Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00841

 

Д.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 133/ШШ2020/00052 дугаар шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 215/МА2020/00009 дүгээр магадлалтай,

Д.А-гийн нэхэмжлэлтэй,

Б-т холбогдох,

 Албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүү, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б-рын ахлах мэргэжилтнээр Д.А нь ажиллаж байсан. Брын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаартай тушаалаар албан тушаал бууруулсан байдаг. Ингэж албан тушаал бууруулахдаа ямар ажил хийхийг нь заагаагүй. Ямар ажил хийхээ мэдэхгүй явж байгаад улмаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар өмнөх тушаалаа хүчингүй болгоод Газар зүйн боловсрол хариуцсан мэргэжилтнээр томилсон байдаг. Тухайн ажил дээр ажиллах гээд очтол цагийг нь бүртгээгүй гэдэг шалтгаанаар мөн ажиллаж чадаагүй. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Д.А нь өмнө нь эрхэлж байсан ажил буюу Боловсрол соёл урлагийн газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоогдсон. Ингээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр мөн хэрэг шийдвэрлэгдээд, шийдвэр нь хэвээр үлдсэн.  Хариуцагч талаас Улсын дээд шүүхэд гомдол гаргахад, гомдлыг Улсын дээд шүүх хүлээж авахаас татгалзсан.

2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүү 1 348 275 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 01-нээс 2020 оны 01 дүгээр сарын 01 хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 11 113 772 төгрөг нэхэмжилж байна.

Д.А ажлаасаа үндэслэлгүй халагдсан гээд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Цалингийн зөрүү мөн ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Р.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Аг албан тушаал бууруулсан үндэслэл нь өөрөөс нь шалтгаалсан. Төрийн албан хаагчийн тухай хуульд захирах, захирагдах ёс байдаг үүнийг зөрчсөн. Төрийн албаны ёс зүйн дүрмийг зөрчиж архи уусан, ажил тасалж явсан. Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Эрдэнэбилэг гэдэг хүн Брыг ирж шалгасан. Ирээд шалгахад ажил дээрээ байгаагүй, утсаа таслаад алга болсон гэж шалгалтын тэмдэглэл дээр тэмдэглэсэн байдаг.

Төрийн албаны хууль зөрчсөн, төрийн албаны ёс зүй зөрчсөн, ахлах мэргэжилтний үүрэг даалгаврыг биелүүлээгүй учир энэ хүнийг ажил албан тушаалыг нь өөрчлөх шаардлага дээд шатны байгууллагаас ирсэн байдаг. Үүний дагуу албан тушаал бууруулсан шийдвэр гаргасан. Энэ тушаалын үндсэн дээр үр дүнгийн гэрээ байгуулах даалгавар өгөхөд биелүүлээгүй, ажлаа орхиод явсан. 04 дүгээр сарын 02 хүртэл ажил орхиж явсан. Бид ажил хийхгүй байгаа хүнд цалин гаргаад яваад байж болохгүй учраас ажил тасалсан шалтгаанаар 4 сарын дараа ажлаас чөлөөлсөн. Тэгээд явж байгаад эгүүлээд ажилд нь томилсон байдаг. Гэтэл Д.А Захиргааны хэргийн анхан  шатны шүүхийн шийдвэр гаргуулна гэсэн байдлаар явсаар 2019 оны 12 дугаар сарын 30 хүртэл явсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс буцаад ажилдаа орсон.

Шүүхийн шийдвэр бол ахлах мэргэжилтний орон тоон дээр томилох гэсэн байгаа. Манай байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдээд энэ орон тоо нь байхгүй болсон. Тэгээд томилохгүй байсан ч болохоор байгаа юм. Би болоод манай удирдах зөвлөл бол албан тушаалын зөрүү 1 300 000 төгрөгийг шийдэж болно. Үлдсэн мөнгө нь өөрөөс нь шалтгаалсан учраас боломжгүй гэсэн байр суурьтай байна. Ажил хийхгүй байж байгаад цалингаа шүүхээр гаргуулаад авч болдог юм байна гэсэн ойлголтыг өмгөөлөгчөөсөө авсан юм шиг байна. Ажилгүй байсан хугацааны цалин нь аль ч талаасаа бодсон цалингийн асуудал нэхэмжлэх боломжгүй юм гэж үзээд байгаа юм. Төсөв захирагчийн эрх үүргийн хувьд хууль зөрчсөн, ерөнхий сайдын захирамж чиглэлийг биш Төрийн албаны хуулийг үндэслээд албан тушаал бууруулсан. Үүнийг зөвтгөнө гэдэг бол буруу, хууль зөрчсөн асуудал болно. Ажлыг нь заагаад албан тушаал бууруулж байхад өөрөө ажлаа хаяж явсан. Ажил хийгээгүй байж цалин авсан байгаа. Үүнийг буцааж нэхэмжилнэ гэж бодож байна. Ажил хийгээгүй бүртгэл нь байгаа. Ажил хийлгүй явж байгаад цалин тогтоолгодог ийм хууль байхгүй. Ажил хийгээгүй хүнд цалин өгөх хууль эрх зүйн боломж байхгүй. Харин буцааж 1 300 000 төгрөгийн нэхэмжлэл гаргах бодолтой байгаа.

Одоо бол би ажлаар хангасан. Шүүхийн шийдвэрийн хувьд бол ажлаар хангаж чадаагүй. Үүнийг бол өөрөө ойлгож байгаа. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс бүтцийн өөрчлөлт хийгээд, Боловсрол,  соёл урлагийн газарт ахлах мэргэжилтэн гэсэн орон тоо байхгүй болсон. Бид нарын санаачлагаар болсон зүйл биш. Өөрөө тэр хүн дахиж архи уухгүй, ёс зүйн зөрчил гаргахгүй, энэ ажлаа гүйцэтгэмээр байна гэсэн хүсэлт удаа дараа гаргасан болохоор ажилд томилсон. Эхний албан тушаал бууруулсан тушаалыг өмгөөлөгч ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан байдаг. Энэ бол ахлах мэргэжилтэн гэсэн албан тушаалаас чөлөөлсөн тушаал. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гэрээ байгуулаад хамтарч ажиллах чиглэл өгсөн боловч тушаалд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан учраас тэр тушаалд өөрчлөлт оруулаад Газар зүй хариуцсан мэргэжилтнээр томилсон. Тэр хоорондын цалингийн зөрүү гараад байгаа.

Өөрөө шүүхийн шийдвэрээр ажил албан тушаалдаа орно гээд ажлаа хийхгүй яваад байсан. Ажлаа хийхгүй яваад байгаа хүнд сул цалин олгоно гэдэг хууль байхгүй. Тийм болохоор зөвхөн дээд шатны газраас энэ хүн ажлаа хийж чадахгүй байна, энэ албан тушаалд тэнцэхгүй байна, төрийн албаны ёс зүй зөрчиж байна, ажлын байранд архи ууж байна, ажил тасалж байна гэсэн шаардлага тавьсан болохоор албан тушаал бууруулсан шийдвэр гарсан. Энэ хүнээс өөрөөс нь хамаарсан зүйл. Цалингийн зөрүүг олгож болно. Сүүлд ажил таслаад явсан байхад нь ажилгүй байсан хугацааны цалин өгөх боломжгүй. Манайд хамаагүй болсон хойноо нийгмийн даатгал төлсөн нь хувь хүнтэй холбоотой асуудал. Ийм асуудлыг энд оруулах нь зүй зохисгүй зүйл байна гэж үзэж байна гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 133/ШШ2020/00052 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Боловсрол соёл урлагийн газраас ажил албан тушаал бууруулсан 238 хоногийн албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүүнд 3 754 688 /гурван сая долоон зуун тавин дөрвөн мянга зургаан зуун наян найман/ төгрөг, ажилгүй байсан хугацаа 221 хоногийн олговорт 8 648 393 /найман сая зургаан зуун дөчин найман мянга гурван зуун ерөн гурван/ төгрөг, нийт 12 403 081 /арван хоёр сая дөрвөн зуун гурван мянга наян нэгэн/ төгрөгийг гаргуулан Жалайр овогт Даваагийн Амгаланд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Д.Агийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Боловсрол соёл урлагийн газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Боловсрол соёл урлагийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 213 399 /хоёр зуун арван гурван мянга гурван зуун ерөн есөн/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 215/МА2020/00009 дүгээр магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 133/ШШ2020/00052 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213 299 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус иргэний хэргийг хянан хэлэлцээд 2020 оны 01-р сарын 15-ны өдрийн 133/ШШ2020/00052 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 02-р сарын 21-ний өдрийн 215/МА2020/00009 дугаартай магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Даваагийн Амгалан нь Брын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхад нь тус газрын даргын 2018 оны 04-р сарын 02-ны өдрийн Б/13 дугаартай тушаалаар ямар ажил албан тушаал хийх нь тодорхойгүй байдлаар үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсантай холбоотойгоор Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад буюу 2019 оны 02-р сарын 28-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар дээрх тушаалаа хүчингүй болгож Д.Аг Газарзүйн боловсрол хариуцсан мэргэжилтнээр томилсон боловч ажлыг нь мөн хийлгэхгүй, цагийг нь бүртгэхгүй байсантай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тушаал шийдвэр гаргаагүй атлаа ажиллуулахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгосон шийдвэрийг 2019 оны 02-р сарын 27-ний өдрийн 05 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн дааж заалдах шатны шүүхийн 2019 оны 04-р сарын 10-ний өдрийн магадлалаар тус тус тогтоож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч хяналтын гомдол гаргасан боловч УДШ-ийн Захиргааны хэргийн хяналтын шатнаас гомдлыг хүлээж авахаас татгалзсан шийдвэр ирснээр цалинтай холбоотой нэхэмжлэлээ иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан болно.

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 133/ШШ2020/00052 дугаартай шийдвэрээр хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн боловсрол соёл урлагийн газраас ажил албан тушаал бууруулсан 238 хоногийн албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүүнд 3 754 688 төгрөг, ажилгүй байсан хугацаа 221 хоногийн олговор 8 648 081 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Гэтэл Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Д.Аг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн 2020 оны 01-р сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар ажилд нь томилсон нь тогтоогдож байгаа бөгөөд магадлалд дурдсан тушаал нь захиргааны хэргийн маргаан шүүхээр шийдэгдэж дуусаагүй байхад хяналтын журмаар гомдол гаргахдаа хавсаргаж явуулсан боловч Д.Ад албан ёсоор гардуулаагүй танилцуулаагүй, ажилгүй байсан хугацаанд гаргасан тушаал бөгөөд хэрэг нэгэнт шийдэгдсэн хойно гаргаж өгсөн, иргэний хэрэгт нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй, хэрэгт хамааралгүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлж Захиргааны хэргийн шүүхийн эрх хэмжээнд халдаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн 2020 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн 133/ШШ2020/00052 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 215/МА2020/00009 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.А Бт холбогдуулан албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүү, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч цалингийн зөрүү мөнгийг зөвшөөрч, олговрыг олгохгүй гэж татгалзжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гарснаас хойш ажилтан ажлаа хийгээгүй, ажил тасалсан гэх ажил олгогчийн тайлбар, нөгөө талаас ажил хийх боломжоор хангаагүй гэх ажилтны тайлбар тодорхойгүй, байхад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй атлаа хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй...” гэжээ.

Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Д.Аг Бт ахлах менежерээр ажиллаж байхад нь хариуцагч байгууллагын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 тушаалаар архи ууж, ажил тасалсан үндэслэлээр тушаал бууруулж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, энэ шийдвэрт гаргасан гомдлыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0005 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосныг давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0275 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сард ажилд томилсон үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 01-нээс ажилд орсон 2020 оны 01 дүгээр сар хүртэлх ажилгүй байсан хугацааны  цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шаардлага гаргасныг ажил олгогч эс зөвшөөрч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш удаа дараа дуудсан боловч ажилтан ажилдаа ирээгүй, ажил тасалсан тул 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажилтныг ажлаас нь чөлөөлсөн, сүүлд дахиж архи уухгүй, ёс зүйн зөрчил гаргахгүй, ажлаа гүйцэтгэмээр байна гэж удаа дараа хүсэлт гаргасныг үндэслэн ажилд томилсон тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохгүй гэж маргажээ.

Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хэдийд хүчин төгөлдөр болсон, ажил олгогч ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхийг хэрхэн мэдэгдсэн болох, ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг ажилтан шаардсан, шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан эсэх тодорхойгүй байх бөгөөд хэрэгт ажилтныг ажлаас чөлөөлсөн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/21, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/42 дугаартай тушаалууд, ажилд томилсон 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/30 дугаартай тушаал тус тус авагдсан байх бөгөөд эдгээр тушаалуудын үндэслэл, шалтгаан болон дээрх тушаалуудыг ажилтан мэдсэн, эсхүл түүнд мэдэгдсэн эсэх талаар шүүх тодруулаагүй, ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүйд хэн буруутай талаар хэрэгт баримтгүй, энэ талаар анхан шатны шүүх хуралдаанаар зохигч мэтгэлцээгүй тул үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй байтал анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй  хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт цугларсан баримтад үндэслэн өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 215/МА2020/00009 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                            ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД