Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2022/0697

 

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2022/0697

Улаанбаатар хот

 

 

 

 

 “РНК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                                                                       

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү

           Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа  

 

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Н.М, Б.У нар

 

Нэхэмжлэгч: “РНК” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У , Н.М  нар

    Нэхэмжлэлийн шаардлага: “Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.У , Н.М  нарын Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21191000210 тоот актыг хүчингүй болгож, Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У , Н.М  нарт Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 тоот тогтоолыг биелүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт гаргахыг даалгах” тухай

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2022/0405 дугаар шийдвэртэй

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.И,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Х.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М,

Хариуцагч Б.У , Н.М ,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Я.А нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0134/3

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “РНК” ХХК нь Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У, Н.М нарт холбогдуулан “Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.У, Н.М  нарын Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21191000210 тоот актыг хүчингүй болгож, Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У, Н.М  нарт Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 тоот тогтоолыг биелүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт гаргахыг даалгах”-аар маргасан байна. 

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2022/0405 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 45 дугаар зүйлийн 45.1, 45.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “РНК” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

  3. Хариуцагч Б.У, Н.М  нар давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчиж хууль тогтоомжид нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

 

3.1. Шүүх шийдвэрийнхээ “Тогтоох нь” хэсэгт Татварын ерөнхий хуулийн 42.1, 45.1, 45.2-т заасныг баримтлан Татварын улсын байцаагч Б.У, Н.М нарын Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21191000210 дугаартай актыг хүчингүй болгож, Татварын улсын байцаагчдыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 тоот тогтоолыг биелүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт гаргахыг даалгаж шийдвэрлэжээ. Гэтэл Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21191000210 дугаартай актыг хүчингүй болгоход баримталсан Татварын ерөнхий хуулийн 42.1 дэх хэсэгт “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ.”, 45.1-д “Татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хүсэлтийг харьяа татварын алба хүлээн авч, хянаж шалган, баталгаажуулж, саналыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгжид шилжүүлнэ", 45.2-т “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ хуулийн 45.1-д заасан саналыг хүлээн авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэнэ" гэж заажээ.

 

3.2. Дээрх зохицуулалтаас харвал, шүүхээс татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэл нь маргаж буй асуудал буюу уг хэргийн үйл баримттай уялдаагүй, татварын албаны хяналт шалгалтын процесс ажиллагаа болон түүний үр дүнгээр гарах захиргааны актын хэлбэрийг тодорхойлсон хуулийн заалт байгаа нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг тал бүрээс нь хянан шийдвэрлэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь уг шийдвэр хуулийн үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэх боломжгүй байна.

 

3.3. Нэхэмжлэгч “РНК” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгтээ нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21191000210 дугаартай актын төлбөртэй холбогдох буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу төсөвт төлөх албан татварыг хасаж тооцсон үндэслэл /шүүхийн шийдвэрийн 4-р хуудас, 6-р хуудас/, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг зөрчөөгүй талаар шүүхийн шийдвэрийн 7-р хуудас/, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-д заасныг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй зөрчилдөж байна.

 

3.4. Татварын улсын байцаагч нарыг хяналт шалгалт хийхдээ Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаар тушаалаар батлагдсан Удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийсэн нь буруу болсон гэж үзжээ. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ”, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 264 дүгээр тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтын журмын 3.1-д “Татварын солилцох алба хяналт шалгалтыг Татварын ерөнхий хуулийн 41.2-д заасны дагуу хийж гүйцэтгэх найдварт бөгөөд хяналт шалгалтын ерөнхий болон тусгай удирдамжийг Татварын асуудал хариуцсан Нэгдсэн баримт төрийн захиргааны байгууллагын дарга батална” гэж заасны дагуу батлагдсан ерөнхий удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг гүйцэтгэсэн.

Өөрөөр хэлбэл анх уг компанид хяналт шалгалт хийх томилолтыг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 21191000210 дугаар томилолтоор татварын улсын байцаагч Ч.С, Ц.Онарт олгосон бөгөөд цаашлаад татварын улсын байцаагч Б.Т, Д.Б гэх мэтчилэн байцаагчид солигдон томилогдож явсаар 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр татварын улсын байцаагч Н.М , Б.У  нар томилогдон хяналт шалгалтын ажлын процесс эхнээсээ хууль, журамд заасны дагуу хийгдсэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр томилогдон хяналт шалгалтыг хийх хугацаанд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж” мөрдөгдөж байсан нь татвар төлөгчийн эрх ашгийг хөндөөгүй, харин ч тухайн хугацаанд мөрдөгдөж байсан захиргааны хэм хэмжээний актыг удирдлага болгоно гэсэнтэй нийцэж байна.

 

3.5. Татварын улсын байцаагчид хяналт шалгалтын томилолтыг сунгалтгүйгээр хийсэн гэж шүүхээс үзсэнийг дараах байдлаар эс зөвшөөрч байна. Хяналт шалгалт хийх 21191000210 тоот томилолтыг маргаан бүхий акт гаргасан татварын улсын байцаагч Н.М, Б.У  нарт 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр олгосонтой маргаагүй. Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 21191000210 дугаартай актын эхний бичвэрийн хэсэгт “...21191000210 тоот томилолтоор, /НӨАТ-ын тайлангийн үлдэгдэл шалгалтыг 2019 оны 10 сарын 21-ний өдрөөс 2021 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэлх томилолтын хугацаанд татварын улсын байцаагч Н.М , Б.У  нар хийж гүйцэтгэв” гэж бичигдсэн бичвэрийн хэсэг нь Татварын удирдлагын нэгдсэн систем программын хяналт шалгалтын цэс хэсгээс томилолтын хүчинтэй байх хугацаанд буюу томилолтын сунгалт хийгдсэн хугацаагаар хэн нэгний оролцоогүйгээр программаас автоматаар татагдаж гардаг учраас энэхүү хяналт шалгалтыг томилолтгүйгээр хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн энэхүү акт нь программаас өгөгдөл хийгдсэний дагуу автоматаар гардаг болох нь актын баруун дор хэсэгт байрлах бар код буюу дахин давтагдашгүй баримт бичиг болохыг баталж байна. Ийм ажиллагаа хийгддэг талаар шүүхийн мэтгэлцээний явцад хариуцагч талаас удаа дараа тайлбарласан байдаг.

 

3.6. Мөн нэхэмжлэгчийн зүгээс байцаагчдын томилолт сунгагдаагүй талаар шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх байдлаар бичгийн хэлбэрээр гаргасан нь хариуцагчид уг асуудлаар нотлох баримт гаргаж өгөх болон хариу тайлбар бичгээр гаргах боломж гаргалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл бүрдэж байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж заасантай нийцсэнгүй, гомдолтой байна. Мөн Татварын ерөнхий хуулийн 32.1-д “Татварын алба татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байна”, “Татварын алба чиг үүргээ хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох зорилгоор мэдээллийн систем, технологийг ашиглах бөгөөд тэдгээрийн нууцлал, найдвартай байдлыг бүрэн хангаж ажиллана.”, 33.1-д “Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд дараах мэдээлэл хамаарна.”, 33.1.4-т “татварын улсын байцаагчийн үйлдсэн баримт бичиг, түүний биелэлтийн мэдээлэл” гэж заасны дагуу татварын байцаагч нь шийдвэрээ мэдээллийн систем, технологийг ашиглан гаргах эрх зүйн зохицуулалтыг хуульчилж өгсөн байна.

 

3.7. Татварын улсын байцаагчид нь зөрчил гарах үед мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн /2008/ 18 дугаар зүйлд заасан татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй, 2019 оны Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дүгээр зүйлийг үндэслэн хариуцлага тооцсон бөгөөд энэ нь актын тогтоох хэсгийн нөхөн татвар ногдуулж илүү төлөлтийг бууруулсан байдлаас тодорхой харагдана. Хуучин буюу 2008 оны Татварын ерөнхий хуульд 82 гэх зүйл байхгүй байгаа нь шүүхийг болон татвар төлөгчийг эргэлзэх, хариуцагчийг буруутгах шалтгаан болохгүй гэж үзэж байна. Учир нь Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3. 4. 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө”. гэж заасны дагуу зөвхөн нөхөн татварыг ногдуулан тус компанийн НӨАТ-ын тайлангаар илүү төлөлтийг бууруулсан нь зөрчил гарах үед үйлчилж байсан Татварын ерөнхий хууль /2008/-ийн хариуцлагын заалтаас хөнгөрсөн татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хууль /2008/-ийн 74 дэх заалтаар нөхөн татварыг төлүүлэн, торгууль алданги ногдуулдаг байсан болно.

 

3.8. Татварын улсын байцаагч Б.У, Н.М  нарын нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21191000210 дугаартай актыг хүчингүй болгож, Татварын улсын байцаагчдыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 тоот тогтоолыг биелүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, баталгаажуулсан акт гаргахыг даалгасан шийдвэр гаргасан нь эрх зүйн болоод төлөлтийг процессын зөрчилтэй байна гэж үзэж байна. Учир нь Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 тоот тогтоолоор шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчдын 2018 оны 0295632 дугаар шийтгэлийн хуудсаар тухайн компанийн 2012-2016 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг иж бүрэн шалгасан зөрчилтэй холбогдох маргааныг хэлэлцсэн байх бөгөөд энэ нь НӨАТ-ын тухай хуулийн 15.1 дэх хэсэгт заасан нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын асуудлыг зохицуулсан хуулийн заалттай зөрчилдөж байна. Түүнчлэн Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Нямдорж, С.Дарьсүрэн нар нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалтыг хийж 2019 оны 10-р сарын 04-ний өдөр 250000003 тоот акт тогтоосныг НӨАТ-ын тухай хуулийн 15.1.2 дахь хэсэгт заасан журмын дагуу том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Н.М, Б.У  нар нь хянан баталгаажуулж төсвөөс буцаан олгох эцсийн дүнг тогтоосон байдаг.

 

3.9. Гэтэл шүүхээс тус компанид 4.8 тэрбум төгрөгийг буцаан олгох эсхүл нөхөн ногдуулах хуулийн үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэлгүйгээр орхигдуулсан мөртлөө процесс ажиллагааг зөрчсөн мэтээр нотлох баримтыг гүйцэд бүрдүүлэлгүйгээр хууль тогтоомжид нийцээгүй шийдвэр гаргасан нь нэг талаас шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасантай нийцэхгүй байна. Хэрэв Татварын улсын байцаагчид хяналт шалгалтын процессын алдаа гаргасан байх тохиолдолд түүнтэй холбоотойгоор уг компанид төсвөөс хууль бусаар их хэмжээний буюу 4.8 орчим тэрбум төгрөгийг буцаан авах үндэслэл бий болох ёсгүй. Учир нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14, 15 дугаар зүйлд заасны дагуу албан татварын хасалт хийх, буцаан олгох харилцаа хуулийн дагуу үүссэн тохиолдолд л улсын төсвөөс буцаан олголтыг авах эрх үүснэ. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0405 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх нь хэргийн оролцогчдын хооронд татварын харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагатай нийцээгүй байна.

 

          2. Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У, Н.М  нар нь татвар төлөгч “РНК” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хүсэлтийг хүлээн авч тус компанийн 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж төсвөөс буцаан авах үлдэгдлийн 47 240 004 234,84 төгрөгийн зөрчилд нийт 4 724 000 423,48 төгрөгийн нөхөн татварыг ногдуулж, тайлангийн илүү төлөлтөөс суутган тооцож, “РНК” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 83 767 802,96 төгрөгөөр баталгаажуулсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №21191000210 дугаартай акт үйлдсэн.

 

         3. Уг баталгаажуулсан актыг нэхэмжлэгч “РНК” ХХК нь эс зөвшөөрч гомдол гаргасныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагч нарын актад “...актаар 47 240 004 234,84 төгрөгийн зөрчилд ногдох нийт 4 724 000 423,48 төгрөгийн төлбөрөөс 40189 785,92 төгрөгийн зөрчилд ногдох 4 018 978,59 төгрөгийн төлбөрийг бууруулж, 47 199 814 448,92 төгрөгийн зөрчилд ногдох 4 719 981 444,89 төгрөгийн төлбөрийг төлүүлэх”-ээр өөрчлөлт оруулсан байна.

   4. Нэхэмжлэгчээс татварын улсын байцаагч Б.У, Н.М  нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21191000210 тоот актыг хүчингүй болгуулах, хариуцагч нарт Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 тоот тогтоолыг биелүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч  маргасан.

 

   5. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах зөрчил гаргажээ. Үүнд;

5.1. Нэхэмжлэгчийн маргаж буй татварын байцаагчийн актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Тухайлбал,

 

5.2. Татварын улсын байцаагч нар актдаа 2019 оны Татварын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 79.4-д заасан зохицуулалтын дагуу тухайн шийдвэрийг гаргах болсон үндэслэлийг “ТЭМДЭГЛЭХ нь” хэсэгтээ шалгалтаар илэрсэн татвар ногдуулалт төлөлт, төсвөөс буцаан авахаар тайлагнасан нөхцөл байдлын зэргийг 1-6 хүртэл дугаарлаж 2006, 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлан зөрчил гаргасан талаар тодорхойлон тусгагдсан байна.

 

5.3. Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл болон талуудын маргасан үйл баримтад эрх зүйн дүгнэлт бүрэн гүйцэд хийгээгүй, маргаан бүхий татварын улсын байцаагч нарын актын тэмдэглэх хэсэгт тусгагдсан 6 үндэслэл, хэргийн үйл баримт, хууль зүйн үндэслэл, татварын төлөгчийн гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар хэргийн оролцогч талуудыг мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий акттай холбогдуулан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн /1-р хавтас хэргийн 12-233 хуудас хүртэл/ нотлох баримтууд болон шүүхээс нотлох баримтаар цуглуулсан /2-р хавтаст хэргийн 15-58 хуудас/ нотлох баримтуудыг тус тус үнэлээгүй байна.

 

5.4. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт,хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-д “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчжээ.

 

5.5. Мөн түүнчлэн талуудын маргааны зүйл нь хариуцагч татварын байцаагч нараас нэхэмжлэгч “РНК” ХХК-ийн 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах шалгалтыг хийж нэхэмжлэгчийг тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралтай импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцох эсэхтэй холбогдуулан Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжуудыг зөрчсөн зөрчил гаргасан хэмээн үзэж акт тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгчид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу албан татварын хасалт хийх, буцаан олгох харилцаа хуулийн дагуу үүссэн эсэх, улсын төсвөөс буцаан олголтыг авах эрх үүссэн эсэхийг хянан шийдвэрлэлгүйгээр анхан шатны шүүх “...хариуцагчийг хяналт шалгалтыг удирдан гүйцэтгэх үүргээ үйл ажиллагааны зөрчилгүй хийж гүйцэтгэсэн гэж үзэхээргүй байх тул” гэсэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4, 7 дугаар зүйлийн 7.1-д заасантай нийцээгүй, маргаан бүхий актад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх, үнэлэх ажиллагааг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй байна.

6. Иймээс давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч нарын давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0405 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                               Т.ЭНХМАА