Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 379

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Э.Батбаяр

хохирогч М

гэрч З.Х, БА

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905049100259 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1...оны ...дугаар сарын ...-нд .... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, нягтлан бодогч мэргэжилтэй, ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр, ... тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; ... ...н дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамж, … тоотод оршин суух, ялгүй, ... дугаарын регистртэй, Т овогт Бн Ө

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Ө 2019 оны 12 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Коко банана” бааранд хохирогч Мын нүд рүү цохиж баруун нүдний эвэрлэгийн задарсан шарх, шархаар Сн бүрхэвч шилэнцэрийн хавчуулагдалт, өмнөд хоргын уналт, баруун нүдний хараа 20 см, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, салстын цус харвалт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Тэр орой 2 найзтайгаа бааранд орж, пиво авч уусан. Бүжгийн талбайд гараад бүжиглэж байтал 2 охин ирээд чи эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу гэхээр нь би та хоёрт хамаагүй гэж хэлчихээд холдоод явсан. Хэсэг хугацааны дараа нэг охин ирээд чамайг манай найз танилцъя гээд байна, утасныхаа дугаарыг өгөөчих гэж хэлэхээр нь би чадахгүй тийм юм байхгүй гэж хэлсэн. Тэгээд бүжиглэж байгаад 2 найзын хамт баарнаас гараад явсан. Би нэг их согтуу байгаагүй, пиво л уусан. Өөрийгөө хянах чадвартай байсан. Тухайн үед би саарал өнгийн цамц, хар өмд, хар ботинк, ягаан хартай саравчтай малгайтай явж байсан. Би тэр орой найз Дэлгэрсүрэн, Тэнгисболд нарын хамт явсан гэв.

 

Хохирогч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би ажлын газрынхаа 4 эмэгтэйтэй бааранд орж суугаад нэг нэг пиво авч суусан. Энэ Ө бид нар руу дунд хуруугаа гаргаад байхаар нь болиоч гээд хэлээд гарыг нь бага зэргийн дарсан чинь миний нүд рүү цохисоны дараа нулимс гоожоод байсан. Тухайн үед ийм хүнд гэмтэл гэж бодоогүй, нүдэн дээрээ бага зэргийн жин тавьж байгаад гэртээ харьсан. Гэртээ очоод эхнэртээ хэлээд дараа нь хамтдаа 1 дүгээр эмнэлэг рүү очиж үзүүлсэн. Надад гэмтэл учруулсан хүн бол энэ Ө гэдэг эмэгтэй мөн. Миний нүд рүү гараараа цохиж буюу хатгасан.

Гомдолтой байна, эмчилгээний зардал 3 сая гаруй төгрөг нэхэмжилнэ гэв.

 

Гэрч З.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Манай нөхөр Мын баруун нүдэнд тухайн өдрөөс өмнө ямар нэгэн гэмтэл байгаагүй. Тэр шөнө гэртээ ирэхдээ нэг их архи уусан шинжгүй, өөрийгөө хянах чадвартай байсан. Ер нь бол манай нөхөр архи дарс бараг уудаггүй, хааяа нэг 2-3 сарын хугацаанд ажлынхаа хүмүүүстэй эсвэл найзуудтайгаа уух тохиолдол байдаг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүмүүстэй маргалдаад байдаггүй.

Гэртээ орж ирсний дараагаар манай нөхөр чи босч ирээд миний нүдийг хараад өг гэхээр нь нүдийг нь хартал баруун нүдний доторх харынх нь дээд талд нилээн урт, хар зураас гараад нүднээс нь шингэн зүйл гоожоод байсан. Тэгээд би сандраад нөхрөө аваад эмнэлэг рүү явсан.

Анх надад хэлэхдээ эрэгтэй пацаан нүд рүү цохьчихлоо гэж хэлсэн. Би ч гэсэн цагдаа дээр очиж нөхрийнхөө хүнд зодуулсан талаар гомдол гаргахдаа “эрэгтэй хүүхэд” гэж гомдол гаргасан байгаа. Гэтэл дараа нь ажлынхантай нь уулзаад бас камерын бичлэгийг нь шүүж үзэхэд эмэгтэй, энэ хүн байсан.

Одоогийн байдлаар манай нөхөр 3 удаагийн маш хүнд хагалгаанд ороод байна. Эхлээд 1 дүгээр эмнэлэг дээр очиход нүд нь задарсан байна гээд яаралтай нүдний хагарсан хэсгийг нь оёх мэс засалд орсон. Дараа нь нүдний хараа хэсэг нь эрүүл байгаа эсэхийг харах гэхээр цус хурсан учир харагдахгүй байна гээд цус нь шимэгдэхгүй байсан тул цус соруулах мэс засалд орсон. 3 дахь удаагаа нүдний торлог нь гэмтэлтэй байсан байна гээд маш хүнд хагалгаанд орсон.

Манай нөхөр хэлэхдээ тэр шөнө нүд рүүгээ цохиулж хатгуулснаас өөрөөр ямар нэгэн хүнтэй маргалдаж, зодолдсон талаар хэлээгүй, биед нь өөр гэмтэл, шарх байгаагүй. Манай нөхрийн мөрөн дээгүүр нь гар давж орж ирээд салаавч гаргаад байхаар нь цаашаа түлхсэн чинь гараараа саваад нүд рүү нь цохисон гэж л ярьж байсан гэв.

 

Гэрч Б.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би Мтой ажил төрлийн холбоотой, бид нар хамт нэг байгууллагад ажилладаг. Тэр орой манай ажлынхан бааранд орж хоёр хоёр пиво авч уугаад дуусгаагүй бүжгийн талбайд гарч бүжиглэцгээсэн. Мын хувьд хэн нэгэнтэй маргалдаж зодолдоогүй. Харин миний нүд рүү цохичихлоо гээд энэ Өг барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би энэ охин цохисон юм байна даа гэдгийг нь харчихаад Мыг ширээнд суулгаад гэрэл тусгаад хартал баруун нүднээс нь нулимс шиг цагаан юм гараад байсан. Тэгээд би Ө дээр очоод чи хүний нүд рүү нь цохисон байна, хоёула хамтдаа очъё гэж байх хооронд Өг хамгаалагч нар сугадаад аваад явсан. Ө хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Ө нь тайрмал үстэй, хар өмд, цагаан подволк, хар саравчтай малгайтай байсан. Бааранд орохоос өмнө Мын баруун нүд зүгээр байсан. Би болон манай найзуудын зүгээс Өтай маргалдсан зүйл болоогүй. Өмнө нь би Өг анзаарч хараагүй гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Өг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1905049100259 дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

“Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэгдсэн талаар дараах нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ. Үүнд:

хохирогч Тийн М “… 12 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө 01 цагийн үед Улаанбаатар паласын хажууд байрлах Коко банана бааранд А, Цэцэгээ, Лхамсүрэн, Энхтуул, С нарын хамт орж үйлчлүүлсэн. Бүжгийн талбайд бүжиглэж байхад халимаг үстэй, шууд харахад эрэгтэй хүн байна гэж харагдахаар хүн манай эмэгтэйчүүд рүү дунд хуруугаа гаргаад байхаар нь би гарыг нь бага зэрэг цааш болгоход нөгөө хүн намайг зөрүүлээд баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би нүд рүүгээ цохиулаад нүднээс нулимс гоожсон. Тэгээд миний уур хүрээд намайг цохисон хүнийг хүмүүсээс холдуулах гэж бага зэрэг чирсэн. Тэгэхэд тал талаас хүмүүс ирээд салгаж болиулсан. Миний нүд нэг л эвгүй болоод нулимс гараад байхаар нь би бүжиглэлгүй сандал дээр сууж байгаад түрүүлээд ганцаараа баарнаас гараад явсан. Баарнаас гараад шууд гэртээ харьсан. Гэртээ хариад болсон асуудлыг эхнэртээ хэлээд эхнэртэйгээ хамт 1 дүгээр эмнэлэг ороход яаралтай эмнэлэгт хэвт гээд хагалгаанд орохоор эмнэлэгт хэвтсэн. Маргалдаж муудалцаагүй, надтай хамт явсан эмэгтэйчүүд рүү дунд хуруу гаргаад байхаар нь би гарыг нь холдуулахад намайг зөрүүлээд цохисон” /хх-н 13-14/ гэж,

гэрч Зын Х “... шөнө 02 цагийн үед манай нөхөр М толинд баруун талын нүдээ хараад нэг л сонин болсон байна гэхээр нь би баруун талын нүдийг нь харсан чинь нүдний цагаан хэсэгт хар зураас гарсан байсан. Тэгээд би нөхөр хүүхдээ аваад 1 дүгээр эмнэлэгт очоод яаралтай тусламж дээр очоод нүдний нарийн эмнэлэгт очиж үзүүлсэн чинь манай нөхрийн баруун нүдний цөцгий хэсэг нь хагарсан байна гэж хэлээд шууд эмнэлэгт хэвтсэн. Би юу болсон талаар тодруулахад Коко банана бааранд ажлынхаа хүмүүстэй орж үйлчлүүлж байхад бүжгийн талбай дээр хамт ажилладаг хүмүүс нь маргалдахаар нь манай нөхөр М очиж салгах гээд маргалдаж байсан хүмүүсийг салгаад байж байсан чинь үл таних хүн баруун нүд рүү нь нэг удаа цохисон. Тэгээд салгаад хамт ажилладаг хүмүүстэйгээ баарнаас гарж ирээд салаад гэртээ ирсэн гэж хэлсэн” /хх-н 5-6/ гэж,

гэрч Баянмөнхийн А “... бүжиглэж байхад М энэ охин намайг цохиод миний нүд рүү гараараа хатгачихлаа гэсэн. Тэгэхээр нь би Мыг ширээн дээр нь суулгаад буцаж Энхтуултай хамт Мын заасан охинд очоод чи яаж байгаа юм гэхэд тэр тайрмал үстэй намхан охин би яасан юм бэ гэсэн. Энэ үед хоёр хамгаалагч ирээд тайрмал үстэй охиныг аваад гарсан. Би буцаж М дээр очиж нүдийг нь харахад гайгүй байх шиг байхаар нь буцаад бүжгийн талбай дээр очиж бүжиглэсэн. Жаахан байж байхад Энхтуул надад М явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Энхтуул бид хоёр баарнаас гараад 2 цаг өнгөрч байхад Мын гэрийн ойролцоо буюу Андуудын автобусны буудал дээр очиж Моос гар утсаа авсан. Моос гар утсаа авах үед М баруун нүдээ аньсан явж байсан. Би гайгүй юу гэхэд гайгүй гэж хэлээд яваад өгсөн” /хх-н 23-24/ гэж,

гэрч Болдын С “... тэр шөнө манай ажлынхан Коко банана бааранд орсон. Хөл өвдөөд байхаар нь би түрүүлээд ширээн дээр очоод сууж байхад М нүдээ дараад хүрээд ирсэн. Яасан бэ гэхэд нэг охин миний нүд рүү хатгачихлаа би нүдээ нээж чадахгүй байна гэхээр нь би ууж байсан колаг өгөөд ядаж энүүгээр жин тавьчих гэж хэлээд бүжгийн талбай руу гарч бүжиглэсэн” /хх-н 25-26/ гэж,

гэрч Цэнгэлбаярын А “... би тус баарны үүдэнд такс таслаж байсан. Би тухайн өдөр 22 цаг өнгөрөөгөөд очсон. Тэгээд ажлаа хийж байхад буюу шөнө 00 цаг өнгөрөөд 01 цагийн үед хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүмүүс орж ирсэн тэр хүмүүст би такс таслах гэсэн чинь танай барменийг таньдаг хүн байна гэж хэлсэн болохоор би такс таслахгүйгээр оруулсан. Уг хүмүүс дотроос эрээн цамцтай, саравчтай малгайтай хар өмдтэй, богино эрэгтэй үсний засалттай, намхан биетэй эмэгтэй хүн хамт орж ирсэн. Шөнө буцаж гарахдаа баарнаас гарах дургүй, найз нар нь чирээд аваад гарсан. Гарахдаа найз нарыгаа гараараа цохиод байх шиг байсан” /хх-н 17-18/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн хохирогч Мын гэмтэлтэй холбоотой Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 14558 тоот дүгнэлт гаргаж, уг дүгнэлтээр учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хх-н 36/

 

Дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотлох бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.Өг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Өд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн ялын санкцыг “... торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, ...” гэж хуульчилсан. Эдгээр ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгов.

Учир нь, шүүгдэгч Б.Ө бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байхад түүнд торгох ял оногдуулахад зохимжгүй.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хавтаст хэргийн 41-ээс 43 дугаар хуудас, 91-ээс 93 дугаар хуудаст хохирогч Мын хохирол, эмчилгээний зардалтай холбоотой баримтууд авагдсан байх бөгөөд баримтуудыг нягтлан шалгаж үзвэл нийт 2.244.829 төгрөгийн баримт нэхэмжлэлийн шаардлага хангаж байна.

Харин зарим нэг баримтуудыг үнэлэх боломжгүй, тухайлбал баримт дээр юу бичигдсэн нь харагдахгүй болж балартсан, баримт давхцсан байгааг дурдах нь зүйтэй.

Хохирогч М эмчилгээтэй холбоотой нэхэмжлэлээс гадна ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ гэх боловч үүнийгээ нотолсон баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, жишээ нь түүний ажилд орсон талаарх тушаал, хөдөлмөрийн гэрээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх тодорхой бус байх тул энэ нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч Б.Ө цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

        ТОГТООХ нь:

 

1. Таргад овогт Баттогтохын Өг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Б.Ө нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

  4. Б.Ө цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М гомдолтой гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өгаас 2.244.829 төгрөг гаргуулж хохирогч Мод олгосугай.

 

6. Хохирогч Мын нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цаашид гарах зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Өд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ