Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 00093

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч Б.Батбаяр

Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат, О.Цэрэнпунцаг

Шүүгдэгч Д.Гансүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул,

Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гансүхэд холбогдох 201614000409 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Увс аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний авто тээврийн байгууллагад жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 16-12 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Мялцог овогт Дашзэвгийн Гансүх /РД: ОЮ90022610/

Шүүгдэгч Д.Гансүх нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт “Оникс” баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Батбаярыг урьдын таарамжгүй харилцааны улмаас өс санан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Д.Гансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 10-ны орой ажлаасаа бууж ирээд хамт олноороо “Оникс” бааранд очсон.Тэнд Эрдэнэбулган, Батбаяр нар байсан. Хохирогч бид 2 урьд болж байсан асуудлаа яриад  маргалдсан нь үнэн. Намайг угаалгын өрөө ороод гараад ирэхэд манайхан гарчихсан байсан.Тэгээд намайг баарнаас гарахад Батбаяр чи миний хөлийг өшиглөчихлөө гэсэн. Би өшиглөөгүй, харин Батбаярын шанаанд нь цохисон нь үнэн. Хохирогчид хохиролд 7.188.000 төгрөг төлсөн. Ониксийн гаднаас хохирогч хөлөө бариад яваад байсан. Миний буруу бий. Лофтийн гадаа би хохирогчийг цохиж унагаасан нь үнэн гэсэн мэдүүлэг,

        - Хохирогч Б.Батбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  2016 оны 08 дугаар сарын 10-нд “Оникс” бааранд найзуудтайгаа орсон. Гансүх ирээд хэсэг сууж байснаа урьдын таарамжгүй харьцааг яриад байхаар нь би энэ тухай ярихгүй, тэр асуудал дууссан гээд салцгаасан. Тэгээд хэсэг сууж байгаад Эрдэнэжаргал ах нилээд согтсон тул түүнийг хүргэж өгөхөөр баарнаас гараад иртэл Гансүх араас ирээд хөл рүү өшиглөсөн. Эргээд хартал миний ард Гансүх байсан. Би хөлөө бариад доошоо суухад намайг өшиглөөд байсан. Тэгээд намайг чирээд “Лофт” баарны гадаа аваачаад зодсон,  2 таньдаг залуу ирээд бид хоёрыг салгасан. Зодож байхдаа чи надаас мөнгө авдаг хэн бэ? дахиж авах уу? чи гээд байсан. Оникс, Лофт 2 нь зэргэлдээ баар юм. Ониксоос гараад иртэл араас ирээд хөл рүү өшиглөсөн. Өөр хүн намайг зодож өшиглөөгүй. Одоо эмчилгээний зардал 949 080 төгрөг, цалингийн зөрүү 6 473 359 төгрөг, хагалгааны төлбөр 5 250 000 төгрөг зэргийг нэхэмжилж байна. Шүүгдэгчээс 7 188 000 төгрөг авсан. Гомдолтой байна. Цаашид давтан үзлэгт орох ёстой, урьдын гэмтэл бүрэн эдгэрсэн. 2013 оны гэмтэл маань бүрэн эдгэрээд. 2015, 2016 онд улсын чанартай тэмцээнд орж байсан гэсэн мэдүүлэг,

-Гэрч О.Бямбагэрэлийн: ”Оникс” баарны гадаа очиход нэг хүн газар хэвтчихсэн байсан. Нөгөө хүн нь Батбаярын дээрээс өшиглөж байсан. Батбаярыг урьд нь хөл бөмбөгийн багт тоглож байсан гэдгээр нь танина. Лофт баарны гадаа нэг хүнийг чирээд байсан яваад очиход газар хэвтэж байсан хүн нь Батбаяр байсан.  Батбаярын нүүр ам руу нь цохиж байсан. Батбаяр өвдгөө барьчихсан хэвтэж байхад нь хөл хавьцаа нь өшиглөж байсан. Энэ байдлыг 5-6 метрийн зайнд харсан.  Лофт баарны гадаа зууралдаж байгаад өшиглөөд унагаасан гэсэн мэдүүлэг,

-Гэрч Б.Болд-Эрдэний: ”Оникс” бааранд 21 цагийн үед ороод 30-аад минут суучихаад гэгээ тасарсан байхад гарч тамхи татсан. Тэгэхэд Гансүх нэг хүнтэй зодолдож байсан. Тэр зодолдож байсан хүн нь Гансүхээс өндөрдүү залуу байсан. Би буцаж ороод хэсэг хугацааны дараа гарч ирэхэд Гансүх нь Батбаяртай зодолдож байсан. Зодолдох ч гэж дээ Батбаяр газар хөлөө бариад суучихсан, энэ үед Гансүх дайраад байсан. Тэгээд би очиж салгасан. Тэгэхэд энэ шүүгдэгч гэх хүн бидэн лүү дайрсан. Бид нарыг очихоос өмнө салгачихаар хүн байгаагүй. Бид нарыг баар руу ороход Батбаяр, Гансүх нар зөрөөд гарч байсан. Нэг газар ажилладаг болохоор зүс танина.  Энэ Гансүх гэдэг хүний эхнэр хажууд нь байсан. Намайг салгаж байх үед Батбаярын нүүр лүү нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг,

-Гэрч Л.Дөлгөөний:  Би шүүгдэгч болон гэрч нарыг танихгүй. Би “Лофт” баарны хамгаалагчаар ажиллаж байсан. Тэр үед 22 цаг өнгөрч байсан. Гадагш гараад тамхи татаад зогсож байхад баарны зүүн урд байсан хоёр машины ойролцоо 2 залуу зодолдсон. Гансүх гэх залуу энэ хохирогч гэх залууг цохиж унагаад цээж хэвлий хэсэг рүү нь цохиж байгаа харагдсан. Би наад хүмүүсээ салгаач гэж хэлсэн. Би хохирогчийн царайг хараад санаж байна. Шүүгдэгч гэх залуу хохирогчийн нүүр рүү шууд цохиод авсан. Харин хохирогч залуу нь зөрүүлж цохиогүй. Унахаар нь цээж хэвлий хэсэг рүү нь цохих шиг болсон. Энэ хоёрын дундуур нэг банди орж ирээд салгаж байгаа харагдсан. Тэр салгасан хүн лүү шүүгдэгч дайрч байгаа харагдсан.  Тэгээд би наад зодооноо хол очоод хийгээрэй гээд буцаад орсон гэсэн мэдүүлэг,

- Шинжээч эмч М.Энхбаярын:  MRI шинжилгээний хариу, хагалгаа хийлгэсэн өвчний түүх зэргийг үндэслэж дүгнэлтээ гаргасан. Хохирогчийн урьд нь гэмтэл авч байсан талаарх баримттай танилцсан. Харин одоогийн гэмтлийг буюу чагтан холбоосны урагдлыг шинээр урагдсан байна гэж үзсэн. MRI шинжилгээнээс гадна мэс засал хийж нээж харсан хүний буюу мэс засалчийн тэмдэглэлийг үндэслэсэн. MRI, компьютер зэрэгт харагдаагүй байх боломжтой. Эвгүй гишгэж унах тохиолдолд чагтан холбоосны урагдал үүсч болно. Чагтан холбоосны гэмтлийг оношлох зорилгоор хагалгаа хийгээгүй байх. Эмч оношлоод эмчлэх зорилгоор хийсэн байх. Мэс заслын тэмдэглэлийг бид уншдаг. Урьдны дүгнэлтийн хувьд чагтан холбоосны урагдалт оношлогдоогүй байсан байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг,

 

-Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн: 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаагчийн тогтоолоор БОЭТ-ийн эмч Сандуй, Балдорж нарын бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг гаргахдаа хүнээ үзсэн, урьд гаргасан дүгнэлт, компьютер томографийн шинжилгээ, мөн Монгол Хьюндай эмнэлгийн үзлэгийн хуудас зэргийг үзэж дүгнэлтээ гаргасан. Чагтан холбоосны урагдлыг MRI шинжилгээгээр оношлоно. Компюьтер томографийн шинжилгээгээр зөөлөн эдийн гэмтэл муу гардаг, ясны гэмтэл сайн гардаг. Хүний өвдөгний үенд цор ганц тулгуур үе байдаг. Дунд чөмөгний доод хэсэг, шилбэний яс, тойг яснаас бүрдэж нийлэхдээ урд хойноо чагтан холбоосоор холбогдож дунд нь хагас сар хэлбэрийн зөөлөн эд шингэж байж хөдөлдөг. Гэмтсэнээс болж үрэвсэж хавагнадаг. Хавагнаад ирэхээр амархан гэмтдэг. Чагтан холбоос тасарвал хооронд нь нийлүүлж болдоггүй болохоор булчингийн гадуур байгаа эдээс авч холбож мэс засал хийдэг.  Мэс заслын үед жийргэвч салбайсан болж болно. Тэгэхээр бид энэ гэмтэл нь урьдны гэмтэл гэж дүгнэсэн. Урьдны гэмтлээс үүдэлтэй архаг үрэвсэлтэй байсан байна. Жийргэвч нь урагдсан сэмэрсэн байж болно гэж үзсэн. Хэрвээ гэмтлийн гаралтай үүссэн бол цус хурсан байх ёстой. Миний хувьд энэ гэмтэл зодооноос үүссэн гэж үзээгүй. Хохирогчийг архаг үрэвсэлтэй байсан байна гэж үзсэн гэсэн мэдүүлэг,

-Гэрч Ц.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Оникс баарны гадна нэг залуу нэг залуугийн араас өшиглөөд унагаж байсан. Тэр зодоод байсан залуу нь нэгнийгээ зодоод дэсвээд дээрээс нь нүүр лүү цохиод хөл дээр нь дэвсээд байсан гэсэн мэдүүлэг /хх 14 ху/,

-Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Оникс баарны гадаа очиход Батбаяр ах газар уначихсан уйлаад байхаар нь яасан бэ гэхэд хөл рүү өшиглөчихлөө гээд уйлаад байсан. Батбаяр ахын цаана манай ажлын Гансүх эхнэртэйгээ зогсож байсан. Би Гансүх рүү очоод яагаад зодож байгаа юм бэ хамт ажилладаг байж очиж уучлалт гуй гэхэд бараг намайг зодчих гээд томроод байсан. Тэгээд Батбаяр ах хөл дээрээ зогсож чадахгүй байсан тул эмнэлэг хүргэж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 100 ху/,

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 627 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Батбаярын биед зүүн талын хэнгэргэн хальсны цооролт, хамрын таславчын муруйлт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, цээж, зүүн бугалганд зулгаралт үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Дээрхи гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

6. Зүүн талын хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй байна. Хамрын таславч муруйлт нь хуучин гэмтэл, бусад гэмтлүүд нь шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт.

7. Монгол Хьюндай эмнэлгийн эмчийн үзлэгт зүүн өвдөгний үений үрэвсэл, цусан хуруу, зүүн өвдөгний үений дотор холбоосын урагдал гэсэн байх ба 2016.08.12-ны өдрийн мөчдийн КТГ-д /өвдөгний үе/, 2016.08.18-ний өдрийн зүүн өвдөгний үений MRI –н шинжилгээнд зүүн өвдөгний үений үрэвсэл оношлогдсон ба зүүн өвдөгний үений цусан хураа, болон зүүн өвдөгний үений дотор холбоосын урагдал нь оношлогдоогүй байна. Иймд зүүн өвдөгний үенд шинээр гэмтэл тогтоогдсонгүй ба хуучин гэмтлийн архаг өөрчлөлтүүд байна гэсэн дүгнэлт /хх 21-22 ху/,

         -Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 678 дугаартай дүгнэлтэнд:

        1. 4. 5. 8. Хохирогч Б.Батбаярын зүүн өвдөгний үенд үүссэн гэмтэл нь хуучин гэмтэл байна.

      2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

   3. Шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2016 оны 08 сарын 23-ны өдрийн 627 тоот дүгнэлт үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 30 ху/

        -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1401 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. 2. 3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 627 дугаар дүгнэлт, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн бүрэлдэхүүнтэй 678 дугаар дүгнэлтүүд тухайн үедээ үндэслэлтэй байна.

4. 5. Б.Батбаярын биед зүүн өвдөгний миниск, урд чагтан холбоосны урагдал /монгол хьюндай эмнэлгийн 2016 оны 10 дугаар сарын 16-ны зүүн өвдөгний дотор миниск, урд чагтан холбоосын урагдалыг оёсон мэс заслын тэмдэглэл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтэл нь 2016 оны 08 дугаар сарын 10-нд үүссэн шинэ гэмтэл байна. Б.Батбаяр нь 2013 онд зүүн өвдөгний чагтан холбоосын тасрал оношоор мэс заслын эмчилгээ хийлгэсэн байна гэсэн дүгнэлт /хх 89-91 ху/,

         -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42 ху/

        -Д.Гансүхийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 112-118 ху/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул  энэ хэрэгт хамааралтай, үнэн зөвд тооцож шийгэх тогтоолын үндэслэл болгосон болно.

          Шүүгдэгч Д.Гансүх нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт “Оникс” баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Батбаярыг урьдын таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид  хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Б.Батбаярын “...2016 оны 08 дугаар сарын 10-нд “Оникс” бааранд найзуудтайгаа орсон. Гансүх ирээд хэсэг сууж байснаа урьдын таарамжгүй харьцааг яриад байхаар нь би энэ тухай ярихгүй, тэр асуудал дууссан гээд салцгаасан. Тэгээд хэсэг сууж байгаад Эрдэнэжаргал ах нилээд согтсон тул түүнийг хүргэж өгөхөөр баарнаас гараад иртэл Гансүх араас ирээд хөл рүү өшиглөсөн. Эргээд хартал миний ард Гансүх байсан. Би хөлөө бариад доош суухад намайг өшиглөөд байсан. Тэр үед Гансүхээс өөр хүн байгаагүй. Тэгээд намайг чирч гулдраад Лофт баарны гадаа зодсон.” гэсэн, гэрч О.Бямбагэрэл, Б.Болд-Эрдэнэ, Л.Дөлгөөн, Ц.Алтангэрэл /хх 14 ху/, Б.Мөнх-Эрдэнэ /хх 100 ху/ нарын болон шинжээч эмч М.Энхбаяр, Ж.Гэрэлмаа нарын мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ц.Алтангэрэл /хх 14 ху/, Б.Мөнх-Эрдэнэ /хх 100 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, цээж, зүүн бугалганд зулгаралт гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн 267 тоот дүгнэлт /хх 21-22 ху/, мөн зүүн өвдөгний миниск, урд чагтан холбоосны урагдал гэмтэл үүссэнийг тогтоосон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1401 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх 89-91 ху/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Гансүх шүүхийн хэлэлцүүлэгт “2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажлынхантайгаа “Оникс” бааранд очсон. Очиход Эрдэнэбулган Батбаяр нар байсан. Бид архи ууцгаасан. Гаднаас бага зэрэг халаалттай орсон. Тэгээд босож угаалгын өрөө орчихоод гараад ирэхэд манайхан гарчихсан байсан. Намайг баарнаас гарахад Батбаяр чи миний хөлийг өшиглөчихлөө гэсэн.  Бид 3 шил архи уусан. Тэгээд урьд болж байсан асуудлаа яриад муудалцсан. Би Батбаярыг шанаанд нь цохисон хөл рүү нь өшиглөөгүй  гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх буюу хэргийн болон өөрийнхөө гэм буруутайг нотолж мэдүүлэх үүрэггүй бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг гэрч О.Бямбагэрэл, Б.Болд-Эрдэнэ, Л.Дөлгөөн нарын мэдүүлэгээр няцаагдаж байна.

  Хохирогчид учирсан гэмтлийн хувьд шинжээчийн 627, 678, 1401 дугаартай дүгнэлтүүд гарсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, мөн шинжээч эмч нарын дүгнэлт, тайлбар зэргээс үзэхэд хохирогчид учирсан зүүн өвдөгний миниск, урд чагтан холбоосны урагдал гэмтлийг шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.

       Иймд шүүгдэгч Д.Гансүхэд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Гансүхэд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоосоо 7.188.000 төгрөг төлсөн,үйлддсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, албадан ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Б.Батбаяр нь эмчилгээний төлбөр,замын зардал бүгд 949.080 төгрөг, хагалгааны төлбөр 5.250.000 төгрөг, цалингийн зөрүү 6.473.359 төгрөг нийт 12.672,439 төгрөг нэхэмжилсэнээс эмчилгээ, замын зардал баримтаар бүгд 928.880 төгрөг, хавтаст хэргийн 164 дүгээр талд авагдсан хагалгааны төлбөр 5.250.000 төгрөг, цалингийн зөрүү / 3,059,581 х 3= 9,178,743 төгрөгнөөс эмнэлгийн хуудсаар авсан 3,550,345 төгрөгийг хасаж 5,628,398 төгрөг олгохоос хохирогч 9-р сард 86957 төгрөг, 10-р сард 192000 төгрөгийн цалин авсан тухай түүний НДД-т бичигдсэн байгааг,мөн хохирогч шүүгдэгчээс хандивт авсан 30,000 төгрөгөө хасуулах хүсэл гаргасан зэргийг хасаж / 5,319,441 төгрөг нийт 11,498,321 төгрөг төлөхөөс 7,188,000 төгрөгийг шүүгдэгч хохирогчид төлсөн байна.Иймд шүүгдэгч Д.Гансүхээс 4,310,321 төгрөг гаргуулан хохирогч Б.Батбаярт олгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

   Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296,  297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                    ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч Мялцог овогт Дашзэгвийн Гансүхийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай   учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Д.Гансүхийг  251 /хоёр зуун тавин нэг/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

       3. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч Д.Гансүх нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг анхааруулсугай.

           5. Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Гансүхээс 4 310 321 төгрөг гаргуулан хохирогч Б.Батбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,362,118 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

          6. Хохирогч Б.Батбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

          7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гансүхэд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.