Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0405

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Р*************” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У*************, Н.М*************  нарт холбогдох татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.И*************, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*************, Х.Т*************, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М*************, хариуцагч Н.М*************, Б.У*************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*************, У.А*************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Нэхэмжлэгч “Р*************” ХХК нь Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.У*************, Н.М************* нарын Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2119100021*  тоот актыг хүчингүй болгуулах, Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У*************, Н.М************* нарт Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 тоот тогтоолыг биелүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт гаргахыг даалгуулахаар маргаж байна.

Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:

2.1 Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Д*************, З.Т************* нар нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2517050050* тоот томилолтын дагуу “Р*************” ХХК-ийн 2012-2016 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 029563*  тоот шийтгэлийн хуудсаар 46,015,628,927.44 төгрөгийн зөрчил илрүүлж, 4,601,562,892.8 төгрөгийн нөхөн татвар, 562,218.2 төгрөгийн торгууль, 350,812.0 төгрөгийн алданги бүгд 4,602,439,923.1 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

2.2. “Р*************” ХХК нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаартай тогтоолоор 2011-2016 онуудад хамаарах худалдан авалтад төлсөн 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7, 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.4-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 029563*  тоот шийтгэлийн хуудсаар бүгд 4,602,439,923.1 төгрөгийн төлбөр тогтоосноос 45,998,088,32.17 төгрөгийн зөрчилд 4,599,808,832.1 төгрөгийн нөхөн татвар бүгд 4,599,808,832.1 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

2.3. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаартай тогтоолыг Нийслэлийн Татварын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/12 дугаар тушаал[1]-аар баталгаажуулсны дагуу уг тогтоолоор баталгаажсан эцсийн үлдэгдэл, эхний үлдэгдэл болон 2018 оны байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн буцаан авах хүсэлт гаргажээ.

2.4. Дээрх асуудалтай холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №2119100011* тоот “Татварын хяналт шалгалт хийх томилолт”-оор  нэхэмжлэгч “Р*************” ХХК-ийн  2011 оны 03 дугаар сарын 07-ноос 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хэсэгчилсэн шалгалтыг 2019  оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 18 хоногийн хугацаанд татварын улсын байцаагч Ч.С*************, Ц.О************* нар хийхээр болсон ч 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өөрчлөл оруулан Ц.О************* байцаагчийг Ё.Э*************[2], 2020 оны 03 дугаар сарын 12-нд татварын улсын байцаагч Ч.С************* байцаагч Б.Т*************[3] сэлгэж байсан бол хожим 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өмнө томилогдсон байцаагч нарын сольж  Ч.Б*************, Д.Б*************  нарын томилсон атлаа төд удалгүй 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Б.У*************, Н.М************* нар томилогдсон[4].

2.5.Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У*************, Н.М************* нар хяналт шалгалт хийж дуусган Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг үндэслэн 4,724,000,423.48 төгрөгийн нөхөн татвар ногдуулж, тайлангийн илүү төлөлтөөс суутган тооцож, “Р*************” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 83,767,802.96 төгрөгөөр баталгаажуулсан байна.

2.6. Дээрх татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2119100021*  дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг нэхэмжлэгч “Р*************” ХХК нь эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 009 дугаартай тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2119100021*  дугаар актаар 47,240,004,234.84 төгрөгийн зөрчилд ногдох нийт 4,724,000,423.48 төгрөгийн төлбөрөөс 40,189,785.92 төгрөгийн зөрчилд ногдох 4,018,978.59 төгрөгийн төлбөрийг бууруулж, 47,199,814,448.92 төгрөгийн зөрчилд ногдох 4,719,981,444.89 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2.7. Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 009 дугаартай тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гардан авч[5], 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж заасныг зөрчсөн.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч С.Д*************, Ж.Н************* нар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг санхүүгийн баримтуудад үндэслэн шалгаж, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 25000000*  тоот актаар үлдэгдлийг 4,803,427,388.30 төгрөгөөр баталгаажуулан, улмаар тус хэлтсийн 2019 оны 10 дүгээр сарын 07-ны өдрийн 05/2545 тоот албан бичгээр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт хүргүүлсэн байдаг. Үүний дагуу татварын хяналт шалгалт эхэлсэн байдаг. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамжтай хийнэ гэж заасныг зөрчиж ерөнхий болон тусгай удирдамжгүйгээр хяналт шалгалтыг явуулсан байна. Шүүхийн журмаар хяналт шалгалтын хувийн хэрэг буюу архивын хадгаламжийн нэгжийг гаргуулсан бөгөөд уг хувийн хэрэгт Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Татварын хяналт шалгалтын хийх ерөнхий удирдамжийг хавсаргасан байдаг нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эхэлсэн хяналт шалгалтын удирдамж байх боломжгүй өөрөөр хэлбэл татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамжгүй хийсэн байна.

Хяналт шалгалтын хувийн хэрэг буюу архивын хадгаламжийн нэгжид 2019 оны 10 дүгээр сарын 21-ний өдөр   тоот дугаартай 2 томилолт байдаг. Маргаан бүхий актыг гаргасан Том татвар төлөгчийн газрын нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У*************, Н.М************* нарыг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр томилсон байдаг. Өөрөөр хэлбэл татварын хяналт шалгалтын эхнээс томилоогүй. 2019 оны 10 дүгээр сарын 21-ний өдөр 211910021*  тоот дугаартай томилолтоор Б.Т*************, Д.Б************* томилсон байдаг бөгөөд эдгээр байцаагчид олгосон томилолт нь тодорхойгүй байдаг. 2019 оны 10 дүгээр сарын 21-ний өдөр 211910021*  тоот дугаартай томилолтоор мөн томилсон Ч.С*************, Ц.О************* нарын хяналтын шалгалт хэрхэн явагдсан нь тодорхойгүй. “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.6-д татварын алба хяналт шалгалтыг зөвхөн томилолттойгоор гүйцэтгэнэ, 3.9-д томилолтын хугацааг татварын хяналт шалгалтад хамрагдах он, татвар төлөгчийн ангилал, зарцуулагдах хүн өдөрт суурилж тодорхойлно, 3.12-т тодорхой үндэслэлээр сунгах тухай заасныг тус тус зөрчсөн.

Тус компани нь 2007 онд контор, орон сууцны ашиглалтын үйлчилгээ эрхлэхээр үүсгэн байгуулагдсан, 2011 онд барилгын засвар, засал чимэглэл, гадаад худалдаа, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал эрхлэх үйл ажиллагааг шинээр бүртгүүлж, “Р************* ” ХХК-ийн захиалгаар зураг төслийг “Г*************” ХХК, “Э*************” ХХК боловсруулан, ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр “Ж*************” ХХК, “С*************” ХХК, “Э*************” ХХК, “Ж*************” ХХК тус тус гүйцэтгэж, 2014 онд ашиглалтад оруулсан “В*************” 99 айлын орон сууц, 205 автомашины зогсоол, буудал, спорт цогцолборын барилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулсныг татварын хяналт шалгалтын удаа дараагийн актуудаар зөвшөөрдөг. Татварын улсын байцаагчдын зөрчилд тооцсон дээрх зөрчлүүд нь компанийн эрхэлдэг үйлдвэрлэл, үйлчилгээтэй шууд холбоотой, компанийн үндсэн ажилтан, ажилчдын хоолны газарт зориулан худалдан авсан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан анхан шатны баримт болох ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, мөнгөн хөрөнгийн журнал, ажиллагсдын цайны газрын тооцоо, орон сууцны ус, цахилгаан, ашиглалтын зэрэг анхан шатны баримтаар тогтоогддог. 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн” нэмэгдсэн өртөгийн албан татварыг тухайн компанийн төсөвт төлөх албан татвараас хасаж тооцно гэж зааснаар тус компанийн үндсэн үйл ажиллагаатай шууд холбоотой худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган төлөгчийн төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцсон нь хууль зөрчөөгүй болно.

Маргаан бүхий акт хуульд үндэслээгүй талаар: Том татвар төлөгчийн газрын нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У*************, Н.М************* нар нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2119100021*  тоот “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан” актаар 4,724,000,423.48 төгрөгийн нөхөн татварыг ногдуулж шийдвэрлэхдээ Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг үндэслэдэг. Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно: 82.1.1.төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар; 82.1.2.төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар” гэж тус тус зохицуулсан бөгөөд 4,724,000,423.48 төгрөгийн нөхөн татварыг ногдуулах хууль зүйн үндэслэл биш байна.

Түүнчлэн Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын  тухай хуулийн 3 дугаар зүйлд “2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг эхлүүлсэн бол уг хяналт шалгалтыг 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн дагуу үргэлжлүүлэн, хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эхэлсэн хяналт шалгалтын үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг үргэлжлүүлж, дуусгахаар байхад энэ талаарх хуульд үндэслээгүй шийдвэр гаргасан.

Захиргааны акт нь Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 тоот тогтоол хүчин төгөлдөр болсон бодит нөхцөл байдалд үндэслээгүй шийдвэр болсон.

Нэхэмжлэгч “Р*************” ХХК нь төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдаж Сүхбаатар дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч С.Д*************, 3.Т************* нарын бүрэлдэхүүнтэй тус компанийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 25170500505 тоот томилолтын дагуу шалгалт хийж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 25029563*  тоот шийтгэлийн хуудсаар акт тогтоосон. 

Дээрх шийтгэлийн хуудсыг нэхэмжлэгч эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу тус зөвлөл 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 007 тоот тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэснийг 2008 оны Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар Нийслэлийн Татварын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/12 тоот тушаалаар баталгаажуулан, хуулийн хүчин төгөлдөр болсон.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч С.Д*************, Ж.Н************* нар дээрх хүчин төгөлдөр Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн тогтоолыг биелүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх шалгаж баталгаажуулсан 4,692,524,905.8 төгрөгийг дахин шалгалгүй, зөвхөн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг санхүүгийн баримтуудад үндэслэн шалгаж, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 25000000*  тоот актаар үлдэгдлийг 4,803,427,388.30 төгрөгөөр баталгаажуулан, улмаар тус хэлтсийн 2019 оны 10 дүгээр сарын 07-ны өдрийн 05/2545 тоот албан бичгээр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт хүргүүлсэн байдаг. Том татвар төлөгчийн газрын нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У*************, Н.М************* нар нь маргаан бүхий актыг гаргахдаа Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 тоот тогтоолыг биелүүлэх үүрэгтэй.

4. Маргаан бүхий актаар тогтоосон зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь заалттай тохироогүй буюу хуулийг буруу хэрэглэсэн талаар:

“Р*************” ХХК-ийн захиалгаар зураг төслийг “Г*************” ХХК, “Э*************” ХХК боловсруулан, ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр “Ж*************” ХХК, “С*************” ХХК, “Э*************” ХХК, “Ж*************” ХХК тус тус гүйцэтгэж, 2014 онд ашиглалтад оруулсан “В” 99 айлын орон сууц, 205 автомашины зогсоол, буудал, спорт цогцолборын барилгатай холбоотой өөрөөр хэлбэл тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралтай импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн 2011 оны 2,198,443,832.51 төгрөг, 2012 оны 17,445,791,398.72 төгрөг, 2013 оны 19,775, 449,761.08 mөгрөг, 2014 оны 6,848,771,110.46 төгрөг, 2015 оны 219,308,566.51 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцсон нь 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн компанийн төсөвт төлөх албан татвараас хасаж тооцно” гэж заасантай нийцсэн болно.

5. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа үнэн зөв гаргаж байсан талаар: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.12-д “аж ахуйн нэгж,байгууллагын санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлэх” гэж тус тус заасан. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу “Р************* ” ХХК нь 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нэгдсэн өртгийн албан татварын тайланг хуульд заасан хугацаанд ұнэн зөвөөр мэдүүлж байсан.

6. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн талаар: Татварын маргаан таслах зөвлөл 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 09 тоот тогтоолд “Харин ашиглалтад оруулсан барилгын борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрөөгүй, уг борлуулалтын орлогыг 2011-2014 оны санхүүгийн тайланд “Урьдчилж төлсөн зардал”, “Дансны өглөг”, “Бараа материал” дансанд бүртгэж байгаад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр мэдүүлсэн тайланд зөвхөн дээрх орон сууцны борлуулалтын орлогоо нэмж тайлагнасан байна” гэж заасныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан илгээж байх үеийн буюу 2006 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна: 8.1.2-т барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад” гэж зааснаар борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнах боломжгүй нөхцөл байдал байсныг борлуулалтын орлогоо хүлээн зөвшөөрөхгүй байснаа ил тодын хуулиар шинээр тайлагнасан гэж шууд буруутгах боломжгүй юм. 

Харин “Р*************” ХХК нь төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдаж Сүхбаатар дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Д*************, 3. Т************* нарын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 25029563*  тоот шийтгэлийн хуудсаар акт тогтооход дээрх зөрчлийг тогтоодог боловч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 тоот тогтоолоор “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн хүрээнд нэмж мэдүүлсэн тайлан гаргаснаар тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын өр, авлагын үлдэгдэл нэмэгдэж болон хасагдаж өөрчлөгдөөгүй байна. Тус компанид чөлөөлөгдөх борлуулалтад хамаарах худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг авлагаар бүртгэж илүү төлөлтийг өсгөсөн гэсэн үндэслэлээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.9 заалтыг зөрчсөнд тооцон хариуцлага хүлээлгэсэн нь буруу байна” гэсэн үндэслэлээр худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг өсгөсөн зардалд 4,599,808,832.10 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч компанийн өмгөөлөгчийн хувьд дараах дөрвөн үндэслэлээр актыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасныг зөрчсөн шалгалт болсон. Хоёрдугаарт маргаан бүхий акт хуульд үндэслээгүй. Гуравдугаарт бодит нөхцөл байдалд үндэслээгүй. Дөрөвдүгээрт тогтоосон зөрчил хэрэглэсэн хуультайгаа шалтгаант холбоогоор холбогддоггүй. Энэхүү дөрвөн үндэслэлээр Том татварын төлөгчийн улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2119100021*  тоот актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан хууль зөрчсөн акт байх тул хүчингүй болгож өгнө үү” гэв.

3.3. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэг дэх шаардлагын хүрээнд: 1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14.4.-т “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй: 14.4.1.суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг;”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 14.6.-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй: 14.6.1.суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг; гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татварын дүнгээс хасаж тооцсон “Д*************” ХХК, “А*************” ХХК, З************* ХХК, “М*************” ХХК, “Х*************” ХХК, “М*************” ХХК болон К*************” ХХК-иудаас 2011 оны 2,175,081.01 төгрөг, 2012 оны 503,772.72 төгрөг, 2013 оны 1,357,454.54 төгрөг, 2015 оны 586,363.60 төгрөг, 2017 оны 163,527.27 төгрөг, 2018 оны 141,181.82 төгрөгийн суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцохгүйгээр шийдвэрлэсэн.

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14.4.-т “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй: 14.4.2.хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ;”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 14.6.-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй: 14.6.2 хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ; гэж заасны дагуу 2010-2018 онд 56,878,578.94 төгрөгийн хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцохгүй гэж шийдвэрлэсэн байсныг Маргаан таслах зөвлөл магадлаад 40,189,785.92 төгрөгийн ажилчдын хоолны газарт зориулан худалдан авсан тул гэж үзэж зөрчлийг хүчингүй болгож шийдвэрлэж, харин 2016 онд 16,688,793.02 төгрөгийн ажилчдад зориулан импортоор худалдан авсан фитнесийн тоног төхөөрөмжийг ажилчдын ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоогүй худалдан авалт гэж үзэн зөрчлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

3. Шалгалтад хамрагдах хугацаанд “Р*************” ХХК нь Монгол Улсын иргэний захиалгаар “В” 99 айлын орон сууц, 205 автомашины зогсоол, буудал, спорт цогцолборын барилгыг 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2014/89 дүгээр улсын комиссын актаар ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгсөн байсан.

Гэхдээ дээрх орон сууц, спорт цогцолборын барилгыг барихтай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татвартай бараа, ажил үйлчилгээний худалдан авалтыг “нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хасалт” хэсэгт тайлагнаж, борлуулалтын орлогыг татварын тайланд тайлагнаж, албан татвараа ногдуулаагүй бөгөөд санхүүгийн тайланд “урьдчилж төлсөн зардал”, “дансны өглөг”, “бараа материал” дансанд бүртгэж, 4,807,768,226.44 төгрөгийн албан татварын илүү төлөлтийг үүсгэсэн.

 “Р*************” ХХК нь татварын тайлангаар тайлагнаагүй байсан орон сууц, спорт цогцолборыг барьсан орлогыг 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнаж албан татвараа чөлөөлүүлсэн.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын тайланд тусгаж, шинээр тайлагнасан тохиолдолд хууль заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөх харилцааг зохицуулах юм. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд аж ахуйн нэгж байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримтлах зарчмыг хуульчилсан бөгөөд үүний нэг нь хуулийн 5.1.4 дэх хэсэгт заасан үнэн зөв байх зарчим юм. Үнэн зөв тайлагнах зарчим нь НББ-ийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимд багтдаг бөгөөд НББ-ийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим олох уялдуулах зарчим гэдэг нь зардлыг хүлээн зөвшөөрлийг орлогын хүлээн зөвшөөрөлтэй нийцүүлснийг хэлдэг.

...Тус хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Н*************, С.Д************* нар 2017-2018 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг шалгаж, албан татварын илүү төлөлтийг 4,803,427,388.30 төгрөгөөр баталгаажуулан Том татвар төлөгчийн газарт албан татварыг буцаан олгуулах саналыг ирүүлсэн. Хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.6-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.” гэж заасны дагуу Том татвар төлөгчийн газрын НӨАТ-ын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У*************, Н.М************* нар нь 2007 оны 12 сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2119100021*  тоот томилолтоор хэсэгчилсэн шалгалтыг 2019 оны 10 сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн нь Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд “...Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах, шийдвэрлэх”, 47.1-д “Маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөвхөн шүүхийн шийдвэрээр өөрчилнө”, ...Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7.10-д “Маргаан таслах зөвлөлийн хүчин төгөлдөр шийдвэрийг татвар төлөгч, татварын алба, татварын улсын байцаагч, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй...” гэж заасныг зөрчөөгүй. Учир нь Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан Таслах зөвлөлийн тогтоол нь Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч С.Дарьсүрэн, татварын улсын байцаагч 3.Т************* нарын 2018 оны 10 сарын 23-ны өдрийн 029563*  тоот татварын улсын байцаагчийн акттай холбоотой гомдлыг хэлэлцэж шийдвэрлэсэн тул Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй.

...Татварын хяналт шалгалтыг удирдамжгүйгээр хийсэн гэх үндэслэл байхгүй. Татварын хяналт шалгалттай холбоотой ерөнхий удирдамжийг нийтлэг байдлаар Татварын ерөнхий газрын даргын баталсан ерөнхий удирдамжийг хяналт шалгалтын үеэр хэрэгжүүлж ажилладаг. Тусгай удирдамжийн тухайд тусгайлсан бүрэлдэхүүнтэй, цаг хугацаатай, тусгай зорилготой хяналт шалгалт байдаг. Үүнд тусгай удирдамжийг гаргадаг. Ерөнхий удирдамжийн тухайд нийтлэг бөгөөд өөрөөр хэлбэл татварын хууль тогтоомжид заасны дагуу процесс ажиллагаа хийгддэг. Үүнээс бусад шалгалтууд ерөнхий удирдамжаар хийгддэг. Ерөнхий удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн гэдгээ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Томилолттой холбоотой асуудлын тухайд магадгүй татварын улсын байцаагч нар өөрчлөгдөх, солигдох гэх мэт дотоод зохион байгуулалттай холбоотой нөхцөл байдал үүсдэг. Энэ нь хууль тогтоомжид нийцсэн. Хамгийн сүүлд Н.М*************, Б.У************* нарт хяналт шалгалт хийх томилолтыг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр олгосон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуультай холбоотой асуудлын талаар ярьж байна. Байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дугаар зүйлийг яагаад үндэслэсэн талаараа тайлбар хийх болно. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Татварын ерөнхий хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор нөхөн татвар ногдуулах байдлаар хариуцлага ногдуулан шийтгэлийн хуудсыг тогтоосон нь хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй...” гэжээ.

       ҮНДЭСЛЭХ НЬ:

Дөрөв: Том татварын төлөгчийн газрын нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.У*************, Н.М************* нарын “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан” 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2119100021*  тоот актыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

4.1. Шүүхээс маргааны үйл баримттай холбогдуулан хэргийн оролцогч нараас гаргасан тайлбар, нотлох баримтуудын нотолгооны шинж, тэдгээрт хууль зүйн талаас нь үнэлэлт дүгнэлт өгөхөд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

4.2. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч нараас “...Маргаан бүхий актад нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах буюу хэсэгчилсэн шалгалтыг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэлх томилолтын хугацаанд хийж гүйцэтгэсэн...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т************* “...Татварын ерөнхий газрын даргын баталсан ерөнхий удирдамжийг хяналт шалгалтын үеэр хэрэгжүүлж ажилладаг. Тусгай удирдамжийн тухайд тусгайлсан бүрэлдэхүүнтэй, цаг хугацаатай, тусгай зорилготой хяналт шалгалт байдаг...Ерөнхий удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн гэдгээ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн...” гэж тайлбарлан.

            4.3. Шүүхэд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаар “Удирдамж, маягт батлах тухай” тушаалыг нотлох баримтаар ирүүлсэн болно.

4.4. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан маргааны үйл баримтаар Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаар удирдамж батлагдахаас өмнө 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №2119100011* тоот томилолтоор нэхэмжлэгч “Р*************” ХХК-д шалгалтыг эхлүүлсэн  байх бөгөөд энэ цаг үед  2008 оны Татварын ерөнхий хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байжээ.

4.5. Учир нь хууль тогтоогчоос 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан байх бөгөөд тус хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг эхлүүлсэн бол уг хяналт шалгалтыг 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн дагуу үргэлжлүүлэн, хянан шийдвэрлэнэ” гэжээ.

4.6. Үүнээс үзвэл хариуцагч Б.У*************, Н.М************* нарын шалгалт хийх хугацааны туршид Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн  А/264  дүгээр тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам” үйлчилж байсан ба №2119100011* тоот томилолтод дээрх тушаалын хавсралтаар баталсан Маягт-ХШ01-ийн 9 дэх хэсэг буюу “Сунгалт хийсэн 20... он...сар...өдөр, Сунгасан хугацаа: 20... он...сар...өдрийг хүртэл _ _ хоног “ байсангүй.

4.7. Хэдийгээр хариуцагч нар томилолтын хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан гэх боловч нотлох баримтаар ирсэн нэгж хувийн хэрэгт энэ талаар баримт авагдаагүй.

Хариуцагчаас холбогдох  баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

4.8. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар өөрт байгаа баримтыг гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.

4.9. Нөгөөтээгүүр шүүхээс хариуцагч Б.У*************, Н.М************* нарын томилогдсон 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тэдгээрийн татварын хяналт шалгалтад хамрагдах хугацааг ажлын 18 өдрөөр тооцоход 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусаж байна.

4.10. Дээрхээс үзвэл “...ерөнхий удирдамжийн дагуу шалгалт явуулсан...” гэх хариуцагч болон тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байхаас гадна Том татварын төлөгчийн газрын нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.У*************, Н.М************* нарын “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хэсэгчилсэн шалгалтын томилолт нь Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн  А/264  дүгээр тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 3.4.6.”шалгалт эхлэх болон дуусах хугацаа”-г ерөнхий удирдамжид тусгана гэж заасантай нийцэхгүй.

4.11. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна.

4.12. Түүнчлэн хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг үндэслэсэн байх боловч уг  хууль  2008 оны эсхүл 2019 оны аль болох нь тодорхойгүй.

4.13. Учир нь 2008 оны Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд Татвар төлөгчийн хүлээх үүргийг зохицуулсан бол уг хуульд 82 дугаар зүйл, хэсэг, заалт байдаггүй.

4.14. Харин 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд “Гадаад улсын эрх бүхий байгууллагатай харилцан мэдээлэл солилцох журам” заасан нэр томьёог дурдсан бол, 82 дугаар зүйлийн 82.1-д “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно” гэж төлөх татварын хэмжээг бууруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг зохицуулсан байх боловч эдгээр хуулийн зүйл заалтууд нь маргааны үйл баримтад хамаарах хуулийн зохицуулалт биш байна.

4.15. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийг хяналт шалгалтыг удирдан гүйцэтгэх үүргээ үйл ажиллагааны зөрчилгүй хийж гүйцэтгэсэн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Том татварын төлөгчийн газрын нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.У*************, Н.М************* нарын “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан” 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2119100021*  тоот актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Тав: Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У*************, Н.М************* нарт Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 тоот тогтоолыг биелүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт гаргахыг даалгуулах шаардлагын тухайд:

5.1. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үйл баримтын талаар уг шийдвэрийн тодорхойлох хэсгийн  2.1, 2.2, 2.3-д дурдсан болно.

5.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно”, 15.1.1.албан татвар суутган төлөгч буцаан авах хүсэлтээ албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр ирүүлнэ” гэжээ.

5.3. Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч “Р*************” ХХК-иас Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаартай тогтоолыг Нийслэлийн Татварын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/12 дугаар тушаал[6]-аар баталгаажуулсны дагуу уг тогтоолоор баталгаажсан эцсийн үлдэгдэл, эхний үлдэгдэл болон 2018 оны байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн буцаан авах хүсэлтийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаар албан бичиг[7]-ээр гаргасан.

5.4. Гэтэл хариуцагчаас дээр хүсэлтийг хүлээн авснаас хойш 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2119100021*  дугаар Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу хяналт шалгалт явуулан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2119100021*  дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг гаргасан.

5.5. Харин шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 4-т  энэхүү актын үндэслэлийг бүхий л талаар дүгнэн, түүнийг  хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгосон.

5.6. Маргаан бүхий 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2119100021*  акт хүчингүй болсноор Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 тоот тогтоолыг биелүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт гаргах эрх зүйн урьдач нөхцөл бий болсон.

5.7. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ хуулийн 45.1-д заасан саналыг хүлээн авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэнэ”-хээр  байна.

5.8. Иймд хариуцагчийг захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 тоот тогтоолыг биелүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт гаргахыг даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 45 дугаар зүйлийн 45.1, 45.2--т заасныг баримтлан нэхэмжлэгч “Р*************” ХХК-иас Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.У*************, Н.М************* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.У*************, Н.М************* нарын Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2119100021*  тоот актыг хүчингүй болгож, Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У*************, Н.М************* нарт Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн *07 тоот тогтоолыг биелүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт гаргахыг даалгасугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ:                                    Л.БАТБААТАР

 

 

 

[1] 1Хавтаст хэргийн 16 хуудас

[2] 2Хавтас хэргийн 174 хуудас

[3] 2Хавтас хэргийн 173 хуудас

[4] 2Хавтас хэргийн 172 хуудас

[5] - 1Хавтаст хэргийн 220 хуудас

[6] 1Хавтаст хэргийн 16 хуудас

[7] 3Хавтаст хэргийн 45 хуудас