Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 135/2022/01371/И |
Дугаар | 001/ХТ2023/00124 |
Огноо | 2023-06-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2023 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2023/00124
Д.Б-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1715 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 209/МА2023/00016 дугаар магадлалтай,
Д.Б-н нэхэмжлэлтэй
А.Э-т холбогдох
Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч А.Э-н гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагчийн өмгөөлөгч Э.Амархүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Д.Б нь А.Э-т холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1715 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан ... аймаг, ... сум, ... дүгээр баг, ... дугаар хороолол, ... байрны ... тоот, орон сууцны зориулалттай, 0000 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч А.Э болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхийн ... тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.
3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 209/МА2023/00016 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1715 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Э-н давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч А.Э-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг ТС орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч А.Э хяналтын гомдолдоо: ...шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн магадлалыг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Гомдлын үндэслэл: 1. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь зохицуулалтыг хуулийн агуулгаас зөрүүтэй хэрэглэж, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь тул энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. А.Э миний бие ... аймаг, ... сумын ... баг, ... хороолол, ... байрны ... тоот орон сууцыг “ЛИ” ХХК-тай 2014.11.24-ний өдөр ... дугаартай ... өрөө ... м2 Орон сууцыг ... м2 үнийг 1,000,000, ... м2 талбайг 1,350,000 төгрөгөөр тооцон нийт 74,526,000 төгрөгөөр захиалан бариулсан. Төлбөрийг 2016.11.01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу зам талбайн ажил хийх гэрээний дагуу 2017.03.31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байр захиалсан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Ийнхүү тухайн байрыг ашиглалтад орсон цагаас хойш амьдарч байгаа. “ЛИ” ХХК нь миний захиалсан байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг захиалагч талд гарган өгөх үүрэгтэй, захиалагчдыг шаардах үед “удахгүй гаргаж өгнө” гэдэг байсан боловч санаатайгаар өөрийн байгууллагын нэр дээр гаргуулж, улмаар худалдан авагчдын захиалсан, ашиглалтад орсон өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байгаа, надад шилжүүлж өгөх үүрэгтэй байрны өмчлөх эрхийг 2018.05.08-ны өдөр Д.Б-д өр төлбөртөө м2-ийн үнийг 972,850 төгрөгөөр тооцож, 69,519,861 төгрөгөөр өр, төлбөртөө өгөхөөр харилцан тохиролцож, хэлцэл байгуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд сайн дураараа хүсэлт гаргаж Д.Б (РД:...) гэх хүнд 2.5 тэрбум төгрөгийн өр төлбөрт шилжүүлсэн байна. Ийнхүү шилжүүлэхдээ мөнгөн дүнгээр төлөх 2.5 тэрбум төгрөгийн төлбөрийг 44 айлын үл хөдлөх хөрөнгөөр төлөхөөр харилцан тохиролцож шилжүүлсэн байдаг. Хожим Д.Б гэдэг хүн ирээд “Чиний амьдарч байгаа энэ байр одоо миний байр болсон” гэх утга бүхий шаардлага тавьж намайг энэ байрнаас гарах тухай албадсан. Гэтэл тус байрны өмчлөх эрхийг “ЛИ” ХХК бидний байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн З.б-д “өмчлөх эрхийг гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг саадгүй өгөх үүрэгтэй” гэсний дагуу өмчлөх эрхийг “ЛИ” ХХК нь өөртөө олж авахгүй, надад шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд “ЛИ” ХХК нь жинхэнэ өмчлөгч нь биш юм. “ЛИ” ХХК болон Д.Б нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ийнхүү миний захиалсан байрыг өөр хоорондоо харилцан тохиролцож, хэлцэл хийж шилжүүлэхдээ Д.Б болон “ЛИ” ХХК нарын аль аль нь Иргэний хуулийн 109 дугаар зүйлийн 109.3-т заасны дагуу тус байрны жинхэнэ өмчлөгч нь А.Э намайг болохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цугларсан материалаас тодорхой мэдэж байсан. Эдгээр нь тус байранд А.Э манай гэр бүл амьдарч байгаа, мөн тус байраа худалдан авсан төлбөрөө А.Э миний бие бүрэн төлсөн болохыг “ЛИ” ХХК-ийн гүйцэтгэгч “МК” ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргаж өгсөн “144-н айлын орон сууцны захиалагчид, төлбөр төлсөн болон төлбөр төлөх үнийн дүн бүхий жагсаалт”-ын Б-1 дүнгийн 2-т тусгагдсаны дагуу тодорхой мэдэж байсан. Энэ нь байрны эзэмшигч, өмчлөгч нар нь шаардах юм бол эрсдэлээ бүрэн хүлээх тухай харилцан тохиролцож, энэ тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2018.05.11-ний өдөр ярилцаж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байдаг. Улмаар Д.Б нь хэдий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн “ЛИ” ХХК-тай хэлцэл байгуулсан гэх хэдий ч Иргэний хуулийн 109 дугаар зүйлийн 109.3-д “Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй”, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж тус тус заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авах боломжгүй. Мөн Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1-д “Худалдагч нь тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдах тохиолдолд уг эд хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрх бүхий этгээдэд мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу “ЛИ” ХХК нь надад мэдэгдэх үүрэгтэй байна. Улмаар 270.2.-т Худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авах давуу эрх бүхий этгээдэд эрхээ хэрэгжүүлэх хугацаа тогтоох бөгөөд энэ хугацаанд давуу эрх бүхий этгээд эрхээ хэрэгжүүлээгүй бол худалдагч гуравдагч этгээдтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж болно.” гэж заасны дагуу мэдэгдэж, миний зүгээс худалдан авах давуу эрхээ хэрэгжүүлээгүй бол гуравдагч этгээдэд шилжүүлж болохоор байна. Гэтэл 2018.05.08-ны өдрийн “ЛИ” ХХК-ийн захирал Т.Ч, төлбөр авагч Д.Б нарын хөрөнгийн үнэлгээ, хүлээлгэн өгөх байрны тухай тохиролцож шилжүүлсэн хэлцлийн “Төлбөрт хүлээлгэн өгөх байрны жагсаалт”-ын 36 дугаарт байгаа Блок ..., Хаалга № ..., Өрөөний тоо 3, Талбайн хэмжээ ...м2, 1 м2 талбайн үнэлгээ 972,850, Нийт талбайн үнэ 69,519,861 гэсэн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн өгсөн хэсэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна. “ЛИ” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 6 орчим тэрбум төгрөгийн өртэй, өөр өмч хөрөнгөгүй. Тиймдээ ч Д.Б болон “ЛИ” ХХК нар нь хөрөнгө оруулагчид ч'өлөх мөнгөн төлбөрт миний эрхийг зөрчин энэхүү байрыг Д.Б-д шилжүүлсэн. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөвөөр тодорхойлж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн харьцуулан судлаагүй, хэрэглэх ёстой хуулийн хэрэглээгүй гарсан шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх шаардлагад нийцээгүй байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.
6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч А.Э-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.04.20-ны өдрийн 001/ШХТ2023/00448 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
7. Хариуцагч А.Э-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
8. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч А.Э-т холбогдуулан ... аймаг, ... сум, ... дүгээр баг, ... дугаар хороолол, ... байрны ... тоот орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан. Д.Б нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2019.02.21-ний өдрийн 0000 дугаартай гэрчилгээгээр маргаж буй орон сууцны өмчлөгч болох нь тогтоогджээ.
Хариуцагч А.Э нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...миний бие тус байрыг 2017 онд “ЛИ” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах 120 тоот гэрээ байгуулан 100 хувь төлбөрөө төлж худалдан авч, энэ байрандаа 5 жил шахам амьдарч байна, гэтэл “ЛИ” ХХК-ийн захирал Ч нь Д.Б гэх хүний өр төлбөрт миний байрыг өгч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгсөн байдаг. Энэ талаар шүүхэд дуудагдан очихдоо мэдээд нэг өмчийг хоёр өөр хүнд худалдан борлуулж болохгүйг мэдсээр байж гэрээний дагуу миний эзэмшилд байгаа байрыг надад мэдэгдэлгүйгээр бусдын өр төлбөрт өгч хохироосон гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, Дархан-Уул аймгийн Прокурорын газар 2020.05.25-ны өдрийн ... дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа...эрүүгийн хэрэг нь нэхэмжлэгч А.Э-н хариуцагч “ЛИ” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана... гэж заасны дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.02-ны өдрийн 3406 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн... Миний цагдаагийн байгууллагад гаргасан гомдол эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд уг байрыг би өөрийн хөрөнгөөр худалдаж авсан учир эзэмшил хууль ёсоор үүссэн...” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “...Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022.05.03-ны өдрийн 189 дугаартай хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолоор Д.Б-н өмчлөх эрхийн бүртгэлийг үндэслэлтэй гэж үзсэн, хариуцагч А.Э нь хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2022.11.21-ний өдрийн 35/6/5691 дугаартай албан бичигт ...Д.Б-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай баримт мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн байх тул эрүүгийн хэргийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл байхгүй, хариуцагч А.Э нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байх тул шүүх зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь Иргэний хуулийн зорилго, зарчимд нийцнэ...” гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.
10. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, адил шийдвэр гаргасан боловч хариуцагчийн эзэмшил, нэхэмжлэгчийн өмчлөх эрх үүссэн эрх зүйн асуудлаар үйл баримтыг бүрэн дүгнэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн эсэхийг шийдвэр, магадлалын хэмжээнд дүгнэх боломжгүй, зөрүүтэй эсэхийг хянах шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болно.
11. Хэрэгт байгаа баримтаас үзвэл, нэхэмжлэгч Д.Б нь 2014.04.21-ний өдөр “ЛИ” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, 2016.03.11-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, 2017.08.30-ны өдөр эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрлийн гэрээ байгуулж, Д.Б нь 500,000,000 төгрөгийн алдангиас татгалзаж, оруулсан хөрөнгө 2,500,000,000 төгрөгийг “ЛИ” ХХК 2017.11.22-ны дотор төлөхөөр эвлэрснийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаар шүүгчийн захирамжаар баталгаажуулсан, үүний дараа нэхэмжлэгч төлбөртөө тооцож, 2019.02.21-ний өдөр хариуцагчийн эзэмшиж буй орон сууцны өмчлөгч болж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогджээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар аливаа эд хөрөнгийн өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Хэрэв орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрх, хариуцагчийн эзэмшлийн эрх зүйн үндэслэлийг тодорхой болгох учиртай. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны эсхүл хууль бус гэж үзэх, улмаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан зохицуулалтад хамаарах эсэхийг тодорхойлох ёстой.
Хариуцагч А.Э нь 2017.01.04-ний өдрөөс орон сууцыг эзэмшилдээ авч, “ЛИ” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч энэ үед уг орон сууцыг Д.Б нь хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт барьцаалсан байсан нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн барьцааны гэрээгээр тогтоогджээ.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заасан.
Хариуцагч А.Э нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг олж авч байгаа тохиолдолд бүртгэлд үндэслэн өмчлөх эрх шилжүүлж авахад барьцааны үүрэг байгаа эсэх, ямар нэгэн урьдчилсан бүртгэл байгаа эсэхийг мэдэх боломжтой.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь орон сууцыг худалдаж авах эсвэл ажлын хөлсөд тооцон авахаас өмнө бүртгэлийг шалгасан бол барьцаанд байгааг мэдэх, эсхүл өөрийн эрхийг урьдчилсан тэмдэглэлээр баталгаажуулах боломжтой байсан юм.
Уг орон сууцанд барьцааны үүрэг ногдуулсан хэлцлийг бүртгэлийн газарт бүртгүүлсэн учир барьцааны гэрээ хүчин төгөлдөр, ийнхүү бүртгүүлэх үед орон сууцны өмчлөх эрхийн талаар буруу ташаа зүйл байгаагүй тул Д.Б-г өмчлөх эрх хуулиар хамгаалагдана.
Нэхэмжлэгч Д.Б ипотекийн эрхээ хэрэгжүүлэх явцдаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж авсан байх ба түүнийг уг орон сууцыг өмчлөлдөө авах үед хариуцагч А.Э-н ирээдүйд эд хөрөнгийн өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрхтэйг илэрхийлсэн үндсэн ба урьдчилсан бүртгэл хийгдээгүй байжээ.
12. Иймд хариуцагчийн эзэмшил өмчлөгчийн хувьд хууль ёсных биш тул орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий болжээ. Хоёр шатны шүүх дээрх байдлаар талуудын хооронд хэзээ хэлцэл байгуулагдсан, бүртгэлийн ач холбогдол, үнэн зөв байдал, үр дагаврыг эрх зүйн хувьд бүрэн дүгнэх байсан бөгөөд ийнхүү хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, уг алдааг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
13. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд заасан “...шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж чадаагүй, ...хэрэгт байгаа баримтыг тал бүрээс нь бүрэн харьцуулж судлаагүй,” гэх гомдол үндэслэлгүй байна. Түүнчлэн Д.Б нь өмчлөх эрхийн бүртгэлийг буруу ташаа болохыг мэдсэн, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар шударга өмчлөгч болж чадахгүй гэх гомдол хуулийн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Д.Б нь 2016 онд барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх үед хариуцагч А.Э нь өмчлөгчөөр бүртгүүлээгүй, дараа нь буюу 2017 онд орон сууцыг эзэмшилдээ авсан тул Иргэний хуулийн дээрх зохицуулалт хамаарахгүй. Иймд хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1715 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 209/МА2023/00016 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч А.Э-н гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД