Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2021/01224

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2021/01224

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 хороо, 2 хороолол, Газар бизнес төвийн 1 давхар хаягтай, рд:2844907, ************** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Баянгол дүүрэг, 11 хороо, 3 хороолол, Энэбишийн өргөн чөлөө гудамж 77-1 байр 47 тоот хаягтай, рд:хл69033106, Тугчин овогт************** холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 75 044 131 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнасан, Ж.Лхагважаргал, хариуцагч Г.Уранчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Газар капитал******* ББСБ ХХК нь Г.Уранчимэг нарын хооронд 2018 оны 02 сарын 14-ний өдөр ЗГ1500180001 тоот шугамын зээлийн эрх нээлгэх тухай гэрээг байгуулж, 30.000.000 төгрөгийг 12 сарынхугацаатай, жилийн 30 хувийнүндсэнхүүтэй, эргэн төлөх нөхцөлтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалттайгаар зээлүүлсэн. 2018 оны 09 сарын 11-ний өдөр 29.928.000 төгрөгийн үндсэн зээлээ 20.072.000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 50.000.000 төгрөг болгох хүсэлт гаргасны дагуу 2018 оны 09 сарын 13-ны өдөр ЗГ1500180001а тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан, Үндсэн зээлийг 50.000.000 төгрөг болгосон. Үүнээс үүдэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт орсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, 2018 оны 02 сарын 14-ний өдрийн ЗГ1500180001 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 09 сарын 13-ны өдрийн ЗГ1500180001а дугаартай барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд Баянгол дүүргийн 10-р хороо, Зүүннарангийн 3 гудамж, 19 тоотод байршилтай 49 мкв хувийн сууц, уг байршилд байрлах 321 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан. Уг хөрөнгүүдийг улсын бүртгэлийн 6-1-35 тамгаар баталгаажуулж, Газар капитал******* ББСБ-ийн барьцаанд бүртгэсэн. Г.Уранчимэг нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 10.643.691 төгрөгийг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 235.000 төгрөг, зээлийн хүү 10.608.091 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй байна. Г.Уранчимэг нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2019 оны 01 сарын 25-ны өдөр үндсэн зээлээс 25.000.000 төгрөг, 2019 оны 02 сарын 14-ний өдөр үндсэн зээлээс 25.000.000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон. Зээлдэгч зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул ББСБ-ын зүгээс зээлээ төлөх талаар удаа дараа сануулж, зээл төлөх хугацаа өгч мэдэгдэж байсан. 2019 оны 02 сарын 14-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн 2 үндсэн шаардлагатай үндсэн зээл 49.837.000 төгрөг, зээлийн хүү 21.053.902 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.129.229 төгрөг, нотариатын зардал 24.000 төгрөг нийт 75.044.131 төгрөг гаргуулах, сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагч Г.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хамгийн сүүлийн гэрээ 2018 онд хийгдсэн боловч Газар капитал******* ББСБ ХХК-аас 2006 оноос хойш 12 жил дараалан 50.000.000-80.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээл авсан. 12 жилийн турш хугацаа хоцроолгүй төлсөн. 2018 оны гэрээ бол хамгийн сүүлийн гэрээ байгаа. Би өөрийн нөхцөл байдлаа хэлээд олон удаа уулзсан. Шалтгаангүй төлөхгүй алга болж байгаагүй, ямар шалтгаан гарахад очиж уулзаж байсан. 12 жилийн турш сар бүрийн 3 хувийн хүүд 500.000.000 гаруй төгрөгийг төлсөн байдаг. 50.000.000 төгрөгийн гэрээнд уян хатан байхыг хүсэж уулзахад хүүгээ зогсооё, 65.000.000 төгрөг дээр гэрээ хийсэн байдаг, барьцаа хөрөнгөө өндөр үнэлүүлээд, өөр газар руу зээлээ татуулах талаар хөөцөлдөж байсан боловч цар тахал болон миний компанид үүссэн нөхцөл байдлаас болж бүтээгүй. Зээл төлөх чадваргүй болсон гэдгээ нуугаагүй. Янз бүрийн аргаар харилцаж байсан. Цаг үе хэцүү үед надад хатуу хандаж, ерөөсөө газрын нь өөрийн болгох гэж байгаа нь надад таалагдаагүй. Хоорондоо ярилцаж тохиролцоод графиктаа өөрчлөлт оруулж байсан. Миний төлсөн 10.000.000 төгрөгийг хуулийн дагуу үндсэн төлбөрөөс хасах хуулийн гаргалгаа байдаг. Миний төлсөн 10.000.000 төгрөгийг зээлээс хасахаар нэхэмжлэгч талын тооцоолол өөрчлөгдөнө. 10.000.000 төгрөгийг үндсэн төлбөрөөсөө хасуулмаар байна. 2006 оноос хойш зээл төлж байсан зээлийн мэдээллүүдийг татуулмаар байна. Яагаад гэвэл би нэг удаа зээл аваагүй, олон жилийн турш 500.000.000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлсөн. Нэхэмжлэгч талд хангалттай ашигтай байсан. Зөвхөн сүүлийн гэрээг харахаар би буруу ойлгогдоод байх шиг байна. Би Лхагвасүрэн, Цолмон нарын өгсөн баримтуудтай маш сайн танилцаж, нягт нямбай уншсан. Цолмон миний нэр дээр байдаг, би Г.Уранчимэгт захиран зарцуулах эрхтэйгээр итгэмжлэл хийж өгсөн гэсэн. Г.Уранчимэгт хийж өгсөн итгэмжлэлийн хугацаа дууссан. Г.Уранчимэгт итгэмжлэл хийж өгсөн юм бол яагаад бүх шатны шүүхэд оролцох, материал авах бүх эрхийг Лхагвасүрэн, Цолмонд хийж өгсөн юм бэ? Анхан шатны шүүх асуудлыг ойлгомжтой шийдэх ёстой учир өмнөх 2 хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын 65.000.000 төгрөгийг төлнө, гэхдээ 3 сард амжихгүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагыг огт зөвшөөрөхгүй. Хот төлөвлөлтөд орсон газар маргаантай байгаа боловч 145.000.000 төгрөгийн гэрээтэй. Үнэ нь унахгүй, улам өсөж байгаа. Өөрийнхөө хөдөлмөрөөрөө олж авсан хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэл хангуулах нь шударга биш гэж бодож байна. Уг нэхэмжлэлийн шаардлага нь шуналтай, шударга бус зүйл болж байна. 12 жилийн турш сар бүр хүү төлүүлж 500.000.000-600.000.000 төгрөг авсан байгаа. Иймд 65.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

 

Ч.Лхагвасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Г.Цолмон 2021 оны 03 сарын 09-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: .... Газар капитал******* ББСБ-ийн нэхэмжлэлтэй Г.Уранчимэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын дагуу барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 10-р хороо, Зүүн нарангийн 3 дугаар гудамжны 19 тоот хаягт байршилтай, 49м.кв талбайтай Ү-2205021392 тоот эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Баянгол дүүргийн 10-р хороо, Зүүн нарангийн 3 дугаар гудамжны 19 тоот хаягт байршилтай 18639311672924 нэгж талбарын дугаартай, 324 м.кв талбайтай, Г-2205000019 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн шүүх хуралд оролцох шаардлагагүйгээр шүүхийн шийдвэр гаргахад татгалзах зүйл байхгүй. Тус хувийн сууц болон газар нь миний бие болон ээж Ч.Лхагвасүрэнгийн нэр дээр байдаг боловч эгч Г.Уранчимэгт захиран зарцуулах эрхтэйгээр итгэмжлэл хийж өгч байсан. Ээж Ч.Лхагвасүрэн нь 72 настай өндөр настан, улаан хоолойн хорт хавдрын сүүлийн шат оноштой, биеийн байдал хүнд байгаа. Одоогоор хэвтэрт, байнгын сахиуртай байдаг учраас шүүхтэй холбоотой асуудал дээр миний бие төлөөлөх болно....гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК хариуцагч Г.Уранчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 75 044 131 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Г.Уранчимэг 2018 оны 2 сарын 14-ний өдөр ЗГ150018001 тоот Шугамын зээлийн эрх нээх гэрээг нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-тай байгуулж, 30 000 000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө зориулалтаар зээлжээ.

 

Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2018 оны 2 сарын 14-ний өдөр №ЗБ1500180001 тоот Барьцааны гэрээгээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Ч.Лхагвасүрэн, Г.Цолмон нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 10 хороо, Зүүн наран 3 дугаар гудамж, 19 тоот хаягт байршилтай, 324 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2205000019 дугаар бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон улсын бүртгэлийн Ү-2205021392 дугаарт бүртгэлтэй, 49м2 талбайтай, хувийн сууц үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Зээлдэгч гэрээний үүргийг эхний 10 сарын хугацаанд зээлийг ашигласан хоногоор сар бүрийн 25-ны өдөр хүү төлөх, зээлийн үндсэн төлбөрийг сүүлийн 2 сард тэнцүү хувааж төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь гарган тохиролцсон байна.

 

Зээлдүүлэгч 2018 оны 02 сарын 15-ны өдөр 15 000 000 төгрөг, 2018 оны 03 сарын 09-ны өдөр 15 000 000 төгрөгийг тус тус зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн бөгөөд олгосон зээлийн хэмжээгээр ашигласан хоногоор хүүг тооцсон байх бөгөөд энэ нь хууль болон гэрээнд нийцсэн.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч 2018 оны 08 сарын 25-ны өдөр хүртэл зээлийн үндсэн төлбөрт 72 000 төгрөг, хүүгийн төлбөрт 4 434 940 төгрөг төлсөн ба зээлдэгчийн хүсэлтээр 2018 оны 09 сарын 13-ны өдөр 20 072 0000 төгрөгийн зээл нэмж олгон зээлийн хэмжээг 50 000 000 төгрөг болгож, зээлийн гэрээний үүргийг зээлдэгч өмнө тохирсон хүүгээр тооцон, 2018 оны 9, 10, 11, 12 сарын хугацаанд зээлийг ашигласан хоногоор сар бүрийн 25-ны өдөр хүү төлөх, зээлийн үндсэн төлбөрийг 2019 оны 01, 02 сард тэнцүү хувааж төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна.

 

Мөн 2018 оны 09 сарын 13-ны өдрийн №ЗБ1500180001/А тоот Зээлийн барьцааны гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээ байгуулан өмнөх гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгүүдийг мөн адил барьцаалан, барьцааны хөрөнгийн тохиролцсон үнэлгээнд өөрчлөлт оруулан үл хөдлөх хөрөнгийн газарт дахин бүртгүүлж, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг болон гэрээний бусад бүх нөхцөлүүд 2018 оны 2 сарын 14-ний өдөр ЗГ150018001 тоот Шугамын зээлийн эрх нээх гэрээ, 2018 оны 2 сарын 14-ний өдөр №ЗБ1500180001 тоот Барьцааны гэрээд тусгасан нөхцөлүүдэд бүхэлдээ хамаарах, салшгүй хэсэг байхаар тохиролцсон байна. /хэргийн 11-28 дугаар тал/

 

Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэхь хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 50 000 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

Гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгч 2018 оны 02 сарын 15, 2018 оны 03 сарын 09-ны өдөр, 2018 оны 09 сарын 13-ны өдрүүдэд хариуцагчийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 475025744 дугаарын данс руу шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна. /хэргийн 30-32 дугаар тал/

 

Зээлдэгч гэрээний дагуу хүүг сар бүр төлсөн байх бөгөөд харин 2019 оны 01 сарын 25-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 25 000 000 төгрөг төлөхөөс 163 000 төгрөг төлж үүнээс хойш нэхэмжлэл гарах хүртэл хугацаанд төлбөр төлөөгүй, гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 235 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт нийт 10 408 691 төгрөг төлөгджээ.

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 02 сарын 14-ны өдөр дуусгавар болсон, зээлдэгч буюу хариуцагч Г.Уранчимэгээс 2020 оны 06 сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 49 837 000 төгрөг, зээлийн хүү 21 053 902, нэмэгдүүлсэн хүү 4 129 229 төгрөг нийт 75 020 131 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсныг зээлдүүлэгч нэхэмжилсэн. /хэргийн 29 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан байна.

 

Хариуцагч ... нийт төлөгдсөн мөнгөний хэмжээний талаар маргаагүй бөгөөд харин хүүгийн төлбөрт төлсөн 10 408 691 төгрөгийг үндсэн төлбөрөөсөө хасуулмаар байна, нэхэмжлэлийн шаардлагын 65.000.000 төгрөгийг төлнө, гэхдээ 3 сард амжихгүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагыг огт зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

2018 оны 02 сарын 14-ны өдөр зохигч талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 2.3-т зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-т зааснаар тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 1.2.2-т зааснаар, нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-т заасан хувиар тус тус тооцон авна, 2.7-т зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаа дуусахад зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөөгүй тохиолдолд гэрээний хүчинтэй байх хугацаа нь цаашид зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хүчин төгөлдөр үргэлжилнэ. Зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж, 2018 оны 09 сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.5-д зээлийн төлбөрийг хуваарьлах аргачлал Зээлийн төлбөрөөс 1-рт бодогдсон бол хүүгийн торгууль болон нэмэгдүүлсэн хүү, 2-рт үндсэн зээлийн хүүг, 3-рт үндсэн зээлээс төлбөрийг авна гэж тус тус тохиролцсон байна.

 

Мөн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох эрхтэй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

2019 оны 12 сарын 11-ны өдөр зээлдэгч 2020.03.15-нд 10 сая, 2020.04.15-нд 10 сая, 2020.05.15нд 45.487.212 төгрөгөөр хэсэгчлэн зээлээ графикийн дагуу төлж барагдуулах хүсэлтийг зээлдүүлэгчид хандаж бичгээр гаргаж, 2020 оны 01 сарын 07-ны өдөр дахин бичгээр хүсэлт гаргаж 2019.12.11-ны өдрийн гаргасан хүсэлт болон графикийн дагуу цаг хугацаанд нь төлөх төлбөрөө бүрэн төлөөгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах, мөн тухайн өдрийг хүртэлх бодогдсон хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхөд татгалзах зүйлгүй болохоо илэрхийлж байсан байна./хэргийн 60-61 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахад гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй шалтгааныг зээлдэгч өөр газраас зээл хөөцөлдөж байгаа, барьцаа хөрөнгийг зарах гэж байгаа талаар тайлбарлан баримт авчирч өгч байсан, бичгээр гаргасан дээрхи хүсэлт зэргийг үндэслэн үйлчлүүлэгчээ хүндэлж хүлээсэн гэх тайлбарыг гаргаж байгаа, мөн зээлдэгчийн зээл төлөх талаар гаргасан саналд дурьдсан сүүлийн хугацааг өнгөрөөн шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг нөхцөл байдлыг үндэслэн зээлдэгчийн саналын нэмэлт хугацаанд зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэж чадах бодит нөхцөл байгаа эсэхийг буюу зээлийн ашиглалт, чанар, зээлдэгчийн төлбөрийн чадварын талаар судалж тогтоох, зээл төлүүлэх ажиллагаа явуулах үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийн хэмжээ нэмэгдэхэд зээлдүүлэгч дангаараа буруутай гэж дүгнэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул, хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 75 020 131 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэхь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг худалдахыг шаардах эрх үүссэн байна.

 

Иймд хариуцагч мөнгөн төлбөр төлөх дээрхи үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Лхагвасүрэн, Г.Цолмон нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 10 хороо, Зүүн наран 3 дугаар гудамж, 19 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18639311672924 дугаарт бүртгэлтэй, улсын бүртгэлийн Г-2205000019 дугаар бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 324 м.кв талбайтай бүхий газар болон улсын бүртгэлийн Ү-2205021392 дугаарт бүртгэлтэй, 49м2 талбайтай, хувийн сууц үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч барьцаанд бариулсан үл хөдлөх хөрөнгө нь хот төлөвлөлтийн газрын төлөвлөлтөд орсон өндөр үнэ бүхий үнэлгээтэй барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө хийгдсэн буюу 2014 оны 03 сарын 30-ны өдрийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Цолмон, Грийн ресурс констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан төсөл хэрэгжүүлэх 2 талын гэрээ баримт байх бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Цолмон /өмчлөгч/ шүүхэд ирүүлсэн тайлбартаа энэ талаар тайлбар гаргаагүй, хариуцагч мөнгөн төлбөрийн үндсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдол үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хийгдэх ажиллагаа ба барьцааны хөрөнгийн үнэлгээний асуудал тусдаа хуульд заасан журмын дагуу явагдах ажиллагаа тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

Нотариатын зардал 24 000 төгрөг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан үүргээ зохигч биелүүлсэнтэй холбоотой зардал тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 603 371 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 603 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Уранчимэгээс зээлийн гэрээний үүрэгт нийт 75 020 131 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт заасны дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Лхагвасүрэн, Г.Цолмон нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 10 хороо, Зүүн наран 3 дугаар гудамж, 19 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18639311672924 дугаарт бүртгэлтэй, улсын бүртгэлийн Г-2205000019 дугаар бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 324 м.кв талбайтай бүхий газар болон улсын бүртгэлийн Ү-2205021392 дугаарт бүртгэлтэй, 49м2 талбайтай, хувийн сууц үл хөдлөх эд хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 603 371 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 603 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ