Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 000041

 

Д.Гансүхэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                    Хэргийн индекс 142/2017/0001/Э

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Б.Бүжинлхам

            Шүүгдэгч                                           Д.Гансүх

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                О.Сарантуул

            Хохирогчийн өмгөөлөгч                Х.Оюунбат, О.Цэрэнпунцаг

            Нарийн бичгийн дарга                   Ө.Есүхэй нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолтой Д.Гансүхэд холбогдох, 201614000409 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.Батбаярын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Увс аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д белазын жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 16-12 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ОЮ90022610 регистрийн дугаартай, Мялцог овогт Дашзэгвийн Гансүх.

 

Шүүгдэгч Д.Гансүх нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт “Оникс” баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Батбаярыг урьдын таарамжгүй харилцааны улмаас өс санан зодож бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Мялцог овогт Дашзэгвийн Гансүхийг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1.д зааснаар шүүгдэгч Д.Гансүхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Д.Гансүхэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдаж,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар хохирогч Б.Батбаярын нэхэмжлэлээс 500.000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  11.768.359 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4.т тус тус зааснаар шүүгдэгч Д.Гансүхэд оногдуулсан 2 жилийн хорих ял тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гансүхэд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.Батбаяр давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх нь хохирлын талаарх нотлох баримтгүй гэх үндэслэлээр миний хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан атлаа яагаад нотлох баримтгүй гэж үзээд байгаа нь тодорхойгүй. Учир нь хагалгаа хийлгэсэн байгууллагад төлбөр төлсөн баримтаа шүүхэд эх хувиар нь гаргаж өгсөн. Мөн цалингийн тодорхойлолт, сарын дундаж цалинг тодорхойлсон байгууллагын тодорхойлолт зэрэг баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан. Гэтэл шүүх үүнийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

 

Өмгөөлөгч О.Сарантуул нь миний гэмтлийг үгүйсгэсэн байр суурьтай өмгөөлөл явуулахдаа миний хувийн амьдрал руу хэт дайрч байсан. Чи ахуйн осолд орсон гэж бичсэн нь гэмтэл авсныг эргэлзээтэй байдалд хүргэж байна гэх асуудлыг хэлж байсан. Тухайн эмчилгээнд зориулж байгууллагаас хандив авахдаа Гансүх болон бусад ажилчид хамт явж байсан нь тэднийг ажилгүй болгох хэмжээний асуудал болох болов уу гэж бодсондоо тэгэж бичиж хандив авснаа тайлбарласаар байхад машинаа зараад эмчилгээ хийлгэж болох байсан заавал хандив гуйхгүйгээр болох байсан. Машинаа зараад эмчилгээ хийлгэхгүй яасан юм гэх зэргээр хувийн байдалд халдсан. Энэ нь намайг машинтай юу эд хөрөнгөтэй юу түүнийгээ зараад эмчилгээ хийлгэх ёстой байсан гэж ойлгогдохоор дайрсан үг хэлсэнд гомдолтой байсан.

 

 

Миний зүүн хөлний чагтан холбоос гэмтэхдээ урагдал, сэмрэл үүссэн байсан учраас түүнийг эмчлэхгүй удааширвал хөлгүй болох магадлалтай байсан. Энэ талаар эмч нар хэлсэн учраас яаралтай хагалгаанд орж урагдал нь томорч гэмтлийн хүндрэл бий болохоос сэргийлж эмчилгээ хийлгүүлэх шаардлага гарч байсан тэр хэцүү үед Гансүхэд хандахад туслаагүй. Иймээс яаралтай хагалгаа хийлгэх шаардлагын дагуу бусдаас хандив гуйж эмчилгээ хийлгүүлснийг буруутгасан. Би 2013 онд хагалгаанд орж бүрэн эдгэснээ нотолсон бөгөөд уг эмчилгээ нь 2013 ондоо бүрэн эдгэж, ажлаа хэвийн эрхэлж, дуртай спортоороо хичээллэж улс аймаг байгууллагын нэрэмжит тэмцээнд амжилттай оролцож медалиуд авч байсан.

 

Би эмчилгээ хийлгүүлэхийн тул ямар аргаар мөнгө олж эмчилгээгээ хийлгүүлсэн нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байгаа бөгөөд эмчилгээний зардал, цалингийн зөрүүг буруутай этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Удаа дараа Гансүхээс эмчилгээний мөнгийг бүрдүүлж өгөхийг шаардахад нэг ч төгрөг өгөхгүй байсан атлаа өгөөгүй шалтгаанд намайг буруутгасан үгийг шүүх хуралдаан дээр хэлсэн. Гэм буруугаа гэмшихгүй, хохирол төлбөрийг маань барагдуулаагүй атлаа шүүхээс ялыг тэнсэн харгалзсаныг нь би буруутгаагүй. Гансүх бид хоёр нэг байгууллагад ажилладаг бөгөөд түүний ялыг биечлэн эдлүүлэх гэсэн санаа зорилго байхгүй. Гагцхүү нэхэмжилсэн эмчилгээний зардал болох 5.250.000 төгрөг, цалингийн зөрүү 6.473.359 төгрөгийг баримтаар нотлогдож байхад гаргаагүйд гомдолтой байна. Иймд ... шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж хохирол болох 11.768.359 төгрөгийг Гансүхээс гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинлхам дүгнэлтдээ:

 

“... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судалж үзэхэд

 

Ц.Гансүх нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Оникс” баарны гадаа хувийн таарамжгүй байдлын улмаас хохирогч Б.Батбаяртай маргалдаж, улмаар түүний өшиглөх цохих зэргээр зодож “...зүүн өвдөгний дотор миниск, урд чагтан холбоосын урагдал бүхий...” хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

 

Хохирогч Б.Батбаяр нь “...нотлох баримтгүй гэж үзээд байгаа нь тодорхойгүй... эмчилгээний зардал болох 5.250.000 төгрөг, цалингийн зөрүү 6.473.359 төгрөгийг баримтаар нотлогдож байхад гаргаагүй...” гэх давж заалдах гомдол гаргажээ.

 

Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй бөгөөд хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.т заасныг шүүх хэрэглэж болох боловч хохирогчийн хагалгаа хийлгэсэн төлбөрийн холбогдох баримтыг хэрэгт нотлох баримтаар авагдсан атал нотлох баримтыг үнэлэлгүй нотлох баримтгүй, нотлох баримт нь хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж хохирогчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Гансүх нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэж түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзсан нь учир дутагдалтай байна.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан талаар хохирогч гомдолтой байхад шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзсан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

 

Хохирогчийн “цалин хөлсний зөрүү 6.473.359 төгрөгийг гаргуулах тухай” давж заалдах гомдлын тухайд Б.Батбаярын цалингийн хуудас /хх-н 51-53-р хуудас/ болон “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хх-н 169-р хуудас/, цалингийн тодорхойлолт /хх-н 170-р хуудас/ зэргээс үзвэл түүний нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ нь зөрүүтэй тогтоогджээ.

 

Иймд хохирогч Б.Батбаярын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.3, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хохирогч Б.Батбаярын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Гансүхэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

3.Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЦЭЦЭГМАА                                                                                                                                                                                                                                         

 

 

                        ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ        

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР