Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 30

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн хуралдаанаар

        Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 сарын 3-ны өдрийн 143/ШШ2018/00288 дугаар шийдвэртэй, М.У ын нэхэмжлэлтэй  “Даланзадгадын Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-д хариуцагдах “Компаний гүйцэтгэх захирлын 2018.4.4-ний өдрийн Б/67 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 8 сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч П.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.У , түүний өмгөөлөгч  Б.Оюунтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М , нарийн бичгийн даргаар Ц.Даваасүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч М.У  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болон хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 2017.1.6-ны өдөр “Даланзадгадын Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн турбин хими цехэд Химийн инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2018.4.4-ний өдөр ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас халагдсан.  Би 1 жил 3 cap ажиллаж байгаа ч ажил авсан цагаасаа эхлэн өөрийн гүйцэтгэх ажлаа чанартай сайн хийж гүйцэтгэн ажилласан. Түүнчлэн Монгол улсын зөвлөх инженер Ц.Б  гуайн зөвлөсний дагуу хими ус бэлтгэлийг нэгтгэх ажлын төлөвлөгөө гаргаж амжилттай сайн хийж дуусган хүлээлгэн өгч байгууллагадаа 15,3 сая төгрөгийн хэмнэлт гаргаж байсан. Химийн горим хяналтыг тогтмол барьж ажиллахыг хичээсэн. Ажилчдадаа хатуу шаардлага тавьж ажилладаг хортой, онцгой ажлын байр учраас хариуцаж ажиллаж байгаа ажилчдынхаа бие, эрүүл мэнд, амь насыг бодож ажилдаа хариуцлагатай байх талаас нь шаардлагаа тавьж ирсэн. Түүнээс хувийн ямар нэгэн санаа зорилго байгаагүй, ажилчдаа дарамталсан, доромжилсон зүйл огт байхгүй. Ажилчдынхаа ажлын үр дүнг нь сайшааж удирдлагадаа уламжилж сарын үр дүнгийн шагналт цалинг нэмүүлж байсан тохиолдол цөөнгүй. Зүй бус үйлдэл, хандлага гаргасан тохиолдол бүрт ил хэлдэг нь миний алдаа болгож эргүүлж ажлаас чөлөөлсөнд харамсаж байна. Ажлаас халагдтал зөрчил гаргаагүй, өмнө нь ямар нэгэн шийтгэл хүлээлгэж байгаагүй юм. Иймд “Даланзадгадын Дулааны Цахилгаан Станц" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 4 сарын 4-ний өдрийн Б/67 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоолгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө авах, тасарсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг хууль зүйн дүгнэлтдээ: 2018.4.4-ний өдрийн Б/67 дугаартай М.У ын хөдөлмөрийн гэрээг цуцалж, “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн захирлын тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд тус зүйл хэсгээр ажлаас чөлөөлөхөөр байгаа. Гэтэл М.У  нь сахилгын зөрчил давтан гаргасан юмуу? эсвэл ноцтой зөрчил гаргасан эсэх нь нотлогдоогүй байхад 40.1.4-т заасан үндэслэлээр тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 14.5, 14.5.1, 5.3, 5.4 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийг дурдсан байдаг. Хүнийг хэл амаар болон бусад байдлаар дарамталсан, ажлын байрны дарамт үзүүлсэн бол ёс зүйн алдаа байхаар зохицуулсан. Ийм асуудал хэзээ гарсан, ийм асуудал болсон уу? үгүй юу? эсвэл сахилгын давтан зөрчил гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн эсэх нь тогтоогдоогүй байхад үндэслэл болгож тушаалдаа дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгч М.У  ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй байхад нотлох баримтгүйгээр уг тушаалыг гаргасан гэж үзэж байгаа учраас уг тушаалыг хүчингүй болгуулж, хуучин эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Цалинг хэрхэн яаж бодсон бэ гэхээр сүүлийн 3 сарын цалинг хооронд нь нэмж дундаж сарын цалин гаргаад, өдрийн цалинг гаргаад нийт 4, 5, 6, 7 сарын ажилгүй байсан хугацааны 63 хоног, өдрийн цалин 84.724 төгрөгөөр үржүүлээд 5.337.360 төгрөг болж байгаа. Үүнийг гаргуулах хүсэлтэй байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М  шүүхэд болон хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан татгалзал, тайлбартаа: Турбин Хими Цехийн, ажилчдаас гарсан гомдлын мөрөөр Захиргаа удирдлагын зүгээс Химин инженер М.У ын зан байдал, удирдах чадварын талаар хими ус цэвэрлэгээний машинч нараас ярилцлага авахад зан харьцаа муутай хүн удирдаж чаддаггүй, ажлаа хийж байгаа хүнийг группэд ордоггүй энд юу хийдэг юм, мөн засварчин Г.Г ыг каскар цохьсон гэх мэтээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журам ёс зүйн хэм хэмжээг үл ойшоож зүй бус ажилчидтайгаа харьцаж

ажлын байрны дарамт учруулж бусдыг хэл амаар доромжилдог байсан нь ажилчдын өгсөн гомдлоор нотлогдож байна. Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 14.5, 14.5.1, 14.5.3 -т зааснаар ёс зүйн алдаа гаргасан ажилчдын хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах арга хэмжээг авдаг бөгөөд хэн нэгнийг хэл амаар болон бусад хэлбэрээр доромжилж, ажлын байрны дарамт учруулж байсан тухай М.У ын удирдлага дор ажилладаг бүх ажилчдаас авсан ярилцлага, хурлын протоколыг нотлох баримтаар гаргаж хариу тайлбарт хавсаргасан ...М.У ыг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэн компанийн хөдөлмөрийн дотоод журмын 14.5, 14.5.1, 14.5.3 дахь заалт Хөдөлмөрийн гэрээний 6.4, 6.6 дахь заалт Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа бөгөөд М.У ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 сарын 3-ны өдрийн 143/ШШ2018/00288 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар М.У ыг “Даланзадгадын Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн турбин хими цехэд Химийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Даланзадгадын Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговор 786.857 төгрөг 14 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч М.У т олгож, нэхэмжлэгчийн 4.550.502 төгрөг 86 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.У  болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцон, суутгаж 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Даланзадгадын Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.У  нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Даланзадгадын Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамж 23.434 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч О.Нандинцэцэгийн давж заалдах гомдол болон тайлбарт: М.У ын нэхэмжлэлтэй “Даланзадгадын Дулааны Цахилгаан станц” ТӨХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.7.3-ний өдөр хянан хэлэлцсэн 143/ШШ2018/00288 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. “ДзДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны А/05 дугаартай тушаалаар батлагдсан 01 дугаартай хавсралтаар “ДзДЦС” ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмыг батлан мөрдүүлдэг бөгөөд тус журмын 1.2 дахь хэсэгт “хөдөлмөрийн дотоод журам нь тус компанийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдож үүссэн хөдөлмөрийн харилцааг зохицуулах баримт бичиг мөн” гэж заасан. Хөдөлмөрийн дотоод журам нь тус байгууллагын хөдөлмөрийн харилцааг нийтэд нь зохицуулж, уг журмыг үндэслэн ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулж ажилладаг. Тус баримт бичгээр зохицуулаагүй үйл баримтыг хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан зохицуулахаар тусгасан бөгөөд уг дотоод журам нь хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэл буюу илүү хүчин чадалтай баримт бичиг юм. Ажил олгогч нь М.У ыг Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмын 14.5 дахь хэсэгт “ИТА болон ажилчид дараах ёс зүйн алдаа гаргасан үед хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас хална.”, 14.5.1 ёс зүйн алдааг дор дурдсанаар ойлгоно, 14.5.3 хэн нэгнийг хэл амаар болон бусад хэлбэрээр доромжилсон, заналхийлсэн, 14.5.4 Ажлын байрны дарамт учруулсан зэрэг үндэслэлүүдээр ажлаас халсан бөгөөд хөдөлмөрийн дотоод журамд ажлаас халах үндэслэлүүдийг шууд нэрлэн зааж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тухайлан тодорхой зааж өгсөн байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гэрч Ц.Н , С.Э , Д.Э  нарын өгсөн мэдүүлгүүдээр М.У  нь ажилчидтайгаа зүй бусаар харьцаж элдэв хараалын үг хэлж доромжилж, ажлын байрны дарамт учруулдаг байсан гэдгийг хангалттай нотолж байхад шүүхээс үзэхдээ нотлогдохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримт болох н“М.У ын зан байдлын талаарх ажилчдын дунд хийсэн ярилцлагын тэмдэглэл”, “Захирлын зөвлөлийн дэргэдэх бүх гишүүдийн хурлын тэмдэглэл” зэрэг нь тухайн байгууллага тухайн зөрчлийг дотооддоо шалган тогтоосон байх шаардлагыг хангаж байна. Уг тэмдэглэлүүд нь тухайн хуралдаанд оролцсон гишүүд болон ажилчдын гарын үсэг бүгд зурагдсан албан ёсны баримт бичиг болох бөгөөд энэ нь М.У ын ёс зүйн доголтой, зөрчилтэй талаар бүгд хэлэлцүүлж, мэдүүлсэн нь эдгээр хүмүүс бүгд гэрч болж, үүнийгээ албан ёсны баримт бичиг дээр гарын үсгээ зуран баталгаажуулсан байна. Эдгээр бичмэл нотлох баримтууд дээр бэхжигдсэн хүмүүсийн мэдүүлэг, хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад оролцсон 3 гэрчийн мэдүүлгүүд М.У ын ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг хангалттай нотолж байхад анхан шатны шүүхээс нотлогдохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд шүүгч шийдвэрийг уншиж сонсгосны дараа “М.У ын ёс зүйн доголдол гаргасан нь тогтоогдож байх боловч энэ нь ажлаас халах үндэслэл биш бөгөөд сахилгын зөрчил, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байна гэж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр бичмэл хэлбэрээр ёсчлогдон гарахдаа дээрх уншиж танилцуулсан шийдвэрээс зөрж, М.У ын үйлдэл нь хангалттай нотлогдохгүй байна гэж бичигдсэн байгаа нь шүүх өөрөө гаргасан шийдвэрээ дур мэдэн өөрчилж, хуулийг зөрчиж, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан “...Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар зэрэг нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй..." гэж үзжээ. Гэтэл хариуцагчийн зүгээс тус баримт бичгүүдийг нотариатаар баталгаажуулсан хэргийн материалд өгсөн бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан "Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхээр нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг хангаж байхад нотлох баримтаар үнэлээгүй нь шүүх хууль зөрчиж байна. Иймээс Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 сарын 3-ний өдрийн 143/ШШ2018/00288 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М ы тайлбарт: Өмгөөлөгч О.Нандинцэцэгийн давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжиж байна. Ажилчдын гомдлоор Захиргаа удирдлагын зүгээс М.У ын зан байдал, удирдах чадварын талаар хими ус цэвэрлэгээний машинч нараас ярилцлага авахад зан харьцаа муутай, хүн удирдаж чаддаггүй, засварчин Г.Г ыг каскар цохьсон гэх мэт зөрчил гаргасан. Энэ нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан  ёс зүйн хэм хэмжээг зөрчин  ажлын байрны дарамт учруулж бусдыг хэл амаар доромжилдог байсан нь ажилчдын өгсөн гомдлоор нотлогдож байна....М.У ыг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэн компанийн хөдөлмөрийн дотоод журмын 14.5, 14.5.1, 14.5.3 дахь заалт Хөдөлмөрийн гэрээний 6.4, 6.6 дахь заалт Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь хуулийн үндэслэлтэй шийдвэр болсон. Нэхэмжлэгч М.У ын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 сарын 3-ны өдрийн 288 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч  М.У  тайлбар гаргаагүй  болно.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн дүгнэлт болон тайлбарт: Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэсгүй. Хариуцагч талын ажилтныг ажлаас халсан 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/67 дугаартай М.У ын хөдөлмөрийн гэрээг цуцалж, “Даланзадгадын Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн захирлын тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч УДШ-ийн зөвлөмжид дурдснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг тодорхой тусгаагүй, М.У ыг  ноцтой зөрчил гаргасан гэдгийг  нотолж чадаагүй. Иймд анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд  хариуцагч талын  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан  тул хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх үндэстэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Нэхэмжлэгч М.У  нь “Даланзадгадын Дулааны цахилгаан станц” ТӨХК-д хариуцуулан тус компаний гүйцэтгэх захиралын 2018 оны 4 сарын 4-ний өдрийн Б/67 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны  цалин хөлсөө авах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

М.У  нь “Даланзадгадын Дулааны цахилгаан станц” ТӨХК-д турбин хими цехэд Химийн инженерийн  ажил үүргийг гүйцэтгэж байхдаа ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг  давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн, Хөдөлмөрийн дотоод журмын 14.5-т “ИТА болон ажилчид дараах ёс зүйн алдаа гаргасан үед хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас хална”, 14.5.1-т “ёс зүйн алдааг дор дурдснаар ойлгоно”,  14.5.3-т “Хэн нэгнийг хэл амаар болон бусад хэлбэрээр доромжилсон заналхийлсэн”, 14.5.4-т “Ажлын байрны дарамт учруулсан” гэсэн  заалтуудыг үндэслэл болгон түүнтэй байгуулсан 2017.1.6-ны өдрийн хугацаагүй гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт “М.У ыг 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 14.5, 14.5.1, 14.5.3, 14.5.4, Хөдөлмөрийн гэрээний 6.4-т “Ажлын байранд, үйлдвэрлэлийн талбайд ...бусдыг хэл амаар доромжилсон, бусдын эрх чөлөөнд халдсан”, 6.6-т “Компаний дотоод журам, бусад хууль тогтоомжийг санаатайгаар ноцтой зөрчсөн нь тогтоогдсон” гэсэн заалтыг үндэслэн  түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж,

Өмгөөлөгч О.Нандинцэцэгийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлтэд “М.У  нь хамт ажиллаж байгаа хүмүүсдээ хараал хэлж, уурлахаараа барьж байсан элдэв зүйлээрээ цохиж байсан гомдол байгууллагад ирсэн. ... зан харилцааны доголдол гаргасан гэдэг нь тогтоогддог. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан тайлбарыг бүрэн дэмжиж байна” гэсэн тайлбар, татгалзал гаргаж маргана.

Шүүх талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай үйл баримтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт өгч, нэхэмжлэгч М.У тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн  ажил олгогчийн шийдвэр нь үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хариуцагч талын тайлбар, татгалзалд “Даланзадгадын Дулааны цахилгаан станц” ТӨХК-ний удирдлагын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, М.У ын зан байдлын тодорхойлолтын талаар хийсэн ярилцлага зэргийг үндэслэл болгожээ.

Эдгээр нотлох баримт тухайлбал, “Даланзадгадын Дулааны цахилгаан станц”  ТӨХК-ний удирдлагын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, М.У ын зан байдлын тодорхойлолтын талаар хийсэн ярилцлага /хх35-36, 40-41, 51-54/ гэх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. …”, хуулийн 44.4-т “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна”  гэсэн журмыг зөрчсөн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  44 дүгээр зүйлийн 44.4-т заасан Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, түүнчлэн энэ хуулийн 12.1.2-12.1.4-т заасны дагуу хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдийг хэргийн оролцогч гэнэ” хэргийн оролцогч биш тул хариуцагч тал дээр дурдсан нотлох баримтыг бүрдүүлэхдээ хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т “Хэргийг  хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах,  шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж зааснаар нотлох баримтыг бүрдүүлэх журамтай.

Хариуцагчийн өмгөөлөгч О.Нандинцэцэгийн давж заалдах гомдлын үндэслэлд “анхан шатны шүүхийн хуралдаанд шүүгч шийдвэрийг уншин сонсгож ...тайлбарласан. Гэтэл шүүхийн шийдвэр бичмэл хэлбэрээр ёсчлогдон гарахдаа уншиж танилцуулсан шийдвэрээс зөрж, ...хуулийг зөрчиж, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн үед хариуцагч тал гомдлын дээрх үндэслэлийн талаар буюу тодруулбал, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс батлан гаргасан “Шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж, архивлах журам”-ын гурав дахь хэсгийн 3.2-т зааснаар анхан шатны шүүх хуралдааны  явцыг судлуулах тухай хүсэлт гаргаагүй тул шүүх санаачилгаараа хэрэгжүүлэх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр  Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 сарын 3-ны өдрийн 143/ШШ2018/00288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч О.Нандинцэцэгийн “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах тухай” давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болсон.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 сарын 3-ны өдрийн 143/ШШ2018/00288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч О.Нандинцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 57 дугаар зүйлийн 57.4, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа  Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн  5585714105 тоот дансанд төлсөн 24.000 төгрөгийг  хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                   ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                             П.ДОЛГОРМАА