Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2023/00140

 

Т.Ж-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/00880 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2023/00846 дугаар магадлалтай,

Т.Ж-н нэхэмжлэлтэй

ШЕЗ-д холбогдох

Тэтгэмжийн зөрүү 50,905,872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-н гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Т.Ж нь ШЕЗ-д холбогдуулан Тэтгэмжийн зөрүү 50,905,872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/00880 дугаар шийдвэрээр Монгол улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ШЕЗ-с тэтгэмжийн зөрүү 50,905,872 /тавин сая есөн зуун таван мянга найман зуун далан хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ж-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Ж нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ШЕЗ-с 412,474 /дөрвөн зуун арван хоёр мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2023/00846 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/00880 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ШЕЗ-д холбогдох тэтгэмжийн зөрүү 50,905,872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Ж-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О хяналтын гомдолдоо: ...Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1 анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн 172.2.3. шүүх хуулийг Улсын дээд шүүхийн 2006.04.24-ний өдрийн 21-р тогтоолд зааснаас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, Шүүхийн тухай хуулийн 27-р зүйлд заасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөрүүтэй бол Улсын дээд шүүх хяналтын журмаар хэргийг хянаж болно гэснийг тус бүр үндэслэн доорхи хяналтын гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Анхан болон давж заалдах шатны шүүх нь шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан шүүгчдийн тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн нэхэмжлэл бүхий хэргийг тэс өөр өөрөөр шийдвэрлэж Үндсэн хуулийн 14-р зүйлд заасан “хууль, шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байна” гэснийг зөрчиж, мөн 2021 оны шинэчилсэн найруулга бүхий Шүүхийн тухай хуулийн 47.9-р зүйлд заасныг болон Улсын Их хурлын 2021 оны 04-р тогтоол, 2015 оны 101-р тогтоол, мөн хуулийн 46.2. Төрийн албаны тухай хуулийн 4.4.2. 4.4, 4.5. 10.1. 13.1.1-д заасныг буруу тайлбарлан хуулийг буруу хэрэглэж, зөрүүтэй шийдвэрлэж буйд нэхэмжлэгч талаас гомдолтой байна. 2. Нэхэмжлэгч Т.Ж-н нэгэн адил нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хэргийн харьяалал буруу, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах байтал иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхийн харьяалал зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байтал манай тохиолдол давж заалдах шатны шүүх шүүгчийн нэмэгдэл болон шүүгчийн цалин хөлсийг нийтэд нь хамруулна гэж үзэхээргүй байна гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг өөр өөр хэрэглэж, хуулийг өөр өөрөөр тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. 3. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх нэхэмжлэлд зөв үндэслэл бүхий дүгнэлт хийж, дээрх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байтал давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.06.20-ны өдрийн 001/ШХТ2023/00739 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

8. Нэхэмжлэгч Т.Ж нь хариуцагч ШЕЗ-д холбогдуулан Шүүхийн тухай хуулийн шүүгчийн эрх зүйн баталгааг тусгайлан тогтоосон хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй гэж тэтгэмжийн зөрүү 50,905,872 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...сарын дундаж цалин.. гэдэг нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “...Монгол Улсын Засгийн газрын 2019.01.09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4.4-т дурдсан зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгч нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасны дагуу тэтгэмж олгохыг шаардах эрхтэй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар шүүгчийн сарын дундаж цалин хөлс нь албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэж байх бөгөөд нэхэмжлэгч нь тэтгэмжийн зөрүү авах үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх “...Анхан шатны шүүх Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна. ...Хуульд заасан дээрх сарын дундаж цалинд албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдэл орохооргүй байна. Анхан шатны шүүх сарын дундаж цалинг “цалин хөлс” гэж тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй болжээ. Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан зохицуулалт нь тус маргаанд хамааралгүй байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу болжээ.” гэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

10. Нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэл буюу иргэний хэргийн шүүхийн маргаанд хамаарахгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч Т.Ж нь ШЕЗ буюу захиргааны байгууллагад холбогдуулан тус байгууллагын холбогдох хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй үйлдлийн улмаас өөрийнх нь нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр олгогдсон субъектив эрх зөрчигдсөн гэх агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэн өндөр насны тэтгэвэрт гарах үед олгогдох тэтгэмжийг албан тушаалын үндсэн цалингаар бус хуульд заасан нэмэгдлийн хамт тооцож сар бүр авч байсан цалин хөлсний дунджаар олгоогүй гэх зохигчийн хооронд үүссэн маргаан нь нийтийн эрх зүйн харилцаанд хамаарна.

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь субъектын, ашиг сонирхлын, гэрээний зүйлийн хувьд нийтийн эрх зүйн шинжтэй байгааг хоёр шатны шүүх анхаараагүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх харьяаллын бус хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/00880 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2023/00846 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Т.Ж-н нэхэмжлэлтэй ШЕЗ-д холбогдох тэтгэмжийн зөрүү 50,905,872 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                              Д.ЦОЛМОН

                                                                              Х.ЭРДЭНЭСУВД