Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00846

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00846

 

 

Т.Ж-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/00880 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Ж-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч ШЕЗ-д холбогдох,

Тэтгэмжийн зөрүү 50,905,872 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Т.Ж- нь Говь-Алтай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхэд 23 жил шүүгчээр ажиллаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 204 дугаартай зарлигаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрч шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгчийн 36 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжид 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн банк дахь 240000112335 тоот дансанд нь тэтгэвэрт гаргахад олгов гээд 104,400,000 төгрөг шилжиж орсон.

2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт зааснаар шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгохоор зохицуулсан.

ШЕЗ-өөс дээрх тэтгэмжийг олгохдоо үндсэн цалин болох 2,900,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй тул тэтгэмжийн зөрүү 50,905,872 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гаргахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан бөгөөд ШЕЗ- хуулийн уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчид тэтгэмжийг олгосон болно. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3-т зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг ШЕЗ-ийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог бөгөөд 2015 оны 101 дугаар тогтоолын хавсралтаар шүүгчийн албан тушаалын цалинг тогтоосон. Энэхүү тогтоолоор Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалин гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.

Нэмэгдэл, тэтгэмжийг Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог бөгөөд нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт цалин хөлс гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан байна. Мөн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаар тогтоолоор Шүүгчид нэмэгдэл олгох журам-аар баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид докторын зэргийн, шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны зэрэг нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна.

Иймд 36 сарын тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацаа-ны нэмэгдлийн хамт олгох үндэслэлгүй.

ШЕЗ-ийн хувьд 36 сарын тэтгэмжийг Улсын их хурлын 2015 оны 101 дугаар тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгосон нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Монгол улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ШЕЗ-өөс тэтгэмжийн зөрүү 50,905,872 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ж-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Ж- нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ШЕЗ-өөс 412,474 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3-т зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг ШЕЗ-ийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дугаар тогтоолын хавсралтаар тогтоосон.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...сарын дундаж цалин.. гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.

Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт цалин хөлс гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан байна.

Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Шүүгчид нэмэгдэл олгох журам-аар баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчд дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд: УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл; Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/; Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.

Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид нэг удаа олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.

Иймд 36 сарын тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг ШЕЗ-өөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгч Т.Ж- нь хариуцагч ШЕЗ-д холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон 36 сарын, нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 50,905,872 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч Т.Ж- Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 204 дугаар зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байна. /хх 7/

 

Шүүхийн тухай хуульд заасан нэхэмжлэгч Т.Ж-ы өндөр насны тэтгэвэрт гарахад түүнд олгох тэтгэмжийн хэмжээг тооцох сарын дундаж цалин-д албан тушаалын үндсэн цалингаас гадна түүний авч байсан нэмэгдэл цалин хөлс хамаарах эсэх нь маргааны зүйл болжээ.

 

3. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно,

4.4 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна,

4.5 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тус тус зохицуулна гэжээ.

 

4. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт төрийн албан тушаалыг төрийн улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний гэсэн ангилалд хуваасан байна.

 

Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт төрийн тусгай албан тушаалд хамаарах суьектүүдийг тодорхойлж, 13.1.1-д бүх шатны шүүхийн шүүгчийг хамааруулжээ.

 

5. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно,

Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна.,

46.2 дахь хэсэгт Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэжээ.

 

Иймд дээрх хуульд зааснаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмжийг тооцохдоо мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан албан тушаалын сарын цалингийн дундаж хэмжээгээр тооцохоор зохицуулсан гэж үзэхээр байх тул нэмэгдэл цалин буюу шүүгчийн цалин хөлсийг нийтэд нь хамааруулна гэж үзэхгүй.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/00880 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ШЕЗ-д холбогдох тэтгэмжийн зөрүү 50,905,872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Ж-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ