Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 775

 

 

                                                                                   

Б.Өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Ганхөлөг,

хохирогч Т.Мөнхболд, 

шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Э.Батбаяр, 

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/379 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Өд холбогдох эрүүгийн 1905049100259 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/; 

 

Б.Ө нь 2019 оны 12 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Коко банана” бааранд хохирогч Т.Мөнхболдын нүд рүү цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний эвэрлэгийн задарсан шарх, шархаар солонгон бүрхэвч шилэнцэрийн хавчуулагдалт, өмнөд хоргын уналт, баруун нүдний хараа 20 см, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, салстын цус харвалт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Өгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Ө-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Б.Ө нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Мөнхболд гомдолтой гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өгаас 2,244,829 төгрөг гаргуулан хохирогч Т.Мөнхболдод олгож, хохирогч Т.Мөнхболдын нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цаашид гарах зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч Б.Өгийн өмгөөлөгч Э.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх Б.Өг гэм буруутайд тооцон ял оногдуулсан үндэслэлээ тайлбарлахдаа “хохирогч Т.Мөнхболд, гэрч З.Хулан, Б.Алтанчимэг, Б.Солонго, Ц.Анудөлгөөн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №14558 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ зэрэг бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотлох бөгөөд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав” гэж шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгтээ дурьджээ. Шүүхийн дээрх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-т заасан гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилтод нийцээгүй байхаас гадна мөрдөгч, прокурор, шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан “нотолбол зохих байдлыг” бүрэн дүүрэн нотлолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Тодруулбал: 1.Хэргийн материалд нотлох баримтаар авагдсан болон прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан “З.Хулан, Б.Алтанчимэг, Б.Солонго, Ц.Анудөлгөөн, Г.Нарангэрэл, Э.Чинзориг, Б.Дэлгэрсүрэн гэх гэрчүүдийн мэдүүлгээр тухайн өдөр Б.Өгийн үйлдлийн улмаас хохирогч Т.Мөнхболдын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байгаа бөгөөд харин эсрэгээрээ тэдний хооронд зодоон үүсээгүй болохыг баталсан гэрч Б.Дэлгэрсүрэнгийн “...Хүнтэй маргалдаж муудалцаагүй. Би бааран дотор байхад Өнөрзаяагаас огт салаагүй, байнга хамт байсан...”, гэрч Г.Нарангэрэлийн “...талбайн хамгаалагч Энхтүвшин, Чинзориг нар очиж маргааныг салган хоёр тийш болгосон, уг маргаан болох үед хоорондоо гар хүрч зодолдоогүй, хэл амаараа маргалдсан, манай бааранд ямар нэгэн зодолдож нэгнийгээ гэмтээсэн зүйл гараагүй...”, гэрч Б.Алтанчимэгийн “...Хэнтэй ч маргалдаж муудалцаагүй...”, гэрч Б.Солонгын “Би хүнтэй маргалдаж муудалцахыг нь хараагүй гэх мэдүүлгүүд байхад прокурор, мөрдөгч нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийн зөрүүг арилгаж нүүрэлдүүлэн мэдүүлэг аваагүй, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн тогтоолгүйгээр шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээ бүхий байхад шүүхэд шилжүүлж, улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Өг гэм буруутайд тооцож, хэргийг шийдвэрлэсэн.

Мөн үүнээс гадна хохирогч Т.Мөнхболд шүүхийн хэлэлцүүлгийн үед Б.Ө түүнийг цохисон гэх үйл баримтыг өөрөө няцааж мэдүүлдэг. Тухайлбал “...толгойны зүүн ар талаас гар орж ирээд байхаар нь гарыг холдуулсан. Гэнэт гар орж ирээд баруун нүд рүү 1 удаа цохисон...” гэж мэдүүлдэг бөгөөд энэхүү мэдүүлэг нь хавтас хэргийн 101 дүгээр талд авагдсан “Мэс заслын өмнөх дүгнэлт”-д дурдсантай тохирсон бөгөөд уг баримтыг шинжлэн судалсаны дараа “таны эмчид ярьсан зүйл чинь хавтас хэргийн 101 дүгээр талд авагдсан мэс заслын өмнөх дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн эсэхийг тодруулахад үнэн зөв байна гэж батлан хэлж, Б.Өгийн шууд санаатай үйлдлийн улмаас цохисон нөхцөл байдлыг үгүйсгэж байхад анхан шатны шүүх хавтас хэргийн 101 дүгээр талд авагдсан баримт болон хохирогчийн дээрх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлэгт ноцтой зөрүү байгааг анхааралгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй болжээ.

2. Б.Өд холбогдох хэргийг шалгах явцад хэргийн бодит байдпыг тогтооход ач холбогдол бүхий зүйл мэдэж болох хохирогч Т.Мөнхболдтой хамт явсан Цэцэгээ, Лхамсүрэн, Энхтуул, мөн шүүгдэгч Б.Өтай хамт явсан Б.Тэнгисболд гэх хүмүүсийг мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр асууж хэргийн байдлыг тодруулаагүй, бүжгийн талбайд маргаан болоход шүүгдэгч Б.Ө оролцсон эсэх, оролцсон бол хэнтэй хэрхэн маргаж байсан зэрэг үйл баримтыг мэдэх эсэхийг маргааныг салгасан гэрчүүд гэх Г.Нарангэрэл, хамгаалагч Энхтүвшин, Чинзориг нараас тодруулах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах тодорхой ажиллагаагаар нарийвчлан тогтоогоогүй байхад шүүгдэгчийг гэм буруутай гэж тооцсон нь үндэслэлгүй болжээ.

3. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №14558 дугаар бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Мөнхболдын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэдгийг тогтоосон болохоос биш тухайн гэмтлийг яллагдагчийн үйлдлийн улмаас учирсан гэх үйл баримтыг шинжээч эмч тогтоосон зүйл биш юм.

Гэтэл прокурор 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 193 дугаартай яллах дүгнэлтэндээ “Хохирогч Т.Мөнхболдын бие махбодид яллагдагчийн үйлдлийн улмаас хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг нотолсон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №14558 дугаартай дүгнэлт” гэж дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэх зарчмыг ноцтой зөрчсөн бөгөөд яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн уг зөрчлийг арилгуулах талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан хэдий ч шүүх хүлээн авахгүй шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Үүнээс гадна 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №14558 дугаартай шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт эргэлзээтэй, нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай байх бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан хэдий ч хүсэлтийг хүлээн авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Тодруулбал, үзлэгээр тогтоогдсон үндсэн онош нь “...2 нүдний улирлын шалтгаант архаг үрэвсэл, гэмтлийн гаралтай баруун нүдний /склер/ эвэрлэгийн бүрхүүлийн задарсан шархаар солонгон бүрхэвч шилэнцэрийн хавчуулагдалт” гэж тогтоогдсон байхад шинжээч эмч дүгнэлт хэсэгтээ “өмнөд хоргын уналт, баруун нүдний хараа 20 см, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, салстын цус харвалт тогтоогдлоо...” гэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, үндсэн оношийн дагуу 2 нүдний улирлын шалтгаант архаг үрэвсэл нь хохирогчийн 2 нүдний харааны алдагдалд нөлөөлөх эсэх, мөн улирлын шалтгаант архаг үрэвсэл нь баруун нүдэнд учирсан гэмтэлд нөлөөлөх боломжтой эсэх нь тодорхойгүй, баруун нүдний хараа 20 см гэдэг нь гэмтлийн өмнөх, эсхүл гэмтлийн дараах юуг тодорхойлж байгаа эсэх нь ойлгомжгүй, хохирогч урьд өмнө харааны алдагдалтай байсан эсэх талаархи баримт хэрэгт авагдаагүй байхад гэмтсэн үеийн харааны алдагдлыг ямар баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

Иймд 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/379 дугаартай Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Баттогтохын Өнөрзаяад холбогдох эрүүгийн 1905049100259 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.   

Хохирогч Т.Мөнхболд “...тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн биед шинжээчийн дүгнэлтээр шинэ гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч мэдүүлэхдээ “...гарыг бариад авахад тайрмал үстэй хүн байсан. Тэгээд найзууд дээрээ аваад очсон...” талаар тодорхой хэлсэн байдаг. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн зүгээс “хэдэн охидууд намайг эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу гээд үг өдсөн. Тэгээд маргалдаад асуудал үүссэн” гэдэг байдлаар мэдүүлсэн. Хэргийн нөхцөл байдлыг үүнээс дүгнэхэд, шүүгдэгч, хохирогч хоёрын мэдүүлгээр хоорондоо маргалдсан нөхцөл байдал тогтоогддог. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч, хохирогчтой хамт явж байсан бүх хүмүүсийг асуух шаардлагатай гээд байдаг. Шүүгдэгчтэй хамт явсан хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглээгүй талаар мэдүүлсэн. Гэтэл баарны ажилтнууд шүүгдэгч нартай хамт байсан хүмүүс нэг шил архи аваад уусан, нилээн согтуу байдалтай байсан талаар мэдүүлсэн байдаг. Мөн бүжгийн талбай дээр хохирогчтой хамт явсан хүмүүстэй шүүгдэгч маргалдаж байсан талаар мэдүүлдэг. Иймд бусад гэрчүүдийн мэдүүлгийг авах шаардлагагүй гэж үзэж байна. Хохирогчийн нүдийг өмнө нь гэмтэлтэй байсан талаар хэлж байна. Хохирогчийн баруун нүдэнд шинэ гэмтэл илэрсэн. Ингээд тухайн өдөртөө 3 дугаар эмнэлэгт очиж хохирогч хагалгаанд орсон байдаг. Дараа нь дахин хоёр удаа нүдний торлогын хагалгаанд орсон зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон учир дээрх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй. Хохирогчийн биед тухайн өдөр шинэ хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хангалттай тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Өд холбогдох 1905049100259 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

 

Б.Ө нь 2019 оны 12 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Коко банана” бааранд хохирогч Т.Мөнхболдын нүд рүү цохиж, эрүүл мэндэд нь “...баруун нүдний эвэрлэгийн задарсан шарх, шархаар солонгон бүрхэвч шилэнцэрийн хавчуулагдалт, өмнөд хоргын уналт, баруун нүдний хараа 20 см, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, салстын цус харвалт...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

хохирогч Т.Мөнхболдын: “…Бүжгийн талбайд бүжиглэж байхад халимаг үстэй, шууд харахад эрэгтэй хүн байна гэж харагдахаар хүн манай эмэгтэйчүүд рүү дунд хуруугаа гаргаад байхаар нь би гарыг нь бага зэрэг цааш болгоход нөгөө хүн намайг зөрүүлээд баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би нүд рүүгээ цохиулаад нүднээс нулимс гоожсон. Тэгээд миний уур хүрээд намайг цохисон хүнийг хүмүүсээс холдуулах гэж бага зэрэг чирсэн. Тэгэхэд тал талаас хүмүүс ирээд салгаж болиулсан. Миний нүд нэг л эвгүй болоод нулимс гараад байхаар нь би бүжиглэлгүй сандал дээр сууж байгаад түрүүлээд ганцаараа баарнаас гараад явсан. ...” /хх 13-14/,

 

гэрч З.Хулангийн “...шөнө 02 цагийн үед манай нөхөр Мөнхболд толинд баруун талын нүдээ хараад нэг л сонин болсон байна гэхээр нь би баруун талын нүдийг нь харсан чинь нүдний цагаан хэсэгт хар зураас гарсан байсан. Тэгээд ...нэгдүгээр эмнэлгийн  яаралтай тусламж дээр очоод нүдний нарийн эмнэлэгт үзүүлэхэд манай нөхрийн баруун нүдний цөцгий хэсэг нь хагарсан байна гэж хэлээд шууд эмнэлэгт хэвтсэн. ...” /хх 5-6/,

 

гэрч Б.Алтанчимэгийн “...бүжиглэж байхад Мөнхболд энэ охин намайг цохиод миний нүд рүү гараараа хатгачихлаа гэсэн. Тэгэхээр нь би Мөнхболдыг ширээн дээр нь суулгаад буцаж Энхтуултай хамт Мөнхболдын заасан охин дээр очоод “чи яаж байгаа юм” гэхэд тэр тайрмал үстэй, намхан охин “би яасан юм бэ” гэсэн. Энэ үед хоёр хамгаалагч ирээд тайрмал үстэй охиныг аваад гарсан. ...Мөнхболд баруун нүдээ аньсан явж байсан. Би “гайгүй юу” гэхэд “гайгүй” гэж хэлээд яваад өгсөн. ...” /хх 23-24/,

 

гэрч Б.Солонгын “...Хөл өвдөөд байхаар нь би түрүүлээд ширээн дээр очоод сууж байхад Мөнхболд нүдээ дараад хүрээд ирсэн. “Яасан бэ” гэхэд “нэг охин миний нүд рүү хатгачихлаа, би нүдээ нээж чадахгүй байна” гэж байсан. ...” /хх 25-26/,

 гэрч Ц.Анудөлгөөний “...эрээн цамцтай, саравчтай малгайтай, хар өмдтэй, богино эрэгтэй үсний засалттай, намхан биетэй эмэгтэй хүн хамт орж ирсэн. Шөнө буцаж гарахдаа баарнаас гарах дургүй, найз нар нь чирээд аваад гарсан. Гарахдаа найз нарыгаа гараараа цохиод байх шиг байсан. ...” /хх 17-18/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Т.Мөнхболдын баруун нүдний эвэрлэгийн задарсан шарх, шархаар солонгон бүрхэвч шилэнцэрийн хавчуулагдалт, өмнөд хоргын уналт, баруун нүдний хараа 20 см, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 7.34.5-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 25%-иар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 14558 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 36/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Шүүгдэгчийн Б.Өгийн хохирогч Т.Мөнхболдын нүдэнд цохиж “...баруун нүдний эвэрлэгийн задарсан шарх, шархаар солонгон бүрхэвч шилэнцэрийн хавчуулагдалт, өмнөд хоргын уналт, баруун нүдний хараа 20 см, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, салстын цус харвалт...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах…” гэсэн ялын төрлүүдээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг Б.Өд сонгож оногдуулсан нь түүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.   

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр “...мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн тул хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. 

Хохирогч Т.Мөнхболдын нүдэнд учирсан гэмтлийг шүүгдэгч Б.Ө учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрхи нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байх ба шүүгдэгч Б.Ө уг гэмтлийг хохирогчийн биед гэмтэл учруулаагүй гэх үйл баримтгүй, хохирогч болон гэрч нар нь шүүгдэгч Б.Өгийн онцлого төрх байдал болон өмсөж явсан хувцас зэрэг шинж тэмдгээр нь заасан бөгөөд өөр хэн нэгэн учруулсан гэх нотлох баримт хэрэгт байхгүй байна.  

Хохирогч Т.Мөнхболдын биед учирсан “2 нүдний улирлын шалтгаант архаг үрэвсэл, баруун нүдний эвэрлэгийн задарсан шарх, шархаар солонгон бүрхэвч шилэнцэрийн хавчуулагдалт, өмнөд хоргын уналт, баруун нүдний хараа 20 см, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, салстын цус харвалт...” гэмтэл нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14558 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 36/-ээр нэгэн зэрэг тогтоогдсон бөгөөд 2 нүдний улирлын шалтгаан үрэвслээс шалтгаантайгаар баруун нүдэнд учирсан гэмтлүүд бий болоогүй, харин “...баруун нүдний эвэрлэгийн задарсан шарх, шархаар солонгон бүрхэвч шилэнцэрийн хавчуулагдалт, өмнөд хоргын уналт, баруун нүдний хараа 20 см, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, салстын цус харвалт...” гэсэн шинэ гэмтлийн улмаас эмнэлэгт хандсан, эмчлүүлсэн, гомдол гаргаж мөрдөн шалгуулах болсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.  

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/379 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

              ШҮҮГЧ                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ