ гүйцэтгэж явах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, 3.5.6 дахь хэсэгт Компаний хөдөлмөрийн дотоод журам бусад дагалдах журмуудыг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн, 3.5.7 дахь хэсэгт Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан, 3.5.8 Ажилтан компаний дотоод журамд заасан болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн зэргийг хөдөлмөрийн  гэрээг шууд цуцлах сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заажээ.

 

Мөн ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг 2 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд тухайн зөрчил бүр нь тус тусдаа нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон байхыг шаарддаг.

 

Гэтэл хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар Ж.М нь ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдоогүй байна.

 

Тодруулбал Ж.М-ыг ажлаас чөлөөлөх тушаал гаргахаас 7 хоногийн өмнө гарсан буюу “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ий гүйцэтгэх захирлын 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаартай Ж.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Ж.М-д удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 18 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ий гүйцэтгэх захирлын диспетчер техникийн хэлтсийн ажиллагсадтай хийсэн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлд үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Б.Н-гийн “Ээлжинд гарч байхдаа архи уусан юм уу?” гэсэн асуултанд Ж.М “Би архи уугаагүй. Зүгээр түр унтаж байсан.” гэж хариулсан байх бөгөөд гүйцэтгэх захирал Т.Г нь Ж.М-ын хувьд ажлын байранд архи уусан ажлаас халагдах ноцтой зөрчил гаргасан гэж тус тус үг хэлж байсан болох нь тусгагдсан байна.

 

Ж.М нь ажлын цагаар болон албан үүргээ гүйцэтгэж явах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь ямар нэг нотлох баримтаар тогтоогдоогүй, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагт ээлж хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 цагт ээлж хүлээлгэн өгөхөд тасралт саатал гараагүй тухай шуурхай ажиллагааны журналд тэмдэглэгдсэн, Ж.М нь тухайн үед сахилгын ямар зөрчил гаргасан болохыг тогтоогоогүй, харин ажил олгогчийн зүгээс Ж.М-д компаний хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн үүргээ зөрчиж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр албан тушаалын үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 18 хувиар бууруулахаар шийдвэрлэжээ.

 

Мөн чөлөө зөвшөөрөлгүй ажлын байр орхиж явсан гэх зөрчлийн тухайд байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт ажилтан хүндэтгэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй тохиолдолд 2-оос илүүгүй цагийн өмнө шууд харъяалах нэгжийн удирдлагад мэдэгдэнэ, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт компаний ажилтанд тэдний гэр бүлд тохиолдсон гачигдал болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гаргасан хүсэлт, холбогдох магадлалыг үндэслэн ажлын нэг өдөр хүртэл чөлөөг хэлтэс, албаны дарга нар чөлөөний хуудсаар олгохоор заасан байх бөгөөд Ж.М нь урьдчилан мэдэх, тооцоолох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тухайлбал ээж нь морьноос унасны улмаас эмнэлэгт үзүүлэхээр чөлөө авах  хүсэлтээ  амаар гаргаж, өөрийн оронд ээлжинд гарах инженертэй тохиролцсоны үндсэн дээр зохих шатны  удирдлагад мэдэгдэж түүний зөвшөөрлийн дагуу явсан гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх нотлох баримтыг ажил олгогчийн зүгээс гаргаагүй байна.

  

Энэ талаарх Ж.М-ын тайлбар үндэслэлтэй болох нь түүний шүүхэд гаргаж өгсөн тухайн өдөр диспетчерийн албаны дарга, гүйцэтгэх захирал, инженер С.П нартай ярьсан гар утасны ярианы жагсаалт, Ж.М нь өөрийнхөө оронд ээлжинд гаргах талаар утсаар ярьсан тухай С.П-ийн мэдүүлэг, хэрэгт авагдсан шуурхай ажиллагааны журналд тусгагдсан Ж.М нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагт ээлж хүлээлгэн өгсөн, 2021 оны 02 дугаар сарын 05-ны 17 цагт С.П нь ээлж хүлээн авч Ж.М-ын оронд ээлжинд гарсан тухай тусгасан тэмдэглэл, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 09 цагт Ж.М ээлж хүлээж авсан тухай тэмдэглэл  зэргээр давхар нотлогдож байна.

Харин Ж.М нь чөлөө зөвшөөрөлгүй ажлын байр орхиж явсан гэдэг зөрчлийг шалгаж тогтоогоогүй, энэ талаарх материал хэрэгт авагдаагүй, уг зөрчлийг гаргасан гэдэг нь зөрчлийн талаар хэлэлцсэн хурлын тэмдэглэл болон хэрэгт ач холбогдол бүхий бусад нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК нь өөрийн тайлбараа нотолсон нэхэмжлэгч Ж.М-ын тайлбарыг үгүйсгэсэн нотлох баримтыг гаргах үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь өөрийн тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй. Тиймээс дан ганц ажил олгогчийн тайлбараар Ж.М-ыг тухайн зөрчлийг гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй юм. Түүнчлэн аливаа сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх ёстой.

Анхан шатны шүүхийн Ж.М ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэх зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдоогүй талаарх дүгнэлт үндэслэлтэй бөгөөд гэрч Ш.С, М.Б нарын мэдүүлэг нь тодорхойгүй, эргэлзээтэй, таамаглалд үндэслэсэн байх тул уг гэрч нарын мэдүүлэг, тайлбарыг үнэн зөв гэж үнэлээгүй нь үндэслэлтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Хариуцагч байгууллага 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаартай ажилтан Ж.М-ыг ажлаас чөлөөлөх тушаалдаа ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, чөлөө зөвшөөрөлгүй ажлын байр орхиж явсан гэсэн үндэслэлүүдээр ажлаас чөлөөлсөн, урьд нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар Ж.М-ыг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байхад шүүх ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэлд хамааралгүй бөгөөд талуудын маргаагүй ажилтан ажлын байранд унтаж сахилгын зөрчил гаргасан гэх зөрчлийн талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүний ажилгүй байсан хугацааны буюу ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний ажлаас халагдахаас өмнөх сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсний дундажаас тооцож нэг өдрийн цалин хөлсийг 39.992 төгрөгөөр тооцож, уг нэг өдрийн цалин хөлсийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан нийт хугацааны ажлын өдрүүдээр буюу ажлын 48 хоногоор үржүүлж нэхэмжлэгчид нийт 3 966 144 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 133/ШШ2021/00174 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Ж.М-ыг “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн ээлжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 3.966.144 төгрөгийн олговрыг олгож, уг олговроос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих сан, дансанд шилжүүлэхийг хариуцагчид даалгасугай.” гэж өөрчилж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...дурдсугай.” гэснийг “дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 78.408 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай." гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ш.Б

 

                  ШҮҮГЧИД                          Ч.Э

 

                                                             Т.Ж