Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 133/ШШ2021/00178

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Г аймгийн Е сумын 0-р баг, О Ж хороолол 0 байр, 0 тоотод оршин суух, Ж овогт Д-ийн А-г төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-Э-ийн гаргасан нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г аймгийн БСУГ-т холбогдох,

2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүү, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн төлөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г аймгийн БСУ-ийн газрын ахлах мэргэжилтэнээр Д.А нь ажиллаж байсан. Г аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаартай тушаалаар албан тушаал бууруулсан байдаг. Ингэж албан тушаал бууруулахдаа ямар ажил хийхийг нь заагаагүй. Ямар ажил хийхээ мэдэхгүй явж байгаад улмаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар өмнөх тушаалаа хүчингүй болгоод Газар зүйн боловсрол хариуцсан мэргэжилтнээр томилсон байдаг. Тухайн ажил дээр ажиллах гээд очтол цагийг нь бүртгээгүй гэдэг шалтгаанаар мөн ажиллаж чадаагүй. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Д.А нь өмнө нь эрхэлж байсан ажил буюу Боловсрол соёл урлагын газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоогдсон. Ингээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр мөн хэрэг шийдвэрлэгдээд, шийдвэр нь хэвээр үлдсэн.  Хариуцагч талаас Улсын дээд шүүхэд гомдол гаргахад, гомдлыг Улсын дээд шүүх хүлээж авахаас татгалзсан. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүү 1.348.275 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 01-нээс 2020 оны 01 дүгээр сарын 01 хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 11.113.772 төгрөг нэхэмжилж байна. Д.А гэдэг хүн ажлаасаа үндэслэлгүй халагдсан байна гээд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой дүгнэлтүүдийг бид өнөөдөр энд хийгээд суугаад байх үндэслэл байхгүй. Цалингийн зөрүү мөн ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна. Нийгмийн даатгалын лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр хоёрыг хавсаргаж өгсөн байгаа. Яагаад лавлагааг гаргаж өгсөн гэхээр 12 дугаар сард сайн дураараа төлсөн гэдгийг лавлагаагаар батлахаар гаргаж өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр Д.А-г ажилд нь эгүүлэн тогтоосон. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр байгаа. Энэ шийдвэрт бол анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орсон байдаг. Гаргасан тушаалуудтай холбоотой нэмэгдүүлсэн шаардлагууд гаргаж байсныг анхан шатны шүүхээс хүчингүй болгосон байдаг. Тэр хүчингүй болгосон шаардлагыг өөрчилж давж заалдах шатны шүүхээс магадлал гарсан байдаг. Үүнтэй холбогдуулж анхан шат болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа гэв.

Хариуцагч Г аймгийн БСУ-ийн газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: БСУГ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаал нь Д овогтой А-г ажлах мэргэжилтэнгийн албан тушаал бууруулсан шийдвэр юм. Д овогтой А гуайн өөрөөс нь шалтгаалж ажил таслах, ажлын цагаар архи ууж, албан ажлын цаг үр дүнгүй өнгөрөөх асуудлаас албан тушаал бууруулах, ажлаас чөлөөлөх зэрэг шийдвэрт гаргасан. Аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Э БСУ-ийн ажил, цаг ашиглалтын талаар шалгалт хийсэн. М.Э дарга Д.А нь архи их ууж байна. Ажлын байранд шалгахад ажил таслаад явсан байна. Ахлах мэргэжилтний ажилд тэнцэхгүй байна гээд албан тушаал бууруулахыг шаардсан тул албан тушаалыг бууруулсан. БСУГ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалын 2 дугаар заалтад гэрээ байгуулах, ажлын байрны тодорхойлолт батлуулах, өгсөн үүрэг даалгаврыг чанартай биелүүлэх, сахилга хариуцлагатай ажиллах үүрэг өгсөн боловч үл тоосон. Ажил хийлгүй 4 сар, 22 хоног ирж цаг бүртгүүлж, цалин авсан. БСУ-ийн газрын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар газарзүйн боловсрол, шийдвэрийн биелэлт хариуцсан үүрэгт ажлаас халсан. БСУГ-ын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0275 дугаартай магадлалыг үндэслэн эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилсон. БСУ-ийн газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/30 дугаар тушаалыг мэдэгдсэн боловч ирж ажиллаагүй, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажил тасалсан тул Б/42 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдлийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ажлаар хангасан. Иймд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны ёс зүйн дүрэм, БСУГ-ын дотоод журам, хамт олны дунд үлгэр, манлайлалгүй байгааг тус тус харгалзан нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн нэхэмжлэлээс татгалзаж хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг асуудал нь 2018 оноос 2019 оны хоорондох асуудал байна. Миний бие 2021 онд ажилд томилогдсон. Манай байгууллага нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг гаргах санхүүгийн боломж байхгүй. Манай байгууллага 18 хүний бүтэц, орон тоогоор батлагдсан. Өмнө нь 21 хүнтэй байсан. Үүнтэй холбоотой манай байгууллага нийгмийн даатгал болон бусад байгууллага дээр өр үүсэж цалин хүрэлцэхгүй байна. Тэгэхээр манай байгууллагаас энэ мөнгө гарахаар бол энэ онд олгох боломж, нөхцөл байхгүй. Хэргийн материалтай танилцаж байхад нэхэмжлэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, захирах, захирагдах ёсыг баримталдаггүй гэсэн тайлбарыг өмнөх Р.Б дарга хийсэн байсан. 3 шатны шүүхийн шийдвэр гарч иргэн хохирч байна гэж үзэж байна. Гэхдээ санхүүжилтийг гаргая гэхээр манай байгууллагын зүгээс боломж байхгүй. Тэгэхээр өөр боломж нөхцөл юу байгааг судалж үзье. Манай байгууллагын тухайд санхүүгийн хувьд боломжгүй байгаа гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад Г аймгийн БСУГ-т холбогдох албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүү, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь хариуцагч Г аймгийн БСУ-ийн газарт холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүү, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Э нь “Манай байгууллага нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг гаргах санхүүгийн боломж байхгүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.А нь Г аймгийн БСУГ-т БСУ-ийн ахлах мэргэжлтнээр ажиллаж байгаад Г аймгийн БСУ-ийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаартай тушаалаар албан тушаалыг бууруулж, улмаар шүүхэд хандсанаар Г аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 112/ШШ2019/0005 дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0275 дугаартай магадлалаар Д.А-г тус газрын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх Г аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 112/ШШ2019/0005 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0275 дугаартай магадлалаар тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин нотлохгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т зааснаар мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болохоор байна.

 Хариуцагч Г аймгийн БСУГ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...БСУГ-ын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0275 дугаартай магадлалыг үндэслэн эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилсон. БСУ-ийн газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/30 дугаар тушаалыг мэдэгдсэн боловч ирж ажиллаагүй, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажил тасалсан тул Б/42 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн...” гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Д.А-г ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хэдийд хүчин төгөлдөр болсон, ажил олгогч ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхийг хэрхэн мэдэгдсэн болох, ажил олгогчийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан, шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан эсэх зэргийг тодруулахад  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0275 дугаартай магадлалыг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 500 дугаартай захирамжаар хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд уг захирамжид хариуцагч гомдол гаргаж Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 133 дугаартай шүүхийн тогтоолоор уг захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Улмаар нэхэмжлэгч Д.А шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаснаар Г аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 112/ГХ2019/0037, 112/ГХ2019/0038 дугаартай гүйцэтгэх хуудас, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай мэдэгдэл тус тус бичигдсэн болох нь хэрэгт авагдсан Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, Г аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, мэдэгдэл зэргийн хуулбаруудаар тогтоогдож байх тул хариуцагчийн шүүхэд ирүүлсэн магадлалыг үндэслэн ажилд эгүүлэн томилсон боловч нэхэмжлэгч ирж ажиллаагүй гэх хариу тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.А нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан ажилдаа томилогдсон болох нь Г аймгийн БСУ-ийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай “Д.А-г ажилд томилох тухай” тушаалаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн ажил, албан тушаал буурсан хугацааг ажилтны эрх зөрчигдсөн цаг хугацаа буюу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эрх нь зөрчигдсөн болохыг шүүх тогтоосон хугацаа буюу Г аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцсон бөгөөд ажилгүй байсан хугацааг урьд эрхэлж байсан ажилд бодитойгоор эгүүлэн авсан хугацаа буюу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаа гэж тодорхойлсон болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.А-гийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тушаал бууруулсан нийт 153 хоногийн албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүү, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны 283 хоногийн ажилгүй байсан цалинтай тэнцэх олговорыг түүний урьд авч байсан сарын цалингийн дундажийг тооцон хариуцагч Г аймгийн БСУ-ийн газраас гаргуулах үндэслэлтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.А-гийн 1104188 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүсэн хуулбарын 5 дугаар хуудсанд бичигдсэн ажил албан тушаал буруулахын өмнөх гурван сарын хугацааны цалингийн дундаж болох 2018 оны 01, 02, 03 дугаар саруудад ажилласан хугацаанаас тооцон 1 сарын цалингийн дунджийг тооцоход 845.360 + 836.360 + 842.360 = 2.524.080 : 3 сар= 841.360 : 21.5 = 39.133 төгрөг байна. Тушаал бууруулснаас хойш авч байсан цалингийн дунджийг 9, 10, 11 /12 дугаар сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон хувиараа төлсөн/ дүгээр саруудын ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дунджийг тооцоход 234.595 + 850.983 + 420.992 = 1.506.570 : 3 = 502.190 : 21.5 = 23.357 төгрөг байх бөгөөд нэг өдрийн албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүүг тооцоход 39.133-23.357 =15.776 төгрөг байх тул 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажлын 153 өдрөөр тооцож үзвэл Д.А-д олгох албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүүний хэмжээ 15.776*153=2.413.728 /хоёр сая дөрвөн зуун арван арван гурван мянга долоон зуун хорин найман/ төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажлын 283 өдрөөр тооцож үзвэл олговорын хэмжээ 39.133*283=11.074.639 /11.074.639 /арван нэгэн сая далан дөрвөн мянга зургаан зуун гучин есөн/ төгрөг, нийт 13.488.367 /арван гурван сая дөрвөн зуун наян найман мянга гурван зуун жаран долоон/ төгрөг байх тул үүнийг Г аймгийн БСУ-ийн газраас гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. 46.2 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус зааснаар дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Д.А-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Г аймгийн БСУ-ийн газарт даалгах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Г аймгийн БСУ-ийн газраас улсын тэмдэгтийн хураамжид  225.392 /хоёр зуун хорин таван мянга гурван зуун ерөн хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Г аймгийн БСУ-ийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан тушаал бууруулсан үе буюу 153 хоногийн цалингийн зөрүүнд 2.413.728 /хоёр сая дөрвөн зуун арван арван гурван мянга долоон зуун хорин найман/ төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 11.074.639 /арван нэгэн сая далан дөрвөн мянга зургаан зуун гучин есөн/ төгрөг, нийт 13.488.367 /арван гурван сая дөрвөн зуун наян найман мянга гурван зуун жаран долоон/ төгрөгийг гаргуулан Ж овогт Д-ийн А-д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Д.Амгалангийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Г аймгийн БСУ-ийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Г аймгийн БСУ-ийн газраас улсын тэмдэгтийн хураамжид  225.392 /хоёр зуун хорин таван мянга гурван зуун ерөн хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН