Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2016/0915/з |
Дугаар | 221/МА2017/0038 |
Огноо | 2017-01-05 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2017/0038
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Н.*******н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 970 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, М.*******ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 970 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16, 117 дугаар зүйлийн 117.1, 117.2, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож, М.*******ыг Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд оруулахыг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нэг. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх хууль зүйн үндэслэлийн талаар.
1.1. Шүүх Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Шүүх Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч М.*******ыг Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг цагдаа, шүүхээс тогтоогоогүй байхад Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо түүнийг нэрийн жагсаалтаас хасах тухай тогтоолыг гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасантай нийцэхгүй байна гэж холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйл нь "Зөрчил шалгах", 118 дугаар зүйл нь шалгасан зөрчлийг шийдвэрлэх асуудлыг зохицуулжээ.
Дээрх зохицуулалтаас үзэхэд зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаад хариуцлагыг Захиргааны зөрчлийн хуулиар ногдуулахаар заажээ. Захиргааны зөрчлийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлнэ. Иймд Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт "сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоогдсон" гэдгийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгоно" гэсэн заалт нь энэ хуулийн 117, 118 дугаар зүйл, хэсэгт хамааралтай гэж болохыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
1.2. Дүүргийн Сонгуулийн хороонд хуулиар олгогдсон бүрэн эрхийн тухайд: Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-д зааснаар сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчдийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах, энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгох эрхтэй байна. Иймд нэр дэвшигч М.*******ыг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл нь сонгогчдын санал татах зорилгоор сонгогчдод нэр дэвшигч мөнгө тараах ажлыг санаачлан зохион байгуулсан, мөнгөн хөрөнгө гарган санхүүжүүлсэн, тараасан үйл баримт болно. Үүнийг заавал шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхыг хуулиар шаардаагүй нь нутгийн өөрөө удирдах байгууллагад олгосон эрх хэмжээний асуудал юм. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нэр дэвшигч М.*******ын талаарх гомдлыг хянан үзээд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16-д заасныг зөрчиж, сонгогчдын санал татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон гэж үзэж, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахдаа Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь заалтыг зөрчөөгүй байна.
Гэтэл захиргааны хэргийн шүүх дүүргийн Сонгуулийн хороонд ийм эрх байхгүй, зөрчлийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэсэн байх ёстой гэж үзсэнээрээ 2017 оны 07 сарын 01-ээс хойш аливаа зөрчилд хариуцлага тооцохоор болж байгаа нь 2016 онд явагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч иргэдийн саналыг татах зорилгоор хууль зөрчвөл хариуцлага хүлээхгүй гэсэнтэй агаар нэг шийдвэр гаргасан гэж үзнэ.
Нөгөөтэйгүүр Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн талаар заавал шүүхийн шийдвэр гарсан буюу тогтоогдсон байхыг шаардсан харин, ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийн нэрийг хасах эсэхийг шийдвэрлэхдээ тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах эрх олгосон ялгамжтай зохицуулалтыг шүүх анхаарч, зөв тайлбарлан хэрэглэсэнгүй.
Хоёр. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй талаар.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг нотлох баримтад хамаарагдаж байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан видео бичлэг бүхий СД нь нэр дэвшигч М.*******ын сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан, ухуулагч болон дэмжигч иргэдээр дамжуулан мөнгө тараах ажлыг зохион байгуулалттай явуулж буй үйл баримтыг үнэлж, зөрчлийн хэлбэр, агуулгад дүгнэлт хийх эрх шүүхэд байгаа. Гэтэл шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасны дагуу өөрөө хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, бусдаас нотлох баримт гаргуулахыг шаардах эрхээ хэрэгжүүлсэнгүй.
Шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсгийн агуулгаас үзэхэд захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргахын тулд дахин дүүргийн анхан шатны эрүүгийн шүүхийн шийдвэр гаргасан байхыг шаарджээ. Энэ нь захиргааны хэргийн шүүх өөрийн хийх ёстой ажлаа хийхгүйгээр өөр шүүхийн шийдвэрийг үндэслэж, Сонгуулийн хороо зөв шийдвэр гаргасан эсэхийг дүгнэнэ гэсэн агуулга бүхий дүгнэлт хийснийг буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргахын тулд Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн нэрийг хассантай холбогдох асуудлыг ерөнхий харьяаллын шүүх шийдвэрлэсэн байхыг шаардаж буйтай адил агуулгатай болжээ.
Үүнээс үзвэл, Захиргааны хэргийн шүүхийн үүрэг тодорхойгүй болж, хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4, 159 дүгээр зүйл 159.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж байна.
Дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 970 дугаар шийдвэр, нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 57 дугаар тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч М.******* нь “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-д зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд М.*******ыг оруулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдлийг шалган тогтоох эрх сонгуулийн байгууллагад олгогдоогүй..., хэний гаргасан гомдлоор, ямар баримтыг үндэслэн намайг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзсэн нь тодорхойгүй...” гэж тайлбарлан маргажээ.
Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь дээрх маргаан бүхий актаар Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16, 159 дүгээр зүйлийн 159.3-д заасныг тус тус баримтлан “сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч М.*******ыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс нэр дэвшигч М.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгосныг Сонгуулийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Учир нь Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг”, Сонгуулийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д “Энэ хуульд заасан захиргааны зөрчил гарсан талаар аливаа этгээд тухайн орон нутаг дахь цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргана”, 116.2-т “Энэ хуульд заасан захиргааны зөрчил гарсан талаар аливаа этгээд сум, сум дундын шүүх, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид шууд гомдол, мэдээлэл гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд зөрчлийн талаарх үйл баримт, нотлох баримтыг хавсаргана”, 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана” гэж тус тус зааснаас үзэхэд Сонгуулийн тухай хуульд заасан зөрчил гарсан тохиолдолд зөрчлийг цагдаагийн байгууллага харьяалан шалгаж, улмаар эрүүгийн хэргийн шүүх сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг эцэслэн тогтоох юм.
Гэтэл нэр дэвшигч М.******* нь сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулж, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16-д заасан зөрчил гаргасан эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүх эцэслэн тогтоож шийдвэрлээгүй байхад хариуцагч түүнийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс нэр дэвшигч М.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасныг 117, 118 дугаар зүйл, хэсэгт хамааралтай гэж шүүх буруу тайлбарласан, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн талаар заавал шүүхийн шийдвэр гарсан буюу тогтоогдсон байхыг шаардсан, харин ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуулийн тухайд сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах эрх олгосон ялгамжтай зохицуулалтыг шүүх анхаарч, зөв хэрэглэсэнгүй..., хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, нотлох баримтыг цуглуулах, бусдаас нотлох баримт гаргуулахыг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй...” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
Сонгуулийн тухай хуулийн Нэгдүгээр хэсэг нь нийтлэг харилцааг зохицуулсан ерөнхий үндэслэлүүдээс бүрдсэн байх бөгөөд энэ хэсэгт заасан зохицуулалтууд нь Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн сонгуулийн алинд ч хэрэглэгдэх учиртай. Түүнчлэн захиргааны хэргийн шүүх Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан захиргааны зөрчлийг баримтжуулахаар нотлох баримт цуглуулах эрх хэмжээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож, М.*******ыг Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд оруулахыг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Харин хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосныг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН