Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 810

 

                                                                                   

Д.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Солонго,

шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч В.Мандах,

хохирогч Г.Энхмаа,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Б.Халиун, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/316 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Энхмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Дд холбогдох эрүүгийн 1911006580342 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

 

Д.Д нь 2019 оны 1 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 57 дугаар гудамжны 12 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Энхмааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж шалны модоор толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн талын чамархай, дагз цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлөгийн бага тархи, дагзны дэлбэнгийн тархины няцрал, зүүн хөхлөг сэртэнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Дд 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг шалны модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж танилцуулснаар хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Дг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. 

 

Хохирогч Г.Энхмаа нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний нөхөр Д.Дд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн шүүхэд болж хорих ялаар шийтгэлээ.

Манай гэр бүлийн хувьд миний бие ажилгүй, ажил хөдөлмөр хийж амьдралаа болгодог ганц хүн нь нөхөр Д.Д ба өнөөдрийн байдлаар бид хоёр хүүхдүүдийн хамтаар элэг бүтэн амьдарч байсан юм.

Д Дугарсүрэн өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж сайн хань байж чадаж байгаа, манай гэр бүл дахин шинэ хүнээ хүлээж байгаа ба миний зүгээс Д.Дгээс аливаа байдлаар хохирол төлбөр нэхэмжлэхгүй бөгөөд намайг эмчлүүлсэн, асарч сувилсан болохыг хэлэхийг хүсэж байна.

Г.Энхмаа би тодорхой ажил эрхэлдэггүй, нөхөр Д.Д нь манай гэр бүлийн хувьд ажил хөдөлмөр хийж амьдралаа болгодог ба тэр гайт өдрийн болчимгүй үйлдлээс болж нэг нь шоронд, нөгөө дөрөв нь байнгын орлоггүйн улмаас нийгмийн эмзэг бүлгийн өрхийн тоог нэгээр нэмэх, 3 хүүхэд минь эцгийн хайр халамжгүй, дутагдаж гачигдахын эрхшээлд бусдын гар харж түрээсийн төлбөр төлөх мөнгөгүй нөхцөлд айл амьтны хаяа бараадаж дөрвөн ам бүл амьдрах эсэх хүнд байдал хүлээж байна.

Шүүх, прокурорын ажилд хүндэтгэлтэй хандахын сацуу Монгол Улсын шүүх алдсан эндсэн иргэндээ хатуурхахгүй, өршөөн үзэж энгийн нэгэн гэр бүлийн амьдралыг харгалзан шүүхээс миний нөхөр, хүүхдүүдийн минь эцэгт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасны дагуу хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үйл баримтын талаар шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

 

Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Дд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд түүний гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, тухайн зүйл хэсэгт заасан ялаас доогуур ял оногдуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Д.Д нь 2019 оны 1 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 57 дугаар гудамжны 12 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Г.Энхмааг шалны модоор толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн талын чамархай, дагз цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлөгийн бага тархи, дагзны дэлбэнгийн тархины няцрал, зүүн хөхлөг сэртэнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

хохирогч Г.Энхмаагийн: “...гэртээ нөхөр, хүүхдүүдийн хамтаар дөрвүүлээ байж байсан юм. Тэгээд би Д.Дд хандан хоёр хоног гэрт ирж хоноогүй талаар нь хэлэхэд гэр бүлийн маргаан үүссэн. Би тухайн үед хувцасаа угаагаад угаалгын машины урд зогсож байтал Д.Д гэнэт уурлаад шалны мод аваад миний толгой руу нэг удаа хүчтэй цохисон. Тэгсэн миний толгойноос маш их цус гарч ухаан алдах шахсан. Миний толгойноос цус гараад тогтохгүй байсан болохоор Д.Д өрөөнд оруулж хэвтүүлээд миний толгойг юмаар боосон. Тэгээд “эмнэлэг, цагдаад битгий хэлээрэй бас гэрийнхэндээ хэлж болохгүй шүү” гээд байн байн гуйгаад байсан. Ингээд би маргааш өдөр нь гэртээ бүтэн хэвтээд өвчин намдаах эм ууж, лаа хийсэн. Цагаан сараар хөдөө явж золголт хийгээд 2 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод ирээд гэртээ байсан. Тэгсэн нүд харанхуйлаад толгой өвдөөд байхаар нь 2 дугаар сарын 8-ны өдөр Д.Дг хөдөө явсан үеэр нь гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд зургаа авахуулаад ир гэсэн. Маргааш өдөр нь зургаа авахуулаад эмчид үзүүлэхэд тархинд буюу дагзны ясны цөмрөл гэмтэл учирсан байсан, яаралтай хэвтэж эмчилгээнд ор гэсний дагуу 2 дугаар сарын 13-ны өдөр тархины хагалгаанд орсон. ...намайг цохих болсон шалтгаан нь хэрүүл хийлээ гэж уурлаад л шалны модоор намайг цохьсон. Ер нь бид хоёр байнгын хэрүүл маргаантай байдаг юм. ...намайг анх 2012 онд зодож эхэлсэн. ...үүнээс хойш жилдээ 2-3 удаа зоддог. ...Тэр болгонд нь цагдаад хандаагүй.”,  “...манай нөхөр Д.Д 2012 онд нэг хүүхэнтэй явалддаг болсон. Тэр хүүхэн нь байнга мессеж бичиж дууддаг, ярьдаг, гэр орноор ирдэг.  ...Тухайн өдөр бас л нөгөө хүүхнээс болж маргалдсан, манай нөхөр урд өдөр нь гэртээ хонохгүй алга болчихоод маргааш нь гэртээ ирчихээд тоож байгаа ч юм байхгүй хүн даапаалаад байгаа юм шиг инээж ханиагаад гэмшсэн шинжгүй байгаад байсан. Тэр үед би 2 хүүхдийнхээ хувцсыг угааж байгаад маргалдсан. Тэгтэл гэнэт угаалгын машины хажууд байсан шалны модоор толгой руу нэг удаа цохиж гэмтэл учруулсан юм...” /1хх 12-14, 15/,  

 

гэрч Г.Энхжаргалын: “...2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Д.Д манай дүүгийн толгойг шалны модоор цохиж хагалсныг Энхмаа гэмтлийн эмнэлэгт хэвтээд 2 хоногийн дараа бид нарт хагалгаанд орох шаардлагатай гэж хэлснээр мэдсэн. ...” /1хх 28-29/,  

 

Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр эхнэр Г.Энхмаа миний гар утсыг авчихаад “нөгөө хүүхнээс чинь мессеж ирсэн байна” гэж хардаад хэрүүл маргаан үүсгэсэн. Учир нь, эхнэр Энхмаатай гэр бүл болохоос өмнө буюу 2003 онд үерхдэг байсан Батбуян гэх эмэгтэйгээс чинь мессеж ирсэн одоо хүртэл холбоотой байдаг юм байна гээд хардаад байсан. Би түүнтэй ямар ч холбоогүй байгаа гэж хэлсэн боловч надад итгэхгүй байсан, тэр үед угаалга хийж байсныг ч хэлэх үү гэнэт уур хүрээд хажууд байсан шалны модоо аваад түүнийг цохиход толгой руу нь санаандгүй шалны модны ишээр цохьчихсон чинь эхнэрийн толгойноос гэнэт цус гараад явчихсан. Тэгэхээр нь толгойных нь цусыг алчуураар арчаад гайгүй намдчихаар нь унтаад өгсөн. Маргааш нь эхнэр толгой өвдөөд байна гээд ажилдаа яваагүй, ажлаасаа чөлөө авсан. Нөгөөдөр нь ажилдаа явчихаад ирэхдээ толгой өвдөөд байна гэхээр нь бариач дээр очиход тархи хөдөлсөн байна. Гурав хоног бариулчихаад цагаан сарын битүүний өдөр гэр бүлээрээ Булган аймгийн Бүрэг хангай сум руу явчихаад буцаад Заамарт очсон. Тэгээд шинийн хоёронд гэртээ ирсэн. Шинийн гурванд аав, ээжид золгочихоод шиний дөрвөнд ээж, аавыгаа хүргэж өгөх гээд Заамар явж байхад араас эхнэр Энхмаа залгаад толгой өвдөөд байна, гэмтлийн эмнэлэгт очиж үзүүллээ гэхээр нь тэгээд очоод үзүүлчих гэсэн. Тэгээд очоод үзүүлсэн чинь тархины зураг авхуулчихаад ир, эмнэлэгт яаралтай хэвтэж хагалгаа хийлгэ гэсэн гэхээр нь шөнөдөө буцаж ирээд эхнэртэй уулзахад тархины яс цөмөрсөн байна, хагалгаа хийлгэ гэж байна гэдгийг эхнэрээсээ мэдсэн. Би тухайн үед эхнэртээ ийм хүнд гэмтэл учирна гэж бодоогүй, санаандгүй, бухимдсандаа болоод нэг удаа цохьчихсон юм. ...” /1хх 50, 51, 52/ гэх мэдүүлгүүд,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний: “Г.Энхмаагийн биед зүүн талын чамархай, дагз ясны цөмөрсөн хугарал, зүүн бөмбөлгийн бага тархи, дагзны дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн хөхлөг сэртэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх 2447 дугаартай дүгнэлт /1хх 31/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

2019 оны 1 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 57 дугаар гудамжны 12 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Г.Энхмаа нь хардалтын улмаас нөхөр Д.Дтэй маргалдаж, улмаар маргааны улмаас Д.Д нь эхнэр Г.Энхмаагийн толгойн тус газарт нь шалны модоор цохиж, Г.Энхмаагийн эрүүл мэндэд нь “зүүн талын чамархай, дагз цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлөгийн бага тархи, дагзны дэлбэнгийн тархины няцрал, зүүн хөхлөг сэртэнд шарх, зөөлөн эдийн няцрал...” хүнд гэмтлийг учруулсан үйл явдал болжээ.

 

Д.Дгийн хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд анхан шатны шүүх Д.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэж хүндрүүлэн зүйлчилснийг хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэлээ.  

 

Учир нь, шүүгдэгч Д.Д нь тухайн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн орой 22 цагийн үед хохирогч Г.Энхмаа нь өөрийг нь хардсаны улмаас гэрт нь хэрүүл маргаан үүссэн талаар “...эхнэр Г.Энхмаа миний гар утсыг авчихаад “нөгөө хүүхнээс чинь мессеж ирсэн байна” гэж хардаад хэрүүл маргаан үүсгэсэн. Учир нь, эхнэр Энхмаатай гэр бүл болохоос өмнө буюу 2003 онд үерхдэг байсан Батбуян гэх эмэгтэйгээс чинь мессеж ирсэн одоо хүртэл холбоотой байдаг юм байна гээд хардаад байсан. Би түүнтэй ямар ч холбоогүй байгаа гэж хэлсэн боловч надад итгэхгүй байсан, тэр үед угаалга хийж байсныг ч хэлэх үү гэнэт уур хүрээд хажууд байсан шалны модоо аваад түүнийг цохиход толгой руу нь санаандгүй шалны модны ишээр цохьчихсон...” гэж мэдүүлсэн ба түүний мэдүүлгийг хохирогч Г.Энхмаа нотлон хардалтын улмаас нөхөр Д.Дтэйгээ маргалдсан талаараа удаа дараа мэдүүлсэн ба хэрэгт анх хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “....хоёр хоног гэртээ ирж хоноогүй талаар нь хэлэхэд гэр бүлийн маргаан үүссэн. Би тухайн үед хувцас угаагаад угаалгын машины урд зогсож байтал Д.Д гэнэт уурлаад шалны мод аваад миний толгой руу 1 удаа хүчтэй цохисон. ...Намайг цохих болсон шалтгаан нь хэрүүл хийлээ гэж уурлаад л шалны модоор цохисон. ...Хэрүүлийн гол шалтгаан нь Дугарсүрэн өөр эмэгтэй хүнтэй болоод 5 жил болж байна. Тэр хүн одоо болтол над руу янз бүрийн байдлаар мэссэж бичиж, гэр оронд ирээд хаалга үүд тогшоод байдаг.” /1хх 14/ гэж, дахин мэдүүлэг өгөхдөө ”...Тухайн өдөр бас л нөгөө хүүхнээс болж маргалдсан, манай нөхөр урд өдөр нь гэртээ хонохгүй алга болчихоод маргааш нь гэртээ ирчихээд тоож байгаа ч юм байхгүй хүн даапаалаад байгаа юм шиг инээж ханиагаад гэмшсэн шинжгүй байгаад байсан. Тэр үед би 2 хүүхдийнхээ хувцсыг угааж байгаад маргалдсан. Тэгтэл гэнэт угаалгын машины хажууд байсан шалны модоор толгой руу нэг удаа цохиж гэмтэл учруулсан юм...” /1хх 15/ гэж мэдүүлжээ.

 

Иймд хардалтын улмаас буюу тодорхой шалтгаантайгаар харилцан хэрэлдэж, хэрүүлийнхээ үеэр бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан Д.Дгийн үйлдлийг “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэж хүндрүүлэн зүйлчлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэрэгт хохирогч Г.Энхмаагийн “...намайг анх 2012 онд зодож эхэлсэн. ...үүнээс хойш жилдээ 2-3 удаа зоддог. ...Тэр болгонд нь цагдаад хандаагүй...” /1хх 12-14/, гэрч Г.Энхжаргалын “...2012 онд Энхмаа над руу би гэмтлийн эмнэлэг дээр байна та хүрээд ир гэхээр нь явж очтол толгойгоо битүү ороолгочихсон, хүзүүн дээр нь цус урсаад хатчихсан, баруун гарын булчин хэсэг нь тэр чигээрээ бондойгоод хавдчихсан байхаар нь юу болсон юм бэ гэхэд бас л нэг их юм ярихгүй Д.Дтэй нэг хүүхнээс болж маргалдаад зодуулчихлаа гэж хэлсэн. ...2015 онд дүү Энхмаа арван жилийн найзуудтайгаа шинэ жилийн баяр тэмдэглэсэн хардаад уурласан байсан. Тэгээд Энхмаа Д.Дгээс сална гээд хөдөө явчихсан чинь Д.Д араас нь уйлж дуулаад аргададаа гэртээ авчирсан. Тэгээд гэртээ авчирчихаад 10 орчим хоногийн дараа чи яасан их очдог газар хамгаалдаг хүнтэй юм бэ зодсон юм байна лээ. ...хардаад галын дэгээ төмрөөр нуруу руу нь нэлээн олон удаа цохисон байсан...” /1хх 28-29/ гэсэн мэдүүлгүүд байх боловч эдгээр мэдүүлгүүдийг үндэслэн Д.Дгийн үйлдлийг хүндрүүлэн зүйлчилж болохгүй ба шүүгдэгч Д.Дгийн өмнөх цаг хугацаанд үйлдэж байсан эдгээр үйлдлүүдэд гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Тодруулбал, хууль тогтоогчоос “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга...” зодож, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад байлгахыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг байхаар тогтоож өгсөн ба энэ гэмт хэрэгт Д.Дг холбогдуулан шалгаагүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна. .  

 

Иймд шүүгдэгч Д.Дг тухайн цаг үед буюу 2019 оны 1 дүгээр сарын 29-ний орой 22.00 цагийн үед болсон нэг удаагийн үйлдлийн улмаас хохирогч Г.Энхмаагийн толгойн тус газар нь шалны модоор цохиж эрүүл мэндэд нь зүүн талын чамархай, дагз цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлөгийн бага тархи, дагзны дэлбэнгийн тархины няцрал, зүүн хөхлөг сэртэнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;...” гэсэн хүндрүүлэх шинжтэй гэж үзсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу дээрх хүндрүүлэх шинжгүйгээр “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин Д.Дгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ялын төрлөөс хорих ялыг сонгон оногдуулах нь тохирно гэж дүгнэв.  

 

Хохирогч Г.Энхмаагийн “...гэр бүлд дахин шинэ хүүхэд төрөх гэж байгаа, гэр бүлийн санхүүгийн байдал зэргийг харгалзан ялыг нь хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж зааснаар багасгаж, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/316 дугаартай шийтгэх тогтоолын:

 

А. Тогтоох хэсэгт:

“Прокуророос шүүгдэгч Д.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай.

 

Б. Тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “...Шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,  

 

2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж, 

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай...” гэж тус тус өөрчилсүгэй. 

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ